Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00580

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03388 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ё.Н-д холбогдох,

Гэм хорын хохиролд 825 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ц.Т-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагч Ё.Н-, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын сангийн аж ахуйн харьяа Улиастайн ферм гэх хотоос 13 км зайтай газарт газар эзэмшдэг бөгөөд өөрийн охин Э.Халиунд эзэмшүүлэхээр харьяа газрын албанд хүсэлт гаргаад явж байгаа, уг газартаа олон жил амьдарч байна. Гэтэл 2016 оны 05 дугаар сард намайг ажилтай байх хойгуур Ё.Н- өөрийн нөхөр, хүүхэд, хүргэнтэйгээ хамт очиж хашааг буулгаж, эвдсэн. Ингэхдээ миний эгчийг зодож хөнгөн гэмтэл учруулсан байсан. Бид энэ талаар харьяа цагдаагийн хэлтэст хандаж, шалгуулсан боловч хариуцагчийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийг ийм үйлдэл гаргасны дараагаар түүнээс учирсан хохирлоо төлүүлэхээр 2-3 удаа шүүхэд хандсан боловч түүний оршин суугаа хаяг нь олдоогүй ба эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, холбогдох шийдвэр гарсан бөгөөд үүнд 70 200 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж хохирсон.

Миний бие өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хамт эвдэрсэн хашаагаа дахин засварлахаар Цайз захаас 705 000 төгрөгийн үнэтэй банз, 45 500 төгрөгийн үнэтэй хадаас, бээлий худалдан авсан ба буцаан барих зардлыг тооцохгүйгээр нотариатын хөлс 4 300 төгрөгийн хамт нийт 825 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 1982 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс Улиастайн бригадын 33 тоотыг эзэмшиж байна. Гэвч 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нөхөр маань цус харваж, хэвтэрт орсон учир бид яах аргагүй хашаанаас явсан ба тухайн үед сараалжин хашаатай үлдээсэн. Ингээд уг хашааг хайхрахгүй явж байтал 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газарт чинь өөр хүн хашаа бариад байна гэж утсаар хэлсний дагуу очиход зөвшөөрөлгүй хашаа барьж байсан ба Ц.Туул гэх эмэгтэй байсан. Тэр эмэгтэй надтай ярилцахгүйгээр шууд өөрийнхөө үс гэзгээ зулгаагаад хашгирсан тул энэ хүнтэй үг хэлээ олохгүй юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм. Гэвч дуудлага өгснөөс хойш 2 цагийн дараа цагдаа ирж, шалгалт хийсэн бөгөөд Ц.Туулыг босоход цагдаа та байнга л ингэж байдаг ш дээ, болиоч гэж хэлээд биднийг маргааш өглөө материалаа аваад ир гээд явсан. Би 2002 онд тус газрыг 5 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээ авсан бөгөөд сунгаагүй, харьяа дүүргээс тухайн газрыг өгнө, өгөхгүй, устай горхитой гэх мэтээр шалтаг хэлж өдий хүрсэн. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны хаягтай, харин би 20 дугаар хороонд оршин суудаг. Намайг нэхэмжлэгчийн хашааг эвдсэн, буулгасан гэдгийг тогтоосон баримт байхгүй, би ямар нэгэн байдлаар эвдэх, буулгах үйлдэл хийгээгүй, тухайн газрыг үзүүлэх гэж цагдаатай хамт явах хойгуур нэхэмжлэгч тал эвдэрсэн өөр хашааны зургийг авахуулсан байсан. Нөхөр минь өвдөөд бид хотод хаяггүй учир Чингэлтэй дүүрэгт байх охиныхоо гэрт хэсэг хугацаанд амьдарсан.

Миний бие нэхэмжлэгчийн хашааг эвдээгүй, машинаар үйрмэг болгосон гэж байна. Гэтэл үйрмэг болгосон гэх зураг байхгүй, хашааг мөргөсөн бол манай машин тэгвэл яасан байх вэ, банз м.куб нь 120 000 төгрөг, нэг боодолдоо 120 байдаг ба нэхэмжлэгч тал 5 м.куб банзаар хашаагаа барьж, будаад зурсан байсан гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03388 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заалтыг тус тус үндэслэн хариуцагч Ё.Н-аас 750 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 74 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 000 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 22 562 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/03388 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ё.Н-аас 375 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-т олгож, нэхэмжлэлээс 449 750 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “22 562” гэснийг “11 907” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Би зөвхөн банз, дайны падаанаар ирдэг зүйлээ нэхсэн. Үүнээс гадна маш их зүйл эвдэж, жимсний мод бутыг сүйтгэснийг би нэхээгүй. Миний нэхэмжилсэн 449 750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

...Ё.Н- нь хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгч намайг гөрдсөнд маш их гомдолтой байна. Тэр үед газар хөдлөсөн мэт аймар болгосон байсан. Энэ хүмүүс урд өмнө ял шийтгэл эдэлж байсан болохоор нутгийн бид бүгдийг айлган заналхийлдэг гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ц.Т- нь хариуцагч Ё.Н-аас дур мэдэн хашаа буулгаснаас өөрт учирсан гэм хор арилгуулахаар 825 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч Ё.Н- нэхэмжлэлийг татгалзаж маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан шаардлагад нийцжээ. Харин давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл, зохигчийн хэн алины гэм буруугийн байдал зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээг 50 хувь бууруулсан нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.-д заасныг зөрчөөгүй байна. Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг шүүх багасгах эрхтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14 145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН