Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2020/0360/З |
Дугаар | 221/МА2021/0102 |
Огноо | 2021-02-25 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2021/0102
Ц.П-гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Ц.П, түүний өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ц.П-гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 45 дугаар зүйлийн 45.1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.П-гийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Захиргааны удирдлагын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.П давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх ... ажлын цаг ашиглалт, бүртгэлийн талаар зөрүүтэй баримтуудыг үнэлсэн, ... тасалсан цагийн талаар дүгнэлт өгөөгүй, ... ажилд авсныхаа дараа батлан гаргасан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй гэж буруу дүгнэсэн, ... маргаан бүхий захиргааны акт хууль хэрэглээний алдаатай байдалд дүгнэлт хийгээгүй, ... тушаалын үндэслэлд огт дурдаагүй хуулийн зүйл, заалтыг үндэслэсэн.
... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулж шийдвэрлэх ёстой байсан. ... Маргаан бүхий тушаалаар сахилгын шийтгэл ногдуулаагүй, асуудлыг ... байгууллагын санаачилгаар журамд заасан шаардлага хангахгүй Сахилга, ёс зүйн хорооны хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан.
... Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.П “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус газрын Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний “Ажлын байрны тодорхойлолт” [1]-ыг 1. Ерөнхий шаардлагын Чухал шаардлагатайд; Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй, эрх зүйч, багш мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, Хувь хүнтэй ажиллах ур чадвартай байх, Судалгааны ажлын арга барилыг эзэмшсэн, Гадаад хэл, компьютерийн зохих мэдлэгтэй, Баримт бичиг боловсруулах, монгол хэл бичгийн мэдлэгтэй байх,
Тусгай шаардлагад; Ёс зүйн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахих, Цэргийн хэргийн мэдлэгтэй, Шаардлагатай үед бусад ажилтны ажлыг давхар хариуцан гүйцэтгэх, Илүү цагаар ажиллах шаардлагуудыг хангасан байхаар баталсан,
улмаар дээрх шаардлагуудыг хангасан гэж үзэж 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б/343 дугаар тушаалаар[2] Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.П-г тус газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилж, сарын үндсэн цалинг төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээний ТТ-13-4 зэрэглэлд хамааруулан тогтоожээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ц.П сэтгэл зүйч, эрх зүйч мэргэжилтэй, сэтгэл зүйч мэргэжлийн магистр зэрэгтэй, төрийн жинхэнэ албан хаагч байна.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б/1724 дүгээр тушаалаар[3] тус газрын Сахилга, ёс зүйн хорооны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр[4]-ийг үндэслэн “ажлын цаг ашиглалт, хуулиар хүлээсэн болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.П-г мөн өдрөөс 441 дүгээр нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтнаар албан тушаал бууруулан томилжээ.
Анхан шатны шүүх “Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн, ахмад Ц.П-гийн 2018 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг 90.1 үнэлгээгээр дүгнэсэн[5], тус газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдсоноос хойш 2019 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайлан[6] зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийг “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж үзэх боломжгүй” талаар зөв дүгнэжээ.
Хариуцагч албан тушаалтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.4 /албан тушаал бууруулах/, 281.2 /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална/-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулахдаа Хууль зүйн сайдын 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/183 дугаар тушаал[7]-аар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийг баримтлахаар зохицуулсан байна.
Нэхэмжлэгч Ц.П-гийн тухайд сахилга, ёс зүйн дүрмийг сахин биелүүлээгүй эсэх асуудлыг шалгаж тогтоохдоо уг дүрмийн “Дөрөв”-ийн 4.2-т “Аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, ... -д ажиллаж байгаа ТТ-13 болон түүнээс дээш зэрэглэлтэй алба хаагчийн гаргасан зөрчлийг Сахилга, ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэн, ... дүгнэлт гарган, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн хуралдаанд танилцуулж, ... шийдвэрлэнэ” гэж заасан ажиллагааг явуулах ёстой.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, бусад баримтуудаар нэхэмжлэгч Ц.П-гийн талаарх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн хуралдаанд танилцуулах ажиллагааг явуулаагүй байна.
Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн “Нэг”-ийн 1.1-д зааснаар тус албаны алба хаагч Монгол Улсын хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан заавар, журмыг чанд мөрдөх, сахин биелүүлэх, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэх явцад баримтлах сахилга, ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх зорилгыг хэрэгжүүлэхдээ алба хаагч сахилга, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг албаны шалгалт явуулахаар,
шалгалт явуулсан тохиолдолд дүрмийн “Гурав”-ын 3.4.1 /сахилгын шийтгэл ногдуулах/, 3.4.2 /гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдвол гомдол, мэдээллийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх/, 3.4.3 /сахилга ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй бол энэ талаар гомлол гаргагч иргэн, байгууллагад албан бичгээр хариу мэдэгдэх/-д заасан “арга хэмжээ авах санал гаргах”-аар зохилцуулжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сахилга, ёс зүйн хорооны 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ц.П-гийн 2018 оны тайлан, төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, албан тушаалыг өөрчлөх асуудлыг Захиргааны удирдлагын газарт уламжлахаар шийдвэрлэсэн нь мөн дүрмийн “Дөрөв”-ийн 4.2-т заасны дагуу “гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гарган, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын Зөвлөлийн хуралдаанд танилцуулах” ажиллагааг хийгээгүй, даргын Зөвлөлийн хуралдаанаар ахлах мэргэжилтэн Ц.П-г албан тушаал бууруулан томилох тухай асуудлыг хэлэлцээгүй атлаа маргаан бүхий захиргааны актаар түүнийг албан тушаал бууруулан томилсон нь үндэслэлгүй болжээ.
Энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэг үндэслэлд хамаарахаас гадна үүнд хамааралгүй “бусад алба хаагчдад шүлэг бичиж тараасан” гэх асуудалд дүгнэлт өгөх шаардлагагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3-д зааснаар “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” бол захиргааны санаачилгаар албан тушаал бууруулахаар, Хууль зүйн сайдын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг албан тушаалд дэвшүүлэх, бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэн томилох журам”-ын “Дөрөв”-ийн 4.1 /Алба хаагч тухайн албан тушаалд ажиллах шаардлага хангахгүй байгаа тухай дүгнэлт нь захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах үндэслэл болно/, 4.2 /Энэ журмын 4.1-д заасан дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Төрийн албаны тухай хуульд заасны дагуу алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээг үндэслэн эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн дарга гаргана/-д зааснаар эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн дарга тухайн албан тушаалд ажиллах шаардлага хангахгүй байгаа тухай дүгнэлт гаргасан байхаар тус тус зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч албан тушаалтан эрх бүхий албан тушаалтан, салбар нэгжийн дарга алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээг хийж, улмаар “ажиллах шаардлага хангахгүй байгаа тухай дүгнэлт”-ийг үндэслэн “албан тушаал бууруулах” шийдвэр гаргах ёстой.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч албан тушаалтан дээрх ажиллагааг явуулаагүй атлаа нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Үүнээс гадна Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “ ... албан тушаалд тавигдах тусгай шаардлагын, туршлага хэсэг, мэргэшил хэсгийн 2, ур чадвар хэсгийн 7 шаардлагыг хангахгүй байна”, “2019 оны 09 дүгээр сарын 02-оос 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 22, 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 17, нийт 39 өдрийн ажил хэсэгчилсэн болон бүтэн өдрөөр тасалсан болох нь цагийн бүртгэл болон Шуурхай удирдлагын хяналтын төвийн ерөнхий жижүүрүүдийн илтгэх хуудсууд, Төв конторын цахим бүртгэлээр тогтоогдож байна. ... Энэ хугацаанд хошууч Ц.П цалингаа бүтэн авсан байна” гэх Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.П-гийн тухай илтгэх хуудас[8]-аас үзвэл Ц.П албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй, ажил тасалсан гэж шууд дүгнэх боломжгүй.
Тодруулбал, Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдсөнтэй холбогдуулан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус газрын Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалыг тодорхойлолт[9]-ыг Албан тушаалд тавигдах тусгай шаардлагад: Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Төрийн албанд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн, Хууль, эрх зүй, төрийн албан хэрэг хөтлөлт, харилцааны чиглэлээр мэргэшсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 6-аас доошгүй жил, үүнээс төв аппаратын мэргэжилтэн болон түүнтэй дүйцэхүйц албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагуудыг хангасан байхаар шинэчлэн баталсан нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 /Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.3-т заасан тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно/-д нийцэхгүй байна.
Нөгөөтээгүүр, хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчийг “хэсэгчилсэн болон бүтэн өдрөөр тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан ажлын цаг бүртгэсэн гар бүртгэл, Төв конторын цахим бүртгэл, шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан цагийн бүртгэл, гэрчийн мэдүүлгүүдэд зөрүүтэй тусгагдсанаас гадна ажил тасалсан гэх хугацаанд нэхэмжлэгчид цалин, хөлсийг бүтэн олгож байсан бөгөөд тухайн асуудал нь дангаараа маргаан бүхий захиргааны актыг зөвтгөх үндэслэл болохгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 263 дугаар зүйлийн 263.1.1 /шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих/-д зааснаар газар, хэлтсийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах тухайлбал, нэхэмжлэгчид албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилго, зорилтод заасан байгууллагын сургалтын бодлого чиглэлийг боловсронгуй болгох, сургалт, судалгааны ажлыг дээшлүүлэх зэргээр холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар үүрэг, даалгавар өгч мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд тухайн үүргээ биелүүлж байсан нь хангалттай тогтоогдоогүй байтал хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгч Ц.П-г “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн“ гэх үндэслэлээр “албан тушаал бууруулсан” шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх бүрэн дүгнэлтгүйгээр “албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй, чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах нийтлэг үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 276 дугаар зүйлийн 276.3.3-д заасныг тус тус баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1724 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ц.П-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын сургалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд цалингийн зөрүүг олгож, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БАТБААТАР