Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 1627

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 182/ШШ2016/00172 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Баярмагнайгийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч Төрийн банк ХХК-ийн холбогдох

Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/578 тоот “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Төрийн банк” ХХК-д даалгуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Т.Туулын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.Еркебулан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Туул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Баярмагнай, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Баярмагнай миний бие Төрийн банкны Хан-Уул дүүрэг салбарын харьяа Дунд гол тооцооны төвийн захирлаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан ...Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/578 тоот “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтуудыг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, энэ талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөөр байтал зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үндэслэлгүйгээр ажлаас халсан... дээрх тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах харилцааг зохицуулаагүй хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон байх тул уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг ноцтой зөрчсөн хууль бус тушаал гэж үзэж байна ... миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй ... үүргээ бүрэн биелүүлж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн гүйцэтгэж ажиллаж байхад үндэслэлгүйгээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул ... тушаалыг хүчингүй болгуулах; урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах; нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн банк ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Г.Баярмагнай нь ... хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, энэ талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөөр байтал зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх шалтгаан нь түүнтэй 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.2.1-д Хөдөлмөрийн тухай хууль, “Хөдөлмөрийн дотоод журам”, “Ёс зүйн дүрэм”, “Нууцын заавар” болон холбогдох бусад эрх зүйн актыг судлан танилцаж, чанд мөрдөн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах”, мөн хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын байрны тодорхойлолтын гүйцэтгэх үндсэн үүрэг” хэсгийн бизнесийн зорилтот төлөвлөгөөг биелүүлэх, дэмжих үйл ажиллагааны 3 дахь хэсэгт “Салбар нэгжийн стратеги төлөвлөгөөг биелүүлэхийн тулд татан төвлөрүүлсэн хөрөнгийн төлөвлөгөө, зээлийн багцын төлөвлөгөө, хүүгийн болон хүүгийн бус орлогын төлөвлөгөө, хүүгийн болон хүүгийн бус зардлын төлөвлөгөө, боловсон хүчин бусад үйл ажиллагааны зардал эрсдэлтэй зээлийн багцыг зохих хувьд барих, улмаар бууруулах, ашгийн төлөвлөгөө зэрэг үзүүлэлтүүдийг ханган ашигтай ажиллах” мөн “салбар тооцооны төвийн зорилтуудын биелэлтийг cap, улирлаар хянан, зорилгыг хангахын тулд цаг алдалгүй арга хэмжээ авах, “...банкинд шинээр харилцагч татах, үлдэгдэл эх үүсвэр татан төвлөрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, салбар нэгжийн хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр байнга идэвхи санаачлагатай ажиллах” гэх заалтуудыг мөрдөж ажиллаагүй байх тул Улаанбаатарын салбарын удирдлагын газраас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хугацаатай үүрэг даалгавар өгч, “Ажлын байрны тодорхойлолтын заасан чиг үүрэг, удирдлагаас өгөгдсөн зорилтот болон хугацаатай үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд Г.Баярмагнай танд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 40.1.5, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 13 дахь заалт, тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь заалтад заасан үүргээ биелүүлээгүйг тус тус үндэслэн Гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын болон албан тушаал бууруулах хүртэл шат дараалсан арга хэмжээ авах нөхцөл бүрдсэнийг мэдэгдье” албан бичгийг хүргүүлсэн болно. Гэвч 2016 оны 1 дүгээр улирлын ажлыг дүгнэхэд мөн хугацаатай өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй хэмжээнд үнэлэгдсэн тул хугацаатай үүрэг даалгавар, сануулгын дагуу албан тушаал бууруулсан арга хэмжээг авсан болно. ... Хүний нөөцийн хорооны шийдвэрээр Дунд гол салбарын захирал Г.Баярмагнайг Бичил тооцооны төвд харилцааны менежерээр ажиллуулах шийдвэр гарган, түүнд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах, тушаалыг төлөвлөн гаргасан болно. Энэхүү шийдвэрийг гаргахдаа Төрийн банкны “Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний журам”-ын 7.1.2 дахь буюу “Хоёр дахь удаа дараалан хангалтгүй үнэлэгдсэн ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээг банкны санаачлагаар цуцална” гэсэн заалтыг үндэслэн түүнтэй 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон харилцааны менежерийн ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан юм.

Иймд Г.Баярмагнай нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, “Төрийн банк” ХХК-д мөрдөгдөж буй журам, зааврыг зөрчсөн зэрэг нь нотлогдож байгаа болон гаргасан зөрчлийн шинж чанар, нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд тохирох албан тушаалыг санал болгосон бөгөөд ажлаас шууд чөлөөлөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Баярмагнайг урьд эрхэлж байсан “Төрийн банк” ХХК-ийн Хан-Уул дүүрэг салбарын харьяа “Дунд гол” тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төрийн банк ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 009 082 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Баярмагнайд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 276 618 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Баярмагнайн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Төрийн банк” ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Баярмагнай нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 149 295 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо: ...Хүний нөөцийн хорооны шийдвэрээр “Дунд гол” салбарын захирал Г.Баярмагнайг Бичил тооцооны төвд харилцааны менежерээр ажиллуулах шийдвэр гарган, түүнд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах, тушаалыг төлөвлөн гаргасан болно. ... Иймд “Төрийн банк” ХХК-ийн Дунд гол тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Г.Баярмагнай нь хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, “Төрийн банк” ХХК-д мөрдөгдөж буй журам, зааврыг зөрчсөн зэрэг нь нотлогдож байгаа болон гаргасан зөрчлийн шинж чанар, нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд тохирох албан тушаалыг санал болгосон бөгөөд ажлаас шууд чөлөөлөөгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Г.Баярмагнай нь хариуцагч “Төрийн банк” ХХК-д холбогдуулан Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/578 тоот “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогч “Төрийн банк” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Г.Баярмагнай нь хөдөлмөрийн болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд зохих ёсоор биелүүлээгүй тул түүнд тохирох албан тушаалыг санал болгосон, ажлаас шууд чөлөөлөөгүй” гэж маргажээ.

           

            Г.Баярмагнай нь Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б385/0762 тоот тушаалаар Төрийн банкны “Дунд гол” тооцооны төвийн эрхлэгч, эдийн засагчаар, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Төрийн банкны “Дунд гол” тооцооны төвийн захирлаар ажиллаж байгаад Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/578 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн банкны дүрмийн 9.2.13, 9.2.20, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.28.17, “Ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний журам”-ын 7.1.2, Г.Баярмагнайтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4.18, Хүний нөөцийн хорооны 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 тоот хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, энэ талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөөр байтал зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж түүнийг  2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс “Баянгол дүүрэг” салбарын харьяа “Бичил” тооцооны төвийн харилцааны менежер болгон албан тушаал бууруулсан байна. /хх 4-11/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийн төрөлд албан тушаал бууруулах тухай заагаагүй тул дээрх Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/578 дугаар тушаал нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

            Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд зохих ёсоор биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтныг ажлаас халах ноцтой зөрчил гаргасан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

            Иймд шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зөрчиж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох буюу албан тушаалаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан "Ажилтны дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын дагуу тооцож хариуцагч “Төрийн банк” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Г.Баярмагнайд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн 182/ШШ2016/00172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн төлсөн 79 095 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

  

                                      ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

                      

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН