Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/180

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч А.Т,

шүүгдэгч Т.Н , З.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос шүүгдэгч Т.Н ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч З.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1913002330210 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1964 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц сумын **дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Т.Н , регистрийн дугаар БЛ****

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх нийгэм судлалын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ц * дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, уХ мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, З.Б , регистрийн дугаар БЛ****

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н  нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал ажилтай бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэн З.Б гаас 295.000 төгрөгийн хахууль авч, тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар түр томилж, нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан,

Шүүгдэгч З.Б  нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Т.Н ад 295.000 төгрөгийн хахууль өгч, дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар томилогдон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Т.Н аас мэдүүлэхдээ: Би энэ хэрэгт холбогдсон. Анхандаа хахууль авъя гэж бодоогүй. Энэ хэргийг ухамсарласан. Захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Шүүгдэгч З.Б гаас мэдүүлэхдээ: 2019 01 дүгээр сард Дэлхийн зөн сургалтад сууж байхад аав маань залгаад захирал чинь ажилд авахгүй гэж хэсэн. Захирал мөнгө хэрэгтэй байна боломжоороо туслаас гэхээр нь хөдөө байдаг ах руугаа залгаад мөнгө хэрэгтэй байна. Надад мөнгө зээлээч гэж хэлсэн. Захирал Т.Н ад хахууль өгсөн маань үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002330210 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч З.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

2. Гэрч Н.А н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

3. Гэрч З.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

4. Гэрч            Н.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

5. Гэрч И.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

6. Гэрч З.О ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,

7. Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн  /Баян-Өлгий аймгийн Ц сумын Тува бага сургууль/ захирлын 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай, “З.Б г хүмүүжүүлэгч багшийн орон тоонд түр хугацаагаар томилох тухай” тушаал /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

8. Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай, “Хүмүүжүүлэгч багш З.Б г түр орон тооноос чөлөөлөх тухай” тушаал /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

9. З.Б гийн Х банкны ************ дугаартай дансанд 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ************ данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөнөөс 2 удаагийн үйлдлээр 295.000 төгрөг гаргаж авсан дансны хуулга /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

10. Н.Г ын Х банкны ************ дугаартай данснаас 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,

     11. Шүүгдэгч З.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/,

     12. Шүүгдэгч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас/,

     13. Т.Н , З.Б  нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 157, 159 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 166, 167 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Н , З.Б  нарын холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч З.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Т.Н , З.Б  нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.  

Шүүгдэгч болох Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Т.Н  нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэн З.Б г тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн орон тоонд түр томилох тухай тушаал гаргахын тулд нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан 295.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,

шүүгдэгч З.Б  нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал Т.Н ад бусдаар дамжуулан 295.000 төгрөгийн хахууль өгч, тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн түр орон тоонд томилогдон өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Гэрч З.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...манай сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан Б гаас Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар сургуулийн захирал Т.Н  нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны үед 300.000 төгрөгийн хахууль авсан гэж сонсоод Авлигатай тэмцэх газарт би өөрийн нэрээр сонссон зүйлээ бичээд өргөдөл гаргасан юм. Б  нь түүх нийгмийн багш мэргэжилтэй бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажилласан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

- Гэрч Н.А н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...ямар ч байсан 2019 оны 1 дүгээр сарын сүүлээр амралтын өдөр манай аав Н  намайг 2 дугаар сургууль дээр очоод миний өрөөний үүдэнд зогсож бай, чамд нэг эмэгтэй хүн мөнгө авч ирж өгөхөөр аавдаа авч ирээд өг гэж хэлсэн юм. Тэгээд би аавын ажлын өрөөний үүдэнд очоод зогсож байтал манай аавын сургуульд ажилдаг Б  гэх хүн надад мөнгө авч ирж өгсөн. Тэгээд би уг мөнгийг тоолж үзэхгүйгээр би аавдаа авч ирээд өгсөн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

- Гэрч  Н.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 1 дүгээр сард Б гийн төрсөн ах Оргил нь надаас яаралтай мөнгө зээлдээч гээд дансны дугаар өгсөн. Тэгээд би Оргилын өгсөн данс руу 300.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж байсан. Би одоо дансны хуулгаас харахад өөрийн Х банкны ************ тоот данснаас З.Б гийн ************ тоот данс руу 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 37 минутанд 300.000 төгрөг шилжүүлсэн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

- Гэрч И.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...тэгээд орой нь Н  манай утас руу залгаж сайн байна уу ангижаваа, би чиний охин Б г ажилд авах гэж байна, чи надад 300.000 төгрөг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би Б  руу утсаар залгаад чи Н ад 300.000 төгрөг олж өг гэж хэлсэн. Тэгэхэд миний охин Б  тушаал нь гараагүй ч гэсэн уг сургуульд хүний оронд ажиллаад эхэлчихсэн байсан. Тэгээд утсаар яриад 7 хоносны дараа Б  надад Н ад 300.000 төгрөг өгсөн гэдгээ надад хэлсэн юм. Ер нь бол шударгаар ярихад уг мөнгийг Н  хахууль болгож авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

- Гэрч З.О ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний дүү З.Б  нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны үед над руу 94486285 дугаарын утас руу залгаад надад 300.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхэд би хөдөө мал маллаж байсан болохоор хэн нэгэнтэй уулзаж мөнгө зээлдэх боломжгүй байсан учраас Ганбаатар ахын 95428084 дугаарын утас руу залгаж 300.000 төгрөгийг зээлдүүлэхийг хүссэн. Тэгэхэд Ганбаатар ах надад мөнгө зээлдэхээр болоход нь би Б гийн Х банкны дансыг өгч, түүний данс руу мөнгө хийлгүүлсэн юм. Би тухайн үед Б  уг 300.000 төгрөгийг юунд зарцуулсныг мэдээгүй. Харин Б  2019 оны зун 6 дугаар сарын үед би уг 300.000 төгрөгийг Н  захиралд хахуульд өгөөд ажилд орсон, тэгээд одоо намайг Авлигатай тэмцэх газраас дуудаад байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн  /Баян-Өлгий аймгийн Ц сумын Тува бага сургууль/ захирлын 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай, “З.Б г хүмүүжүүлэгч багшийн орон тоонд түр хугацаагаар томилох тухай” тушаал /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай, “Хүмүүжүүлэгч багш З.Б г түр орон тооноос чөлөөлөх тухай” тушаал /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

- Шүүгдэгч З.Б гийн Х банкны ************ дугаартай дансанд 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ************ данснаас 300.000 төгрөг шилжүүлсэн, уг мөнгөнөөс 2 удаагийн үйлдлээр 295.000 төгрөг гаргаж авсан талаарх дансны хуулга /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

- Гэрч Н.Г ын Х банкны ************ дугаартай данснаас 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 300.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/,

     - Шүүгдэгч З.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Надыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би угаасаа Т.Н ад 295.000 төгрөгийн хахууль өгсөн нь үнэн. Би 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр жирэмсний амралтаа авсан дотуур байрны хүмүүжүүлэгч багшийн орон тоонд түр томилогдон 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Гэхдээ уг орон тоонд намайг түр томилсон тушаалын огноо нь 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэж бичигдсэн байгаа.

     Учир нь, Т.Н  нь намайг ажилд түр томилох тушаал гаргахгүйгээр 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс ажиллуулж байгаад надаас 2019 оны 1 дүгээр сарын 20-ны ням гарагт 295.000 төгрөгийн хахууль авсны маргааш нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний даваа гарагт намайг түр орон тоонд томилсон тушаал гаргах үедээ огноог нь урагш нөхөж гаргасан. Гэхдээ би Т.Н  захиралд хахууль өгөөд ажилд оръё гэж хэлсэн зүйл байхгүй. Эхэндээ Т.Н  захирал намайг уг түр орон тоонд авахгүй гэсэн. Тэгэхээр нь би хөдөө явлаа гэж хэлсэн. Гэтэл хэсэг хугацааны дараа намайг өрөөндөө дуудаж уулзаад “Чамайг ажилд авахаар болчихлоо, чи надад 300.000 төгрөг олж өг” хэлсэн. Тэгээд би нагац ах Ганбаатараас 300.000 төгрөг зээлдэж аваад АТМ-ээс 295.000 төгрөг гаргаж аваад Т.Н  захирлын өрөөний үүдэнд очоод утас руу нь залгаж мөнгө аваад сургууль дээр ирчихлээ гэж хэлсэн. Тэгэхэд Т.Н  захирал надад манай хүү А  миний өрөөнөөс очиж цүнхээ авна, түүнд өгчихөөрөө гэж хэлсэн юм. Тэгээд би Н  захирлын өрөөний үүдэнд түүний хүү А д “Аавдаа өгчхөөрэй гэж хэлээд” 295.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн.

     Анх Т.Н  захирал нь Авлигатай тэмцэх газарт өөрөө мэдүүлэг өгснөөсөө хойш надад янз бүрийн аргаар нөлөөлөх гэж оролдсон. Ингэхдээ хамгийн анх уг 295.000 төгрөгийг хахуульд өгсөн биш зээлдүүлсэн гэж мэдүүлэг өгүүлэхээр намайг ятгасан. Ааваар дамжуулж надыг ятгасан. Мөн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр намайг утсаар залгаж гэртээ дуудаад “Уг 295.000 төгрөгийг хахуульд өгсөн биш, зээлдүүлсэн гэж мэдүүлэг өгвөл 2 хүн жирэмсний амралт авсны дараа түр орон тоонд ажиллуулахаар” амласан. Би өөрөө Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид үнэнийг хэлснийхээ төлөө Н  захирлаас түр ч гэсэн орон тоонд ажиллахаар гуйх нүүргүй болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас/,

     - Шүүгдэгч Т.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Надыг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ц сумын 2 дугаар сургуулийн хүмүүжүүлэгч багш Ц.Цэрэнчимэг жирэмсний амралтаа авсан. Тэгэхээр нь З.Б г 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс уг хүний оронд тушаал гаргахгүйгээр ажиллуулж эхэлсэн. Тэгээд би З.Б гийн аав Зээх рүү утсаар яриад “Би чиний охин Байгальмааг хүний оронд түр ажиллуулж байна. Чи надад 300.000 төгрөг өгөх юм бол, чиний хүүхдийг тушаал гаргаад тэр чигээр нь ажиллуулж байя” гэж хэлсэн. Тэгэхэд Зээх хариуд нь надад “Тэгээ, чамд 300.000 төгрөг яаралтай олж өгье” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр З.Б  над руу утасдаад “Би сургууль дээр мөнгө аваад ирчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн хүү А д “нэг хүн миний ажлын өрөөний үүдэнд хүн ирчихсэн байгаа, түүний өгсөн мөнгийг аваад хүрээд” ир гэж хэлээд сургууль руу явуулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний хүү надад 295.000 төгрөг авч ирж өгсөн. Тэгээд л уг мөнгийг хадгалчихсан.

     Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр З.Б г Ц сумын 2 дугаар сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар түр томилсон 09 дугаартай тушаал гаргасан. Тэгэхдээ Б гийн ажиллаж эхэлсэн 2019 оны 1 дүгээр сарын 15 гэсэн огноог тавьсан. Тэгээд л Б  түр орон тоонд 2019 оны 5 дугаар сар хүртэл ажиллаад, жирэмсний чөлөөтэй байсан хүн нь ажилдаа орж, Б  ажлаас чөлөөлөгдсөн юм. Миний хүү А  намайг уг 295.000 төгрөгийг хахуульд авч байгааг мэдээгүй. Би зүгээр л хүн мөнгө өгөхөөр аваад ирээрэй гэж хэлээд явуулсан. Тэгээд л тэр очоод уг мөнгийг аваад ирсэн. Намайг хэнээс ямар зорилгоор мөнгө авч байгаад мэдээгүй. Би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр өөрийн ***** дугаарын утаснаас З.Б гийн 99******* дугаарын утас руу залгаж гэртээ дуудаж уулзсан. Тэгэхэд З.Б  нь өөрийн төрсөн ах Оргилтойгоо ирсэн юм. Тэгэхээр нь би Байгальмаад чи уг 295.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид зээлдүүлсэн гэж мэдүүлэг өгөөрэй, хэрэв тэгж мэдүүлэг өгөх юм бол 2019 оны 9 дүгээр сараас хичээл эхэлсний дараагаар 2 түр орон тоо гарна, түүний аль нэгэнд нь чамайг авч ажиллуулна гэж хэлсэн юм. Түүний дараа З.Б тай Ц сумын төвд тааралдаж уулзахад З.Б  надад “Би Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид үнэнгээ хэлээд мэдүүлэг өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд З.Б  надад “цалингийн хэмжээнд хүрэхгүй бол хахууль гэж үздэггүй юм шиг байна лээ” гэж хэлэхээр нь би “судалж үзэх хэрэгтэй юм байна шүү” гэж хэлээд явсан. Би одоо л хэргийн оролцогч нарт нөлөөлж болохгүй юм байна гэдгийг ойлгож байна. Цаашдаа уг хэргийн яллагдагч болон гэрчид ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Би уг хүмүүст худлаа мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, оролдож байсандаа үнэхээр их харамсаж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145-147 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Т.Н  нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Тува бага сургууль буюу тус сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар 2003 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд түүний хашиж байгаа албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамруулан ойлгоно. 

Энэхүү гэмт хэргийн субъект нь болох нийтийн албан тушаалтан хууль бус үйлдлээ гүйцэлдүүлж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн гол шинж нь хахууль өгөгч, авагч нарын харилцан сонирхол нэгдмэл байж, энэхүү хууль бус үйлдэл нь нийгмийн шударга ёсыг зөрчсөнд оршдог.

Хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч нарын хувийн байдалд дүгнэлт хийхэд шүүгдэгч, хохирогч, гэрч нар нь хоорондоо гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрч нарт өөрийн болон гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг нь сануулсан бөгөөд гэрч нараас мэдэх зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгнө гэснээр гэрчийн мэдүүлэг авсныг ашиг сонирхлын зөрчилтэй, хэргийн нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Т.Н , З.Б  нарыг хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай саналыг хүлээн авч, шүүгдэгч Т.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч З.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.Н  нь албан тушаалын байдлаа ашиглан  хялбар аргаар мөнгө олж авах, шүүгдэгч З.Б  нь өөртөө бусдаас давуу байдал олж авах буюу нийтийн албан тушаалд шударга бус байдлаар томилогдох гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч З.Б  нь шүүгдэгч Т.Н ад 295.000 төгрөгийг бусдаар дамжуулан хахууль болгож өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Т.Н  нь бусдад төлөх төлбөргүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З.Б  бусад этгээдэд төлөх төлбөргүй болох нь тогтоогдсон байна.

3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Т.Н , З.Б  нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Н ыг 5.600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч З.Б д 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар санал гаргасан бөгөөд шүүгдэгч Т.Н аас торгох ял оногдуулж өгөхийг хүссэн, шүүгдэгч З.Б  нь эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлтээ гаргаагүй болно.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 Шүүгдэгч Т.Н , З.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч Т.Н  нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд  бусдаар дамжуулан хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Т.Н ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял,

Мөн шүүгдэгч З.Б  нь “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч З.Б гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.Н , З.Б  нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэд нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн хамт шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 295.000 төгрөгийг шүүгдэгч Т.Н аас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хахууль авсан” гэмт хэрэг,

Шүүгдэгч З.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н ын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н , З.Б  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жил хүртэл хугацаанд боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н , З.Б  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Н , З.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н аас 295.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Т.Н , З.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Н , З.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т