| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0184/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2019-12-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 189
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
нарийн бичгийн дарга К.Ер,
орчуулагч А.,
улсын яллагч А.Т
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К ,
шүүгдэгч Р.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Х д холбогдох 1913************* дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 06 сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Р Х , регистрийн дугаар: БГ********.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Р.Х нь Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүрэн зуух” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орой иргэн Х.Н ы адуун сүргээс сартай хээр алаг зүсмийн, нас гүйцсэн, зөв талын гуянд “Л” үсгэн тамгатай морийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Р.Х гаас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэв.
Хоёр: Эрүүгийн 1913*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/,
2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
3. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ-719/010 тоот “Ашид билгүүн” ХХК-аар гаргуулсан үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,
4. Хохирогч Х.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч Х.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,
6. Иргэний нэхэмжлэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
7. Гэрч Ш.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
8. Яллагдагч Р.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн ийн 34-35 дугаар хуудас/,
9. Р.Х н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Р.Х н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Р.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай саналыг,
Шүүгдэгч Р.Х болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Р.Х нь Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хүрэн зуух” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орой иргэн Х.Н ы адуун сүргээс сартай хээр алаг зүсмийн, нас гүйцсэн, зөв талын гуянд “Л” үсгэн тамгатай морийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ-719/010 тоот “Ашид билгүүн” ХХК-аар гаргуулсан үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,
- Хохирогч Х.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед А ын гэрийг нүүлгэж ирж байхад манай адуун сүрэг Бугат сумын Хүрэн зуух гэх газарт байсан. Тухайн үед орой болсон болохоор адуугаа тоолоогүй. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш ах Х.А ирээд миний хэр алаг зүсмийн морь алга байна гэж миний аав Хумарханд хэлээд явсан байна. Би орой 20 цаг өнгөрч байхад ажлаас ирж сонсоод надад мотоцикл байхгүй болохоор ах Р ы хүүхэд нь Х д залгаж миний хэр алаг зүсмийн төбөлтэй морь алга болсон байна, хоёулаа хайж ирье гэж дуудсан. Р.Х 23 цагийн үед манайд ирсэн, би түүний мотоциклд бензин хийж өгөөд урьд өдөр нь адуу байсан гэх газарт очиход нэг портер машины мөр байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Х.Н ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.Х миний морийг хулгайлж аваад бусдад 1.000.000 төгрөгөөр худалдсан байна. Би морио 1.100.000 төгрөгөөр үнэлсэн. Хохирлоо бүрэн төлүүлж авсан" гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Та 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдөр 12 цагийн үед аймгийн төвд малын захаас нэг адуу худалдаж авахаар очсон үед тухайн газарт Ш.А нь хажуудаа нэг хүний хамт нэг адуу зарах гээд зогсож байсан. Тэр үед уг адууг нь үзээд 1,000,000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж авсан. Тэгээд тус өдөр хашаандаа аваачиж уяж тавиад, маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед уг адууг нядалж байх үед 4-5 хүн ирсэн. Тэгээд уг адуу хулгайн адуу байна гэж хэлээд явсан ба маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бугат сумын хэсгийн төлөөлөгч гэх залуу уг адууны махыг хурааж авч явсан. Бэлэн мөнгөөр худалдаж авсан адууны махыг бүтэн хүлээж авсан, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
- Гэрч Ш.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Р.Х надад адуунд азарга хэрэгтэй байна гэхээр нь 1.200.000 төгрөгөөр үнэлж өөрийнхөө адуунаас хээр алаг зүсмийн соёолон азарга өгсөн. Р.Х надад малаа зараад таны мөнгийг барагдуулна гэсэн. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн үед над руу залгаж адуу зарахаар бол ирсэн чинь миний мотоцикл эвдэрчихлээ тэндээс та портер машинаар ачиж авч ирээд өгөх үү гэсэн чинь би түүнд түлшний мөнгөө өгөх үү гэж хэлэхэд өгнө гэхээр нь заасан газарт нь очсон, тэндээр хэр алаг зүсмийн морийг барьж аваад ачсан. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Р.Х бид хоёр малын захад аваачиж Б.М гэх хүнд 1,000,000 төгрөгөөр худалдсан, хулгайн мал гэдгийг огт мэдээгүй, миний азарга ч тухайн адуун сүрэг дотор байсан болохоор үнэхээр өөрийн адуу юм байна гэж итгэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Яллагдагч Р.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Б /Ш.А ийн хоч нэр нь/ гэх хүнээс нэг азаргыг 1.200.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь дараа нь өгөхөөр болж тохиролцсон. Тэгээд уг азаргыг Н ы ах нь болох Айп гэдэг хүнд аваачиж өгсөн ба тэр хүн надад нэг адуу өгөхөөр болж тохиролцсон боловч адуугаа аваагүй байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орой 16 цагийн үед өөрийн 4547БӨЗ улсын дугаартай мотоциклээр Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрэн зуух” гэх газарт очих үед уг мотоцикл эвдэрсэн. Тухайн газарт Н ы адуун сүрэг байсныг таньсан. Тэгээд мотоциклээ яаж авч явах уу гэж бодож байгаад Б д портер машин байгаа болохоор Н ы адуун сүргээс нэг адууг хулгайлж аваад Б д өгөх юм бол тэр өөрийн машинаар ирж миний мотоциклийг ч ачиж явна, мөн Б д өгөх зээлээ ч өгөх юм байна гэж бодоод өөрийн 99****** дугаартай утсаар Б гийн 99****** дугаартай утас руу нь залгахад “түлшний мөнгөө өгөх юм бол очно” гэхээр нь түлшний мөнгөө өгнө гэж хэлсэн. Нэг их удаагүй байхад Б өөрийн машинаар ирсэн. Тэгээд Б бид хоёр уг адуун сүрэг дотроос сартай хээр алаг нас гүйцсэн морийг бариад Б гийн машинд ачиж аймагт ирсэн. Тухайн үед миний мотоцикл багтахгүй тухайн газар үлдсэн ба шөнө очиж авч ирсэн. Би тухайн үед Н ы адуун сүрэг дотроос нэг адууг хулгайлж гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/
зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Р.Х гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж үзэв.
Шүүгдэгч Р.Х нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Р.Х гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Н д 1.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг шүүгдэгч Р.Х , иргэний нэхэмжлэгч Б.М нарт хохирлыг төлж өгсөн тул шүүгдэгч Р.Х нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Р.Х д үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч Р.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Р.Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.Х д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Р.Х гийн иргэний цахим үнэмлэх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Х д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Р Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х г 520 /таван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Р.Х д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Р.Х д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Р.Х н цахим иргэний үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Р.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т