| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0180/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2019-12-13 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 191
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
улсын яллагч А.Т ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З ,
шүүгдэгч М.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ж т холбогдох 1913*********** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, тус аймгийн Улаанхус сумын 8-р багт оршин суух үндсэн хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 2009 онд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2014 онд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2018 онд Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, М.Ж, регистрийн дугаар БК88*******
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 9-р багийн Улаан дэнж гэх газарт иргэн С.Б ы малын хашаанаас 8 сэрх, дараа нь тус газарт намаржиж байсан Н.А ээс 3 хонь, 1 ямаа, Б.Д ээс 10 хонь, 1 ямаа , нийт 23 бог мал хулгайлан авч иргэн Т.Т ийн 00-00 БӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр аймгийн төвд ачиж ирж Мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч М.Ж аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 1913*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Улаанхус сумын нутаг дэвсгэрээс иргэн М.Ж , Т.Т нар нь 00-00 БӨА улсын дугаартай цагаан өнгийн портер машинаар олон тооны мал хулгайлж ачиж явсан гэх мэдээллийн дагуу уг машиныг саатуулж шалгасан тухай цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас/ хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
2. Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол / хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
3. Мал болон машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хашаа болон малд үзлэг хийсэн тэмдэглэл, малыг эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, уг малыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 13-26, 30-35 дугаар хуудас/,
4. Хохирогч С.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
5. Хохирогч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
6. Хохирогч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,
7. Гэрч Х.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
8. Гэрч Д.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
9. Гэрч К.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/,
10. М.Ж ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Ж ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай саналыг гаргасан,
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 9 дүгээр багийн Улаан дэнж гэх газарт иргэн С.Б ы малын хашаанаас 8 сэрх, дараа нь тус газарт намаржиж байсан Н.А ээс 3 хонь, 1 ямаа, Б.Д ээс 10 хонь, 1 ямаа , нийт 23 бог мал хулгайлан авч, иргэн Т.Т ийн 00-00 БӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд ачиж ирж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Улаанхус сумын нутаг дэвсгэрээс иргэн М.Ж, Т.Т нар нь 00-00 БӨА улсын дугаартай цагаан өнгийн портер машинаар олон тооны мал хулгайлж ачиж явсан гэх мэдээллийн дагуу уг машиныг саатуулж шалгасан тухай цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас / хавтаст хэргийн 5 дугаар хуудас/,
- Мал болон машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хашаа болон малд үзлэг хийсэн тэмдэглэл, малыг эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, уг малыг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 13-26, 30-35 дугаар хуудас/,
- Хохирогч С.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт явж байх замд нэг машин бид нарын машины гэрлийг хараад замаас гарч уул руу явахаар манай жолооч болох Х.С нь энэ машин нэг л сэжигтэй машин байна, очоод харах уу гэхээр нь очиж машины гэрлийг тусгаж харсан. Уг машин нь цагаан өнгийн 00-00 БӨА улсын дугаартай портер маркийн машин байсан ба уг машинд ачсан дүүрэн бог мал хонь, ямаа байсан. Тэгээд бид нар хулгайн мал ачиж явж байгааг мэдэж цагдаад утсаар хэлсэн. Тэгээд бид нар гэрт ирэхэд манай эхнэр хашаанаас ямаа хулгайлан авч явсан байна гэхээр манай малыг хулгайлан авч явсныг мэдсэн. Нийт 12 тооны ямаа хулгайд алдагдсан бөгөөд 8 тооны ямааг Н.А ээс хүлээн авсан ба одоогоор 4 тооны ямаа байхгүй болно” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
- Хохирогч Н.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мал дотроос нэг малыг нядлах гэж хайхад мал дотор байхгүй байсан ба уг малыг тоолоход 27 тооны хонь, 16 тооны ямаа дутуу гарсан бөгөөд ойр орчмын айлуудын мал дотроос хайж олоогүй ба маргааш өглөө нь Сагсай сумын хэсгийн төлөөлөгчид тэмдэглэх гэж очиход таны мал аймгийн төвд орсон байна гэхээр нь танай газарт ирсэн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
- Хохирогч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нийт 27 хонь, 16 ямаа хулгайд алдагдсан ба түүнээс миний 10 хонь, ах болох Н.А ийн 3 хонь, нийт 13 хонийг аймаг руу ачиж явсныг цагдаа нар барьж авсан бөгөөд уг цагдаа нар ах Н.А т 13 хонь, 2 ямааг хүлээлгэж өгсөн байна” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/,
- Гэрч Х.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 12 цаг өнгөрч байхад аймгаас гараад Улаанхус сумын 9-р багт байрлах гэр лүү машинаар явж байсан бөгөөд аймгаас 20 гаруй км-ийн зайд миний урдаас нэг машины гэрэл харагдаж бид нараас зугтсан байдалтай сэжигтэй харагдахаар миний машинд байсан С.Б д энэ машин нэг л сэжигтэй байна очоод шалгах уу гэхээр нь бид нар очиж гэрэл тусгаж машины дугаарыг цээжилж авч хажуугаар нь нэг зогсож аваад өгсөн. Тэгээд цаашаа Улаанхус сум руу яваад сүлжээтэй газарт ирээд таньдаг цагдаагийн гар утас руу залгаж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө хашаанаас малыг гаргахад нийт 12 тооны сэрх ямаа дутаж байсан болохоор ойр орчмыг хайж олоогүй. Тухайн шөнө гадаа дуу чимээ гараад байсан ба би гэрт ганцаараа болохоор гарч чадаагүй байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/,
- Гэрч К.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Ж тай хаашаа ямар ажлаар явах талаар асуухад миний өөрийн хэдэн тооны мал байгаа тэр мал нь Улаанхус сум руу эндээс 40 гаруй км-ийн зайтай газарт байгаа бөгөөд түүнийг ачиж ирэх хэрэгтэй байна. Б ы мал ачиж ирсэн хөлсөнд нийт 80.000 төгрөг өгнө гэхээр нь хөлсөнд тохирч М.Ж бид хоёр орой 19 цаг 30 минутын үед аймгаас гараад Улаанхус сумын Улаан дэнж гэх газарт очиход та энд зогсож байгаарай, би тэндээс малыг туугаад ирье та машинаар очих юм бол шавранд суух болно гэж намайг үлдээж ганцаараа явганаар Улаанхус тал руу явсан.
Тэгээд 40 минут орчмын хугацаанд хэдэн тооны мал байсныг анзаараагүй, М.Ж тууж ирсэн ба уг малуудыг машинд ачиж явъя гэхээр нь би энэ мал нэг л сэжигтэй мал байна, би ачихгүй гэхээр нь энэ миний мал гэж чамд хэдэн удаа хэлэх юм вэ чи дуугүй энэ малыг ачихад тусал гэхээр нь би ганцаараа шөнө М.Ж аас айгаад бүх малыг ачиж тусалсан ба аймгийн төв рүү орж ирэх замд 3 цагдаа барьж авч Цагдаагийн газарт ирсэн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч М.Ж ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж үзэв.
Амар хялбар аргаар мөнгө олон гэсэн шүүгдэгч М.Ж ын шунахай сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч М.Ж ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт С.Б , Н.А , Б.Д нарт 2.430.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нар нь хулгайд алдсан мал амьтнаа цагдаагийн байгууллагаас бүрэн хүлээн авсан байна. Иймд шүүгдэгч М.Ж нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Ж т үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч М.Ж нь учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч М.Ж нь 2009 онд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2014 онд Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар, 2018 онд Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан байна.
Шүүгдэгч М.Ж т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч нь хохирогч нартай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/98 дугаартай саналд яллагдагч М.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 620 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч М.Ж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 167 дугаар хуудас/.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал эрүүгийн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул М.Ж т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 620 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, М.Ж т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Ж т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч М.Ж ын иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, гадаад паспорт 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ж аас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулж, энэ хэрэгт битүүмжлэгдэн хөрөнгө болох иргэн К.Т ийн эзэмшлийн 00-00 БӨА улсын дугаартай, цагаан өнгийн Бонго загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг иргэн К.Т ийн өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Ж т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М ийн Ж ыг “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж ыг 620 /зургаан зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч М.Ж т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, шүүгдэгч М.Ж т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж аас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн К.Т ийн эзэмшлийн 00-00 БӨА улсын дугаартай, цагаан өнгийн Бонго загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг иргэн К.Т ийн өөрт нь буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Ж ын иргэний цахим үнэмлэх, гадаад паспортыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т