Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 28

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин

Улсын яллагч Ц.Ариунжаргал

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г холбогдох 2028000220012 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрөг угсрагч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эрүүл мэндийн төвд жолооч ажилтай, ам бүл 1, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16-59 УБЯ улсын дугаартай Тоёота Кролла пилдэр маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвд шороон зам дээр 5 настай Б.Э-г мөргөж, зам тээврийн осол гарган эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний орой Оюунчимэгийн хамт гэр лүү машиныг нь жолоодож явсан. Өмнөөс жоохон нар гялайчихсан байсан. Худгаас ус аваад явж байсан хүүхэд харчихаад өнгөрөөд явтал машины урдуур хүүхэд гүйж ирээд шүргүүлсэн. Буугаад харахад Б.Эгэдэг хүүхэд байсан. Бууж ирээд яасан гэж асуухад хөл гээд хөлөө бариад уйлаад байсан. Тэгээд шууд эмнэлэг рүү авч яваад эмнэлэгт очоод сумын эмч Лхагвааг дуудаж үзлэг хийлгэхэд гуяны дунд чөмөг нь хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд эрхлэгч эмч Алтансүхийг дуудаж чиг тавьж боолгоод өвчин намдаах тариа хийлгээд 22 цагийн үед Өмнөговийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу явсан. 12 дугаар сарын 30-ны 04 цаг өнгөрч байхад эмнэлэгт ирээд рентген зураг авхуулахад гуяны дунд чөмөг дээд хэсгээрээ хугаралтай байна гэсэн. ...Гэм буруугаа зөвшөөрч байна. Хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан бүх зардлыг би төлсөн. Цаашид эмчлүүлэх мөнгийг ч гэсэн төлнө...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 18 цаг өнгөрч байхад эмнэлгийн жолооч Э.Г ирээд би сая машинтай явж байгаад хүүхдийг чинь мөргөчихлөө, одоо танай хүү эмнэлэгт байгаа гэсэн. Эмнэлэг дээр очиход манай хүү Энхтүвшингийн зүүн хөлний гуяны дээд хэсгээр мурийгаад хавдсан байсан. Сумын эмч Лхагваа хүүгийн чинь зүүн хөлний гуяны чөмөгний яс нь хугарсан байна, яаралтай Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү хүргэх шаардлагатай гэсэн. ...Манай хүүхдийг машинаар мөргөж биед нь гэмтэл учруулсан гэх Гантулга машинаар манай хүүхдийг хүргэж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 04 цаг өнгөрч байхад аймгийн төвд ирж рентген зураг авхуулахад зүүн хөлнийх нь гуяны дунд чөмөгний яс нь хугарсан байна гэсэн. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай хүү Б.Эхагалгаанд орж хугарсан чөмөгний ясандаа уян төмөр суулгуулсан. Одоо манай хүүхдийн зүүн хөл нь гипстэй байгаа. 6 сарын дараа уян төмрөө авхуулах хагалгаанд орно гэсэн. Манай хүүхдийн эмчилгээний бүх зардлыг Э.Гантулга төлж байгаа. ...Э.Гантулга өөрийн гэм буруугаа ойлгож хүүхдийн эмчилгээний эм, тарианы бүх зардлыг гаргасан. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хоол цай бусад эд материалын зүйлээр тусалж эргэж тойрч байсан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 18-21 тал/

Гэрч Б.Лхагва мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчимд ажил дээрээ байхад машинд дайрагдсан гэх хүүхэд ирсэн. Уг хүүхдэд үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, айж сандарсан, уйлсан, дух, нуруундаа зулгарсан шархтай, зүүн түнхний үеэрээ хэлбэр нь алдагдсан, зүүн хөл дотогшоо муруйсан өвдөлт ихтэй байсан. Тэмтэрч үзэхэд дунд чөмөгний хүзүү хэсгээр хугарал үүссэн байсан...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/                       

Гэрч Д.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр сумын байгууллагын албан хаагчдын шинэ жилийн баяр болох гээд тухайн үед миний машиныг манай эмнэлгийн жолооч Э.Г унаж байсан. ...Э.Г миний машиныг жолоодоод би хажууд нь суугаад баруун байрны худгийн араар баруун зүг рүү шороон замаар явж байхад зүүн гар талд усны тэрэг түрсэн бага насны охин ганцаараа явж байгаа харагдсан. Тэр үед машины урдуур зүүн гар талаас бага насны эрэгтэй хүүхэд гүйж орж ирээд машинд шүргүүлсэн. Жолооч Гантулга машиныг тэр дор нь зогсоож хүүхдийг үзэхэд М.Ц 5 настай Б.Эгэх хүү байсан. Б.Эгазар хэвтчихсэн хөл, хөл гээд уйлаад байсан. Тэр дор нь Энхтүвшинг аваад сумын эмнэлэгт хүргэж эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлсэн..." гэжээ. /хх-ийн 29-30 тал/

Гэрч Л.Шүрдий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг өнгөрч байхад худгийн араар гардаг налуу шороон зам дээр бор өнгөтэй суудлын автомашин баруунаас зүүн зүгт чиглэн явж байхад машины урдуур бага насны эрэгтэй хүүхэд гүйж ороод машинд шүргүүлэн газар унасан. Би хүүхэд машинд мөргүүлэхийг хараад тэр дороо осол болсон газарт дөхөж очин харахад машин дотроос Гантулга гарч ирээд газар уйлаад хэвтэж байсан бага насны эрэгтэй хүүхдийг тэвэрч аваад машиндаа оруулсан. Мөн машинаас Оюунчимэг бас гарч ирсэн байсан...” гэжээ. /хх-ийн 31-32 тал/

Гэрч Д.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эмнэлэгт очиж гэмтсэн гэх хүүхдийг үзэхэд Б.Б.Эгэх бага насны хүүхэд байсан. Хүүхдийн зүүн хөлний дунд чөмөгний яс нь зөрсөн хугаралтай байсан тул чиг тавьж боогоод өвчин намдаах тариа эмчилгээ хийж Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явуулахаар болсон. Б.Э 22 цагийн үед түүний ээж Цэнд-Аюуш болон осол гаргасан Гантулга, Оюунчимэг нар авч явсан...” гэжээ. /хх-ийн 33-34 тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 77 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Энхтүвшингийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.3.1 дэх заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 38 тал/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд:

Хариулт А: М.Ц нь бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.а “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хариулт Б: 16-59 УБЯ улсын дугаартай Кролло пилдер маркийн авто машины жолооч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 3.5.г “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ. гэсэн байх ба энэ үүргээ биелүүлээгүй байна. Заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна.

Хариулт В: Тоёота пилдер маркийн 16-59 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

Хариулт Г: 16-59 УБЯ улсын дугаартай Кролло пилдер маркийн авто машины жолооч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна” гэжээ. /хх-ийн 42 тал/  

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15 тал/

Яллагдагч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сэврэй сумын эмнэлэгт лаборантаар ажилладаг Оюунчимэг гэр лүү яваад хувцас солиод ирье гэсэн. Тэгээд би машиныг нь унаад баруун байранд байх Оюунчимэгийн гэр лүү явсан юм. Баруун байрны усан сангийн тэнд ирмэг өөд гардаг юм. Уг ирмэг өөд гарахад нар гялбаад юм харагдахгүй байсан би зөөлхөн явж байгаад ирмэг өөд гарахдаа жаахан хааз өгөөд гарсан чинь “түк” гээд нэг юм мөргөсөн. Тэгээд буугаад ирсэн чинь хүүхэд газар уначихсан хөлөө бариад уйлаад байж байсан. Тэгээд би хүүхдийг аваад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод их эмч Лхагвааг дуудаад эмч өвчин намдаах тариа хийгээд зүүн хөлөнд нь чиг тавьж боосон. Тэгээд хөл нь хугарсан байна гэхээр нь 22 цагийн үед хүүхдийг аваад Даланзадгад сум руу явсан юм. Далданзадгад суманд 04 цагийн үед ирээд рентгенд харуулахад гуяны дунд чөмөг хугарсан, тархи доргилттой байна гэсэн. Тэгээд эмнэлэгт хэвтүүлсэн юм. Маргаашнаас нь шаардлагатай эмчилгээг хүүхдэд хийсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаанд орж хүүхдийн хөлийг хадсан юм. Тэгээд эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан юм...” гэжээ. /хх-ийн 51-52 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Э.Г нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын төвийн Хайрхан гэр хорооллын усан сангийн арын шороон замаар “Toyota Corrolla Fielder” маркийн 16-59 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас бага насны буюу 5 настай хохирогч Б.Э-г мөргөж, түүний биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...жаахан хааз өгөөд гарсан чинь “түк” гээд нэг юм мөргөсөн. Буугаад харсан чинь хүүхэд газар уначихсан хөлөө бариад уйлж байсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ийн “...Э.Г ирээд би сая машинтай явж байгаад хүүхдийг чинь мөргөчихлөө, одоо танай хүү эмнэлэгт байгаа гээд эмнэлэг дээр очиход манай хүү Энхтүвшингийн зүүн хөлний гуяны дээд хэсгээр мурийгаад хавдсан байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч Д.Оюунчимэгийн “...машины урдуур зүүн гар талаас бага насны эрэгтэй хүүхэд гүйж орж ирээд машинд шүргүүлсэн. Хүүхдийг үзэхэд М.Ц-ийн 5 настай Б.Эгэх хүү байсан...” гэх, гэрч Л.Шүрдийгийн “...хүүхэд машинд мөргүүлэхийг хараад тэр дороо осол болсон газарт дөхөж очин харахад машин дотроос Э.Г гарч ирээд газар уйлаад хэвтэж байсан бага насны эрэгтэй хүүхдийг тэвэрч аваад машиндаа оруулсан...“ гэх,  гэрч Б.Лхагвын “...машинд дайрагдсан хүүхдэд үзлэг хийхэд дунд чөмөгний хүзүү хэсгээр хугарал үүссэн байсан...” гэх, гэрч Д.Алтансүхийн “...Б.Э-ийн зүүн хөлний дунд чөмөгний яс нь зөрсөн хугаралтай байсан...” гэх мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 77 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн 2028000220012 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч Э.Г нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Шүүгдэгч Э.Г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Б.Э-гийн биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Буяннэмэхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахмад С.Шүрцэцэгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 77 дугаар дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Э.Г-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхтүвшингийн Гантулгыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Г нь хөнгөн гэмт хэрэг болгоомжгүйгээр үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Энэ гэмт хэргийн улмаас бага насны хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Гантулга өөрийн гэм буруугаа ойлгож хүүхдийн эмчилгээний эм, тарианы бүх зардлыг гаргасан. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хоол цай бусад эд материалын зүйлээр тусалж эргэж тойрч байсан болохоор ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж, шүүгдэгч Э.Г нь шүүх хуралдаанд “...миний зүгээс хохирогчийг эмчлүүлэхтэй холбоотой бүх зардлыг өөрөөсөө гаргасан. Надаас хохирогчийн эмчилгээ, гэм хорын хохиролд ойролцоогоор 950.000 орчим төгрөг зарцуулагдсан” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Гантулгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Аюуш нь бага насны хохирогч Б.Э-гийн зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтлийг дахин эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Г-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Гантулга нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Г  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ын  хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц нь бага насны хохирогч Б.Э-гийн зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтлийг дахин эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        П.ПАГМА