| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Пагма |
| Хэргийн индекс | 172/2020/0028/Э |
| Дугаар | 29 |
| Огноо | 2020-02-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 29
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин
Иргэдийн төлөөлөгч Д.Т
Улсын яллагч Ц.Ариунжаргал
Хохирогч Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг
Шүүгдэгч М.Э
Гэрч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгоны оточ овогт М.Э-д холбогдох 1928002850177 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр цэцэрлэгт харуул ажилтай, ам бүл 1, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 4а-17 тоотод гэртээ Б.Н-тай маргалдан, нуруун тус газарт хутгаар хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдөр нь Б.Н-ны эхнэр нь намайг хүрээд ирээч гээд дуудаад байсан. Ах нь завгүй байна, одоо унтах гэж байна гэхэд над руу хоёр гурван удаа залгасан. Тэгээд Батсүрэнг гэрээс нь очиж аваад замдаа 1 шил архи аваад гэртээ ирсэн. Манайд манай дүү Мөнхнасан, хажуу айлын Өнөрбаяр, Батсүрэн бид дөрөв байсан. Архи ууж байгаад Батсүрэн та утсаа гаргаад ир гээд миний утсыг аваад Б.Н руу залгасан. Тэгээд Тайван ахаа та ярь би Б.Н руу залгачихлаа гэсэн. Би яриад Б.Н-ыг дуудсан. Б.Н манайд ирээд бид нар юм яриад архи уугаад сууж байсан. Сүүлдээ нилээн согтсон. Тэр үеэр “Тайван ах та арчаагүй эрхтэн чинь босдоггүй болохоор эхнэр чинь салаад Цагаан хад явсан биз дээ” гэсэн зүйл Нямсайхан ярьсан. Би өөрөө тэрэндээ их эмзэглэж явдаг, олон жил болж байгаа. Эхнэртэйгээ бэлгийн харьцаа байхгүй, дандаа тэрэндээ шаналж явдаг. Эхнэрээсээ салах гэхээр 2 охиноо өрөвдөөд байдаг байсан. Сүүлдээ манай эхнэр Цагаан хад руу яваад өгсөн. Б.Н намайг тэрүүгээр доромжлоод байсан. Би өгсөн архинаас нь уугаад л суугаад байсан. Б.Н намайг дахин тэр сэдвээр доромжлоод тэрнээс хойш дотор харанхуйлаад явчихсан. Юу болсноо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хутгалчихсан байсан. ...Бэлгийн сулралын шинж тэмдэг анх 2014 онд надад өөрт минь мэдэгдэж эхэлсэн. Ойр ойрхон шээс хүрээд, эрхтэн маань хөвчрөхгүй, босохгүй болж бэлгийн чалхгүй болсон. Би энэ талаараа Нямсайханд 2014, 2015 оны үед урагшаа алтанд явж байхдаа ах нь бэлгийн сулралтай болсон, эрхтэн маань босохгүй, эхнэртэйгээ бэлгийн ажил хийж чадахгүй байгаа гээд ярьж байсан юм. ...Хохирогчид эхлээд хагалгааны зардалд 700.000 төгрөг, куртикний үнэ 255.000 төгрөг өгсөн. Дараа нь хот руу эмчилгээнд явна гэхээр нь газар хашаа, гэр гээд бүх юмаа зараад 9.000.000 төгрөг өгсөн. Хурдан эдгээсэй гэж бодоод өгсөн...” гэв.
Хохирогч Б.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Батсүрэн, Тайван ах бид гурав үлдээд үлдсэн хоёр шил архийг уугаад нилээн ярьж суусан. Би дотроо Батсүрэн Тайван ах хоёрт хар төрөөд байсан. Ууж байхдаа эрхтэн чинь ажилладаг юм уу, ажилладаггүй чинь үнэн болоод эхнэр чинь хаясан биз дээ гэж хэлсэн. Тэгээд би дахин эрхтэн чинь ажиллахгүй болохоор эхнэр чинь таныг хаяж Цагаан хад явсан гэж хэлэхэд Тайван ах ч боссон би ч боссон. Би эхэлж Тайван ахыг цохисон. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байна. Өглөө нь эмнэлэгт сэрсэн. ...Би Тайван ахын бэлэг эрхтэн нь босохгүй, сулралтай болсон талаар анх 2015 онд алтанд явж байхдаа өөрөөс нь сонссон. Би энэ байдлыг нь мэддэг байсан. ...Надад 9.955.000 төгрөг өгсөн. Эхлээд 700.000 төгрөг эмчилгээнд, 255.000 төгрөг куртикний мөнгө гэж өгсөн. Дараа нь 5 сая төгрөг, мөн 2 сая төгрөг хоёр удаа өгөөд нийт 9 сая төгрөг өгсөн. ...Одоо энэ мөнгөнөөс 1.800.000 гаруй төгрөг үлдчихсэн байгаа. Энэ мөнгийг Тайван ахад буцаагаад өгье. Гэр оронгүй байгаа юм чинь орох оронтой болог. Одоо миний бие гайгүй. Цус шимэгдүүлэх эм ууж байгаа...” гэв.
Гэрч Ж.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...М.Э бид хоёр сүүлийн нэг жил тусдаа амьдарч байна. Хамт амьдарч байсан сүүлийн 4-5 жилийн хооронд бид хоёрын бэлгийн амьдралд өөрчлөлт гарсан. Нөхөр маань эр хүний үүргээ гүйцэтгэхээс зайлсхийх, татгалзах, цааргалах тиймэрхүү байдалтай болчихсон. Би түүнийг сүүлд нэг удаа нууцаар эм ууж байхыг нь хараад асуухад эм уухгүй бол бэлгийн чадваргүй болсон талаараа хэлсэн. сүүлд нэг орой эм ууж байхыг нь мэдсэн. Сүүлдээ ер нь бэлгийн харьцаанд орохоо бараг больсон. Энэ байдлаа эмчлүүлж ч чадаагүй. Үүнээсээ болоод бидний хооронд маргаан бий болсон. ...Би түүнийг орхиод Цагаан хад руу явсан. Намайг явснаас хойш сэтгэл санааны гутралд орсон. Би түүнийг тийм хүнд үед нь тус дэм болж чадаагүй. Надаас болж ийм байдалд хүрсэн үүнд би буруутай. Би өөрөө астамтай, Энхтайван л гэр бүл, үр хүүхдүүдээ авч яваа, ажилсаг хүн. ...Ийм хэрэг хийсэн гэдэгт би итгэж чадаагүй. ...Миний хувьд нөхрийнхээ бэлэг эрхтэн ажиллагаагүй болсон энэ байдлаас болж хаяж явсан маань үнэн. Би мөрдөн шалгах ажиллагаанд М.Э-ны өөрийнх нь маш их эмзэглэж явдаг, сэтгэлийн шаналал болсон зүйлийнх нь талаар хэлээд яахав гэж бодоод намайг харддагаас нь болоод салсан гэж хэлсэн...” гэв
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр найзынхаа гэрт архи уугаад байж байтал манай хуурай ах М.Э утсаар яриад хаана байна, манайд хүрээд ир, хоол хийчихлээ, ганц шил архи уугаад байж байна гэсэн. Би дэлгүүрээс нэг шил архи аваад очсон. Манай салсан эхнэр тэдний гэрт нь хамт архи задлаад ууцгааж байсан. Энхтайван ах, Батсүрэн бид нар хагас шил архийг хувааж уучихаад дахиад нэг шил архи задалж ууж байхад Батсүрэн унтчихсан. Тэгээд би архи ууж байхдаа Энхтайванд манай эхнэр яахаараа танайд байдаг юм гэсэн чинь хоол хийчихээд очиж авчирсан юм гэсэн. Би дотроо Батсүрэнг Энхтайвантай хардаад бодож байсан юм. Тэгээд би Энхтайван ахыг та ерөөсөө эхнэртээ хаягддаг нь өөрөөсөө болсон, ажилгүй гэх зүйлүүд хэлээд байсан нь санагдаж байна. Тэгж байгаад би нилээд их согтсон байсан. Энхтайван ах миний хэлж байгааг чимээгүй л сонсоод суугаад байсан. Тэгж байгаад би боссон чинь Энхтайван бас боссон. Бид хоёр барилцаж авсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш юу болсноо санахгүй байгаа. Нэг мэдэхэд өглөө болсон, би эмнэлэгт хэвтсэн байсан. ...би архи ууж байхдаа Энхтайван ахыг та ажилгүй болохоороо эхнэртээ хаягддаг, бас манай салсан авгайг гэртээ авчирчихсан байна гэх мэтээр тоглоом шоглоомоор үг хаяад байхад л уурласан байх. Урьд нь бид хоёр огт муудалцаж байгаагүй. Бидний хооронд ямар ч өс хонзон, өр авлага байхгүй, нэгэндээ дэмжиж туслаад явдаг ах дүүс шиг хүмүүс байгаа юм. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 23-24-р хуудас/
... Би тухайн үед М.Э ахыг манай эхнэр Батсүрэнг гэртээ авчирчихсан ор засаад хэвтүүлчихсэн байхаар нь М.Э ахад дургүй хүрээд байсан. Тэгээд би архи ууж байхдаа М.Э ахыг бэлэг эрхтэн чинь босдог юм уу даа, ер нь наадах чинь ажиллагаагүй болохоороо л эхнэр чинь хаяж явсан байх гэх мэтээр хэлсэн. Тэгэхэд М.Э ах дуугүй л сонсоод суугаад байсан. Тэгж байгаад юу болсныг санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 25-26-р хуудас/
Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М.Э ах дэлгүүрээс нэг шил архи аваад Батсүрэнг гэрээс нь очиж аваад гэртээ буцаж ирсэн. Бид нар архиа задлаад ууж байсан. Тэгээд 20-21 цагийн хооронд байх Батсүрэн М.Э ахын утсаар Б.Н руу залгаад дуудаад байсан. Дараа нь М.Э ах бас Б.Н руу залгаж дуудаад миний дүү хүрээд ир, эхнэртэйгээ учраа ол гэж яриад байсан. Тэгж байтал Нямсайхан нилээн согтуу нэг шил архи бариад орж ирсэн. ...Би шөнийн 23 цаг өнгөрч байхад гарч явсан. Намайг явахад Батсүрэн нэлээд их архи уучихсан их согтуу, унтаагүй сэрүүн, гуйваж дайваад ер нь согтоод тасарчихсан байсан. Тэнд хоорондоо муудалцсан хүн байгаагүй...” гэжээ. /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Б.Батсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Орой 19 цаг өнгөрч байхад манай нөхрийн найз Энхтайван манайд ирээд намайг хамт явъя гэхээр нь хамт М.Э-ыд очсон. Тэнд хоол идчихээд 1 шил 0.750 граммын Хараа архи задалж уусан. Би тэр архинаас бага зэрэг уусан. М.Э манай нөхрийг утсаар дуудсан. Б.Н нилээн согтуу ирсэн. Тэгээд бид нар нийлж юм ярьж байгаад би ядраад унтчихсан. Нэг сэргэсэн чинь гэрийн зүүн талын баганы хажууд Б.Н доошоо харчихсан хэвтэж байсан. Хажууд нь М.Э би Нямкагаа ингэчихлээ ш дээ гээд Нямсайханы нуруун дээрээс цус гарчихсан түүнийг нь даавуу, салфеткаар дарчихсан сууж байсан. Тэгээд би юу болов оо, түргэн дуудсан юм уу гэхэд Энхтайван түргэн дуудсан гэж хэлсэн. Тэгж байтал түргэний эмч ирээд цагдаа дуудсан. ...намайг унтахаас өмнө бол тэд нар инээж хөхрөөд зүгээр л юм ярьж байсан. Муудалцаж хэрэлдсэн асуудал гараагүй” гэжээ. /хх-ийн 32-33-р хуудас/
Гэрч Б.Өнөрбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батсүрэнг гэрээс нь очиж аваад эргэж ирсэн. Тэгээд бид нар нөгөө архийг нь задалж ууж байсан чинь Энхтайван ах Б.Н-ыг дуудна, эхнэртэй нь эвлэрүүлье, энэ хоёр маань салж сарних гээд янз янз болоод байх юм гээд Нямсайханыг дуудаж утсаар яриад байх шиг байсан. Тэгээд би задалсан архинаас нь ганц нэг удаа л уусан. Тэгж байтал эхнэр дуудаад байхаар нь 22-23 цагийн үед би гэр рүүгээ явах гэж байтал гаднаас Нямсайхан ирсэн. Би ч гэрлүүгээ гарч явсан. ... Намайг явахад М.Э ах, Мөнхнасан, Батсүрэн, Б.Н нар үлдсэн. Тэд нар архи хувааж уугаад инээлдэж юм яриад үлдсэн. Нямсайхан гаднаас орж ирэхэд биедээ шарх гэмтэлгүй зүгээр байсан...Тэр хоёр хэзээнээс л найз нөхөд гээд төрсөн ах дүүгээс дутахааргүй л байдаг хүмүүс байгаа юм. Тэднийг муудалцаж байхыг би лав хараагүй...” гэжээ. /хх-ийн 34-35-р хуудас/
Гэрч А.Мөнгөншижир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр Энхтайваныд 20-21 цагийн үед орж байгаад 22 цаг өнгөрч байхад гэртээ орж ирээд бид хоёр унтаж амарсан. ...манайх М.Э-ны хашаанд 2019 оны 05 дугаар сараас хойш бууж хамт амьдарч байна. Энэ хугацаанд М.Э их ажилсаг, архи огт хэрэглэж байгаагүй, урьд нь хүн ирж огт архи ууж байгаагүй юм. Би ийм хэрэг болсон гэхээр нь их гайхсан, ажилсаг, их даруу зантай хүн байгаа юм” гэжээ. /хх-ийн 36-р хуудас/
Гэрч Ж.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би М.Э-тай гэр бүл болоод 18 жил хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа Энхтайван гэр бүл амьдарлынхаа төлөө л гэж явдаг, архи бараг уудаггүй, хүүхдүүдээ гэж л зүтгэж яваа хүн байгаа юм. Би энэ хүнээс тусдаа амьдраад 1 жил болж байна. Манай нөхөр жаахан хартай, намайг хардаад байдгаас нь болоод би тусдаа амьдарч байгаа. Бид хамт амьдарч байх хугацаандаа эхэндээ зүгээр байсан. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд М.Э-ны бэлгийн үйл ажиллагаа нь доголдож, бэлэг эрхтэн нь сулралтай болсон. Түүнийг нь би мэддэг болсон. Тэгээд энэ асуудалдаа өөрөө их эмзэглэж явдаг, энэ өвчнийг нь эмчид хандаж эмчлүүлэх гэхээр бас боломж бололцоо гардаггүй явсан. ...Би М.Э-ыг хүн хутгалсан гэдэгт нь итгэхгүй л байгаа, энэ хүн хутга бариад хүн рүү дайрах байтугай хүнтэй муудалцаж байгаагүй хүн байгаа юм. Б.Н манайхаар байнга орж гарч байсан. Дотно найзууд байгаа юм...” гэжээ. /хх-ийн 31-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 711 тоот дүгнэлтэд:
1. Б.Н-ны биед цээжний зүүн ар талын хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 38-р хуудас/
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар Шүүх сэтгэцийн дүгнэлтэд:
М.Э яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Н шөнө 22 цагийн үед манайд ирсэн байх. Б.Н-ыг ирсний дараа Мөнхнасан, Өнөрбаяр нар гэрлүүгээ явцгаасан. Тэгээд гэрт Батсүрэн, Нямсайхан бид 3 үлдээд хагас шил архи байснаа ууж дуусгаад Б.Нямсайханы авч ирсэн архийг задалж хувааж ууцгаасан. Тэгж байснаа би нэлээд согтож эхэлсэн. Тэгж байхад Б.Н та манай эхнэртэй явалдсан, янхандсан гээд байхаар нь би тийм юм гэж юу байхав дээ, чи бид хоёр хуурай ах дүү хоёр биз дээ гэж хэлсэн. Дараа нь Б.Н намайг бэлэг эрхтэн чинь босдоггүй, эрхтэн чинь ажилладаггүй болохоор эхнэр чинь хаяад явсан биз дээ гээд доромжлоод байсан. Тэгээд бид хоёр муудалцаад Б.Н миний зүүн талын эрүү рүү гараараа цохисон. Тэгэхэд би босч байсан нэг мэдэхэд л Б.Н-ыг би хутгалчихсан байсан. Би эмнэлэг дуудсан, Б.Н-ны ар дал орчмоос цус гарч байсныг ариун цэврийн цаасаар дарж байсан. Тэгээд эмч ирснийг санаж байна. Нэг сэргэхэд эрүүлжүүлэхэд байсан. Би эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орохдоо сэргээш бэлдмэл хэрэглэдэг юм. Тэгэхгүй бол бэлгийн чадавхгүй болоод байдаг. Тэрийгээ эхнэрээсээ нууж байсан ч эхнэр мэдсэн. Түүнээс болоод эхнэр надаас салсан. Энэ бэлгийн сулрал гэж хэлж болох асуудал нь миний хувьд маш их сэтгэлийн шаналал болдог юм. Би Б.Н-тай 2004 оноос хойш танилцаж найзалж нөхөрлөж байгаа, нэгийгээ их тусалж дэмждэг. ...Тухайн үед Б.Н миний эмзэг сэдвээр хэлж доромжлоод байсан болохоор миний ухаан балартаад уур хүрээд нэг мэдэхэд л хутга аваад гэр дотор Б.Н-ны ар нурууруу хутгалчихсан байсан...” гэжээ. /хх-ийн 62-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13-р хуудас/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14-20, 89-р хуудас/
Б.Н-ны өвчний түүх /хх-ийн 42-58-р хуудас/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 11 дүгээр цэцэрлэгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар албан бичиг /хх-ийн 66-р хуудас/
М.Э-ны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/
Эмчилгээний зардал төлсөн талаарх М.Э-ны тодорхойлолт, дансны хуулга /хх-ийн 81-86-р хуудас/
Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 87-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 90-р хуудас/
“Алтан жор” эмнэлгийн шинжилгээ /хх-ийн 110-112-р хуудас/
“Наран мед” эмнэлгийн магадлагаа /хх-ийн 113-114-р хуудас/
Ц.Тогоохүүгийн тодорхойлолт /хх-ийн 115-116-р хуудас/
Шүүх хуралдаанд хохирогч Б.Н-аас гаргаж өгсөн хохирлын баримт зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эд мөрийн баримтаар шаргал эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, “Хараа” архины шил 2 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэгийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч М.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 4а-17 тоотод гэртээ хохирогч Б.Н-тай маргалдан, улмаар нуруун тус газарт нь хутгаар хутгалж, түүний биед цээжний зүүн ар талын хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Нямсайханы “...Тэгж байгаад би боссон чинь Энхтайван бас боссон. Бид хоёр барилцаж авсан санагдаж байна. Тухайн үед Батсүрэн унтаж байсан. Энхтайван бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй, Энхтайван хутгалсан...” гэх, гэрч Б.Батсүрэнгийн “...Нэг сэргэсэн чинь гэрийн зүүн талын баганы хажууд Б.Н доошоо харчихсан хэвтэж байсан. Хажууд нь Энхтайван би Нямкагаа ингэчихлээ ш дээ гээд Нямсайханы нуруун дээрээс цус гарчихсан түүнийг нь даавуу, салфеткаар дарчихсан сууж байсан...” гэх, гэрч М.Мөнхнасангийн “...намайг явахад М.Э ах, Б.Н, Батсүрэн нар хоорондоо юм яриад үлдсэн. Батсүрэн архи их уусан, унтаагүй сэрүүн, гуйваж дайваад ер нь бол тасарчихсан байсан...” гэх, гэрч Б.Өнөрбаярын “...Намайг явахад М.Э ах, Мөнхнасан, Батсүрэн, Б.Н нар үлдсэн. Тэд нар архи хувааж уугаад инээлдэж юм яриад үлдсэн. Нямсайхан гаднаас орж ирэхэд биедээ шарх гэмтэлгүй зүгээр байсан...” гэх мэдүүлгүүд, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 711 тоот “1. Б.Н-ны биед цээжний зүүн ар талын хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дэх заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хохирогч Б.Н-ны өвчний түүх зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар буюу зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж, шүүгдэгч М.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэв. Учир нь:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах шинжийг “Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан...” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч М.Э-нд өөрт нь хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би тухайн үед М.Э ахыг манай эхнэр Батсүрэнг гэртээ авчраад ор засаад хэвтүүлчихсэн байхаар нь дургүй хүрээд байсан. Тэгээд би архи ууж байхдаа М.Э ахыг бэлэг эрхтэн чинь босдог юм уу даа, ер нь наадах чинь ажиллагаагүй болохоороо л эхнэр чинь хаяж явсан байх гэх мэтээр хэлсэн” гэх мэдүүлгээ дахин нотолж шүүх хуралдаанд өгсөн “...би М.Э ахыг эхлээд бэлэг эрхтэн чинь ажилладаг юм уу даа, ер нь эрхтэн чинь ажилладаггүй болохоор эхнэр чинь таныг хаяж Цагаан хад руу явсан биз дээ гэж хэлэхэд ширээн дээр байсан архинаас уугаад дуугүй суугаад байсан. Дахин тэгж хэлэхэд М.Э ах босч ирэхэд нь би бас адилхан боссон. Бид хоёр барьцалдаж аваад эхлээд би М.Э ахыг цохисон. М.Э ах миний хэлсэн “бэлэг эрхтэн чинь босдоггүй, ажилладаггүй болохоор эхнэр чинь хаяж явсан” гэх үгэнд уурлаад намайг хутгалсан гэж бодож байна. Түүнээс биш М.Э ах бид хоёрт өөр муудах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би М.Э-тай гэр бүл болоод 18 жил хамт амьдарсан бөгөөд одоо энэ хүнээс тусдаа амьдраад 1 жил болж байна. Намайг хардаад байдгаас нь болоод би тусдаа амьдарч байгаа. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд М.Э-ны бэлгийн үйл ажиллагаа нь доголдож, бэлэг эрхтэн нь сулралтай болсон. Түүнийг нь би мэддэг болсон. Тэгээд энэ асуудалдаа өөрөө их эмзэглэж явдаг...” гэх мэдүүлгээ тодруулж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...М.Э сүүлийн 4-5 жилийн хугацаанд эр хүний хувьд үүргээ гүйцэтгэж чадахаа больж бидний бэлгийн харьцаанд өөрчлөлт орсон. Нөхөр маань бэлгийн харьцаанд орохоос дургүйлхэж байгаа нь надад мэдэгдэж байсан. Би түүнийг нэг удаа нууцаар эм ууж байхыг нь хараад асуухад эм уухгүй бол бэлгийн чадваргүй болсон талаараа хэлсэн. Ер нь сүүлдээ бид хоёр бараг бэлгийн харьцаанд орохоо больсон. Миний хувьд нөхрийнхөө бэлэг эрхтэн ажиллагаагүй болсон энэ байдлаас болж хаяж явсан маань үнэн. Би мөрдөн шалгах ажиллагаанд М.Э-ны өөрийнх нь маш их эмзэглэж явдаг, сэтгэлийн шаналал болсон зүйлийнх нь талаар хэлээд яахав гэж бодоод намайг харддагаас нь болоод салсан гэж хэлсэн...“ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч М.Э-ны мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Бэлгийн сулралын шинж тэмдэг анх 2014 онд надад өөрт минь мэдэгдэж эхэлсэн. Ойр ойрхон шээс хүрээд, эрхтэн маань хөвчрөхгүй, босохгүй болж бэлгийн чалхгүй болсон. Би энэ талаараа Б.Н-д 2014, 2015 оны үед урагшаа алтанд явж байхдаа ах нь бэлгийн сулралтай болсон, эрхтэн маань босохгүй, эхнэртэйгээ бэлгийн ажил хийж чадахгүй байгаа гээд ярьж байсан юм. Гэтэл тэр орой Б.Н намайг бэлэг эрхтэн чинь босдоггүй, ажилладаг юм уу даа, ажилладаггүй болохоор эхнэр чинь хаяж яваа биз дээ гэж хэлэхээр нь миний ухаан балартаад уур хүрээд нэг л мэдэхэд Б.Н-ны ар нуруу руу хутгалчихсан байсан. Тэгээд би түргэн дуудаад, Б.Н-ны ар нуруунаас гарсан цусыг ариун цэврийн цаасаар дарж байсан...” гэх мэдүүлэг,
Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай шүүх сэтгэцийн дүгнэлтийн болсон хэргийн талаар М.Э-ны өөрийн хэлсэн “...Б.Н таны боов чинь босдоггүй тийм болохоор эхнэр чинь салсан биз дээ гэж хэлэх үед тархи дүүрээд харвах гэж байгаа юм шиг болоод нүд харанхуйлаад хүнийг ингэж доромжилж болдог юм байх даа гээд нээх сонин болоод ирсэн...” гэх мэдүүлэг, “Алтан жор” эмнэлгийн М.Э-ны спермограмм, үрийн шингэний шинжилгээ, “Наран мед” эмнэлгийн магадлагаа зэргээр шүүгдэгч М.Э нь хохирогч Б.Н-ны “бэлэг эрхтэн чинь босдог юм уу, ажилладаггүй болохоор эхнэр чинь салсан биз дээ” гэж өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, зүй бусаар хэлсэн үйлдэл, улмаар хүч хэрэглэж эрүүн тус газар нь цохисоноос болж сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал нь алдагдсаны улмаас хохирогч Б.Н-ны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нь хууль зүйн ойлголт бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж тухайн үед болсон үйл явдлыг дүгнэвэл шүүгдэгч Б.Энхтайваны санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах нь хохирогчийн зүгээс нэр төр, алдар хүндийг хүндээр гутаан доромжилсон зүй бус үйлдлийн хариу болж үүсчээ. Хүний нэр төр гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж бол алдар хүнд нь бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмж юм. Тэгвэл хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилно гэдэг нь нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг ичгүүр сонжуургүйгээр гутаасан үйлдэл байх бөгөөд уг үйлдэл нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чин хандлага, гэр бүлийн байдалтай нь холбогдуулсан үг, үйлдэл зэргээр илрэхээс гадна хүний хувийн нууцад хамаарах асуудлаар гутаах ойлголт юм.
Хувь хүний нууц гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлэх ба хувь хүний нууц нь захидал харилцааны, эрүүл мэндийн, хөрөнгийн, гэр бүлийн болон бусад төрөлтэй болохыг Хувь хүний нууцын тухай Монгол Улсын хуулиар тодорхойлжээ. Гэр бүлийн нууцад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Э-ны бэлгийн чадвар, бэлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудал нь түүний гэр бүлийн нандин нууц юм. Гэтэл шүүгдэгчийн итгэж ярьсан гэр бүлийн нууцыг мэдэх хохирогч Б.Н түүнийг нь задруулахаар барахгүй уг эмзэг асуудлаар өөрийг нь гутаан доромжилсон.
Шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдал, хоорондын харилцаа, тухайн үед сэтгэл санааны цочрон давчдал үүсэхээр нөхцөл байдал байсан эсэхийг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн судалж үзвэл дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Э нь цэцэрлэгт харуулаар ажилладаг, гэр орон, үр хүүхдүүдээ тэжээж яваа, архи тамхи хэрэглэдэггүй, ойр дотныхондоо нэр хүндтэй ажилсаг хүн байх бөгөөд хохирогч Б.Н-тай төрсөн ах дүүгээс дутахгүй харьцаатай, бие биенээ тусалж дэмжээд 10 гаруй жил найзалж байгаа, хоорондоо дотно найз нөхөд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс гадна гэрч Ж.Э, Б.Батсүрэн, А.Мөнгөншижир, Б.Өнөрбаяр нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 11 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт зэргээр давхар нотлогддог. Түүнчлэн шүүгдэгч М.Э нь бэлгийн сулралтай буюу бэлэг эрхтэний үйл ажиллагаа нь доголдолтой болоод 5 жил болж байгаа бөгөөд энэ байдлаас нь болоод эхнэр нь тусдаа амьдраад жил болоогүй байжээ. Харин хохирогч Б.Н нь шүүгдэгч М.Э-ыг бэлгийн сулралтай, бэлэг эрхтэн нь босохгүй болж, эм уухгүй бол эхнэртэйгээ бэлгийн ажил хийж чадахгүй болсон талаар анх 2015 онд шүүгдэгчээс өөрөөс нь мэдэж авсан гэж шүүх хуралдаанд мэдүүлдэг. Хэрэг үйлдэгдэх өдөр шүүгдэгч хохирогч нар нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэж, хохирогч Б.Н нь өөрийн салсан эхнэртэй шүүгдэгч М.Э-г хардсанаас болж дотроо дургүй нь хүрч байсан бөгөөд үүнээс шалтгаалж шүүгдэгчтэй маргалдаж, түүнийг “...бэлэг эрхтэн чинь босдог юм уу, ер нь ажилладаг юм уу, ажилладаггүй болохоор эхнэр чинь салсан биз дээ...” гэж эмзэг асуудлыг нь хөндөж гутаан доромжилсон зүй бус үйлдлээс болж шүүгдэгч М.Энхтайваны санаа сэтгэл нь цочрон давчдах нөхцөл үүссэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Н-ны шүүгдэгч М.Э-г дээрх байдлаар гутаан доромжилсон зүй бус үйлдлийн улмаас түүний санаа сэтгэл гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан, улмаар хохирогчийг хутгалж амь биед аюултай хүнд гэмтэл учруулсан үйлдэл хоёр хоорондоо шууд шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас гэмт этгээд түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.
Иймд шүүгдэгч М.Э-д холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч М.Э-г 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг Дундсайханы 4а-17 тоотод гэртээ хохирогч Б.Н-ны өөрт нь хүч хэрэглэж, нэр төр, алдар хүнийг нь гутаан доромжилсон зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүний нуруун тус газарт нь хутгалж, хохирогчийн биед цээжний зүүн ар талын хөндий рүү нэвтэрч уушгийг гэмтээсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож байх тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Э хохирогчийн биед гэмтэл учруулсаны дараа яаралтай эмнэлгийн тусламж дуудсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал түүнчлэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтайванд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Хохирогч Б.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 9 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Гэмтлийн тасагт өөрийн биед учирсан гэмтлийг хэвтэн эмчлүүлэх хугацаандаа 115.986 төгрөгийн эм тариа хэрэглэж, гэмтлийн төлбөрт 312.420 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Б.Нямсайханы өвчний түүхийн хуулбараар /хх-ийн 42-58-р хуудас/ нотлогдож байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогч нь эмчилгээний зардалд 761.300 төгрөг, замын зардалд 103.000 төгрөг, нийт 864.300 төгрөгийг зарцуулсан талаарх баримтыг гаргаж өгчээ.
Шүүгдэгч М.Э нь өөрийн газар хашааг 5.000.000 төгрөгөөр, гэр пингээ 2.500.000 төгрөгөөр, гэрийнхээ бүх эд зүйлийг зарж нийт 9.955.000 төгрөгийг хохирогч Б.Н-ны эмчилгээ, гэм хорын хохиролд сайн дураараа төлж, одоо тэрээр ахындаа амьдарч байгаагаа шүүх хуралдаанд мэдүүлдэг.
Хохирогч Б.Н шүүгдэгчээс авсан 9.955.000 төгрөгнөөс 255.000 төгрөгөөр куртик авч, эмнэлэгт эм тарианд 115.986 төгрөг, гэмтлийн төлбөрт 312.420 төгрөг, эм тариа, эмчилгээний зардалд 761.300 төгрөг, замын зардалд 103.000 төгрөг нийт 1.547.706 төгрөгийг зарцуулсан болохоо нотлох баримтаар нотолсон.
Харин хохирогч Б.Н нь Улаанбаатар хотод Интермед болон Сонгдо эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч, эмнэлэгт хэвтсэн гэх боловч тэр талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд “... Энхтайван ах надад куртикний үнэ, эмчилгээний зардалд нийт 9.955.000 төгрөг өгсөн. Би Энхтайван ахыг хашаа, газар, гэр орон, бүх зүйлээ зарж миний зардлыг өгсөн болохыг сүүлд мэдсэн. Надад эмчилгээний зардлаас илүү гарсан 1.800.000 төгрөг бэлэн байгаа бөгөөд би энэ мөнгийг шүүгдэгчид буцааж өгөх хүсэлтэй байна. Энэ 1.800.000 төгрөгөөр Энхтайван ах амьдрах гэр орон авна биз дээ. Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Миний буруугаас болж ийм хэрэг болсон болохоор 1.800.000 төгрөгийг Энхтайван ахад буцааж өгье” гэсэн хүсэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-д зааснаар шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах асуудлыг шийдвэрлэх эрхийг олгосон байх тул шүүгдэгч нь хашаа газар, гэр пин, гэрийн эд хогшил зэрэг бүх зүйлээ зарж хохирлыг сайн дураар төлж, одоо төрсөн ахындаа амьдарч байгаа мөн хохиролд авсан мөнгөө зарцуулсан талаар нотолж чадахгүй байгаа хохирогчийн байдал зэргийг харгалзан хохирогч Б.Нямсайханы хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгчээс гэм хорын хохирол, эмчилгээний зардалд хохирогчид төлсөн 9.955.000 төгрөгнөөс эмчилгээний зардлаас илүү гарсан 1.800.000 төгрөгийг хохирогч Б.Н-аас гаргуулан шүүгдэгч М.Э-д олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, “Хараа” архины шил 2 ширхэг, хар өнгийн куртик 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-г Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь хүч хэрэглэж, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Энхтайванд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч М.Э нь хохирогч Б.Н-д гэм хорын хохирол, эмчилгээний зардалд нийт 9.955.000 /есөн сая есөн зуун тавин таван мянга/ төгрөг төлсөнөөс эмчилгээний зардалд илүү төлөгдсөн 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг хохирогч Б.Н-ны хүсэлтээр түүнээс гаргуулан шүүгдэгч М.Э-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал эрээн өнгийн иштэй хутга 1 /нэг/ ширхэг, “Хараа” архины шил 2 /хоёр/ ширхэг, хар өнгийн куртик 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
П.ПАГМА