| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Пагма |
| Хэргийн индекс | 172/2020/0030/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 30
Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анужин
Улсын яллагч Ц.Ариунжаргал
Шүүгдэгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.П-д холбогдох 2028000160015 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн удирдлага мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,
Шүүгдэгч М.П нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Өндөр дэрс гэх газарт Б.М-тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэргийн талаар мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Хаяагийн гол Өндөр дэрс гэх газар Мягмархандынд байхад М.П, Энхбат хоёр ирсэн. Чи энд айл буулгалаа гэж М.П надад агсам тавьсан. Хэл амаар доромжлоод миний толгой руу хоёр гурван удаа алгадсан. М.П мах идэж байсан хутгатай гараараа над руу заагаад байсан. Тухайн хутгыг Мягмарханд авсан. Намайг айлаас гарахад араас гарч ирээд маргалдаж байгаад миний эрүү рүү гараараа 2 удаа хүрсэн. Цээж рүү 2 удаа цохисон, төмсөг рүү гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед Мягмарханд салгасан. Миний мотоциклийн ганзаганд байсан насос, шилбүүрээр чамайг энүүгээр цохино гэж хэд хэдэн удаа далайсан. Толгой руу хэд хэдэн удаа далайж цохих гэхэд нь би бултсан. Мягмарханд малаа хотлуулчихаад ирж бид хоёрыг салгаад та хоёр учраа олцгоо гэсэн. Би гэртээ харьсан. Миний биеийн байдал гайгүй, хэвийн байгаа. ...М.П эмчилгээний зардал болон аймагт ирэх бензиний зардалд нийт 200.000 төгрөг өгсөн. Өөрийн буруугаа ойлгож уучлалт гуйсан. Гомдол, санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 8-9 тал/
Гэрч Б.Мягмарханд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хаяагийн гол Өндөр дэрс гэх газарт Сайхан-Овоо сумаас ирээд хоёр хонож байхад М.П, Энхбат 2 манайд ирсэн. Ирэхдээ М.П жаахан халамцуу байсан. Мөнхсайхан, М.П 2 муудалцсан. Тэр хоёр ер нь бол олон айлуудын дунд айл буулгалаа гэж хэрэлдэж муудалцаад байсан. Би тэр хоёрт нэг том пиво задалж аягалж байхад маргалдаж байсан. Тэгснээ гадаа гараад М.П Мөнхсайханыг гараараа нүүр цээж рүү нь түлхэж байсан. Би хонь малаа хаших гээд явсан. Эргээд ирэхэд мөн маргалдаад л байж байсан. Тэгсэн юу юугүй барилцаад насос булаацалдаж байхаар нь би очиж салгасан. ...Намайг харахад бол М.П Мөнхсайханы цээж рүү нь түлхээд, нүүрийг нь мангасдаж алгаараа түлхсэн. Тэгэхэд Мөнхсайханы нүүр самардагдсан...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/
Гэрч Б.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М.П-ийн хамт Мягмарханд гэх Өндөр дэрс гэдэг газар буусан айлд очсон. Тэднийд очиход Мөнхсайхан байсан. М.П Мөнхсайханыг энд айл буулгалаа, тийм юм бол өөрийнхтэйгээ айл буулгаач гэж байсан. Би тэр үед орой болох гээд уг айлын хүүхдээр мотоцикл руугаа хүргүүлээд явсан...” гэжээ. /хх-ийн 16-17 тал/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 63 тоот дүгнэлтэд
1. Б.М-ны биед тархины доргилт, дух, баруун шанаа-хацар, дээд уруулын зулгаралт, доод уруулын салстын язрал, төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ.
2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 21 тал/
М.П мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 29-ний үдээс хойш Мягмарханд гэх айл Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас Мандал-Овоо сум Хаяагийн гол Өндөр дэрс гэх газар отроор ирж буусан байсан. Би тухайн айлд Энхбатын хамт очиход Б.М Мягмарханд нар байсан. Би Б.-ныг яагаад энд айл буулгаж байгаа юм бэ, олон айлын бэлчээр дээр айл буулгалаа гэж хэлсэн. Тэгсэн Б.М чамд хамаагүй энэ голыг чамаар заалгах болоогүй гэж хэлсэн. Иймэрхүү маргаан болсон. Тэгэхэд Мягмарханд гэх айл мах чанаж байгаад хоол ид гээд гаргаж өгсөн хутгаар хоол идэж байхдаа би Мөнхсайхантай ам мурийгаад байж байхад Мягмарханд миний барьж байсан хутгыг авсан. Тэгээд бид хоёр гадаа гараад бас л хэрүүл болсон. Би Мягмарханд гэх айл руу орох гэхэд Б.М намайг оруулахгүй хэрүүл өдөөд “та мэтийн юмыг мэдэхгүй” гэсэн юм яриад байсан. Тэгэхээр нь би чамайг цохичихвол чи аюул болно гэж хэлээд нүүр рүү нь 2-3 удаа түлхсэн. Түлхэхэд Б.М-ны нүүрэнд миний хумсны сорви үүссэн. Би Б.М-ны мотоцикл дээр байсан насос, шилбүүрийг авах гэтэл Мөнхсайхан надаас булаагаад авсан. Бид хоёрын маргаан ширүүссэн, хэн хэнийгээ хэлэх үг нь ихэссэн. Тэгтэл Мягмарханд ирээд Б.М-ны барьж байсан насос, шилбүүрийг аваад бид хоёр салсан...” гэжээ. /хх-ийн 26-27 тал/
Гэрч Б.Мягмарханд, хохирогч Б.М нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 18-19 тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/
М.П иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 тал/
Б.М-ны эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл /хх-ийн 44-47 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч М.П нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Өндөр дэрс” гэх газарт Мягмархандын гэрийн гадаа хохирогч Б.М-тай маргалдан зодож, улмаар түүний биед тархины доргилт, дух, баруун шанаа, хацар, дээд уруулын зулгаралт, доод уруулын салстын язрал, төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.М-ны ”…Хэл амаар доромжлоод миний толгой руу хоёр гурван удаа алгадсан. ...Намайг айлаас гарахад араас гарч ирээд маргалдаж байгаад миний эрүү рүү гараараа 2 удаа хүрсэн. Цээж рүү 2 удаа цохисон, төмсөг рүү гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мягмархандын “...Тэгснээ гадаа гараад П.М-ныг гараараа нүүр цээж рүү нь түлхэж байсан. Би хонь малаа хаших гээд явсан. Эргээд ирэхэд мөн маргалдаад л байж байсан. Тэгсэн юу юугүй барилцаад насос булаацалдаж байхаар нь би очиж салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Энхбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Мягмарханд, хохирогч Б.М нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 63 тоот дүгнэлт, Б.М-ны эмчлүүлэгчийн картын эмнэлэгт үзүүлсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.П-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.М-ны биед тархины доргилт, дух, баруун шанаа, хацар, дээд уруулын зулгаралт, доод уруулын салстын язрал, төмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 63 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч М.П холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өмнөговь аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.П-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч М.Пүрэвдоржийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч М.П нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүгдэгч М.П нь хохирогч Б.М-нд эмчилгээ болон замын зардалд 200.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч М.П-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.П нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.П Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.П-д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.П нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнхсайханд эмчилгээ болон замын зардалд 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА