Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 149

 

 

                                                           

 

 

 

 

 

2020        02          18                                2019/ШЦТ/149

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Д.Агар,

хохирогч М.Эрдэнэтуяа, түүний өмгөөлөгч И.Хонгор,

шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Н.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Цэндийн Тод холбогдох эрүүгийн “1903013360003” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувираа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 19 дүгээр гудмажны 944 тоотод оршин суудаг,

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Ц.Т, /РД:........

Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны 20 цаг 50 минутад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг, Засгийн газрын авто баазын хойд замд “Тоуоtа prius" маркийн 02-74 УНП улсьн дугаартай тзэврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулалтгүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтьг зөрчсөний улмаас явган зорчигч М.Эрдэнэтуяаг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны орой 20:00 цагийн орчим Баянбүрдийн Засгийн газрын автобаазын хойд зам дээр 02-74 УНП улсын дураартай “тоёота приус 11” маркийн, ягаан өнгийн автомашинтай 30 км/цаг хурдтай, 3 дугаар эгнээгээр явж байхад яг явган хүний гарцан дээр эмэгтэй хүнийг автомашины жолоочийн талын их гэрэл хэсгээр мөргөгдөөд газар унасан, замын эсрэг талаас машинуудын гэрэл гялбаад харагдахгүй байсан. 2 залуу л харагдаж байсан. Тэгээд явган хүний гарц дээр тулаад  ирсэн чинь нэг эмэгтэй хүнийг мөргөсөн юм. Би ер нь хараа муутай хүн, шөнө оройн цагаар машин унадаггүй. Би Баянбүрдээс эхнэрээ авах гээд явсан. Тэгээд би тэр охиныг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг орж бүртгүүлээд эмчид үзүүлээд хөл, гарны зургийг нь авахуулаад толгойны зураг үзүүлэх гэсэн чинь эмч нь маргааш нь үзүүлвэл сайн гэхээр нь би тэр охинд тэгвэл 2 лаа маргааш үзүүлье гэж хэлсэн. Тэр охин ч тэгье гэж хэлэхээр нь би гэрт нь болох содон хороололд хүртэж өгсөн. Би тэр охинд өөрийн утасны дугаарыг өгсөн. Тэгээд гэртээ шууд хариад хүүхэд миний гар утсаар тоглож байгаад утасны дууг хаасан байсан. Өглөө сэрээд харсан чинь хохирогчийн эгч, цагдаагийн байгууллагаас залгасан байсан...” гэх /хх-ийн 72-73х/,

Хохирогч М.Эрдэнэтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...8 цаг 50 минутын орчим Баянбүрдийн зам гарч байсан. Замын голд явж байтал баруун талаас намайг мөргөсөн. Би шидэгдэж унахад босож чадахгүй байсан. Шүүгдэгч намайг гэмтлийн эмнэлэг авч явж эмчид үзүүлж шаардлагатай зураг авахуулсан. Гэртээ хүргүүлээд 30 минутын дараа надад өгсөн дугаар руу залгатал утсаа аваагүй. Би 103 эмнэлэг дуудаж цагдаад мэдэгдэж гэмтлийн эмнэлэг явсан. Зам дээр хэмжилт хийлгэсний дараа жолооч залгасан. Мөнгөн гүүр эмнэлэгт очоод мэс заслын эмчид үзүүлтэл мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн. Шүүгдэгчид хэлсэн боловч хохирол барагдуулах боломжгүй гэж хэлсэн. 11 сарын 25-наас 12 сарын 15 хүртэл ажил хийгээгүй гэртээ эмчилгээ хийлгэсэн тул ажилгүй байсан хугацааны мөнгийг нэхэмжилж байна. /218,000 /төгрөг нэхэмжилж байна. Би алхаж чадахгүй байсан тул ажилдаа 7 км гаран явдаг 2 сар ингэж явсан тул 2 сарын тээврийн зардал нэхэмжилж байна. /205,000 төгрөг/, Өвдөлт намдахгүй байсан тул байнга өвчин намдаах эм ууж байсан. Хагалгаанд орох шаардлагатай байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулах саналтай байна гэв.

Хохирогч М.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 11 дүгээр сарын 23-ны орой 20:50 минутын орчим айлд очихоор Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Засгийн газрын авто баазын хойд замд ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй явган хүний гарцаар гарч байтал ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан авто машины жолооч зогсолгүй шууд ирж миний баруун хөлрүү мөргөж би авто машины хажуу тал руу унасан. Тэр үед намайгт мөргөсөн авто машины жолооч бууж ирсэн. Жолоочийг бууж ирэх үед би өөрөө болох гэхэд босч чадаагүй. Тэр үед жолооч надад тусалж болгож өгсөн. Тэгээд жолооч миний биеийн байдлыг асуусан. Жолооч манайг машиндаа суулгаж гэмтлийн эмнэлэг явсан. Эмнэлэгт очоод эмнэлгийн анхны тусламж авч эмчид үзүүлж толгой болон өвдөгний рентен зураг авахуулсан. Тэгээд эмч толгойн рентген зураг харчихаад хавантай цус хуралттай байж магадгүй гэж хэлсэн. Мөн дахин томографийн зураг авахуул гэж зөвөлгөө өгсөн. Өвдөгний зураг үзчихээд дунд чөмөгний жижиг яс хугарсан мөн өвдөгний холбоос тасарсан байна. Нарийн имрай зураг яаралтай авахуулах шаардлагатай гэж хэлсэн. Эмчээс зөвөлгөө авч маргаан өдөр нь толгойн томографийн зураг авахуулахаар болсон. Тэгээд би жолоочоор гэртээ хүргүүлсэн. Тэр үед жолооч ах бие нь өвдөөд байвал надруу залгаарай гэж 89117552 гэсэн дугаарыг өгсөн. Тэгээд би гэртээ орж ослын талаар эгчдээ хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал толгой өвдөж дотор муухай оргиж хий огиж өвдөг гишгэж болохгүй байсан болохоор түргэн тусламж дуудаж гэртээ үзүүлсэн. Тэгээд эгч дахин гэмтлийн эмнэлэг явж үзүүл гэж зөвөлгөө өгсөн. Тэгээд би жолооч ахруу удаа дараа залгахад огт утсаа авахгүй байсан. Мөн замын цагдаад манай эгч ослын дуудлага өгч жолооч руу эгч дахин залгахад огт утсаа аваагүй. Тэгээд би эгчтэйгээ гэмтлийн эмнэлэг орж дахин үзүүлж гэмтлийн цагдаагийн газар очиж мэдүүлэг өгч буцаж цагдаа нартай хамт осол болсон газар иж хэргийн газрын үзлэг хэмжилт хийсэн....” гэх /хх-ийн 21-22х/,

2019   оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гзрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11х/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18х/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 14163 дугаартай

1. М.Эрдэнэтуяагийн биед баруун өвдөгний доторх холбоосын урагдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүг мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 33х/

Тээврийн цагдаагийн алба шинжээчийн №11 дугаартай дүгнэлтэд

  1. Тоёота приус 11 маркийн 0274 УНП улсын дугаартай автомашины жолооч Ц.Т нь Монгол Улсын ЗХД-ын ямар Арван зургаа. Явган хүний гарц нэвтрэх 16.1 явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч М.Эрдэнэтуяа Монгол Улсын ЗХД-ын ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем фото зураг дээрээс дүгнэхэд уг зам тээврийн осол гарсан газар нь замын эвдрэлгүй бөгөөд замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
  4. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна /хх-ийн 61х/ болон хавтаст хэрэгт

авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Т нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгч Ц.Тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, баримтаар авагдсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч 218,000 төгрөгийн өвчтэй байх үеийн цалингийн зөрүү хохирлын баримт гарган нэхэмжилсэнийг шүүгдэгч Ц.Тоос гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаанд хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Боржигон овогт Цэндийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Тыг 700 нэгж буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Тоос нийт 218,000 /хоёр зуун арван найман мянган / төгрөг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, 21 дүгээр хороолол, Содон хороолол 103-88 тоотод оршин суух, Хонин онход овгийн Мөнхбатын Эрдэнэтуяа /РД: РК97121106/-д олгосугай.

5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмлэх эрхтэй болохыг дурдсугай.

 6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргах, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД