Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Өсөхбаяр Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Б.Барамсай,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Золзаяа, 

Гэрч Д.Мөнх-Эрдэнэ, Б.Дэжидмаа,

Шүүгдэгч А.М , түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.М д холбогдох эрүүгийн 1906 06153 2267 дугаартай хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,   тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны “  тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , А.М .

 

           Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч А.М  нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” амины орон сууцны нийтийн байрны 64/1-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрээгүй буюу 16 настай, төрсөн дүү Б.Учралыг “дүүгийнхээ толгой дээр гишгэлээ” гэх шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, тогооны залгуураар ороолгон, гуя хөл рүү өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “нүүр, их бие, мөчдийн цус хуралт, зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13

дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” амины орон сууцны нийтийн байрны 64/1-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрээгүй буюу 16 настай төрсөн дүү Б.Учралыг “гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М  мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр талийгаач дүүгийн нүүрэн дээр дэвсэхээр нь би Б.Учралыг зодсон. 2019 оны 10 дугаар сарын 17-ны шөнө Б.Учрал байсан. С.Учралыг нойрмоглоод байхаар нь 15 цагаас 18 цагийн хооронд түүнийг унтуулсан. Сэрэхээр нь “гэрээ цэвэрлэ” гэсэн чинь уурлаад надтай хэрэлдсэн. Би Б.Учралын нуруу руу нь цохисон чинь намайг хазахаар нь хүмүүжүүлнэ гээд зодсон...Би өнөөдрийн шүүх хуралд аль болох ээжийнхээ санааг зовоохгүй гээд уйлахгүй байхыг их тэвчиж, хичээсэн боловч би тэссэнгүй уйлж байна. Энэ шүүх хуралдааныг нэг удаа хийж өгөхийг хүсч байна гэв. Надад ээжийгээ харах хэцүү байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Золзаяа мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу манай байгууллагаас намайг уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. 12 сард мөрдөгч Б.Эрдэнэдалай намайг хэргийн материалтай танилцуулсан. Хохирогчийн ээж нь ч өөрөө ирж надтай уулзсан. Би Баянзүрх дүүргийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн эрх зүйчийн хувьд уулзсан. Түүнчлэн тухайн гэр бүлийн хүүхдүүдэд нь эрсдэлийн үнэлгээ гаргасан байгаа. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би ээжтэй хамт “Эмээлт” яваад орой нь 22 цагт гэртээ ирэхэд талийгаач толины өмнө зогсож байсан. “Хоолны ногоо байхгүй” гэхээр нь би мөнгө өгсөн чинь А.М  талийгаачийн хажуугаар өнгөрөхдөө нудраад гарах шиг болсон. Дараа нь А.М  орж ирээд талийгаачид ор засаад өгсөн. Тэгэхдээ Б.Учралыг “сонин болоод байна” гэж хэлээд Б.Мөрөн талийгаачийн нүүрийг нь угаалгасан. Дараа нь түргэн дуудсан.” гэв.

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Дэжидмаа мэдүүлэхдээ: “...Би хэрэг болсон өдөр Монголд байгаагүй. Манай эмэгтэй дүү над руу хэрэг болсон талаар чат бичсэн. А.М  дүү маань өөрөө зөөлөн сэтгэлтэй. Урьд нь А.М г Б.Учралыг зодож байгааг хараагүй. Би ийм хэрэг болсонд үнэмшихгүй байна. Бид талийгаачийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хэзээ ч ад үзэж байгаагүй. Бусдаас нэг ч удаа болов хамгаалахыг хүсдэг байсан. Тэнэг мангар ч гэсэн хажууд харагдаад байг гээд бид нар сургуулиас нь гаргаад хажуудаа байлгаж байсан.” гэв.

  

         Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/, Б.Учралын төрсөний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-15-17/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-18-19/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /хх-21/, гэрч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-29-31/, гэрч Б.Насанжаргалын өгсөн мэдүүлэг /хх-34-35/, насанд хүрээгүй гэрч Б.Цэлмэгийн өгсөн мэдүүлэг /хх41/, гэрч Б.Дэжидмаагийн өгсөн мэдүүлэг /хх-43-44, 45/, гэрч Ц.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-46/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2266 дугаартай дүгнэлт /хх-53-55/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1271 дугаартай дүгнэлт /хх-70-71/, шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн мэдүүлэг /хх-77-79/, гэрч Ж.Отгонцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-140-141/, гэрч Т.Ариунчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-142-143/, А.М гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-92/, А.М гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч А.М  нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” амины орон сууцны нийтийн байрны 64/1-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрээгүй буюу 16 настай, төрсөн дүү Б.Учралыг “дүүгийнхээ толгой дээр гишгэлээ” гэх шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, тогооны залгуураар ороолгон, гуя хөл рүү өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “нүүр, их бие, мөчдийн цус хуралт, зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” амины орон сууцны нийтийн байрны 64/1-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрээгүй буюу 16 настай төрсөн дүү Б.Учралыг “гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мөнх-Эрдэнийн өгсөн: “...Миний бие 2017 онд Б.Дэжидмаатай гэр бүл болсон. Дундаасаа 1 хүүхэдтэй. 2018 оны 12 сараас эхлэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд нийтийн байр түрээслэн амьдарч байгаа. Манай эхнэр Б.Дэжидмаа нь одоогоос 10-аад хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын эхээр БНХАУ-ын Бээжин хот руу сурахаар явсан. Тэнд суралцангаа цагийн ажил хийдэг. Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 08-09 цагийн үед найз Батболдтай уулзахаар гарсан. Гэрт А.М  /17 настай/ , Учрал /14 настай/, Цэлмэг /7 настай/, эгч Насанжаргалын охин Энхжаргал /3 настай/, манай дүү Ган-Эрдэнэ /3 настай/ нар үлдсэн. Гадуур найзуудтайгаа уулзаад явж байтал ээж Дуламсүрэн 99304473 дугаарын утас руу залгаад “Эмээлт явж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз нартайгаа араас нь очсон. Тэгээд “Эмээлтэд” эгч Сарангэрэлийнд байж байгаад орой 20 цаг өнгөрөөгөөд гарсан. 22 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд өглөө үлдсэн нөгөө хэд бүгд байж байсан. Учки жорлонгийн өрөөний үүдэнд зогсож байсан. Би хөргөгчнөөс хоолны мах гаргаад ногоо авахуулахаар А.М г гэрийн хажууд байх дэлгүүр рүү явуулсан. Мах гэстэл утсаараа тоглоод орон дээр сууж байсан. А.М  дэлгүүр орж ногоо авч ирээд Учкиг “гэрээ цэвэрлээч” гээд зодсон. Гараараа цохиж зодсон. Тэгтэл Учки доошоо явган суусан. Тэгэхээр нь А.М  Учкиг нэг гарнаасаа татаад өргөөд жорлонгийн өрөө рүү авч орсон. Би утсаараа тоглоод сууж байхад А.М  жорлонгийн өрөөнөөс “ахаа Учки амьсгалахгүй байна” гэж дуудсан. Ороход Учкигийн царай цонхийчихсон А.М  сандал дээр түүнийг тэврээд сууж байсан. Учкигийн царай цонхийгоод ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байхаар нь би айгаад өөрийнхөө утсаар 103 руу залгаж түргэн дуудсан. А.М  Учкиг жорлонгийн өрөө рүү яах гэж авч орсныг бол мэдэхгүй. А.М  Учкиг гараараа цохиод Учки доошоо суучихсан. Тэгэхээр нь өргөөд жорлонгийн өрөө рүү аваад орсон. Учки А.М д цохиулаад доошоо суугаад л хөдөлгөөнгүй болчихсон. Түүнээс хойш дахиж сэргээгүй. А.М  Учкиг жорлогийн өрөө рүү авч орж нүүрийг нь угааж сэргээх гэж авч орсон гэж бодож байна. А.М  өмнө нь Учкиг зодож цохьдог байсан. “Гэр орноо цэвэрлэхгүй байна, үгэнд орохгүй байна” гээд гараараа Учкигийн гар, хөл рүү нь цохьдог байсан. 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг өглөө таксинд явж ирээд унтаж байгаад 17 цагийн орчим боссон. Тэгтэл Учки надад А.М  ах намайг Ганаагийн толгойн дээр гишгэсэн гээд цахилгаан тогооны залгуураар зодсон гэж хэлж байсан.” /хх-29-31/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Насанжаргалын өгсөн: “...Өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 15 минутанд би ажил дээрээ байж байхад манай эгч Б.Дэжидмаагийн нөхөр Д.Мөнх-Эрдэнэ өөрийнхөө 80707304 дугаарын утас руу залгаад “Б.Учрал ухаан алдчихлаа, Самбууг /Мөрөн/ цагдаа авч явна гэнээ, чи яаралтай хүрээд ир эсхүл би чамайг очиж авъя” гэж хэлэхээр нь би “за тэг, намайг ирээд ав” гэж хэлсэн. Тэгээд ажлаа тараад такси бариад төмөр замын тэр хавьд явж байхад Д.Мөнх-Эрдэнэ машинтайгаа намайг ирж авсан. Би таксинаасаа буугаад Д.Мөнх-Эрдэнийн машин руу ороход арын суудал Б.Цэлмэг /настай/, Н.Мөнхжаргал /4 настай/, Д.Ган-Очир /3 настай/ нар унтаж байсан. Тэгээд би А.М  руу залгасан чинь “яасан юу болсон бэ, Б.Учрал яасан юм бэ” гэж асуусан чинь А.М  хариуд нь “Б.Учрал нас барсан” гэхээр нь “би юу яриад байгаа юм бэ, худлаа яриад байгаач” гэж хэлсэн чинь хажууд нь байсан. Түргэний эмч бололтой эрэгтэй хүн А.М гийн утсыг аваад “энд эмэгтэй хүүхэд өнгөрчихсөн байна” гэж хэлээд утсаа тасалсан. Манай дүүгийн жинхэнэ нэрийг Ариунтунгалагийн Мөрөн гэдэг бөгөөд 4 дүгээр ангид байхдаа Налайх дүүргийн Ганданд шавь ороод сурч байгаад 2015 он шиг санаж байна Улаанбаатар хотын төв Гандан хийдэд сурдаг болсон. Ганданд байх үед нь сахилын нэрийг нь Түвдэнсамбуу гэдэг байсан ба багш нь бид нарыг “энэ нэрээр дууд” гээд бид нар Мөрөнг Самбуу гэж дууддаг болсон. 2017 онд Дамбын хийдэд сурч байгаад 2-3 cap өнгөрөөд сургуулиасаа гараад гэртээ хүүхдүүд харах болсон. Манай эмэгтэй дүү талийгаач Б.Учрал ой тогтоолт муутай, хүний үгэнд орохгүй гөжүүд хүүхэд байсан.” /34-35/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Цэлмэгийн өгсөн: “...Агаа заримдаа жоохон ус хийгээд өг, хогоо шүүрд гээд Учки аниаг зардаг юм. Тэгээд манай ээжийн бие нь муу учраас Дээгий, Улаака аниа хоёрын хүүхдүүдийг үймүүлэхээр бие нь өвдөөд ядардаг учраас заримдаа эгч, найзындаа очиж байдаг юм. Тэр өдөр ээж гэртээ байхгүй эгчийндээ байдаг байсан. Тэгсэн чинь тэр өдөр Учка аниа Мөрөн ахын үгэнд орохгүй байсан байх би хичээлтэй байсан болохоор сайн мэдэхгүй байна. Манай төрсөн ах А.М  нь талийгаач Б.Учралыг ер нь бол ихэнхдээ агаа зоддоггүй. Намайг унтаж байхад А.М  ах Б.Учрал эгчийн нуруу руу нь тогооны залгуураар ганц нэг удаа цохиод байгаа юм шиг сонсогдоод байсан.” /хх-41/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Дэжидмаагийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын шилжих шөнө БНХАУ-ын “Шян Жин” хотод гар утас авахаар хадам ах эгч хоёртой хамт явж байсан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн орчимд байсан санагдаж байна, Хятадаас нөхөр Д.Мөнх-Эрдэнэ рүү видео дуудлага хийсэн юм. Видео дуудлага хийхэд манай нөхөр “би дөнгөж сая гэртээ орж ирлээ, энэ хэд хоолоо хийгээгүй байна, би одоо хоолоо хийлээ” гэсэн. Тэгээд А.М г төмсөнд явуулна гээд ярьсан ба А.М  цаанаас нь талийгаач дүү Б.Учралыг “босоод зогс” гэхээр нь “яасан яагаад байгаа юм” гэхэд А.М  надад хариуд нь Учки надтай муудаад би шийтгээд буланд зогсоолгож байна гэж хэлсэн. Тэгээд тухайн үедээ өнгөрсөн юм. Тэгээд дахин холбогдох гэхэд утаснуудаа авахгүй байхаар нь гайхаад байж байтал 01 цаг өнгөрч байхад төрсөн дүү Б.Насанжаргал над руу чат бичиж “Учрал дүүг нас барчихлаа, би цагдаагийн хэлтэс дээр ирсэн байна” гэж хэлсэн. Миний мэдсэнээр талийгаачийг А.М  шийтгэсэн гээд ярьсан. Амь хохирогч Б.Учрал нь эмнэлгийн хяналтанд байдаггүй ч ой тогтоолттой муутай хүүхэд байсан. Нийслэлийн 55 дугаар сургуульд 1 дүгээр ангид 4 жил сураад сургуулиас нь гаргачихсан. А.М г төрөх үед нь аав Болдбаатар иргэний үнэмлэхгүй байсан учраас ээжээр овоглосон. Манай аав, ээж хоёр 2004 онд гэр бүл салаад А.М  бид хоёр аавтай хамт хоёр жил амьдарч байгаад ээжийн нагац эгч нь бид хоёрыг өсгөсөн. Ингээд сүүлдээ бүгд нийлсэн.” /хх-43-44/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Оюунцэцэгийн өгсөн: “...Би уг нь А.М д хэлдэг байсан юм. Тэр нь юу юм бэ гэхээр нь чи дүүгээсээ буюу Б.Учралын жоохон зайтай бай, хүний уур уцаар барахаар хүүхэд байна шүү гэж захидаг. Ер нь бол талийгаач Б.Учрал нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд тааруухан. Яагаад хол бай гэдэг байсан гэхээр мэргэжлийн тусгай хүмүүс харьцана, чи чадахгүй гэдэг байсан. Талийгаач буруу зүйл хийхээр дандаа л гарыг нь өргүүлээд зогсоочихдог байсан.” /хх-46-47/ гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2294 дугаартай дүгнэлтэд:

1. Талийгаачид наран сүлжээний гэмтэл, зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, хоёр уушигны авчилт, элэгний язралт, нарийн гэдэсний чацархай, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, баруун найлзуур булчирхайн цус харвалт, хэвлийн хөндийн цус алдалт, 600.0 мл нүүр, их бие, мөчдийн цус хуралт, зулгаралтууд тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл буюу цохих, өшиглөх, үрэх, шүргэх үед үүснэ. Нүүр, мөчдийн цус хуралт, зулгаралтууд нь өөр өөр цаг хугацаанд үүссэн байна.

3. Нас барсны дараа учирсан гэмтэл үгүй байна.

          4. Наран сүлжээний гэмтэл, зүүн 7,8 дугаар хавирганы хугарал, хоёр уушигны авчилт, элэгний язралт, нарийн гэдэсний чацархай, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, баруун найлзуур булчирхайн цус харвалт нь гэмтлийн хүнд зэрэг, нүүр, их бие, мөчдийн цус хуралт, зулгаралтууд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.

          6.Талийгаач нь наран сүлжээний гэмтлийн улмаас нас баржээ.

          7. Нас барах үедээ согтолтгүй байжээ.

8. Цус нь 1 дүгээр бүлэг байна.” /хх-55/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 2294 дугаартай дүгнэлтэд:

         1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон цамцанд 40мм, 18мм, 30мм,  хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус шинэ ханзралтууд гарсан байна. Дээрхи ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Улаан триконд 20мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ урагдалт гарсан байна.

          2. Хар хөх цээживч гэмтэлгүй. /хх-61/ гэх дүгнэлт,

          Хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-62-63/,

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1271 дугаартай дүгнэлтэд:

1. А.М  нь болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.
2. А. Мөрөн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. А.М  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан

байна.

4. А.М  одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

5. А.М  нь өөрийн үйлдсэн үйлдлээ хариуцах чадвартай байна.” /хх-70-71/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12665 дугаартай дүгнэлтэд:

1. А.М гийн биед зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-73/ гэх дүгнэлт,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн: “...Наран сүлжээний гэмтэл гэдэг нь хэвлийн аюулхайн харалдаа байдаг мэдрэлийн сүлжээ юм. Шинжилгээний үед тухайн хэсэгт цус хурсан байсан. Дээрхи гэмтлийг авахаар амь нас шууд хохирно. Мөн дотуур цус алдалттай байсан. Амь хохирогчийн 7, 8 дугаар хавирганы хугарал. хрёр уушигны авчилт, элэгний язралт, нарийн гэдэсний чацархай, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт, баруун найлзуур булчирхайн цус харвалт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлүүд дээрхи гэмтлүүдийг авсан тохиолдолд цус алдалтаас шалтгаалж хоёр цаг орчимд амьд байж нас барна. Амь хохирогчийн биед үүссэн нүүр, их бие мөчдийн цус хуралт, зулгаралтууд гэмтлүүд нь ихэвчлэн шинэ үүссэн гэмтлүүд байсан. Нурууны зулгаралт, зүүн хацарны шанаа, хэвлийн хэсэгт үүссэн гэмтлүүд нь бусад гэмтлээс арай өмнө цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Бусад шинэ гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байсан. Нурууны зулгаралт, зүүн хацар, хэвлийд үүссэн хөхрөлтүүд нь 3-5 орчим хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Амь хохирогч Б.Учралын биед өөрийгөө маажиж арьсаа шархлуулсан, шархалсан шинэ хуучин гэмтэл байгаагүй. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл буюу цохих, өшиглөх, үрэх, чирэх, шүргэх үед үүссэн гэмтлүүд байсан. Амь хохирогч Б.Учралын биед үүссэн гэмтлүүд, нас барсан шалтгаан болох наран сүлжээний гэмтлийг авсан даруйд яаралтай тусламж үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжгүй. Амь насыг аврах боломжгүй гэмтлүүд үүссэн байсан.” /хх-77-79/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Отгонцэцэгийн өгсөн: “...Манай сургуульд оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчид суралцдаг тусгай сургууль юм. Мөн оюуны хомсдлоос гадна дауны хам шинж, аутизмын хүрээний эмгэгтэй, тархины саажилттай хүүхдүүд суралцдаг. 1 дүгээр ангид элсэн орох үед нь сургуулийн комисс болох сургалт сэтгэл зүйн комиссын үзлэгээр ордог. Уг комиссын үзлэгээр элсэн орогчид нарын танин мэдэхүйд өөрчлөлт байгаа эсэх, хүүхдийн бодит түвшин ямар байгааг солонгос улсын “PIT” гээд IQ тогтоох сорил авдаг. Мөн мэргэжлийн согог зүйч багш нар сурган сэтгэл зүйн судалгааг тогтоодог юм. Уг судалгаанд хамрагдаж байж манай сургуульд сурах боломжтой эсэх нь тодорхойлогдоно.” /хх-140-14/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ариунчимэгийн өгсөн: “...Би тус 55 дугаар сургуульд 2001 оноос хойш багшаар ажиллаж байна. 2013 оны 02 дугаар улиралд байсан санагдаж байна. Болдбаатарын Учрал гээд охин шилжиж ирсэн юм. Тэр үед Б.Учрал нь өөр сургуулиас шилжиж ирсэн талаархи баримт бичиг авч ирээгүй ба хааяа сургуульд ирдэг байж байгаад нэг их удалгүй бүүр сургуульдаа ирэхээ болсон юм. Тухайн үед утасны дугаар тэмдэглүүлсэн боловч холбогдох боломжгүй. Мөн
гэрийн хаяг нь тодорхой бус сурагч байсан. Б.Учралд ер нь оюуны хомсдлын шинжүүд харагддаг байсан. Гэнэт, гэнэт хамаагүй юм ярьж, нусаа гоожуулаад
байдаг. Бас хичээлийн талаар болон бусад зүйлийг асуухад илт сандарч хурдан
түргэн ярьдаг хүүхэд байсан. Мөн сурах арга барилд нилээн муу хүүхэд
байсан. Б.Учралд хувийн хэрэг нээгдээгүй, сургуулиас гэнэт гарч алга болсон. Мөн 2013 онд хувийн хэрэг шинэчлэгдэж 2 дугаар ангиас нь бусад сурагч нарын
хувийн хэрэг нээгдсэн санагдаж байна. 2013 онд хөтлөж байсан журнал байхгүй.
Олон жилийн өмнөх бичиг баримтаа устгасан.” /хх-142-143/ гэх мэдүүлэг,

 

        Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-5, 6-9/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-15/,

Хүний насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-15-16/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Учралын төрсөний гэрчилгээний хуулбар /хх-17/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-21/,  

Шүүгдэгч А.М гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-99/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс “…Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг хэрэглэж өгнө үү. Шүүгдэгч 18 насанд  хүрснээс хойш 5 сарын дараа хэрэг үйлдсэн. Энэ ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна.“ гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч шүүхээс Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх тул уг тайлбаруудыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч А.М гийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” амины орон сууцны нийтийн байрны 64/1-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрээгүй буюу 16 настай төрсөн дүү Б.Учралыг “гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, онц харгис хэрцгийгээр алсан үйлдэл нь хүний амьд явах эрхийг үгүй хийх санаа зорилготойгоор хийгдсэн нийгэмд аюултай үйлдэл юм.

 

        Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхгүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

         Мөн хүнийг онц харгис хэрцгий аргаар алсан гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон зэрэг үйлдлийг ойлгох ба хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэдэгт бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалж, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.         

 

          Шүүгдэгч уг үйлдэлүүдийг хийснээр хүрэх үр дүнг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.М гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан “хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

          Мөн  А.М гийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” амины орон сууцны нийтийн байрны 64/1-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, насанд хүрээгүй буюу 16 настай, төрсөн дүү Б.Учралыг “дүүгийнхээ толгой дээр гишгэлээ” гэх шалтгаанаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, тогооны залгуураар ороолгон, гуя хөл рүү өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “нүүр, их бие, мөчдийн цус хуралт, зулгаралтууд” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.М гийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч А.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

           Шүүгдэгч А.М д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоохгүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.

 

          Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.

 

Мөн шүүгдэгч А.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар А.М д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар А.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус заасан хорих ял шийтгэлд нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

Шүүгдэгч А.М  нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба түүний нийт цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд оруулан  тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цахилгаан тогны залгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасан болно.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

          1. Шүүгдэгч А.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус заасан “онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн,

          Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                                                                                                                                                                                      2. А.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.М д шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар А.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д тус тус зааснаар 13 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ялыг дүйцүүлэн тооцсон 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэж, нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 13 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар А.М гийн цагдан хоригдсон 117 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар А.М д оногдуулсан 13 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.М  нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цахилгаан тогооны залгуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

    10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

                                                                                                                                                                                          ДАРГАЛАГЧ,  

                                    ШҮҮГЧ                            Э.ЧИНГИС

                                                                                                                                                                                                ШҮҮГЧИД                            С.ӨСӨХБАЯР

 

                                                                             Д.МӨНХТУЯА