Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1643

 

 

 

 

 

 

 

 

 

“Цагаан хуаран” Сууц өмчлөгчдийн холбооны

 нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05267 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Цагаан хуаран” Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,  

Хариуцагч Н.Төгссайханд холбогдох

Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг биелүүлэхийг даалгах, тамга тэмдэг, гэрчилгээг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хорлоогийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Х.Хорлоо

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Цэрэндэжид

Хариуцагч: Н.Төгссайхан

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Нармандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Цагаан хуаран хотхоны 86 дугаар байрны “Цагаан хуаран хотхон” СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2-т зааснаар холбооны Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, Гүйцэтгэх захирал Н.Төгссайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Гэтэл хариуцагч Н.Төгссайхан нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Удирдах зөвлөлийн тогтоолыг үл ойшоож, СӨХ-ны тамга тэмдэг, гэрчилгээ болон СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд хүлээлгэн өгөхгүй, СӨХ-ны нэрийн өмнөөс тэмдэг, бланк зэргийг ашиглан, үйл ажиллагаа явуулсаар байна. Түүнчлэн өөрийн дураар хориг тавьсан шийдвэрийг үл тоомсорлон нийтийн эзэмшлийн талбай дахь 1 орцны 4 ширхэг паар буюу 6 орцны 24 ширхэг шугамыг таслан хувьдаа борлуулан ашиглаж, дундын өмчлөлийн хөрөнгийг хууль бусаар ашиглаж байна. Оршин суугчдаас түүний зан харилцааны талаар санал, гомдол байнга ирж байгаагаас гадна СӨХ-ны ажилтнуудыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, цалингаас нь суутгал хийх, тайлангаа хугацаандаа тавихгүй байх зэрэг хууль бус шийдвэр гарсан нь тогтоогдсон учраас түүнийг ажлаас чөлөөлсөн болно. Н.Төгссайхан нь СӨХ-ны Удирдах зөвлөлөөс ийм шийдвэр гаргасан байхад зөрчиж, Удирдах зөвлөлийн зарим гишүүдийг хууль бусаар хуралдуулж, 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өмнөх тогтоолыг хүчингүй болгосон тогтоол гаргасан байдаг. Гэтэл энэхүү хурал нь хүчингүй, түүнд Удирдах зөвлөлийг хуралдуулах эрх хэмжээ байхгүй юм. Иймд, хариуцагч Н.Төгссайханыг Цагаан хуаран СӨХ-ны 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 02/010 тоот шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, түүнээс тамга тэмдэг, гэрчилгээг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Төгссайхан, түүний өмгөөлөгч Ц.Нармандах нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“Цагаан хуаран” СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хурлын хувьд зарим гишүүд тухайлбал, Г.Бадамцэрэн, Х.Санжгэрэл нар хүрэлцэн ирээгүй байхад ирсэн мэтээр тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулсан байсан. Түүнчлэн тус хурал дээр намайг шууд гүйцэтгэх захирлаас чөлөөл гэсэн шийдвэр гаргаагүй, уг асуудлыг нийт оршин суугчдын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх болсон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт оршин суугчдын хурал хуралдаагүй ба гэрч нарын өгсөн мэдүүлгээс үзвэл гаргасан гэх шийдвэр зөрчилдөөнтэй байна. 2016 дугаар 06 дугаар сарын 18-ны өдөр “Цагаан хуаран” СӨХ-ны Удирдах зөвлөл гишүүд хуралдаж, өмнө гаргасан буюу намайг гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүйд тооцож, надад 2016 оны 07 дугаар сарын эхээр тайлангаа тавихыг даалгасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 12 дугаар зүйлийн 12.4.9-д зааснаар нэхэмжлэгч “Цагаан хуаран” сууц өмчлөгчдийн холбооны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч “Цагаан хуаран хотхон” Сууц өмлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хорлоо давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Цагаан хуаран” СӨХ-ны Удирдах зөвлөл гэдэг байгууллага 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэх захирал Н.Төгссайханыг яагаад халах болсон, халсан шийдвэр үндэслэлтэй эсэх асуудалд дүгнэлт огт хийгээгүй, нэхэмжлэгч болон гэрчийг шүүх хуралд уг асуудлаар тайлбар хийх боломж олгоогүй. Н.Төгссайхан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Удирдах зөвлөлд ажлаа тайлагнах болон бусад эрх, үүргийг хүлээсэн субьект болохоос Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөв, буруу эсэх асуудлыг ялангуяа өөрийг нь ажлаас халсан шийдвэрийг дахин хэлэлцүүлэхээр Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах, мөн шийдвэрийг өөрчлүүлэхээр Удирдах зөвлөлийн гишүүдийг шахаж шаардах эрх байхгүй юм. Удирдах зөвлөл хэрэв ээлжит хурал зарлан хуралдуулах гэж байгаа бол хурлаар ямар асуудлыг хэлэлцэх, хэзээ хурал болох зэргийг бүх гишүүдэд мэдэгдэх үүрэгтэй атал Удирдах зөвлөлийн зарим гишүүдэд хурлын талаар огт мэдэгдээгүй. Н.Төгссайхан нь 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг шүүх хурал дээр гаргасан. ...Баянзүрх дүүргийн “Дүүрэг хөгжлийн төв”-өөс 2016 оны 2 сард Н.Төгссайханд санхүүгийн тайланг оршин суугч нар болон Удирдах зөвлөлд тайлагнах үүргийг үүрэг болгосон боловч үндэслэлгүй шалтаг тоочин өдийг хүртэл тайлагнаагүй, мөн анхан шатны шүүх хуралд тайлангаа 7 сард тавина гэж худал мэдүүлсэн бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар оршин суугчид болон Удирдах зөвлөлд тайлагнаагүй байна. Н.Төгссайхан нь Удирдах зөвлөлийн шийдвэрийг гарснаас хойш 3 хоногийн дотор ажлаа хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэтэл Удирдах зөвлөлийн тогтоолыг үл ойшоон, сууц өмчлөгчдийн холбооны тамга, гэрчилгээ, бусад үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд аж ахуйн ажлуудыг хүлээлгэн өгөхгүй, сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тамга, тэмдэг, бланк зэргийг ашиглан, санхүүгийн 1, 2 дугаар гарын үсгийг дангаараа зурж хууль бус үйлдэл хийсээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Цагаан хуаран” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Н.Төгссайханд холбогдуулан Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг биелүүлэхийг даалгах, тамга тэмдэг, гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.          

             “Цагаан хуаран” Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, гүйцэтгэх захирал Н.Төгссайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, дараагийн гүйцэтгэх захирлыг томилогдох хүртэл хугацаанд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэхийг Х.Хорлоод даалгах тухай 02/010 тоот тогтоол гаргасан, “Цагаан хуаран” Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Х.Хорлоо нь дээрх тогтоолын биелэлтийг хангуулахаар 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс иргэний хэрэг үүсгэх явцад тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөл 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дахин хуралдаж өмнөх 02/010 тоот тогтоолоо хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 7, 23-25/

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хорлоо нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...энэхүү 06 дугаар сарын 18-ны өдрийн хурлыг хүчингүй, түүнд Удирдах зөвлөлийг хуралдуулах эрх хэмжээ байхгүй” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар няцааж чадаагүй, нэгэнт хүчин төгөлдөр болсон тус Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/018 тоот тогтоолоор өмнөх тогтоолоо хүчингүй болгосон тул уг шийдвэрийг биелүүлэхийг даалгах боломжгүй гэж шүүх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо хариуцагч нь “Цагаан хуаран” Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/018 тоот тогтоол, хурлын тэмдэглэлийг шүүх хуралдаан явагдсан өдөр шүүхэд гаргаж өгсөн тул түүнтэй танилцаж, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэжээ. Шүүхээс дээрх нотлох баримтыг нэхэмжлэгч талд танилцуулж, мэтгэлцүүлсэн талаар 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж буруутгах боломжгүй байна. /хх 23, 24, 32-34/

 

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүхийн нэрийг “Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэж буруу бичсэн зөрчлийг гаргасан боловч уг зөрчил нь шийдвэрийн хэрэгжилтэнд нөлөөлөхөөргүй, шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчил биш гэж үзэж залруулах боломжтой юм.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05267 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8.2, 12 дугаар зүйлийн 12.4.9-д заасан үндэслэлгүй тул Н.Төгссайханд холбогдох “Цагаан хуаран” Сууц өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг биелүүлэхийг даалгах, тамга тэмдэг, гэрчилгээг гаргуулах тухай “Цагаан хуаран” Сууц өмчлөгчдийн холбооны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,   

тогтоох хэсгийн 3 заалтад “дотор” гэсний дараа “Нийслэлийн” гэж нэмж өөрчлөн  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч “Цагаан хуаран” Сууц өмчлөгчдийн холбоо гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                  Д.ЦОГТСАЙХАН