Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2021/0099

 

 

Д.А-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ш, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, С.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 803 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Д.А-гийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 803 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10, 85 дугаар зүйлийн 85.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-гийн гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б/457 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч С.С нар давж заалдах гомдолдоо: “ ... шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг дутуу хийж гүйцэтгэсэн. Д.А-гийн хувьд Н.Г-ийн хамт “Ар” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх томилолтын дагуу шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Шалгалт хийсэн материалыг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс шүүх татаж аваагүй байна. Үүнээс хамаараад томилолтын дагуу хяналт шалгалт хийсэн нь тодорхойгүй байгаа нь албан тушаалын тодорхойлолтод заасан эрхээ хэрэгжүүлээгүй мөртлөө ажлаа бүрэн хийсэн мэтээр илтгэх хуудас бичиж, зөрчил байсаар байхад хууль бус илтгэх хуудас бичиж сахилгын зөрчил гаргасан гэсэн үйлдэл Татварын ерөнхий газар, шүүхэд үүсэж Д.А үүний улмаас хохирсон.

2020 оны 03 дугаар сарын 30-нд шалгалтыг дуусгаж зөрчилгүй гэж илтгэх хуудас бичиж тасгийн дарга Д.Н-ээр баталгаажуулж гарын үсэг зурсан тул энэ талаар Д.Наранчимэгээс гэрчээр асуух ажлыг шүүх гүйцэтгээгүй.

Томилолтын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн татварын байцаагчийн шалгалтын талаар хэн дүгнэлт гаргах эрхтэй вэ гэдийг тодруулаагүй. Ижил албан тушаалтан хэн нэгнийхээ явуулсан үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байх тул шинжээч томилох ажиллагааг шүүх хийгээгүй.

Татварын улсын байцаагч Д.А, Н.Г нарын “Ар” ХХК-ийн татвар төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийх зөрчилгүй гэж илтгэх хуудас гаргаснаас татварын ямар хууль тогтоомж зөрчиж улсад ямар хохирол учруулсан нь нотлох баримтаар нотлогдсоныг тодруулаагүй.

Татварын ерөнхий газрын дарга Б.З-ын 2020 оны 11 дүгээр сарын 10-ны 167 дугаар тушаал нь хууль зүйн хүчин төгөлдөр акт мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй байна. Тушаалд 8.4, 77.1.7 дугаар зүйлд илтгэх хуудсыг болгох тухай ямар заалт байгаа нь тодорхойгүй байна. Илтгэх хуудас бол хэм хэмжээний агуулаагүй, хор уршиг үүсээгүй баримт болно. Үүнийг шүүх нягтлаагүй, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааны баримтуудыг цуглуулах ажиллагааг шүүх гүйцэтгээгүй. Д.А-д и-мэйл өгсөн ажиллагаа бол Татварын ерөнхий газрын хувьд сонсох ажиллагааны нэг хэсэг бөгөөд ажил олгогчийн санал болно. Шүүхийн шийдвэрт энэ талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан тодорхой хэм хэмжээ ба шүүх нотлох баримтуудыг үнэлэх журмыг зөрчсөн.

... Хүндэтгэн үзэх шалтгаантай албан ёсоор чөлөөтэй байхад 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг и-мэйлээр явуулсан өдрөө татварын улсын байцаагч Д.А-г төрийн албанаас халж, түүнд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 5-д зааснаар тайлбар өгөх санал гаргах бололцоогоор хангаагүй.

... Д.А, Н.Ганчимэг нарын шалгалт явуулсан баримтуудыг шаардан аваагүй байхад маргааныг шийдвэрлэсэн. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/457 дугаартай тушаалд Д.А албаны эрх мэдлээ хэрхэн хэтрүүлсэн гэдгийг нотлоогүй үед шүүх асуудлыг шийдвэрлэсэн.

Д.А нь татварын албанд олон жил ажилласан, тэтгэвэрт гарах насанд ойртсон,  урьд өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн явдалгүй гарсан гэх зөрчил тодорхой баримтаар нотлогдоогүй, энэ зөрчлөөс улс болон татвар төлөгчид хохирол учраагүй үед ажлаас халахыг урьтал болгосон төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаатай ажиллах нөхцөл алдагдуулсан гэж үзэж байна.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/457 дугаартай тушаалын хууль зүйн нотолгооны үндэслэл тодорхойгүй, тушаал гарах болсон дүгнэлт үндэслэлтэй эсэхэд анхаараагүй нь эрх зүйн зөрчилтэй байна гэж үзэж байна.

Д.А албаны тангарагыг яаж зөрчсөн бэ гэдгийг нотлоогүй, эрхгүй субъектүүдийн үндэслэлгүй саналыг албаны эрх мэдлээ хэтрүүлэн /яаж/, хууль бус илтгэх хуудас гэж үзэж ажлаас халсан нь хууль ёсны дүгнэлт гэдэг нь тодорхойгүй.

Татварын ерөнхий газрын дарга Б.Зтатварын улсын байцаагч Д.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа “ Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгнэлтийг үндэслэх ёстой байтал Шалган зааварлах удирдамжийн дагуу хийсэн ажлын тайлан, ажлын хэсгийн саналыг үндэслэн ... 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/457 тушаалыг гаргасан нь Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/132 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 2.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн заалтыг тодорхой заах ёстой байтал дээрх тушаалд эрх олгогдсон хуулийн заалттай хамт эрх олгогдох хуулийн заалтад хамаарагдахгүй Татварын Ерөнхий хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3 дахь заалтуудыг  бичиж Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Тушаалын 1 дүгээрт захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Бичил төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч Д.А-гийн үйлдэл нь хэдэн оны хэдэнд ямар үндэслэлээр, ямар нотлох баримтаар албаны эрхээ хэтрүүлэн хууль бус илтгэх хуудас үйлдэж төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийн хэд дэх заалтыг зөрчсөн нь тодорхой бус, захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг зөрчсөн байна.

... Улсын бүртгэлийн 46666 дугаарт бүртгэгдсэн, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/264 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.1 дүгээр зүйлийн 2.1.2, Татвар төлөгчийн хүсэлтээр 2.3-д “Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, алдагдал, татварын ногдуулалт төлөлтийн баталгаажуулахтай холбоотойгоор тавар төлөгчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ журмын 2.1.2 дахь заалтын дагуу хяналт шалгалтыг хийнэ” гэсэн дээрх заалтуудыг үндэслэн “Ар” ХХК-д иж бүрэн шалгалт хийх боломжгүй тул илтгэх хуудас бичсэн нь үндэслэлтэй байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 буюу хуульд нийцээгүй шийдвэр гаргаагүй гэж буруутгах үндэслэлгүй, учир нь шалгалтын илтгэх хуудас бол ямар нэгэн шийдвэр биш, энгийн үгээр хэлбэл танилцуулга. Хууль бус гэдгийг нотлоогүй.

Нөгөө талаас нэгэнт шалгалт хийх боломжгүй тул “Ар” ХХК-тай холбоотой хөндлөнгийн мэдээллийг шалгах хууль зүйн үндэслэл байхгүй. Татварын улсын байцаагч Н.Г нь Д.А-тай хамт “Ар” ХХК дээр албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж илтгэх хуудас бичиж хоёул хамт гарын үсэг зурсан боловч тухайн шалгалтад түүний оролцоо бага байсан боловч шалгалтын талаар мэдэж байсан, хамтран шалгаж байсан Н.Ганчимэгийг хэрэгт гэрчээр дуудан мэдүүлэг авч хэргийн нотлох баримт гэж шүүх үнэлж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.10, 37.10 дугаар зүйлийн 37.10.1 дэх заалтыг зөрчсөн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0803 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/457 дугаар тушаалаар “...албаны эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус илтгэх хуудас үйлдэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн” үндэслэлээр нэхэмжлэгч Д.А-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, уг тушаалыг гаргах болсон үндэслэлээ “ ... “Ар” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд  шалгалт хийгээгүй хэрнээ зөрчилгүй хэмээн илтгэх хуудас бичиж, Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг гаргасан” хэмээн тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.А-гийн үйлдсэн илтгэх хуудсанд “...“Ар” ХХК-ийн татварын албаны хөндлөнгийн мэдээллийн санд тус компанитай холбоотой хөндлөнгийн мэдээлэл байхгүй, ... шалгалтад хамрагдсан хугацаанд албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хянан шалгалт хийхэд зөрчил илрээгүй” гэж бичигдсэн, гэтэл түүнтэй хамт хяналт шалгалт хийхээр томилогдсон татварын улсын байцаагч Д.Г нь шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... “Ар” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээгүй” болохоо хүлээн зөвшөөрч, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үйлдэгдсэн илтгэх хуудсанд 2020 оны 07 дугаар сард гарын үсгээ нөхөж зурсан[1] гэж мэдүүлсэн байх төдийгүй Татварын ерөнхий газрын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07/3417 дугаар албан бичигт[2] “... “Ар” ХХК нь 2019 онд гаалиар 7 нэр төрлийн 64 500 245.2 төгрөгийн нийт өртөгтэй бараа импортолсон тухай мэдээлэл хөндлөнгийн мэдээллийн санд бүртгэгдсэн” гэж,

Мөн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шалгалт хийж, танилцуулсан дүнгээр “...“Ар” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын 341 185 000 төгрөгийн борлуулалт, 246 631 138.81 төгрөгийн худалдан авалт, нийт 587 816 138.8 төгрөгийн үнийн дүн бүхий 680 ширхэг мэдээлэл, 55 693 996.16 төгрөгийн үнийн дүн бүхий 7 ширхэг гаалийн мэдээлэл байсан”[3] болох нь давхар нотлогдсон байна.

Үүнээс үзвэл, маргаан бүхий актыг гаргах үндэслэл болсон “... “Ар” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд  шалгалт хийгээгүй хэрнээ зөрчилгүй хэмээн илтгэх хуудас бичсэн” болох нь тогтоогдож байх ба энэ талаар анхан шатны шүүхээс “...Д.А нь хяналт шалгалтын удирдамжид заасан хугацаанд хяналт шалгалтыг явуулаагүйгээс гадна хяналт шалгалтыг биечлэн болон хөндлөнгийн мэдээллийн сангаас мэдээлэл авч хяналт шалгалт хийгээгүй болох нь тогтоогдсон” гэж үндэслэлтэй дүгнэжээ.

Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-д “Энэ хуулийн 79.1-д заасан баримт бичгийг дараах үндэслэл, журмын дагуу үйлдэнэ”, 79.4.4-д “татварын хяналт шалгалтаар татварын хууль тогтоомж зөрчөөгүй нь тогтоогдвол илтгэх хуудас үйлдэх бөгөөд түүнд шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч, татвар төлөгч гарын үсэг зурж, үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж заасныг нэхэмжлэгч Д.А нь зөрчсөн болох нь тогтоогдсон байх тул маргаан бүхий актаар нэхэмжлэгч Д.А-г Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 39.1.3-д “хуульд нийцээгүй шийдвэр гаргах” гэж заасан хориглох зүйлийг зөрчсөн гэж үзээд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “...“Ар” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд  шалгалт хийгээгүй болохыг баримтаар нотлоогүй, ...хөндлөнгийн мэдээлэл байхгүй байсан, ... илтгэх хуудас бичигдсэнээр төрд хохирол учруулаагүй, ...Ар” ХХК-ид иж бүрэн шалгалт хийх боломжгүй тул илтгэх хуудас бичсэн нь үндэслэлтэй[4]” гэх өөр хоорондоо зөрчилтэй агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, “Ар” ХХК-д хяналт шалгалт явуулсан эсэхийг тухайн компанийн гүйцэтгэх захирал болон илтгэх хуудсыг баталгаажуулсан тасгийн даргыг гэрчээр мэдүүлэг авах шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий үйл баримт хангалттай тогтоогдсон байна.

Харин анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан маргааныг шийдвэрлэх харилцаанд хамааралгүй буюу Татварын ерөнхий хуулиар зохицуулагдах татварын улсын байцаагчийн татварын хяналт шалгалт хийхэд хамааралтай хуулийн зүйл, заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 803 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгээс “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10, 85 дугаар зүйлийн 85.1.2” гэснийг хасаж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

[1] Хх-132 дугаар хуудас

[2] Хх-172 дугаар хуудас

[3] Хх-146-157 дугаар хуудас

[4] Хх-219 дүгээр хуудас