Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 143

 

 

                                                           

 

 

 

 

   

2020        02          17                                2020/ШЦТ/143

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орхонууд овогтой Пүрэвсүрэнгийн Бд холбогдох эрүүгийн “1911029231210” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-702 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ялаар,

Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, О.овгийн П. Б, /РД: ...................

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цаг 35 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын гудамж 703 тоотод оршин суух Ч.Ням-Осорын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн тооноор нэвтэрч 43 инчийн “Самсунг” маркийн зурагтыг хулгайлж 879,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв

Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2019 оны 10 дугаар сарын эхээр Дарханаас Улаанбаатарт ирээд хамтран амьдрагч Батнямын хамт гэртээ байсан. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ гэртээ ганцаараа архи ууж эхэлсэн. Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө мөн л гэртээ архи ууж байснаа санаж байна. Нэг мэдэхэд өдөр хорооллын Энхбаярын зам дээр такситай зурагт аваад явж байснаа санаж байна. Тэгээд барьж явсан зурагтаа танихгүй хүнд 60,000 төгрөгөөр зарснаа санаж байгаа боловч хаана зарснаа одоо санахгүй байна ... ” гэх /хх-ийн 48-49х/,

Хохирогч Ч.Ням-Осор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-703 тоотод өнгөрсөн жилийн 9 дүгээр сараас эхлэн түр оршин сууж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн орчимд манай эгч Төмөрхуяг над руу өөрийн 91115498 дугаарын утаснаар миний 98119085 дугаарын утас руу залгаад танай гэрт хулгай орсон байна гээд хажуу айлын чинь хүн залгаад байна яаралтай гэртээ очоод үз гэхээр нь Дэнжийн 1000-с гараад 30 орчим минутын дараа гэртээ очих үед манай монгол гэрийн хаалга онгорхой, хаалганы цүү эвдэрсэн, цоож зүүлттэй байсан. Гэрт орох үед манай гэрийн баруун хойд талд байдаг зурагтыг тавиур дээр байсан 43 инчийн самсунг загварын зурагт байхгүй байхаар нь гэрийнхээ хяналтын камерыг шалгаж үзсэн. Би одоогоос нэг сар орчмын өмнө гэртээ хяналтын камер суурьлуулаад түүнийгээ өөрийнхөө гар утастай холбосон байсан.. Уг бичлэгээ үзэхэд манай гэрийн тооноор 12 цаг 40 минутын орчимд орж байсан. Гэхдээ камерын цаг Улаанбаатар хотын цагаас 5 минутаар түрүүлж явдаг. Тэгээд тооноор орж ирээд зурагт аваад гэрийн хаалгыг 8- 9 удаа өшиглөж, мөрлөж байгаад хаалга дотроос нь нээж байгаа нь бичигдсэн байсан...”, гэх /хх-ийн 23-25х/,

гэрч Э.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 09 цаг орчим гадуур ажил хөөцөлдөхөөр эхнэр хүүхдүүдийн хамт гарч явсан өдөр 12 цаг 50 минутын орчимд гэртээ ирэхэд хажуу айлын хаалга нь түлхүүр зоолттой боловч онгорхой байхаар нь шалгах гээд онгойлгож үзтэл тус айлын зурагт байхгүй болж хулгай орсон шинжтэй байсан тул гэрийн эздүүдэд мэдэгдэн, мөн цагдаад дуудлага өгсөн...” гэх /хх-ийн 30х/,

Гэрч Ц.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хүү айлаас зурагт авсан гэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар бидэнд өөрөө хэлсэн бөгөөд авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрч байгаа юм байна билээ...” гэх /хх-ийн 31-32х/,

Гэрч Ж.Цэрэн-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Зурагтын шинэ эцсийн буудал дээр зогсож байтал гэнэтхэн зурагт барьсан 30 орчим насны хар өнгийн куртиктэй, халимаг үстэй, залуу хаалга татаж орж ирээд 3, 4 дүгээр хороололд хүргээд өг гэж хэлсэн. Тэгээд би тэр залууг суулгаад хорооллын “Энхбаярын” замаар уруудаад хүрэн Б өнгийн өндөр барилгын хажууд зогсоод замын эсрэг талд зогсож таксины мөнгө 3,000 төгрөг гэсэн чинь тэр залуу надад одоо бэлэн мөнгө алга ломбарданд зурагтаа тавиад таны мөнгийг өгье гэж хэлэхээр нь мөнгөө авах санаатай ломбард руу хамт орсон. Намайг харахад тэр залуу би сайн мэдэхгүй байна ойролцоогоор 40 инчийн хар өнгийн нимгэн нилээн том зурагтыг тэвэрчихсэн суусан ба уг зурагтыг ломбарданд тавих гэтэл ломбардны хүмүүс удирдлага байхгүй байна гээд аваагүй гэсэн. Тэгээд гарч ирээд байж байтал би хүний машин хаагаад машинаа тавьсан байсан болохоор машинаа холдуул гэж залгахаар машинаа холдуулахаар явах үед тэр залуу өөр ломбарданд орлоо гээд явсан. Тэгээд түүнээс хойш тааралдаагүй...” гэх /хх-ийн 34х/,

Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан 13 кадар зураг. /хх-ийн 5-7х/,

 Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...Саарал өнгийн СD-нд хуулсан бичлэгийг эхлүүлэхэд дэлгэцийн баруун дээд буланд 2019-11-04 12:40:09 гэсэн тэмдэглэгээ байх бөгөөд уг цаг нь хохирогчийн хэлснээр Улаанбаатар хотын цагаас 5 минутаар түрүүлж байна. Монгол гэрийн тооноор орж байгааг харуулав. Хар өнгийн гуталтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй хүний биеийн хөл хэсэг нь монгол гэрийн голд байгаа ширээний дээрээс бууж байгааг харуулав... гэрийн хаалгыг дотроос нь хэд, хэд өшиглөж, мөрөөрөө түлхэж байгаад эргэж гэрийн хойморт байгаа хар өнгийн зурагт авч байгааг харуулав... хаалгаа нээсний дараа газар байсан зурагтыг аваад бичлэгийн 2019-11-04 12:42:39 секундэд гэрээс гарч байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул оролцогч нарт танилцуулан үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл /хх-ийн 11-15х/,

Дамно ХХК-ний эд зүйлийн үнэлгээ хийсэн дүгнэлт “...нэг жилийн өмнө “Некст” Электрониксоос худалдан авсан “самсунг 43” инчийн зурагт нь...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 11 сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 879,920 төгрөгөөр үнэлэгдэв” гэх /хх-ийн 60-61х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч П.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 90 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 198 цагийн 8 цагийг  1 хоногт тооцон хорих ялд шилжүүлж 24 хоногийг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 24 хоногоор тогтоов.   

Хохирогч Ч.Ням-Осор мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгчийн тэмдэглэлд “...хохирол төлбөрөө авсан, одоо ямар нэг гомдол санал байхгүй...” / хх-ийн 68х/ гэсэн байх тул шүүгдэгч П.Быг хохирогч Ч.Ням-Осорт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                             

                                                                                                           ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Орхонууд овгийн Пүрэвсүрэнгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 198 цагийн 8 цагийг 1 хоногт шилжүүлэн 24 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 24 /хорин дөрөв/ хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.АРИУНБОЛД