Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 142

 

 

                                                           

 

 

 

 

 

   

2020        02          17                                2020/ШЦТ/142

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбо овогтой Гомбодоржийн От холбогдох эрүүгийн “1911023111303” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрэх дэнж, 2 дугаар гудамж, 3-08 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод тодорхой оршин суүх хаяггүй,

Урьд 1999 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2001 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ялаар шийтгүүлж 2006 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл гэх, Гомбо овогт Г. О, /РД: ........

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-9116 тоотод оршин суух иргэн О.Энхтөвшингийн амьдардаг гэрт хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн ЛСД зурагт, МNВС олон суваг хүлээн авах станц зэргийг хулгайлж бусдад 240,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...би 2014 оноос хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна. Архи олдсон тохиолдолд ямар ч хамаагүй архийг хэдэн ч хоногоор хамаагүй уучихдаг. Тэгээд архи уусан үедээ өөрийн хийсэн үйлдлийг ухамсарлахгүй, санадаггүй. Би урьд нь тархиндаа харвалт авснаас хойш огцом уурлах цочих архи их хэмжээгээр уусан тохиолдолд өөрийн хийсэн үйлдлийг санадаггүй. Ухаан санаа балартдаг. Тийм болохоор би 2019 оны 08 дугаар сард болсон асуудлыг огт санахгүй байна... Би тухайн үеийн хулгай хийсэн асуудлаа санахгүй байна. Гэхдээ тухайн айлын гэрээс зурагт, зурагтын хүлээн авагч төхөөрөмж хулгай хийсэн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Харин байшингаас эсгий туурга 4 ширхэг, эсгий дээвэр 2 ширхэг хулгайд алдагдсан асуудлыг гайхаж бас хүлээн зөвшөөрөхөд надад эргэлзээтэй байна. Ийм болон тооны хүнд овор ихтэй зүйлийг би ганцаараа явганаар согтуу хулгай хийгээд аваад явах боломж байхгүй. Надад хамт хулгай явах болон машин тэрэгтэй танил байхгүй. Тэгээд ч тэр зүйлийг хаана зарж борлуулна гээд нэг шөнийн дотор бүгдийг чирээд явж байхав дээ...  ” гэх /хх-ийн 133-139х/,

Хохирогч О.Энхтүвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өглөө 08 цагийн үед гэрээсээ гараад эхнэр Энхтунгалаг болон хоёр хүүхдээ дагуулаад 08 цаг 30 минутанд гэрээсээ гарсан. Эхнэр гэрээс гарахдаа гэрээ цоожлоод, хашааны урд талын хаалганы гогцоо төмрөөр гогцоодоод гарсан гэсэн. Тэгээд өдөр 15 цагийн орчимд манай ахын эхнэр Отгонжаргал ирж хашаа, гэр эргэж үзчихээд явсан. Тэр үед манай гэр цоожтой зүгээр байсан гэж хэлж байсан... Тэгээд орой 18 цагийн үед гэртээ эхнэр, 2 хүүхдээ дагуулаад ирэхэд манай гэрийн хаалга хаалттай, цоож толь хоёрыг нь газар хаячихсан, цүүг нь мушигаад эвдчихсэн байсан... Тэгээд би гэртээ ирээд үзэхэд гэрээс 32 инчин “Монел” маркийн зурагт, “МNВС” хүлээн авах станц зэрэг алдагдсан байсан...”  гэх /хх-ийн 11-12х/,

Гэрч Л.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед Энхтүвшингийн хашаа, гэрийг эргэж үзэхэд зүгээр байсан. Энхтүвшингийн хашаа, гэрийг эргэж үзчихээд гэрлүүгээ орсон. Тэгээд орой 18 цагийн үед Энхтунгалаг гэртээ ирсэн. Гэрт нь хулгай орчихсон байна гэсэн. Би Нарантуул зах орж жижиг, сажиг багаж авчихаад гэрт ирэхэд хүүхдүүд Энхтүвшин ахын гэрт хулгай орсон байн гэсэн...” гэх  /хх-ийн 13х/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүэлтүүд /хх-ийн 6-9х/,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Чингэлтэй дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч Г.Хулангийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 06/580 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь М1М003110009530 дугаараар бүртгэгдсэн Гомбо овогтой Батбаатар, МN005210009454 дугаараар бүртгэгдсэн Гомбодорж овогтой Оын баруун гарын алганы хээний дардастай тохирч байна. /хх-ийн 55-58х/,

Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Чингэлтэй дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Нямдагвын 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 06/574 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн 1, 2, 3 гэж дугаарласан 3 ширхэг гарын мөр нь ...адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

-Шинжилгээнд ирүүлсэн 2, 3 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь папилон санд МN003310002879 дугаараар бүртгэгдсэн Гомбодорж овогтой О, МN005210009454 дугаараар бүртгэгдсэн Гомбо овогтой Батбаатар, 2503074 дугаараар бүртгэгдсэн Батсүмбэ овогтой Батбаатарын баруун гарын алга, баруун гарын долоовор хурааны хээний дардастай тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 62-70х/,

Дамно хөрөнгө үнэлгээний газрын үнэлгээний тайлан /хх-ийн 74-75х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч Г.Оыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад төлөх төлбөртэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Г.Оаас нийт 240,000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 19-911б тоотод оршин суух, О. Энхтөвшин /НБ85030210/-д олгохоор шийдвэрлэж,

 Энэ хэрэгт шүүгдэгч Г.О нь 71 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                             

                                                                                                           ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Гомбо овогт Гомбодоржийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Оыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Оаас нийт 240,000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 19-911б тоотод оршин суух, О.Энхтөвшин /НБ85030210/-д олгосугай.  

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.АРИУНБОЛД