Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 039

 

            БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е

            Улсын яллагч, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, БӨ аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2013000140011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 17 настай, яс үндэс казах, бага боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт амьдардаг, тус аймгийн Ө сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.е овогт Б.Б, регистрийн дугаар БЮ..................

           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шөнө БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багт айлын гадаа тавьсан байсан иргэн Б.О-ы мотоциклийг хулгайлж 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.

Эрүүгийн 2013000140011 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р хуудас/,

3. Хохирогч Б.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 15-16-р хуудас/,

“...би найранд сууж байгаад 22 цагийн орчимд ресторанаар гарч мотоциклээ харахад байсан. Улмаар мотоциклээ 23 цаг 30 минутын үед найр дуусахад гарч ирээд мотоциклээ тавьсан газар иртэл миний мотоцикл байсан газраа байхгүй байсан. Тэгээд тэр хавьд хайсан боловч мотоцикл маань олдоогүй юм. Миний алдагдсан мотоциклийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлан надад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

4.Эд зүйлийн үнэ тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

5. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 33-34-р хуудас/,

“...Би 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой 18 цагийн орчимд ах болох Б.Н-ийн гэрт очихоор гарсан юм. Гэрээс гараад явж байгаад ахынхаа гэрт очихоо болж аймгийн төв талбайд ирсэн. Улмаар аймгийн төвийн гудмуудаар хэсэг явсан. Гадуур явж байгаад аймгийн хөгжимт драмын театрын хажуу талд байрлах “Көк жал” рестораны гадаа очтол гадна талд нь нэлээд олон машинууд байсан. Мөн рестораны хашааны хаалганы хажууд 2 мотоцикл байсан. Улмаар би хар өнгийн толин дээрээ хөх өнгийн хамгаалах малгай тавьсан хятад мотоциклийг түлхэж аваад ертөнцийн зүгээр урд зүг рүү “Наз” орон сууцны урдуур мотоциклийг түлхэн “Думан” баарны хажуу талаар гарч ертөнцийн зүгээр зүүн зүг рүү явж, аймгийн төрөх тасаг руу чиглэсэн замаар хөндлөн гарч “Нурлы тан” байрны хажууд мотоциклийг данхраадан үлдээгээд явсан. ...Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “РД:БЮ................., овог:С.е, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:Б, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 2002/06/18, төрсөн газар:БӨ , Ө , хаяг:БӨ , Ө , 12-р баг, Жасыл бах, 11 гудамж, 06 тоот, улсын бүртгэлийн дугаар:831393312568, хүчинтэй хугацаа:2027/06/18, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

- БӨ аймгийн Ө сумын 12 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 12/08 дугаартай “Ө сумын 12 дугаар багийн 11 гудамж 6 тоотод оршин суугч Б овогтой Б /БЮ................./ тоот регистрийн дугаартай. Ам бүл 5. Эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг. Эцэг болох Х.Б нь хөдөлмөрийн чадвар алдалтын группт, эх нь болох Ж.А эрхэлсэн ажилгүй, багийн эмзэг бүлгийн өрхийн бүртгэлд байдаг болно. Б.Б- нь сургуульд сурдаггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримт/,

-БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 1/113 дугаартай “Б овогтой Б /БЮ................./-ын нэр дээр эд хөрөнгө байгаа эсэх талаар манай цахим мэдээллийн санг шалгаж үзэхэд өнөөдрийн байдлаар *********** улсын бүртгэлийн дугаартай 000457425 тоот гэрчилгээ бүхий Ө сумын 12-р багт байршилтай 96.32 м.кв талбайтай хувийн сууцны хамтран өмчлөгч, мөн *********** улсын бүртгэлийн дугаартай 000450086 тоот гэрчилгээ бүхий Ө сумын 12-р багт байршилтай 790 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна” гэх албан бичиг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шөнө БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багт айлын гадаа тавьсан байсан иргэн Б.О-ы мотоциклийг хулгайлж 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12-р хуудас/, хохирогч Б.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, Эд зүйлийн үнэ тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 20/03 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/, шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэдэд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм.

Иймд шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж 500000 төгрөгийн үнэтэй мотоциклийг хулгайлснаас хохирогч Б.О-д бага хэмжээний хохирлоос дээш хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-д учирсан хохирлыг биет байдлаар буцааж өгсөн болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Эрүүгийн хуулийн 8.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 6 сар 10 хоногтой байсан болох нь хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн лавлагаагаа, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 17 нас 8 сар 3 хоногтой байна.

Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.   

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, насны байдал зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” гэснийг тус тус журамлан түүнд БӨ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 57 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 257 цагаар тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зүйлгүй, шүүгдэгчийн хувийн  бичиг баримт шилжиж ирээгүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч С.е овогт Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг БӨ аймгийн Ө сумын Хот тохижуулах албанд 200 /хоёр зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 150 /нэг зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 57 /тавин долоо/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 200 /хоёр зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 257 /хоёр зуун тавин долоо/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Б.Б-д тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах буюу машин техниктэй харилцахыг хориглох  хязгаарлалтыг тогтоосугай.

7. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн  бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйл шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8.  Өсвөр насны шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК