| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0030/Э |
| Дугаар | 030 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 030
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-т холбогдох 2013000330009 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, Э овогт Б-ийн М, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 0-р баг, АА тау, 10 гудамж, 0 тоотод оршин суух үндсэн хаягтай, одоогоор Алтай сумын 2 дугаар баг, Улаан хадад оршин сууж байгаа, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар МХ.............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр тус аймгийн Алтай сумын иргэн Т.Г, Т.Г нарыг согтуугаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2013000330009 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 19-21-р хуудас/,
... “.... Би 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 19 цагийн үед өөрийн найз Б.М-тай цуг түүний машиныг засаж дуусчхаад Г.Х гэдэг айлын гэрт очиж 0,75 литрийн хараа нэртэй архинаас 2 ширхэг, сэрүүн нэртэй 2,5 литр пиво 1 ширхэг зэргийг Г.Х, Б.М бид гурав хувааж уусан. Би 2 шил архи ууж дуустал сууж байсан. Тэгээд нэг мэдэхэд Б.М намайг Г.Х-ын хашаан дотор хөлөөс чирээд хашааны хаалга руу чирч байхаар нь би гарыг нь тавиулаад босоод Б.М-ыг заамдаж чи яагаад намайг чирч байгаа юм бэ гэхэд намайг чи муу пизда минь гээд миний баруун нүд рүү гараараа 2-3 удаа цохих үед би газар унасан. Намайг газарт унах үед бас нуруу руу өшиглөсөн. Би Б.М-тай сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх...” гэх мэдүүлэг,
3. Хохирогч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 23-24-р хуудас/,
“....Би өчигдөр орой 18 цагийн үед найз Б.Б-той хамт тэдний гэрт 0,5 литрийн “Ерөөл” нэртэй архинаас 2-ыг хувааж ууж дуусгаад Б.Б намайг таксигаар гэрийн гадна буулгаж өгчхөөд яваад өгсөн. Тухайн үед шөнийн хэдэн цаг болж байгааг би анзаараагүй. Гэрийнхээ хашаанд орж иртэл Б.М, Т.Г хоёр гадна зодолдож байсан. Гадна харанхуй байсан болохоор хэн хэнийгээ зодож байгааг анзаараагүй. Очоод та хоёр ах дүү хүмүүс байж хоорондоо зодолдож яах гээд байгаа юм боль гэхэд Б.М миний зүүн талын чих рүү гараараа нэг удаа цохих үед би газарт ухаан алдаж унасан. Б.М надаас уучлалт гуйсан. Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
4. Гэрч О.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 27-28-р хуудас/,
“Өчигдөр орой 19 цагийн үед Б.М манай гэрт нэг найзыгаа дагуулж ирсэн юм. Би тэр найзыг нь харж байгаагүй танихгүй залуу байсан. Надад өнөөдөр хамт машин засалцсан юм гээд 0,75 литрийн архи, 2,5 литрийн 1 том пиво авчраад энэ архийг уучихаад харьж амрах гэсэн юм, болох уу гэхээр нь асуудал гаргахгүй бол тэг тэг гэсэн. Тэгээд уг архи, пивыг манай нөхөр Г.Х, Б.М, Т.Г гурав хувааж уухаар болсон. Тэгээд манай нөхөр тэр архинаас нь жаахан уучхаад унтаад өгсөн. Харин Б.М суусан сандал дээрээ согтчихсон унтаж байтал Т.Г манай гэрээс гараад 1 цаг орчмын дараа буцаж орж ирээд Б.М-ыг дагуулж явах гээд дуудаад босохгүй байхаар нь 1-2 удаа гараа далайж харагдсан. Би орноосоо босоод чи зүгээр унтаж байгаа хүнийг яагаад зодож байгаа юм бэ гэж байтал Б.М босож ирээд чи зүгээр унтаж байгаа намайг зоддог хэн юм бэ гээд буцаагаад Т.Г-ын нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод хөлөөрөө гуя, өгзөг руу нь өшиглөөд манай гэрээс гаргасан.” /гэх мэдүүлэг/,
5. Насанд хүрээгүй гэрч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 30-31-р хуудас/,
“.... Би тухайн өдөр гэртээ унтах гээд унтлагын өрөөндөө хэвтэж байхад шөнийн 01 цагийн үед манай аавын дүү Т.Г гэрт орж ирээд ээжид гадна Т.Г ахыг Б.М зодож байна, та хурдан цагдаа дууд гэж хэлчхээд гараад явсан. Тэгээд би ээжийг цагдаа дуудаж байх хооронд түрүүлж гэрээс гарсан. Намайг гадна тарах үед манай аав Т.Г газарт хэвтэж байхад толгой руу нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд би аавыг босгох гээд өргөж байхад ахиад толгойн дагз хэсэг рүү 1 өшиглөчхөөд цааш яваад өгсөн ...” гэх мэдүүлэг,
6. Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 01 дүгээр сарын 06-нь өдрийн №-62 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: /хх-ийн 36-рх хуудас/,
“...Иргэн Т.Г-ын биед тархины доргилт, зүүн нүдний салстад.цус харвасан зүүн нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн чих завжид цус хуралттай, хавдартай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Т.Г-ын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт,
7. Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №-63 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: /хх- ийн 33-р хуудас/,
“... Иргэн Т.Г-ын биед тархины доргилт, зүүн баруун нүдний салстад цус харвасан зүүн ба баруун, нүдний дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн ба баруун хацарт хавдартай, хөх ягаан туяатай цус хуралттай, хамрын нуруунд мурийлттай, цус хуралттай, хавдартай, духны хэсэгт шархтай, зулайн урд хэсэгт болон арын хэсэгт хавдартай гэмтэл тогтоогдлоо. Иргэн Т.Г-ын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт,
8. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: /хх-ийн 42 дугаар хуудас/,
“...Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т.Г-тай хамт миний УАЭ-31512 маркийн 4448 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд засвар хийж дуусаад орой 19 цагийн үед Г.Х-ын гэрт 2 шил 0,75 литрийн архи, 2,5 литр сэрүүн нэртэй пиво авч очиж тэдний гэрт уусан. Г.Х ах 1 шил архи хувааж уучхаад унтаад өгсөн. Тэгээд Т.Г бид хоёр үлдсэн 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн пиво ууж дуусгаад Т.Г гараад явчихсан. Тэгээд би хүлээж байх зуур унтчихсан байж байтал ойролцоогоор 1 цагийн дараа Т.Г орж ирэнгүүтээ миний хамар руу гараараа цохиж цус гарахаар нь би Т.Г-ыг дарж байгаад гараараа 2-3 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд хөлөөрөө гуя, хөл рүү нь өшиглөсөн. Би нүүр гараа угааж цусаа тогтоочхоод Т.Г-ыг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал Т.Г ах тааралдаад та хоёр яагаад хоорондоо зодолдоод байгаа юм бэ, чи миний дүүг зодсон уу гээд над руу дайраад байхаар гараараа зүүн чих рүү нь нэг удаа цохисон. Газарт унаад ахиад босож ирээд надтай зууралдаж байхад хүү Г.Д аав гэртээ оръё гээд надаас салгах гэж байхад үгэнд нь орохгүй байсан. Тэгээд Т.Г, Т.Г бид гурав хоорондоо маргалдаад байж байтал цагдаагийн машин ирээд бид гурав цагдаагийн газарт ирсэн юм. Би Т.Г, Т.Г нарын биед эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Т.Г, Т.Г нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн ба хохирлын тал дээр маргаан байхгүй” гэх мэдүүлэг,
9. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олгосон “РД:МХ............, овог:Э, эцэг /эх/-ийн нэр:Б, нэр:М, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1990/10/12, төрсөн газар:Сэлэнгэ, Цагааннуур, хаяг:БӨ , Өлгий 8-р баг, Ах хус тау, 10 гудамж, 9 тоот, бүртгэлийн дугаар:434601051718, хүчинтэй хугацаа:2035/10/12, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/,
- БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45/,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Иргэн М МХ............-н өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 51/,
- БӨ аймгийн Алтай сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай “Б овогтой М нь ам бүл 4, тус сумын 2-р багт оршин суугч бүртгэлтэй” гэх тодорхойлолт /хх-ийн 52/,
- 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн МХ............ регистрийн дугаартай, Э овогтой Бийн М нь Алтай сумын 2 дугаар баг, Улаан хад-д оршин суудаг” гэх” Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын лавлагаа /хх-ийн 53/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр тус аймгийн Алтай сумын иргэн Т.Г, Т.Г нарыг согтуугаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-21-р хуудас/, хохирогч Т.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч О.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 01 дүгээр сарын 06-нь өдрийн №62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-рх хуудас/ Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/, шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Т.Г, Т.Г нарын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-нь өдрийн №-62, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №-63 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.М-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г, Т.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Т.Г, Т.Г нарын “Шүүгдэгч Б.М-тай сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгч Б.М-ыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 550 нэгж нь 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Б.М-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Э овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 550 “таван зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК