Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2017/ДШМ/60

 

 

   М.Н, Р.НӨ, Д.С

 Г.М нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай                                                                                              

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Д.Дэлгэрбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,  

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч   М.Н, Р.НӨ, Д.С, Г.М нарт холбогдох, эрүүгийн 201710000086 дугаартай, 2 хавтас, 355 хуудас бүхий хэргийг прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, Мэргэжлийн хяналтын 48-1-4 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт М.Н /РД:ЕО91112106/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, аав, ээж, эгч, эмээ нарын хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр  баг, Сулинхээр гах газарт оршин суух, ШУТИС-ийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, урьд ял шийтгэлгүй, Хөхүүн овогт Р.НӨ /РД:ЕЛ92060811/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 4 дүгээр баг, Сулинхээр гэх газар нутаглах, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Зидраа овогт Г.М /РД:ЕЛ99030613/ нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, Энхтайваны 3-13 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Тогоо овогт Д.С /РД:ЕЛ87052015/ -т холбогдуулан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч М.Н, Р.НӨ, Г.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу Ханги мандал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956200 төгрөгийн /бага бус хэмжээний/ буюу 136 кг 600 гр үхрийн махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Д.С нь М.Н, Р.НӨ, Г.М нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хатанбулаг сумын нутагт буюу Ханги мандал боомтоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956,200 төгрөгийн буву 136 кг 600 гр махыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхэд унаагаар хангаж дэмжлэг үзүүлж уг гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тогоо овогт Диваагийн Сыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул гэм буруугүйд тооцож, цагаатгаж,

Шүүгдэгч Боржигон овогт М.Н, Хөхүүн овогт Р.НӨ, Зидраа овогт Г.М нарыг хязгаарласан барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Р.НӨд 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Мд 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.НӨ, Г.М нарыг торгох ялыг 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, Р.НӨ, Г.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч М.Н, Р.НӨ, Г.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ба хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Нандин-Эрдэнийн эзэмшлийн 2500000 төгрөгийн үнэ бүхий 74-85 ДГО улсын дугаартай УАЗ-220692 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Нд автомашиныг буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Р.НӨ, Г.М нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:        

Прокурор Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэл, тайлбар, дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Сыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, Монгол Улсын хилээр бага бус хэмжээний 136 кг 600 гр үхрийн махыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхэд хамжигчаар оролцсон нь тогтоогдохгүй байна гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. Гэрч Э.Төмөрсүхийн “би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр заставын дарга Батнасангийн томилгоот хуваарийн дагуу Ханги хилийн боомтын журамд хяналт тавин ажиллан үүрэг гүйцэтгэх хугацаанд Энхбилэг ирээд хоёр хилийн голд фургон маркийн авто машин зогсоод юм ачиж байна гэж хэлэхээр нь Шинэ-Одын хамт очиж шалгахад 3 залуу машинд голден милк сүүний хайрцагтай эд зүйлс ачсан байдалтай байсан, машиныг нь шалгана гэж хэлээд Ханги боомтын хяналтын талбайд авчирч шалгахад 74-85 ДГО улсын дугаартай автомашиныг тусгайлан бэлтгэсэн шатахууны саванд тусгайлан бэлтгэсэн уутанд савласан мах нуусан мөн голден милк сүүний хайрцагт мах хийж дээд хэсгээр нь 1 үе сүү өрж нуусан байдалтай байсан. Тухайн авто машинаас нийт 6 хайрцаг мах гарч ирсэн. Мах авч явж байсан гэх хүмүүсийн биеийн байцаалтыг шалгаж үзэхэд М.Н, Д.С, Р.НӨ Г.М гэх хүмүүс байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх 42-43/,

Гэрч С.Шинэ-Одын “2017 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг өнгөрч байхад заставын орлогч, ахлах дэслэгч Төмөрсүх ирээд хоёр хилийн голд фургон маркийн авто машин юм ачаад байна, очиж шалгаад ирье гэж хэлээд би Төмөрсүхийн хамтаар явж тухайн авто машиныг очиж шалгахад шатахууны савны дээд хэсгийг нь авч тусгайлан бэлтгэж дотор нь савалсан мах хийсэн байдалтай 74-85 ДГО улсын дугаартай авто машин зогсож байсан. Машиныг Төмөрсүх саатуулж хилийн хяналтын талбайд авчирч үзлэг хийсэн. Машины гадна 3 залуу байсан. Махыг гаргаж байсан хүмүүс нь М.Н, Д.С, Р.НӨ, Г.М гэж хүмүүс байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх 44-45/,

Гэрч З.Энхбилэгийн “би Хилийн 0168 дугаар ангид ирж хугацаат цэргийн алба хааж байсан юм. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуваарийн дагуу 10-12 цагийн хооронд застав дээр цагийн манаанд үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан.  Хоёр хилийн голд буюу Ханги боомтоос урагшаа БНХАУ-руу явах замд бор ногоон өнгийн фургон маркийн авто машинд хүмүүс юм ачаад байх шиг харагдсан. Тэгээд би заставын орлогч, ахлах дэслэгч Төмөрсүхэд ирж хэлсэн. Төмөрсүх орлогч машинтайгаа явж тухайн машин дээр очоод машиныг эргүүлэн хяналтын талбайд авчирч шалгаж байгаа харагдсан. Төмөрсүх дарга тухайн машинд ачсан бараа нь мах байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /1-р хх 48-49/,

Яллагдагч М.Нандин-Эрдэнийн “...С, НӨ, Г.М, бид нар ярилцаад С, М бид гурав БНХАУ руу хамт явж М бид хоёр Хятадын хил дээр үлдээд С БНХАУ руу миний эзэмшлийн 74-85 ДГО улсын дугаартай авто машинтай гарч хоносон. Ст би маргааш хил гараад ороод ирээрэй, бид нар Монголын хил гараад хоёр хилийн гол хэсэгт хүлээж байя гэж ярилцан тохиролцсон юм. Би Ст Монголын хил дээр битгий очоорой хилийн голд машинтайгаа зогсож байгаарай гэж хэлсэн юм. машинаас өөрийн хайрцагтай мах сүүг гартаа барьж гааль руу орон паспортан дээр штамба даруулаад гарч ирээд хүлээж байтал НӨ, М хоёр гаалиас хайрцагтай сүү махаа барьчихсан гарч ирсэн тэгээд бид гурав уулзаад гаалийн бүсэд шалгуулаад гарч ирсэн эхний машинд нь сууя гэж бодоод хүлээж байтал 50-20 ДГА улсын дугаартай автомашин гаалийн бүсэд шалгуулан гарч ирэхээр нь машинд сууж Монголын хилээс 2 км орчим яваад НӨ, М бид гурав машинаас хайрцагтай мах сүүгээ авч буугаад хоёр хилийн голын бүсэд Сыг хүлээгээд зогсож байсан. С хятадын хилээс гарч ирээд бид нар дээр ирж зогссон, тэгээд миний эзэмшлийн 74-85 ДГО улсын дугаартай автомашиныг тусгайлан бэлтгэж дээд хэсгийг нь тайрсан шатахууны банканд махыг хийж үлдсэн махаа машины арын зааланд ил тавиад гарах гэж байтал хилийн цэргийн алба хаагч ирж саатуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хх 140-142/,

Яллагдагч Р.НӨгийн “Н эгч, С, М бид нар харилцан тохиролцож байгаад бид нар хөдөө явж нэг бярууны мах авчирсан. Тухайн үед Н эгч бас үхрийн махтай байсан тус махаа гялгар уутанд хийж янзалсан байсан. Би хөдөө яваад 2017.02.14-ний орой Ханги боомт дээр ирсэн намайг ирэхэд Н эгч Мөнх-Эрдэнийн хамт байсан. Сыг урагшаа гарсан маргааш бид нарыг гараад очиход С машинтай цаанаас ороод ирнэ хилийн голд махаа машинд нуугаад БНХАУ руу гарна гэж ярьж байсан маргааш нь буюу 2017.02.15-ны өглөө махаа аваад 2-н хаалтан дээр очиж Н эгч, М бид гурав биеийнхээ гэдэс, нуруу суга, хөл зэрэг газарт махаа хийж скочоор тогтоогоод гадуур хувцас өмсөөд үлдсэн махаа машинд байсан голден милк сүүний хайрцганд хийсэн. М бид хоёрыг гарч ирэхэд Н түрүүлээд гараад ирчихсэн хоёр хайрцаг махаа бариад зогсож байсан. Монголын хилээс 2 км орчим яваад машинаас буугаад зогсож байтал С 74-85 ДГО улсын дугаартай авто машинаас хятадын хилээр гарч ирсэн тэгээд машинд махаа нууж янзалж байтал хилийн цэргийн алба хаагч нар ирж саатуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-126-127/,

Яллагдагч Г.Мөнх-Эрдэнийн “2017.02.14-ний өдөр Н эгч С ах бид гурав Н эгчийн эзэмшлийн 74-85 ДГО улсын дугаартай авто машинтай урагшаа гараад Хятадын хил дээр очоод С ахад чи машин барьж хилийн голын зурваст хүлээж байя тэгээд махаа машиндаа нуугаад урагшаа гаргая гэж ярьж тохироод Н эгч бид хоёр буцаад Монголд орж ирсэн. С ах Мандалд хонохоор машинтай явсан маргааш нь буюу 2017.02.15-ны өглөө Н эгч, НӨ ах бид гурав НӨ ахын авчирсан мах болон Н эгчийн тусгайлан бэлтгэж савласан махнаас авч яваад хилийн 2-н хаалтан дээр очиж үхрийн махыг бид гурав биеийнхээ гэдэс, нуруу, суга зэрэг газарт ороож тогтоон гадуур нь хувцас өмсөөд үлдсэн махыг нь голден милк сүүний хайрцганд хийсэн. Хайрцагтай махаа барьж ороод паспортон дээр штамба даруулчихаад гарч ирэхэд НӨ ах Н хоёр гарчихсан хүлээж байсан. Тэгээд бид гурав машинд сууж Монголын хилээс 2 км орчим яваад машинаас махаа авч буугаад хүлээж байтал С ах Хятадын хилээр гарч ирсэн тэгээд хятад Монголын хилийн голын зурвас газарт 74-85 ДГО улсын дугаартай авто машины тусгайлан бэлтгэсэн банкинд махаа нууж янзалж хийж байтал хилийн цэргийн хүн ирээд машин саатуулсан” гэсэн мэдүүлэг / 1-р хх-130-131/

 Яллагдагч Д.Сын “Н чи машин бариад урд гарч хоночихоод маргааш өглөө хил нээхээр гарч ирээд хоёр хилийн голын зурвас газарт зогсож бай. НӨ, М бид гурав махаа аваад Монголын хилээр нэвтрүүлээд гараад ирье тэгээд машиндаа нуугаад БНХАУ руу гаргаж заръя. Чи маргааш Хятадын хил гараад хоёр хилийн гол хэсэгт байж байгаарай Монголын хил дээр очих хэрэггүй шүү гэж хэлж байсан. Тэгээд би Нандин-Эрдэнийн эзэмшлийн 74-85 ДГО улсын дугаартай фургон маркийн авто машиныг жолоодон БНХАУ руу гарч Мандалд очиж хоноод өглөө хил нээхээр нь Хятадын хил гараад 09:00 цагийн үед санаж байна хоёр хилийн гол хэсэгт очихоор явж байтал Н, НӨ, Г.М гурав зам дээр голден милк сүүний 5 ширхэг хайрцаганд хийсэн мах барьчихсан тухайн хайрцагны дээд хэсэгт 1 үе сүү өрж нуусан байдалтай зогсож байсан би машинтай очиж зогсоод махыг Нандин-Эрдэний машины тусгайлан бэлтгэж дээд хэсгийг нь авсан шатахууны банкинд махыг хийж нууж байтал Монголын хилийн цэргийн алба хаагч нар ирж саатуулсан гэсэн мэдүүлэг /1-р хх 122-124/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь урьдчилан амлаж бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар буюу унаагаар хангаж оролцсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ гэж тодорхой заасан байна. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сыг гэмт хэрэг  үйлдсэн нь нотлогдоогүй тул гэм буруугүйд тооцож, цагаатгасугай гэж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхгүй Эрүүгийн хуулийг хэрэглэж, уг хуулинд байхгүй заалтыг буюу Эрүүгийн хууль нь 30 зүйлтэй байхад Эрүүгийн хуулийн 36.9 дүгээр зүйл гэж баримтлан хуульд байхгүй зүйл заалт баримтлан шүүгдэгч Д.Сыг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, мөн хуулийг ноцтой зөрчин алдаатай шийдвэр гаргасан. Шүүгдэгч Сыг гэм буруугүйд тооцож цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнтэй нийцээгүй байна гэж үзсэн. Мөн шүүгдэгч М.Н, Р.НӨ, Г.М нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байхад шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг журамлаж шийдэх байтал шүүхээс тэдэнд ял оногдуулахдаа дээрх зүйл заалтыг журамлалгүй хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн 2017.07.05-ны өдрийн 2017/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н, НӨ, М нарыг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэж, шүүгдэгч Сыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Улсын яллагчийн зүгээс Сыг цагаатгасан нь үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн байна гэсэн утгатай эсэргүүцлийг бичсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт сэжигтэн, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөн хилийн цэргийн алба хаагчдын мэдүүлэг зэргээс шүүгдэгч нар нь улсын хилээр хязгаарласан барааг нэвтрүүлэх үед С байгаагүй. Өмнөх өдөр нь хилээр гарчихсан байсан гэдэг нь хангалттай нотлогддог. Энэ гэмт хэргийн объектив талын шинж нь Монгол Улсын хилээр хууль бусаар хязгаарласан, хориглосон барааг нэвтрүүлсэн байхыг шаардана. Гэтэл энэ гэмт хэргийг Н, НӨ, М нар үйлдээд төгсчихөөд хилийн голд байхад нь барьсан нөхцөл байдал тогтоогдож байхад С Монгол Улсын хилээр хууль бусаар хязгаарласан, хориглосон барааг нэвтрүүлэхэд хамжигчаар оролцсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхээс Сын үйлдсэн гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийг бүлэглэж үйлдсэн гэсэн заалт байсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд бүлэглэж гэсэн заалт нь хасагдсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг барих шаардлагагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Бусад нь залруулж болох алдаа учир залруулах боломжтой гэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, Р.Наран-Өлзий нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Дорноговь аймгийн Ханги мандал хилийн боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйл болох 956.200 төгрөгийн үнэ бүхий бага бус хэмжээний үхрийн махыг зохих зөвшөөрөлгүйгээр улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан,

Шүүгдэгч Д.Сүхбаатарыг дээрх хүмүүсийг бүлэглэж улсын хилээр эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх үйлдэлд унааны дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон буюу 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллуулахаар шүүхэд шилжүүлжээ.

 Шүүгдэгч Д.Сүхбаатарыг энэ гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон нь тогтоогдсонгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган,  бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийцүүлэн шүүгдэгч тус бүрийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны 2017/ШЦТ/102 тоот шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

Учир нь хэргийг прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцлийг үндэслэн бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч нар нь гэмт хэргийг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож улсын хилээр нэвтрүүлэх зорилгоор мах авчирч гялгар уутанд жижиглэн хийж бэлтгэн гар тээшээр өөрсдөө улсын хилээр гаргасан ба  шүүгдэгч М.Нандин-Эрдэнэ нь шүүгдэгч Д.Сүхбаатарыг зориуд БНХАУ-ын хилээс Монгол Улс руу нэвтрүүлж, Монгол Улсын хилийг нэвтрүүлүүлэхгүйгээр  БНХАУ, Монгол Улс 2-ын хилийн голд машиныг авчруулж махаа ачиж БНХАУ руу нэвтрүүлэхээр тохиролцсон байсан нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэргийг илрүүлсэн Хилийн цэргийн албан хаагч нар болох Э.Төмөрсүх, С.Шинэ-Од, З.Энхбилэг нарын мэдүүлгүүд зэргээр хангалттай тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Сүхбаатарыг гэмт хэрэгт хамжигчаар бүлэглэж оролцсон гэдэг нь тогтоогдсонгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоор итгэлээр үнэлнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байна.

Анхан шатны шүүх дүгнэлтээ нотлох баримтад үндэслэлгүйгээр гаргасан ба дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд нөлөөлж болохуйц бусад шүүгдэгч нарын болон шүүгдэгч Д.Сүхбаатарын мэдүүлгүүдэд  бодитой дүгнэлт хийгээгүй байна гэж үзэхээр байна.

Хэрвээ шүүгч эдгээр мэдүүлгүүдийг  хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж аваагүй байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-д заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийх байжээ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс хэрэгжиж байгаа 2015 оны Эрүүгийн хууль нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэж нийцүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзвэл мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийг баримтлах ёстой байсан боловч баримтлаагүй байгааг цаашид хэргийг шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

Иймд эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1-д заасан үндэслэл тогтоогдсон тул  Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр  зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                 А.САЙНТӨГС