Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1644

 

 

 

 

 

 

 

 

 

“Номин тав трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05324 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч Н.Нарантуяад холбогдох

Дутагдуулсан барааны үнэ 7 111 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Шинэбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Итгэл.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Нарантуяа нь “Номин тав трейд” ХХК-ийн Ривер гардэн салбарт 2013 оны 09 дүгээр сараас эхлэн 2015 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байх хугацаандаа дэлгүүр нийтийн өр, кассын дутуу зэргээс үүссэн 4 741 000 төгрөгийн төлбөрт орсон. Н.Нарантуяа нь “Номин тав трейд” ХХК-ийн эрх зүйн газарт 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хүлээн авч 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн NHEZ/15/40 дугаар бүхий төлбөр барагдуулах гэрээг байгуулж тус гэрээний хавсралтаар төлбөр барагдуулах хуваарийг баталж 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус 100 000 төгрөгөөр нийт 47 удаагийн төлөлтөөр хийж дуусгахаар гэрээг хийсэн. Мөн тус гэрээний 5.2-т заасан нөхцөл байдал илэрсэн байна. Иймд үндсэн төлбөр 4 741 000 төгрөг, алдангид 2 370 500 төгрөг, нийт 7 111 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие тус компанийн Ривер гарден салбарт 2013 оны 09 дүгээр сараас эхлэн 2015 оны 02 дугаар сар хүртэл кассын борлуулагчаар ажиллаж байсан. Анх ажилд ороход надад дэлгүүрийн барааг комисс гарч тоолж хүлээлгэж өгөөгүй бөгөөд энэ дэлгүүрт эрхлэгч гэж хүн байгаагүй, зохион байгуулагч н.Мөнгөнтуяа гэх эмэгтэй няравын ажлыг давхар гүйцэтгэдэг байсан. Энэ талаар хүний нөөц н.Оюунболор, хуулийн зөвлөх н.Отгончимэг нарт удаа дараа хэлж, газар дээр нь ирж шалгахыг хүсэж байсан. Мөн нягтлан н.Төрмөнх, н.Отгонтуяа нар нь барааны үлдэгдэл их хэмжээгээр байсаар байтал нэмж бараа авчирдаг, тооллогоор дутчихдаг байсан тул ажлаасаа гарсан. Гэтэл 2015 оны 09 дүгээр сард хуулийн зөвлөх н.Хангал утсаар ярьж 10 000 000 төгрөгийн өр төлбөр гарсан байна ирж уулз гэсэн. Кассын хувьд орой болгон ахлах касст мөнгөө талоны хамт тулгаж тоолж өгөх ба дутагдал гарвал дор бүр эсвэл цалингаас суутган авч төлүүлдэг.

Ингээд хуулийн зөвлөх н.Отгончимэг, н.Хангал нартай уулзаж өрөө зөвшөөрөхгүй гэхэд энэ асуудал чинь Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа чиний гэм буруу тогтоогдохгүй бол энэ өр чинь хэрэгсэхгүй болно гэсэн. Тэгээд дахин ажилдаа орж цалин дээрээсээ сар бүр 100 000 төгрөг төлж байхаар гэрээ хийсэн ба цагдаа болон хууль хяналтын байгууллагаар миний буруу биш гэж тогтоогдвол цалингаас суутгаж төлсөн мөнгийг маань эргүүлж олгоно гэж энэхүү гэрээг байгуулсан. Би энэ төлбөр барагдуулах гэрээг зөвшөөрөхгүй, гэрээний учрыг ч сайн ойлгоогүй, ноцтой төөрөгдлийн улмаас ямар гэрээ хийж байгаа, ирээдүйд өөрт учрах эрсдэлийг ойлгоогүй хийсэн учраас энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 136 дугаар зүйлийн 136.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК-ийн хариуцагч Н.Нарантуяагаас дутагдуулсан барааны үнэ 7 111 500 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Д.Нарантуяагийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 734 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 734 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нь Н.Нарантуяад холбогдуулан дутагдуулсан барааны үнэ болох 7 111 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 136.2 дахь хэсэгт зааснаар байгууллагад учирсан хохирлын хэмжээ, үнэ өртгийг нягтлан бодох бүртгэлийн дагуу дутагдуулсан барааны бодит үнийг тогтоож, буруутай этгээдэд хамаарах хэмжээгээр хохирлыг хариуцуулах ёстой байхад компанийн Ривер гарден салбарт учирсан нийт хохирлыг тухайн ажлыг хариуцан ажиллаж байсан ажилтнуудад хохирол учруулсан эсэхийг үл харгалзан тэнцүү хуваарилсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт нийцэхгүй байна гэж дурджээ. Гэтэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэн Н.Нарантуяа нь “Номин тав трейд” ХХК-ийн эрх зүйн газарт хүсэлт гаргасны дагуу уг төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Шүүх хариуцагч талын сөрөг нэхэмжлэл буюу гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь атлаа манай байгууллагын төлбөр барагдуулах гэрээ нь дээр үндэслэж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь мөн учир дутагдалтай байна. Ажилтан, ажил олгогч нар нь ажилтны хөдөлмөрлөх явцдаа байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар тохиролцож төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэжмлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК нь хариуцагч Н.Нарантуяад холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 4 741 000 төгрөг, алданги 2 370 500 төгрөг, нийт 7 111 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн NHEZ/15/40 дугаартай “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            Хариуцагч Н.Нарантуяа нь 2013 оны 09 дүгээр сараас 2015 оны 02 дугаар сарын хүртэл хугацаанд “Номин тав трейд” ХХК-д касс, борлуулагчаар хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан байх ба шүүх хэрэгт авагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”, төлбөр барагдуулах хуваарь, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудаар түүнийг ажиллаж байх хугацаандаа байгууллагадаа хохирол учруулсан болох нь нотлогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх заалтад нийцсэн байна.

            Харин шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл /хх-35/-ийг дэлгүүрийн нийт өрийг нийт ажилчдад хуваарилж “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан ба уг гэрээний үнийн дүн нь өөрийх нь хариуцлагаас шалтгаалсан өр биш тул уг хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн тул хэлцэл хүчин төгөлдөр бус байх юм гэж зөрүүтэй тайлбарласан байна.

            Түүнчлэн хариуцагчийн тайлбар /хх 14, 15/-аас үзвэл “...хуулийн зөвлөх Отгончимэг, Хангал нар энэ асуудал чинь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар шалгагдаж байгаа, чиний гэм буруу тогтоогдохгүй бол энэ өр чинь заларна гэж хэлэхээр нь би маш их итгэсэн...ноцтой төөрөгдлийн улмаас ямар гэрээ хийж байгаа, ирээдүйд өөрт учрах эрсдэлийг ч ойлгоогүй” гэсэн тайлбар, бусад нотлох баримтыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Н.Нарантуяа нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тус компанийн эд хөрөнгө дутагдуулсан гэх эрүүгийн хэрэгт өөрийнх нь гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжилж буй өр төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж гэрээний агуулгыг ташаа ойлгож, ноцтой төөрөгдсөний улмаас уг төлбөр барагдуулах гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл, зориг, эрмэлзлэлгүй байдаг ба аливаа нэгэн хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй, хэлцлийг дүр үзүүлэхийг урьтал болдог байтал нэхэмжлэгч төлбөр барагдуулах гэрээний  үүргийг хариуцагчаас шаардсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үгүйсгэж байна.

            Харин уг гэрээнд гарын үсэг зурахдаа хариуцагч нь уг хэлцлийн агуулга буюу өр төлбөр төлөх үүрэггүйн хувьд гэж ойлгож гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т заасантай нийцжээ.

            Улмаар шүүх уг гэрээний үнийн дүнг “хариуцагчийн гэм бурууг тогтоосны үндсэн дээр тодорхой үндэслэл, тооцоололтой тогтоосон төлбөр гэж үзэж үндэслэлгүй” гэж дүгнэснээс үзвэл гэрээний гол нөхцөл болох  төлбөрийн хэмжээ, үндэслэл тогтоогдоогүй байхад энэ нөхцлөөр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцохоор байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байжээ.

            Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.        

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05324 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК-ийн хариуцагч Н.Нарантуяад холбогдуулан гаргасан дутагдуулсан барааны үнэд 7 111 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хариуцагч Н.Нарантуяагийн нэхэмжлэгч “Номин тав трейд” ХХК-д холбогдуулан гаргасан 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.” гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Н.Нарантуяагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 734 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаярын төлсөн 128 734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН