| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2019/0168/Э |
| Дугаар | 035 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 035
| 2020 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 2020/ШЦТ/35 | Ө сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,
Шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.А-д холбогдох 2013000000022 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ө.А-ийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1989 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 1 дүгээр баг, 0000 тоотод оршин суудаг, ам бүл 12, ээж, эхнэр, дүү, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ө-ий А, регистрийн дугаар БЮ..............
Шүүгдэгч Ө.А-ийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ө.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шөнийн 23 цагийн үед “Думан” бааранд согтуугаар хэрүүл маргааны улмаас БӨ аймгийн 3 дугаар багийн иргэн Ж.А-ыг зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.А мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2013000000022 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 14-16-дугаар хуудас/,
“...Би өчигдөр өөрийн найз Х.Р-тэй хамт “Думан” баар луу орж байхад Ө.А намайг мөрлөөд гарсан. Тэр үед Ө.А согтуу байхаар нь юм яриагүй. Тэгээд Х.Р бид хоёр дотогш ороод нэг сул ширээнд суугаад 6 ширхэг сэрүүн нэртэй пиво ууж дуусгаад би гадаа гарч тамхи татчихаад буцаад орж ирэх үед Ө.А манай хажуу талын ширээнд сууж байсан. Би очоод чи түрүүн үүдэнд найзыгаа таньсангүй юу, уучлаарай гэхэд Ө.А шууд босож ирээд миний нүд рүү гараараа 1-2 удаа цохисон юм. Ө.А надаас уучлалт гуйж бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Надад Ө.А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
3. Гэрч Х.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 17 дугаар хуудас/,
“...Ж.А-тай хамт “Думан” бааранд 6 ширхэг “Сэрүүн” нэртэй пиво ууж дуусгаад Ж.А-ы тамхилаад ирье гээд ганцаараа гарсан. Тэгээд би сууж байгаад тасарчихсан байсан ба нэг мэдэхэд хажуугийн ширээнд Ж.А-ы Ө.А-тэй зууралдчихсан нүд нь шалбарчихсан байсан. Би очоод тэр хоёрыг салгаж авсан” гэх мэдүүлэг,
4. Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 70 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Иргэн Ж.А-ын зүүн талын нүдний дээд доод зовхины хэсгийг бүхэлд нь хамарсан хөх ягаан өнгийн нүдний алимны салстад улаан ягаан цус хуралт, доод зовхины хэсэгт зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөр алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21- 22 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 29-30-рх/,
“...Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр найз Х.А-тай хамт 19 цагийн үед “Думан” баарны пабд нь ороод 2 пиво уучхаад бүжгийн талбайд хүмүүс орж ирэхээр нь 22 цагийн үед Х.А-тай хамт сул байгаа ширээнд суусан юм. Тэгээд 6 ширхэг сэрүүн нэртэй пиво захиалаад уугаад сууж байтал хажуугийн ширээнд Ж.А-ы, Х.Р хоёр суух гэж ирсэн ба Ж.А-ы намайг хэл амаар доромжлоод байхаар нь би юм яриагүй тэгээд би манай ширээнд ирээд надтай хэрэлдээд байхаар нь би гараараа 1-2 удаа цохисон. Би урьд нь Ж.А-тай хэрэлдэж байгаагүй бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй. Би Ж.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, бид хоёр хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй” гэх мэдүүлэг,
6. Шүүгдэгч Ө.А-ийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр олгосон “РД:БЮ............., овог:М, эцэг /эх/-ийн нэр:Ө, нэр:А, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1989/11/19, төрсөн газар:БӨ, Ө , хаяг:БӨ, Ө 4-р баг, Их булан, 2/36 байр 00 тоот, бүртгэлийн дугаар: ********, хүчинтэй хугацаа:2034/11/19, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-33/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/,
- БӨ аймгийн А сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4/01 дугаартай “Тус багийн оршин суугч болох Ө овогтой А /БЮ............./ тоот регистрийн дугаартай, ам бүл 12, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт амьдардаг. Ө.А нь эрхэлсэн ажилгүй, амьжиргааны түвшин доогуур эмзэг бүлгийн өрхийн гишүүн бөгөөд урьд өмнө ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай иргэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 31/,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн лавлагаа /хх-ийн 34/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч Ө.А-ийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Шүүгдэгч Ө.А нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шөнийн 23 цагийн үед “Думан” бааранд согтуугаар хэрүүл маргааны улмаас БӨ аймгийн 3 дугаар багийн иргэн Ж.А-ыг зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-рх/, гэрч Х.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-рх/, Шүүх шинжилгээний албаны шинжээч Е.Б-ы 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 70 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ө.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ж.А-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 сарын 15-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.А-ийн дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ж.А-ын “Надад Ө.А-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлтээр шүүгдэгч Ө.А-ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ө.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ө.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм. Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ө.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна.
Шүүгдэгч Ө.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч М овогт Ө-ий А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК