Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 034

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч, БӨ  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох 2013000270017 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Г-ы биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, А сумын 0 дүгээр багт оршин суудаг, ам бүл 7, аав. ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С-ын Г, регистрийн дугаар БА.............

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Г- нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн үед хэрүүл маргааны улмаас БӨ аймгийн А сумын 4 дүгээр багийн иргэн Б.Б-ын зүүн талын хацар руу гараараа зодсоноос газарт унаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

Эрүүгийн 2013000270017 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 21-26-рх/,

“...тэр надад юу ч хэлэлгүй миний мөрнөөс хоёр гараараа барьж хавирч газарт унгаагаад би босох гэж өндийх үед гараараа юм уу, хөлөөрөө цохиход би буцаад газарт унасан. Намайг 3-4 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

3. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 38-рх/,

“Иргэн Б.Б-ын биед тархи доргилт, зүүн талын нүдний доод зовхи, баруун талын өгзөгний хажуу хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, цээжний баруун талын хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

4. Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 28-рх/

“манай дүү Б.Б орж ирээд би зодуулчихлаа гэхээр нь би очиж түшээд ахын дүү чамайг хэн зодсон юм бэ гэхэд С.Г зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

5. Гэрч Р.Улыхпаны мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 31-рх/,

“...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б.Б-ын биед үзлэг хийхэд зүүн талын нүд хөхөрсөн, зүүн талын толгойн оройн хэсэгт хуйхны завсар улайлттай, толгой эргэж байна гэсэн зовиуртай, цээжний зүүн талын хавирга хөндүүртэй, хугарал байхгүй байсан. Тэгээд эм бичиж, эмчилгээ хийж өгөөд явуулсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 35-36-рх/,

“...20 цагийн үед манай найз С.Г, М.Н нар ирж Соёлын төвд концерт үзсэн ба тоглолт дуусах гэж байх үед 00 ороод буцаад Соёлын төв рүү явах гэж байхад Б.Б өөрөө согтуу ирж С.Г-тай хэрүүл өдөж хэл амаар доромжлоод байхаар нь би та согтуу байна, боль гэхэд миний үгэнд орохгүй байсан. Б.Б нь тэр хоёрын араас чулуу гартаа бариад гүйж очиход С.Г гараараа нэг удаа цохиход газарт унасан” гэх мэдүүлэг,

7. Гэрч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 37-рх/,

“...тухайн үед С.Г гараараа зүүн талын нүүрэн хэсэгт нэг удаа цохиход газарт унасан” гэх мэдүүлэг,

8. Хохирогч Б.Б-ын эмнэлэгт хэвтсэн гэх 01 дугаартай өвчний түүх /хх-ийн 52-67-рх/,

9. Шүүгдэгч С.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 46-47-рх/,

“...Манай гэр сумын төвөөс 10 км зайтай хөдөө байдаг ба 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус сумын “Шинэ жилийн Сүлд модны баяр концерт” үзэх гэж найз М.Н-ы хамт ирсэн юм. Тэгэхэд сумын соёл төвийн хамт бас нэг найз болох Ш.С-тай тараад бид гурав концерт үзэж байгаад гадаа гарч 00-руу явж бие засчхаад буцаад Соёлын төв рүү орох гэж явж байхад 00-ын хажууд Б.Б ганцаараа согтуу байдА ирж надыг хэл амаар доромжлохоор нь “Би Б.Б-д та согтуу байна, явж амарсан нь дээр” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б дахин хэл амаар доромжилж явахгүй байгаад байсан. Тэгэхэд би хамт явж байсан Ш.С-д өнөөдөр олон нийтийн эргүүлтэй бол энэ хүнийг сумын цагдааг дуудаж хүлээлгэн өгчих гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б-д Ш.С ч “та өнөөдөр архи уучихсан байна, гэр лүүгээ явж амраарай” гэж хэлсэн чинь үгэнд орохгүй байсан. Тэгээд найз М.Н бид хоёр Соёлын төв рүү эргээд явж байхад нөгөө Б.Б араас гартай чулуу атгаж авч М.Н бид хоёр луу дайрахад би шууд Б.Б-ыг баруун гараараа, гараа хагас атгасан байдА , түүний зүүн талын  хацар луу нь нэг удаа хүчтэй цохих үед газарт унасан. Дараа нь 2,3 удаа өшиглөсөн юм. Тэгээд Ш.С наадахаа цагдаад хүлээлгэж өчих гэж хэлээд яваад өгсөн юм. Би одоо үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Б.Б бид хоёр сайн дураараа эвлэрсэн.” гэх мэдүүлэг, 

10. Шүүгдэгч С.Г-ы хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон “РД:БА............, овог:Х, эцэг /эх/-ийн нэр:С, нэр:Г, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1997/02/20, төрсөн газар:БӨ , А , хаяг: БӨ , А , 4-р баг, Чихэртэй, бүртгэлийн дугаар: *******, хүчинтэй хугацаа:2022/02/20, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-50/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Иргэн Г БА............-н өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 51/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгч С.Г-ы гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамаарА , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.  

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн үед хэрүүл маргааны улмаас БӨ аймгийн А сумын 4 дүгээр багийн иргэн Б.Б-ын зүүн талын хацар луу гараараа зодсоноос газарт унаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-26-рх/, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-рх/, гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-рх/, гэрч Р.У-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31-рх/, гэрч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-рх/, гэрч М.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 37-рх/, хохирогч Б.Б-ын эмнэлэгт хэвтсэн гэх 01 дугаартай өвчний түүх /хх-ийн 52-67-рх/, шүүгдэгч С.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Б-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Г-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.Б-ын “Миний хохирлыг бүрэн төлж өгсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нар эвлэрсэн” гэх хүсэлтээр /хх-ийн 78/ шүүгдэгч С.Г-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч С.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Г-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/-аар нотлогдож байна

Иймд шүүгдэгч С.Г-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Г-ы үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Г-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо. 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна. 

Шүүгдэгч С.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Х овогт С-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Г-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн А сумын Засаг даргын Тамгын газарт “Гудамж талбай цэвэрлүүлэх” ажил хийлгэхийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК