Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 048

 

            БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

            Улсын яллагч А.Т,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,         

            Шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1913003390245 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Ж.С-ийн биеийн байцаалт:

            Монгол Улсын харьяат, 1972 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Өгөөж барс” ХХК-нд хөдөлмөр, аюулгүй байдал хариуцсан инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тус аймгийн **** сумын *-р баг, *****, *** гудамж, * **тоотод оршин суух үндсэн хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ш.х овогт Ж-ы С, регистрийн дугаар БЗ.............

            Шүүгдэгч Ж.С-ийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ж.С нь “Өгөөж барс” ХХК-ийн цахилгаан ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа БӨ аймгийн А сумын 4 дүгээр багийн Хар бутын голд өвөлждөг айлуудад өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам татах, трансформатор суурилуулах ажил хийхээр ашиглаж байсан 3 ширхэг, 12 метрийн урттай бетон баганд 1 ширхэг 12 метрийн урттай бетон баганыг хөндлөн тавьж аюултай нөхцөл байдалд орхин явж хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр уг бетон баганаар бага насны 4 хүүхэд дүүжин даажин тоглож байхад хөндлөн тавьсан бетон шон хөдөлж бага насны хүүхэд Г.Е-ийн толгой хэсгийг хавчиж амь насыг болгоомжгүйгээр хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.С мэдүүлэхдээ: “Би А сумын өндөр хүчдэл трансформатор суурилуулах ажлыг  2019 оны 10 дугаар сарын 02-ноос эхлээд тендерт оролцож хууль, журмын дагуу хийхээр авсан. Компанийн цахилгааны инженер болон аюулгүй байдал хариуцсан инженерээрээ би өөрөө ажилласан. Тухайн үеийн ажлын байдал хүнд байсан. 2019 оны 08 дугаар сарын дунд үеэр газар намаг, шалбагтай байсан буюу ямар нэгэн техник хэрэгсэл явах боломжгүй байсан учраас ус нь татагдах үеэр ажлаа эхэлье гэсэн бодолтойгоор 10 дугаар сард ажлаа эхэлсэн. Баганыг Зил-130 машинаас өөр машин чирэх боломжгүй байсан. Тухайн өдөр 7 багана чирч аваачсан. 8 дахь баганыг чирэх гэсэн боловч жолооч маань харанхуй болсон байна. Маргааш чирч аваачна гэсэн. Тийм учраас маргааш өглөө үлдсэн ажлаа хийж гүйцэтгэсэн. Тухайн өдрийн өглөө 2 багана босгож, “Кран” маркийн механизмыг голын цаана гаргах гэж машины замын янзалж байх үед баганад хавчигдаж хүүхэд нас барьсны талаар сонсож мэдээд ирсэн. Энэ үйл явдалд маш их харамсаж байна. Тухайн үед би арга хэмжээ авч чулуу тавиулсан байсан. Тухайн үед болсон золгүй явдалд харамсаж байна. Хохирогчийн ар гэрийн зүгээс гомдол саналгүй гэж надад уучлалтаа өгсөн.”  гэв.

Эрүүгийн 1913003390245 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18, 24-р хуудас/,

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22-р хуудас/,

4. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“....2019 оны 10 дугаар сарын 06-ны орой А сумд өвөөгийн хамт амьдарч А сумын 3 дугаар ангид сурч байгаа 8 настай хүүхэд болох Г.Е нь сумын төвд өндөр хүчдэлийн төмөр бетон баганд даруулж амь насаа алдсан. Өөрийн төрсөн хүүхдийн амь нас хохирсонд маш их харамсаж, гомдож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

5. Насанд хүрээгүй гэрч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Х, Е, Э бид дөрөв замын хажууд байсан дүүжин даажин болгож тавьсан байсан бетон шонд очиж тоглосон. Бетон шонгийн нарийн талын үзүүрт Х, Е бид гурав гарч суух үед нөгөө бүдүүн талын үзүүрийг Э гараар түлхэх үед бетон шон хөдөлж эргэх үед Х бид хоёр газарт уначихсан. Е газарт байсан бетон шон руу унах үед бидний дээр нь гарч сууж байсан бетон шон түүнийг дарчихсан. Х бид хоёр Е-ийг гаргаж авах гэсэн боловч хүч хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

6..Насанд хүрээгүй гэрч Е.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...зам дагуу буулгасан байсан 3 ширхэг бетон шонгийн дээр хөндлөн тавьсан байсан шонд очиж дүүжин даажин болгож тоглохоор нарийн талын үзүүр хэсэгт Г.Е, М.А бид гурав сууж нөгөө бүдүүн талыг Э гараар түлхэх үед бетон шон хажуу тал руугаа хөдлөөд явчихсан. Бетон шонд байсан Г.Е, М.А- бид гурав газар унах үед Е-ийг шон дарчихсан. Тэгээд Г.Е-ийг М.А бид гурав гаргаж авах гэсэн боловч дийлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

7. Насанд хүрээгүй гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“... бид сумын төвд явж байгаад замын хажууд дүүжин даажин болгож тавьсан байсан байдА бетон шонгийн хоёр талд сууж тоглож байхад бетон хажуу тал руугаа хөдлөөд явчихсан ба түүний доор Е унаж дарагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

8. Гэрч А.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...дараа нь бид бетон шон буулгасан газар ирэхэд тэнд нэг бетон шонг 3 бетон шонгийн дээр хөндлөн тавьж ЗИЛ-131 маркийн машинаар зөөхөөр бэлэн болгосон байдА тавьсан. Бетон шонгийн доор өнхрөхгүй байхаар чулуу тавьсан байдА байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,

9. Гэрч Х.Р-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн

“....бетон шонгийн дээр хөндлөн бэлдэж тавьсан бетон шонг байгаа байдлаар нь орхиж маргааш ачихаар болсон. Бетон шон өнхөрч унахаас сэргийлж хоёр талд нь Хайрат бид хоёр жижиг чулуу тавьж тэнд орхиод явсан. Тэгээд тэр өдрийн маргааш нь бетоныг зөөгөөгүй, зөөсөн байсан хоёр бетоныг босгох ажлыг хийж гүйцэтгэж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

10. Гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн

“... өргөж байсан бетон шонг буулгаж газарт хэвтэж байсан 2 ширхэг бетон шонгийн дээр хөндлөн тавьж краны дэгээнд уясан байсан уяг тайлж авсан. Тэгээд дээр нь хөндлөн тавьсан бетон шонг халтирч унах бий гэж хоёр талд Рахметхан бид хоёр чулуу тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

11. Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн

“.... бид 7 дахь баганыг зөөж ирэхэд 8 дахь баганыг машинаар зөөхөөр бэлэн болгож үлдсэн 3 бетон шон дээр хөндлөн тавьсан байдА байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

12.Гэрч А.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн

“...тэгээд баганыг зөөхөө больсон болохоор тэнд байсан 2 баганын дээр хөндлөн тавьж орхиж доор нь чулуу тавьж халтирч унахаас сэргийлж арга хэмжээ авч явцгаасан. Маргааш нь бетон шонг зөөгөөгүй, газар гэсээгүй байхад зөөсөн баганыг босгож авахаар ажилласан. Компани захирал С хариуцна гэж бодож байна Баганыг хөдөлгөхгүй гэж чулуу тавьж байсан. С байсан, бүгд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/,

13. С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Т-ийн гэрийн урд замын хажууд газарт гурван ширхэг урт цементэн шон байсан. Уг гурван цемент шон дээр хөндлөн мөн нэг цементэн шонгийг нэмэх хэлбэртэй давхарлаж тавьсан байсныг харсан юм. Дээрх хөндлөн тавьсан шонгийн хоёр үзүүр нь газарт хүрэхгүй хөндий байсан юм. Тэгээд дээрх хөндлөн тавьсан байсан шонгийг гараар хөдөлгөж үзэхэд сул дээшээ доошоо хөдөлж байсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

14. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдрийг 38 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-61-р хуудас/,

15. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 66-69-р хуудас/

16. Шүүгдэгч Ж.С-ийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багийн оршин суугч Ж овогтой С /БЗ............/ тоот регистрийн дугаартай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Ж.С нь төлөв даруу зантай, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог иргэн мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 75/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/,

- 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон “РД:БЗ............ овог:Ш.Х, эцэг /эх/-ийн нэр:Ж, нэр:С, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1972/12/25, төрсөн газар:БӨ, Н , хаяг:БӨ, Ө 6-р баг, Хөх толгой, 33 гудамж, 7б тоот, бүртгэлийн дугаар:830130651779, хүчинтэй хугацаа:0000/00/00, хэд дэх:2” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1043 дугаартай “Ж овогтой С /Б372122539/-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд Ө сумын 5-р багт байршилтай 168 м.кв талбайтай, Ү-0213003264 тоот улсын бүртгэлийн дугаартай амины орон сууц, Ү-0213004802 тоот улсын бүртгэлийн дугаартай 112 мкв талбайтай амины сууц, Ү-0213003278 тоот улсын бүртгэлийн дугаартай 130 м.кв талбайтай дэлгүүр, Ү-0213004801 тоот улсын бүртгэлийн дугаартай 112 м.кв талбайтай дэлгүүр, Г-0213006604 тоот улсын бүртгэлийн дугаартай 184 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмшлийн газар, мөн Ө сумын 6-р багт байршилтай Ү-0213002851 тоот улсын бүртгэлийн дугаартай 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүд бүртгэгдсэн байна.” Гэх албан бичиг /хх-ийн 81/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгч Ж.С-ийн гэм буруугийн талаар:

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтууд гэж үзлээ. Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, үнэлэх боломжгүй, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.

            “Өгөөж барс” ХХК-ийн ажлын хэсэг А сумын төвд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам татах, трансформатор суурилуулах ажил хийхээр ашиглаж байгаа 12 м урт 4 ширхэг шонгийн бетонон баганыг зохих газарт шилжүүлэн чирэгч автомашинаар хүргэхээр /3 баганыг хэвтээ нэг баганыг гурван багана дээр хөндлөн огтлолцуулж/ бэлдэж тавиад хамгаалалтад авалгүйгээр орхисон ба үйлдвэрлэлийн явцад хүний амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал бий болсон бөгөөд уг үйл ажиллагааг шуурхай арилгаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яарА зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгана” гэж заасныг зөрчсөн байна.

            “Өгөөж Барс” ХХК-ийн захирлын 2019 оны 10 дугаар 01-ний 79 тоот тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасныг үндэслэн БӨ аймгийн А сумд трансформатор суурилуулах ажилд ажлыг дуустал тус компанийн үндсэн ажилтан Ж.С-ийг тухайн ажлыг бүрэн дуустал цахилгааны ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр томилсон байна.  Тэгэхээр үйлдвэрлэлийн бүх процессын аюулгүй ажиллагаа уг албан тушаалтны хяналтанд явагдана гэж ойлгогдохоор байна.

            Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироож” буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.С нь 3 ширхэг, 12 метрийн урттай бетон баганад 1 ширхэг 12 метрийн урттай бетон баганыг хөндлөн тавьж аюултай нөхцөл байдалд орхин үлдээсэн болгоомжгүй үйлдэл нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Ж.С-ийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Г ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэх тул шүүгдэгч Ж.С-ийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

  1. Шүүгдэгч Ж.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч Ж.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.С-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийнх нь хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.  

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт  “Өгөөж барс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, шүүгдэгч Ж.С-ийн эзэмшлийн 0231 БӨТ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ж.С-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.х овогт Ж-ы С-ийг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.С-т мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.  
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэнссэн ялтан Ж.С-т хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт “Өгөөж барс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, шүүгдэгч Ж.С-ийн эзэмшлийн 0231 БӨТ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
  6.  Шүүгдэгч Ж.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         А.ДАУРЕНБЕК