| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0042/Э |
| Дугаар | 050 |
| Огноо | 2020-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 050
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А-д холбогдох 2013000340045 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.А-ы биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, Т овогт М-ий А, 1990 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, хүүхдийн цэцэрлэгийн багш мэргэжилтэй, БӨ аймгийн У сумын цэцэрлэгт туслах багш ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, БӨ аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БК................
Шүүгдэгч М.А-ы холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч М.А- нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед ахуйн шинжтэй маргааны улмаас нөхөр нь К.Ж-ийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2013000340045 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч К.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 25-26-р хуудас/,
“... чи намайг цэцэрлэгийн цэвэрлэгчээр ажил гэж хэлсэн гэж хэрүүл маргаан гаргаж байгаад гарт байсан элдүүрээр миний нуруу болон гуя руу цохисон ба үснээс зулгааж хоёр чихийг маажсан юм. Тухайн үед миний нуруу өвдөж байсан ба элдүүрээр цохисон газрууд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг,
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р хуудас/,
4. Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаартай дүгнэлтэнд: /хх-ийн 36-р хуудас/,
“...иргэн К.Ж-ийн биед тархины доргилттой, зулайнд хавдартай, зүүн далны орчим хөх ягаан туяатай цус хуралттай, хавантай, зүүн дал мөрний хөдөлгөөн хязгаарлагдсан, баруун чихний дэлбээнд хавдартай, шархтай, зүүн чихний дэлбэнд хавдартай, зүүн талын өгзөгөнд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн тохой, баруун тохой тус тус хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.” гэх дүгнэлт,
5. Эд мөрийн баримтаар хураагдсан элдүүр 1ш, элдүүрд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13, 23-р хуудас/
6. Шүүгдэгч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 47- 48-р хуудас/,
“...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нөхөр бид хоёр гэрт ахуйн маргаанаас болж маргалдсан юм. Тухайн маргалдах үед миний уур хүрээд нөхөр болох К.Ж-ийг элдүүрээр нуруун тус газар нэг удаа цохиод авсан юм. Өөр ямар нэгэн асуудал болоогүй. Нөхөр бид хоёрын дунд ямар нэгэн таарамжгүй харилцаа байхгүй болно. Тухай өдөр нөхөр бид хоёр ахуйн маргаанаас болж маргаалдсан ба би уурандаа нөхрөө нуруун тус газар элдүүрээр нэг удаа цохиод авсан юм. Өөр ямар нэгэн асуудал болоогүй болно. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би нөхөр болох К.Ж-ээс уучлалт гуйж, бид хоорондоо эвлэрсэн.” гэх мэдүүлэг,
7. Шүүгдэгч М.А-ы хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр олгосон “РД:БК..............., овог:Т, эцэг /эх/-ийн нэр:М, нэр:А яс үндэс:Казах, хүйс:Эмэгтэй, төрсөн огноо: 1990/07/28, хаяг:Баян-Өлгий, У 7-р баг, хүчинтэй хугацаа:2035/07/28” гэх иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 50/,
- БӨ аймгийн У сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 02 дүгээр сарын 12-ны өдрийн “М овогтой А нь У сумын хүүхдийн цэцэрлэгт 7 дахь жилдээ ажиллаж байгаа ба сарын үндсэн цалин нь 470617 төгрөгийн цалин авч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 51/,
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 02 дүгээр сарын 11-ний өдрийн “Иргэн А /БК.............../-н өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 53/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/,
- БӨ аймгийн У сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дүгээр сарын 10-ны өдрийн “У сумын 7 дугаар багийн иргэн М овогтой А нь ам бүл 3, хүүхдүүдийн хамт амьдардаг тус багийн байнгын оршин суугч бөгөөд 2014 онд гэр бүл болсон. Төлөв даруу зантай, урд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, хүүхдийн цэцэрлэгт 9 дэх жилдээ ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолт /хх-ийн 52/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч М.А-ы гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч М.А нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед ахуйн шинжтэй маргааны улмаас нөхөр нь К.Ж-ийн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч К.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15-р хуудас/, Гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт: /хх-ийн 36-р хуудас/, эд мөрийн баримтаар хураагдсан элдүүр 1ш, элдүүрд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13, 23-р хуудас/ шүүгдэгч М.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч К.Ж-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.А-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч К.Ж-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч К.Ж-ийн “Бид хоёр сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгч М.А-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.А-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч М.А-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон материалаар хийгдсэн 65 см урттай, 3 см диаметртэй элдүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М-ий А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон материалаар хийгдсэн 65 см урттай, 3 см диаметртэй элдүүр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК