Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 038

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Орчуулагч, хэлмэрч Ж.А,

Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х-д холбогдох 1913004430018 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.Х-ий биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ц суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Ц сумын 3 дугаар багт оршин суудаг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.с овогт Х-н Х-, регистрийн дугаар БЛ.............

Шүүгдэгч Х.Х-ий холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Х нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед хувийн таарамжгүй байдал, хэрүүл маргааны улмаас БӨ аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн А.Х-ыг газарт унгааж, гар хөлөөрөө зодож өшиглөснөөс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна.”  гэв.

Эрүүгийн 1913004430018 дугаартай хэргээс:

Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

2. Хохирогч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн  16-21-рх/,

“...би мориноос буух үед Х.Х хүрч ирээд намайг барьж аваад шууд нүд, нүүр хэсэг рүү цохиж эхэлсэн. Тухайн үед би газар унасан ба миний дээр гарч суугаад багалзуурдсан. Надад учруулсан хохирлоо бүрэн төлж өгсөн” гэх мэдүүлэг,

3. Гэрч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 28-30-рх/,

“...тухайн үед А.Х нь бүсэлхий хэсэг өвдөж байна, нүүр хэсэгт хэд хэдэн шалбархайтай байсан. Мөн нуруу, бүсэлхий хэсэг өвдөж байгаа талаар хэлсэн, хоолой хэсэгт нь хэд хэдэн хөхөрсөн газар байсан” гэх мэдүүлэг,

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-рх/

5. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-ийн 34-рх/,

 “Иргэн А.Х-ын биед тархины доргилттой, хамрын нуруунд хавантай, хамрын нурууны зүүн талд мурийлттай, зулайнд хавдартай, бүсэлхийн баруун талд хавдартай, цус хуралттай, ар нурууны дунд хэсэгт цус хуралттай, хүзүү хоолойнд багалзуурдсан хөх ягаан туяатай цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Иргэн А.Х-ын биед үүссэн гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно. Иргэн А.Х-ын биед үүссэн гэмтэл нь бүгд шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Иргэн А.Х-ын биед газар унаснаас болж үүссэн гэмтэл тогтоогдоогүй” гэх шинжээчийн дүгнэлт,

6. Шүүгдэгч Х.Х-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 41-43-рх/,

“...тэр өдөр наад дээр морьтой ирээд “чи их даварч байна, чамайг шоронд явуулна” гэж хэлээд мориноос бууж ирээд намайг шууд бариад авсан. Тэр үед би түүнтэй ноцолдож эхэлсэн ба түүнийг бариад авсан. Дараа нь би тэр хүнийг газарт унгааж дээр нь гарч суугаад захнаас нь барьж багалзуурдсан. Тухайн газар нь нэлээн чулуурхаг газар байсан. Би А.Х-тай ноцолдож газар унгааж дээрээс нь дарж суугаад багалзуурдах үед тэр гэмтлүүд учирсан байж магадгүй”  гэх мэдүүлэг,

 

7. Шүүгдэгч Х.Х-ий хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр олгосон “РД:БЛ............, овог:Ш.с, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:Х, яс үндэс:Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1992/03/22, төрсөн газар:БӨ , Ц , хаяг:БӨ , Ц , 3-р баг, Ц , бүртгэлийн дугаар:833748621233, хүчинтэй хугацаа:2037/03/22, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолт /хх-ийн 50-51/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/,

- БӨ аймгийн Ц сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаартай “Ц сумын иргэн Х овогтой Х нь ам бүл 4, тус сумын 3 дугаар багийн байнгын оршин суугч мөн. Х.Х нь өөрийн нэр дээр малгүй, ямар нэгэн машин техник эзэмшдэггүй, эцэг Х-тай хамт амьдардаг болно. Мөн сумын төвөөс 25 км зайтай Талды гэх газарт мал маллаж амьдардаг. Элдвийн муу зуршилгүй, архи дарс хэрэглэдэггүй, төлөв даруу зантай. Урьд өмнө ямар нэгэн хэрэгт төвөгт холбогдож байгаагүй болно” гэх тодорхойлолт /хх-ийн 46-48/,

- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн лавлагаа /хх-ийн 49/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгч Х.Х-ий гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Х.Х нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн үед хувийн таарамжгүй байдал, хэрүүл маргааны улмаас БӨ аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн А.Х-ыг газарт унгааж, гар хөлөөрөө зодож өшиглөснөөс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн  16-21-рх/,  гэрч А.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 28-30-рх/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-рх/, Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 34-рх/, шүүгдэгч Х.Х-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-43-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.Х-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Х-ий дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч А.Х-ын “Би Х.Х-тэй сайн дураараа эвлэрсэн. Хохирол болох 600,000 төгрөгийг бүрэн барагдуулж өгсөн” гэх хүсэлтээр /хх-ийн 71/ шүүгдэгч Х.Х-ийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Х-ий үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Х-ий үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.  Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй байна. 

Шүүгдэгч Х.Х-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ш.с овогт Х-н Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК