| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0040/Э |
| Дугаар | 046 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 046
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,
Шүүгдэгч С.Н- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох 2013000000003 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Н-ы биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1996 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, бага ангийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 0-р багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ..............., Х овогт С-ы Н.
Шүүгдэгч С.Н-ы холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ахуйн шинжтэй маргааны улмаас нөхөр нь С.Е-ын нурууны доод хэсэг рүү хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэв.
Эрүүгийн 2013000000003 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
2. Хохирогч С.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 24-27-р хуудас/,
“...бид хоёр гэртээ байхдаа маргалдаад би гэрээс гараад явах гэж байхад эхнэр уурлаад бор өнгийн иштэй хутгаар нуруунд минь хутгалсан...” гэх мэдүүлэг,
3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/,
4. Шүүх шинжилгээний албаны шинжээч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ./хх-ийн 35-36-р хуудас/,
“Бодит үзлэг: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, асуусан асуултад зөв хариулна, байрлал идэвхтэй, хүүхэн хараа 2 талд ижил, дугараг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичирхийлэлт үгүй, дагзны булчингийн хөшилд үгүй, хамар уруулын нугалаас 2 талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, хамар хурууны сорилд алдагдахгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, шөрмөсний рефлекс хэвийн, тархины 12 хос мэдрэл голомтот өөрчлөлтгүй, Ромбергийн сорилд тэнцвэртэй.
Хэсэг газрын үзлэг: Бүсэлхийн 1 дүгээр нугаламын зүүн талын хэсэгт 3,5х0,2см-ийн хэмжээтэй хөндлөн хатгагдаж зүсэгдсэн, зах ирмэг нь тэгш мэс заслын оёдол тавьсан шархтай, шархны эргэн тойронд 10х5см-ийн хөх ягаан өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ хэсэгт: Иргэн С.Е-ын бүсэлхийн 1 дүгээр нугаламын зүүн талын хэсэгт хөндлөн хатгагдаж зүсэгдсэн, хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх, шархны эргэн тойронд хөх ягаан өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б.
5. Хохирогч С.Е-ын аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 14-21-р хуудас/
6. Эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн үзүүр хэсэг нь 14 см, иш нь 13 см хэмжээтэй хутга /хх-ийн 54-р хуудас/,
5. Шүүгдэгч С.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 43-рх/,
“Би нөхөр болох С.Е-тай 2016 онд гэр бүл болсон, бид хоёр “Хотгор” багт амьдардаг. Миний нөхөр “Хотгор”-ын уурхайд ажилладаг. Би ажилгүй гэртээ байдаг юм. Сүүлийн үед нөхөр маань хөзөр тоглож гэртээ ирэхгүй удах тохиолдол ихэссэн бөгөөд би өөрөө жирэмсэн, өдөр бүр гэртээ ганцаараа байдаг тул нөхрөө ажлаа тарангуутаа шууд ирж байх талаар хэлсэн боловч миний үгийг тоохгүй байсан. Түүнээс болоод бид хоёр маргаантай байсан юм. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед би амбаараас мах оруулж бууз хийх гэж байсан юм. Тухайн үед С.Е бид хоёр хөзрийн асуудлаас болоод хоорондоо хэрэлдээд байсан ба С.Е уурлаад миний толгой руу өмсөж явсан малгайгаараа цохиод битгий уйлаад бай гэж хэлж миний амыг малгайгаараа дарсан. Би болиоч гэхэд яасан их уйлдаг юм, дуугай бол гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гартаа байсан хутгаар түүний нуруу луу хутгалсан юм. Куртик өмсчихсөн байсан болохоор нь гүн орно гэж бодоогүй, уурандаа хийсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нөхөр маань уучилсан юм.” гэх мэдүүлэг,
9. Шүүгдэгч С.Н-ы хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/24 дугаартай “С.Н /БЮ................/-ы нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 44/,
- Шүүгдэгч С.Н болон хохирогч С.Е нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/,
- 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр олгосон “РД:БЮ................, овог:Хурман, эцэг /эх/-ийн нэр:Сейтхан, нэр:Нуржан, яс үндэс:Казах, хүйс:Эмэгтэй, төрсөн огноо: 1996/02/13, төрсөн газар:БӨ , Ө , хаяг:БӨ , Ө 7-р баг, Хотгор, бүртгэлийн дугаар:830165112023, хүчинтэй хугацаа:2021/02/13, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,
- БӨ аймгийн Ө сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Тус багийн оршин суугч болох Сейтхан овогтой Нуржан /БЮ................/ тоот регистрийн дугаартай, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг” гэх тодорхойлолт /хх-ийн 47/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
1. Шүүгдэгч С.Н-ы гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч С.Н нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ахуйн шинжтэй маргааны улмаас нөхөр нь С.Е-ын нурууны доод хэсэг рүү хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24-27-р хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р хуудас/, хохирогч С.Е-ын аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 14-21-р хуудас/, эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн үзүүр хэсэг нь 14 см, иш нь 13 см хэмжээтэй хутга /хх-ийн 54-р хуудас/, шүүгдэгч С.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-рх, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч С.Е-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Н-ы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч С.Е-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч С.Е-ын “Бид хоёр сайн дураар эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгч С.Н-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Н-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Н-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, хуульд заасан ялын хэмжээгээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн үзүүр хэсэг нь 14 см, иш нь 13 см хэмжээтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С-ы Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баривчлагдаж цагдан хоригдоогүй, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн үзүүр хэсэг нь 14 см, иш нь 13 см хэмжээтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК