Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2017/ДШМ/61

 

 

   Б.Ат холбогдох

 эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                     Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: Б.Мөнхдөл,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Энх-Амгалан,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Батчимэг,

Шүүгдэгч: Б.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2017/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Ат холбогдох, эрүүгийн 201608000111 дугаартай, 3 хавтас, 552 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат нарын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адрага суманд 1982 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, .....-тоотод оршин суух, урьд 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, 2005 онд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдөр 77 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг өршөөн хасч суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Б.А /РД:СВ82092411/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.А нь ялтай байх хугацаандаа согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Баянбулагийн 2-5 тоот хашаанд иргэн Т.Бтай маргалдан “Хамар луу мөргөлөө, цамцны захаар хоолойг боолоо” гэх шалтгаанаар түүний баруун эгэмний дээд хэсэгт зүсэж, хүзүү рүү нь нэг удаа, баруун хөлний шилбэ хэсэг газарт нэг удаа тус тус хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр түүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2017/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Б.Аыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 12 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 360 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Ааас 7 789 800 төгрөг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн ТБ-ын 16 тоотод оршин суух Лхагвасүхийн Энх-Амгаланд /ЗВ84071100/-т олгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй 24.5 см урттай/ ажлын хэсэг нь 13 см, бариул нь 11.5 см урттай, ажлын хэсэгт NO AO7 Patient No 201030136885.0 гэсэн бичигтэй/ хутга 1 ширхэг, бариул хэсгийг даавуугаар ороосон заазуур 1 ширхэг, бариулгүй ногоо хэрчигч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинд төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Аын хорих ял эдлэх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 425 дугаар ангийн цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:        

Шүүгдэгч Б.А, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат нар хамтран гаргасан давж заалдсан гомдолдоо: Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын дүгнэлтүүд нь зөвхөн хохирогч Т.Б эмчилгээ хийлгээгүй 2-3 хонож шарх хүндэрч голтын эрхтнүүдийн хурц идээт үхжилт үрэвсэл бүхий хүндрэл үүссэний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарган эмч, эмнэлгийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзсэн байна. Гэтэл хохирогч Т.Б биедээ гэмтэл авснаас хойш эмнэлгийн эмч, ажилтан нарт удаа дараа хандаж, шарх хүндрээд байгаа талаар эхнэр Энх-Амгалан хэлж, үзүүлэн, дуудлага өгсөөр байхад ямар ч эмчилгээ хийлгүй үүрэгт ажилдаа хайнга хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Т.Быг тухайн үед эмнэлэгт хэвтүүлэн хугацаа алдалгүй эмчилгээ хийсэн бол шарх хүндэрч голтын эрхтнүүдийн хурц идээт үхжилт үрэвсэл үүсэхгүй амь насыг аврах боломжтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагддаг. Иймд хохирогч Т.Быг анх үзүүлэхэд эмнэлэгт хэвтүүлэн, хугацаа алдалгүй эмчилгээ хийсэн бол амь насыг аврах боломжтой байсан. Шинжээч эмч нарын дүгнэлтэнд Т.Бын нас барсан үндсэн шалтгааныг голтын идээт үрэвсэл хүзүүний шархны хүндрэл гэсэн. Энэ нь нянгийн бохирдлоос болж 2-3 хоногийн дараа зовиур нь илэрч эхэлдэг гэж үзэж байгаа нь хугацаа алдсан болох нь харагдаж байна. Эмч А.Оюунцэцэг анх 2017.06.20-ны өдөр хохирогч Т.Бын биед үзлэг хийгээд мэс заслын эмчид үзүүл гэж хэлсэн боловч мэс заслын эмчийг хүлээж байгаад гэртээ харьсан, хэдийгээр эмч нарын дүгнэлтэнд бохирлогдсон хутгаар цусанд халдвар орж голтын идээт үрэвсэл үүсгэнэ гэж байгаа юм. Энэ нь хохирогчийг яаралтай хугацаа алдалгүй эмчилгээ хийсэн бол амь нас аврагдах боломжтой байсан.

Хохирогч Бын биед үүссэн гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй хөнгөн гэмтэл байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын дүгнэлтэнд хүзүүний шарх нь анх үүсэхдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан гэдгийг нотолж байгаа нь эмч эмнэлгийн ажилтан өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч Т.Бын биед үүссэн гэмтэл нь шууд үхэлд хүргээгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн нь гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, хэт нэг талыг барьсан шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

Улсын яллагч С.Батсүрэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдолд гаргасан тайлбартаа: Шинжээч эмч О.Сэргэлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байцаасан тэмдэглэлд “талийгаачийг анх хүлээн авч үзсэн эмч А.Оюунцэцэг шархны гүнийг үзээд гүн боловч нэвтэрсэн шарх нь цааш цээж рүү нэвтрээгүй гэж үзсэн. Мөн задлан шинжилгээгээр талийгаачийн хүзүүний 2.3-р фасциа нэвтэрсэн гэдэг нь харагддаг... анхны үзсэн эмч зонд хийж үзээд фасциаг мэдэх ямар ч боломжгүй, 2 ба түүнээс дээш см нэвтэрсэн тохиолдолд гүн шарх гэж үздэг. Шархны онцлог нь агааргүйжсэн нянгаар бохирдлогдсон. Яагаад гэвэл бохир хутгаар хутгалагдаж бохирлогдон агааргүйжсэн нянгаар бохирлогдсон, шархнаас саарал өнгийн шингэн мөн арьсан доор хий тэмтрэгдэж байсан. Хоруу чанар яагаад өндөр байна гээд байна гэхээр агааргүйжсэн нянгаар бохирлогдсон байсан. Энэ нь 2-3 хоногийн дотор цусанд халдвар орж хүнийг үхэлд хүргэдэг. Хоруу чанар гэдэг нь нянгийн хор илүү их ялгаруулахыг хэлдэг. Агааргүйжсэн нянгаар бохирлогдсон бол дээд зэргийн хоруу чанартай байдаг. Эхний эмчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл тогтоогдсон. Шарх нь хөндийт эрхтэн рүү нэвтрээгүй учир хөнгөн зэргийн шарх гэж үзнэ. Гэхдээ хутгалуулах үедээ халдварлагдсан учир энэ шарх нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Мэс заслын эмчид үзүүлэлгүй өөрсдөө дур мэдэн явсан нь цаг алдах шалтгаан болсон гэсэн мэдүүлэг болон шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1163, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1082, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 151, мөн хүрээлэнгийн 2017.04.03-ны өдрийн 435 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Иймд ялтан Б.А, түүний өмгөөлөгч С.Ганбат нараас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн 2017.06.19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.  

Шүүгдэгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Би талийгаачийг хатгаж барьсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хохирогч нас барахад бусдын буруутай ажиллагаа байгаа. Түүнд нь гомдож гомдол гаргасан. Шинжээчийн дүгнэлт нь хохирогчийг амьдрах боломжтой, гэмтлийн зэрэг нь хөнгөн гээд гарчихсан. Энэ талаар хавтаст хэрэгт байхад прокурор үгүйсгээд байгаа. Улаанбаатар хот явахынх нь өмнө 3 хоногт ямар эмч хариуцаж байсан юм бэ, тэр эмч нар нь яагаад эмчлээгүй юм бэ гэдгийг гайхаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын дүгнэлтүүд нь зөвхөн хохирогч Т.Б эмчилгээ хийлгээгүй 2-3 хонож шарх хүндэрч голтын эрхтнүүдийн хурц идээт үхжилт үрэвсэл бүхий хүндрэл үүссэний улмаас нас барсан гэж гарган эмч, эмнэлгийн ажилтнуудын буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзсэн байна.  Гэтэл хохирогч Т.Б биедээ гэмтэл авснаас хойш эмнэлгийн эмч, ажилтан нарт удаа дараа хандаж, шарх хүндрээд байгаа талаар эхнэр Энх-Амгаланд хэлж, үзүүлэн, дуудлага өгсөөр байхад ямар ч эмчилгээ хийлгүй эмч нар үүрэгт ажилдаа хайнга хандсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч Т.Быг тухайн үед эмнэлэгт хэвтүүлэн хугацаа алдалгүй эмчилгээ хийсэн бол шарх хүндэрч голтын эрхтнүүдийн хурц идээт үхжилт үрэвсэл үүсэхгүй амь насыг аврах боломжтой байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагддаг. Хохирогч Бын биед үүссэн гэмтэл нь учрах үедээ амь насанд аюулгүй хөнгөн гэмтэл байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын дүгнэлтэнд хүзүүний шарх нь анх үүсэхдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байсан гэдгийг нотолж байгаа нь эмч эмнэлгийн ажилтан өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч Т.Бын биед үүссэн гэмтэл нь шууд үхэлд хүргээгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг бүрэн тогтоогоогүй, хэт нэг талыг барьсан шийтгэх тогтоол гарсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Б.Аыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 12 жилийн хорих ялыг оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл гэж үзэж байгаа. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс эмч нарын буруутай үйл ажиллагаанаас хохирогч нас барсан гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзэхэд талийгаачийн биед учирсан гэмтэл хөнгөн гэмтэл байсан. Эмч нарын буруутай үйл ажиллагаа юу байсан бэ гэхээр тухайн учирсан хөнгөн гэмтлийг анхнаасаа буруу оношилсон. Зохих эмчилгээг хийгээгүй. Энэ нөхцөл байдлаас болж хүндэрч, хүний амь нас хохирсон нөхцөл байдал бий болсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр эмч нарын буруутай үйл ажиллагаа байна гэдэг талаар санал хүсэлт тавьсан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй шийдвэрлэсэн. Энэ хэрэг 2016.06.20-ны өдөр үйлдэгдсэн ч хохирогч нарт хохирол төлбөр төлөгдөөгүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаад хохирогчийн ар гэр маш их гомдолтой байгаа. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байгаа тул ял шийтгэлийг нь хэвээр үлдээж өгнө үү.  Мөн эмчийн буруутай үйл ажиллагааны талаар хөндөгдөхөөс өөр аргагүй байгаа. Яагаад гэхээр идээт үрэвсэл богино хугацаанд идээлж, голтын үрэвслийн улмаас нас барсан. Тухайн 2016.06.20-ны өдөр эмнэлэгт анхан шатны тусламж авч очсон. Тухайн үед үзсэн эмч оношыг бүрэн тодорхой тогтоож тодруулаагүй. Мөн халдваргүйжүүлэх талаасаа оёо тавьсан болохоос биш цааш бол эмчилгээ хийгээгүй, хайнга хандсан. Хийх ёстой эмчилгээгээ бүрэн дүүрэн хийгээгүй, учирсан гэмтлийг зөв тогтоогоогүй. Эмчийнхээ үүргийг биелүүлээгүй. Аын буруутай үйл ажиллагаанаас болж хүний амь нас хохирсон боловч нөгөө талаасаа эмч нарын буруутай үйл ажиллагаа харагдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хохирогчийн хувьд нөхөр нь нас барсан, тухайн үед жирэмсэн байсан. 2 хүүхэдтэй, өрх толгойлсон, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, банкны өр зээл ихтэй. Мөн тухайн үед буяны ажил оршуулгыг хийх үедээ гэртээ зул асааж байгаад гэрээ шатаасан. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа байгаа, хэргийг даруй эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энх-Амгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирол төлбөрөө төлүүлмээр байна. би банкны зээлтэй, ажил төрөл байхгүй. 2 хүүхэдтэй, хань ижлээ алдсан. Гэр орноо хүртэл шатаасан байгаа учраас сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Энэ хүн манай нөхрийг хутгалаагүй байсан бол хань ижил маань ажил төрөл хийгээд ар гэрээ тэжээгээд байх байсан. Энэ хүнд маш их гомдолтой байна. Эмч нарт бас маш их гомдолтой байна гэв.

Прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн талаас шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсанаар 435 дугаар Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтийн 9, 10, 11 дүгээр хэсэгт Бд тухайн шатлалын эмчилвэл зохих эмчилгээг хийсэн байна. Талийгаачийн үхэлд гэмтлийн ноцтой үрэвсэл нөлөөлсөн ба хүзүүнд хатгагдах үед шарх агаарт үүдэн нянгийн халдвараар халдварлан голомт идээт үрэвсэл үүсэн үхэлд хүргэсэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр шат, шатны эмчилгээг хийсэн гэдэг нь тогтоогдож байна. 2017.06.19-ний өдөр уг хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Шинэ Эрүүгийн хуульд зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна. Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих дэглэмийг хаалттай дэглэмд эдлүүлэх, 3 дахь хэсэгт нь нэгэнт шүүгдэгч онц аюултай гэмт хэрэгтэн гэж шинэ Эрүүгийн хуульд байхгүй тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Б.Аыг Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогч Т.Бтай архи ууж байхдаа маргалдсаны улмаас түүний баруун эгэм хэсэгт зүсэж, хүзүүнд нь нэг, баруун хөлний шилбэн тус газарт нэг удаа тус тус хутгалж, хүзүүнд үүссэн шарх хүндэрсний улмаас хохирогч нас барсан тул түүнийг хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял оногдуулж, улмаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 2017/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Ганбат нарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хамт байсан гэрч Л.Лхагвадорж /1-р хх-ийн 34-35/, гэрч Д.Алтаннамар /1-р хх-ийн 36-37/, эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, оношилсон Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч А.Оюунцэцэг /1-р хх-ийн 40-41/, мэс заслын эмч Д.Наранбаатар /1-р хх-ийн 43/, чих, хамар, хоолойн эмч Г.Солонготуяа /1-р хх-ийн 47/, сувилагч С.Батцэцэг /2-р хх-ийн 22, 34-35/, Ш.Саранцэцэг /2-р хх-ийн 62/, эмчилгээ эрхэлсэн орлогч У.Ариун-эрдэнэ  /2-р хх-ийн 36-37/, сувилагч С.Нямдаваа /2-р хх-ийн 58-59/, эмч Б.Цэцэгмаа /2-р хх-ийн 105-106/-гийн мэдүүлгүүд,  БХХСАХ-ын нэгдсэн эмнэлэгийн их эмч Ш.Батсайхан,  шинжээч эмч Л.Жаргалтогтох /2-р хх-ийн 110/, Ц.Ганболд /2-р хх-ийн 114-115/, О.Сэргэлэн /2-р хх-ийн 165-169/ нарыг байцаасан тэмдэглэл,  хохирогчийн биеийн гэмтлийн талаар гарсан 5 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хангаж ажилласан,  хэрэгт олж авсан нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байна гэж үзлээ.

Хохирогч Т.Баяржаргалын биед учирсан гэмтэл, түүний үхлийн шалтгааны талаар 218, 1163, 1082, 151, 435 гэсэн 5 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар хохирогч хүзүүндээ хутгалуулсны улмаас амь насанд аюултай хүнд гэмтэл болох голтын идээт үрэвсэл бүхий цусан үжил үүссэн,  энэ нь амь тэнссэн байдалд хамаарах хүндрэл болох учир шинжлүүлэгчийн биед учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой нь эмнэл зүйн шинж,  шинжилгээнүүдээр тогтоогдож байх тул хохирогчид учирсан гэмтлийн улмаас түүний амь нас хохирсон болон шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн үхэлд шалтгаант холбоотой гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч Т.Б-н хувьд эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн эмчийн мэс заслын эмчид үзүүлэх зөвлөгөөг авалгүй гэртээ харьсан, шархыг цэвэрлүүлэх эмчилгээг хийлгэлгүй гэртээ 1 бүтэн өдөр байсан, мэс заслын эмчид 2 хоногийн дараа үзүүлсэн зэргээр гэмтлийг хүндрүүлэх нөхцөл байдлыг бий болгосон, түүнчлэн уг гэмтлийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг зөв оношилж, эмчилгээ үйлчилгээ оновчтой зөв хийж чадаагүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэж шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдлын үндэслэлээ тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр болон шинжээч эмч Л.Жаргалтогтох, Ц.Ганболд, О.Сэргэлэн нарын мэдүүлгээр “Т.Бд тухайн шатлалын эмнэлэгт хийгдвэл зохих оношилгоо эмчилгээг хийсэн байна. Талийгаачийн үхэлд гэмтлийн ноцтой хүндрэл нөлөөлсөн ба хүзүүнд хутгалагдах үед шарх агааргүйтэн нянгийн халдвараар халдварлагдсаны улмаас голтын идээт үрэвсэл үүсч үхэлд хүргэсэн”  болох нь тогтоогдсон байна.

Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудад болон шинжээч эмч нарын удаа дараагийн дүгнэлтээр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч А.Оюунцэцэг болон мэс заслын эмч Д.Наранбаатар нар үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүйн гадна хохирогч Т.Б нь шүүгдэгч Б.Ат хүзүүндээ хутгалуулсаны улмаас түүний хүзүүнд үүссэн шарх хүндэрч үхэлд хүргэсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчийн үйлдлээс хөнгөн гэмтэл учирсан, хохирогч нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын эмч Д.Наранбаатарын буруутай үйлдлийн улмаас нас барсан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахыг хүссэн давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм.

Мөн шүүгдэгч Б.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид үхэлд хүргэх шууд шалтгаантай амь насанд аюултай гэмтэл учирсны улмаас хохирогч нас барсан бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн  2.5-д заасан  “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан”  болох гэмт хэргийн шинж агуулагдаагүй тул энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй болно.  

Харин шүүгдэгч Б.А-т холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс эхлэн хэрэгжиж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэхэд 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ бага болж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улсын эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчимтай.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх”, “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэсэн заалтуудыг тус тус баримтлан шүүгдэгч Б.А-т оногдуулсан ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д нийцүүлэн багасгах,  мөн шинэ хуулиар гэмт хэрэг үйлдсэн хүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, ял эдлэх дэглэмийг хүндрүүлж онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх зохицуулалт байхгүй болсон тул шүүгдэгч Б.А-ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсныг хүчингүй болгох зэргээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2017/ШЦТ/38 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын  “Шүүгдэгч Боржигон Б.А-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг,

“Шүүгдэгч Боржигон овогт Б.А-г Эрүүгийн хуулийн /2015 оны/ 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дугаар заалтын “Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй “ гэснийг,

“Эрүүгийн хуулийн /2015 оны/ Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 10 /арав/ жил, 9 /ес/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 12 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т оногдуулсан 10 /арав/ жил, 9 /ес/ сар, 22 /хорин хоёр/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, 

3 дугаар заалтын “Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай"  гэснийг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээн,  шүүгдэгч Б.А-т, түүний өмгөөлөгч С.Ганбат нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд цагдан хоригдсон нийт 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                               ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                                 А.САЙНТӨГС