Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 665

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд:  Б

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № А*******, мөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № А/128 дугаар тушаалуудын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Монголын Үндэсний их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г Г.М, нэхэмжлэгч Универсал политехникийн коллежийн итгэмжлэгдсэн төлөөлөгчН.О, О.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчЧ.Р, Ч.Г, О.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Манай “У” нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан үндэслэлээр Улсын тусгай хамгаалалтын газар нутаг дээр газар ашиглах гэрчилгээ, хавсралтад бичигдсэн геодезийн тусгалын дагуу, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу “хуулийн дагуу ашиглаж байгаа” гэсэн үндэслэлээр гэрээ байгуулж, гэрээний дагуу ажиллаж байгаа.

Маргаан бүхий акт гарахаас өмнө бидний зүгээс “авто зам, болон зогсоолыг хамтран хөрөнгө оруулж, тохижилт, харуул хамгаалалтын зардлыг манай зүгээс бүрэн хариуцах боломжтой” гэсэн  хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан боловч тэдгээр саналуудыг үл харгалзан газар ашиглах эрхийг цуцалсан.

Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааний ерөнхий тухай хуулийн 04 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэсэн тусгай зарчмыг баримтлаагүй. Мэдэгдсэн гэдэг боловч яг хэнд, хэзээ, хаана мэдэгдсэн нь тодорхойгүй, түүнийгээ нотлох баримаар шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах тогтолцоо бүрдүүлэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан үүрэг хүлээхээр зохицуулсан байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заагдсаны дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй. Тушаалын үндэслэл хэсэг нь хуульд заасан журмын дагуу гаргаагүй. Уг тушаалын үндэслэл хэсэгт “...Нийтийн эрх ашгийн төлөө, Засгийн газрын тэмдэглэлийг үндэслэж” гэсэн байдлаар зохицуулсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т 2 үндэслэлээр тусгай хамгаалалтын бүсэд газар ашиглаж байгаа тохиолдолд цуцлахаар зохицуулсан заалтыг тушаалд тусгаагүй байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн  А******* дугаар тушаал, 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан газар ашиглах эрх дуусгавар болох, газар ашиглах эрх чөлөөлөх үндэслэл бий болоогүй байхад Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр зорилтыг дэмжих гэсэн үндэслэлээр тус 2 сургуулиудын газраас 3 га газрыг хэсэгчлэн тасалж, манай сургуулийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн асуудал шийдвэрлүүлэх тухай 01/******* тоот албан бичиг гарсан байдаг. Уг албан бичиг, саналын дагуу Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэж, сайдаас гарсан тушаал байгаа гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарладаг.

Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн асуудал шийдвэрлүүлэх тухай

01/******* тоот албан бичиг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А******* тушаалд хамааралгүй юм. Харин Нийслэлийн Засаг даргын 01/******* тоот албан бичгийг зөрчсөн байна гэж үзэж байна.

Захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийн оролцоог хангаж өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэснийг биелүүлээгүй. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан процессын хуулийг бүрэн зөрчсөн. Өөрөөр хэлбэл 27 дугаар зүйлд заасан сонсгох ажиллагааг зөрчсөн. Энэ нь нэхэмжлэгчийн хувьд газар ашиглах эрхийг буцаан олгох гол үндэслэл болж байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан маргаан бүхий актууд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах эрх нь 2 тохиолдолд дуусгавар болдог. Үүнд нэгт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэл, хоёрт тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа зөрчсөн зэргийг нотлоогүй бөгөөд нотлох баримт байдаггүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр А/128 дугаар тушаалаар 3 га газрыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгохдоо Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсэн шаардлагыг хангаагүй. Мөн үүнийг нотлох баримт, төлөвлөгөө зэрэг нь хавтаст хэрэгт авагдаагүй байгаа.

Энэ мэтчилэн хуулийн үндэслэл, шаардлагыг хангаагүй учраас маргаан бүхий захиргааны актуудыг Монгол Улсын Үндсэн хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд тусгагдсан газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т заасны дугаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна.” гэжээ.

Нэхэмжлэгч “Монголын Үндэсний их сургууль”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* тоот тушаал гаргасны дараа 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаалыг гаргасан. А******* дугаар тушаал дээр Монголын Үндэсний их сургууль 4719 м.кв, Уийн хувьд 6567 м.кв байсан. Гэтэл А/128 дугаар тушаал дээр Монголын Үндэсний их сургууль 8522 м.кв, Уоос 6716 м.кв гэж бичигдсэн бөгөөд уг 2 тушаал дээр газрын хэмжээ өөрчлөгдсөн байгаа юм. А/128 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл өмнөх А******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж байгаа юм уу? Эсвэл уг тушаал дээр нэмэгдүүлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасныг баримтлан газар эзэмших эрхийг Богдхан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгосон. Тухайн байгууллагын төсөвт газар гэдэг нь Газрын тухай хуулиар үйл ажиллагаа эрхлэн явуулах газрыг хэлдэг. Харин ямарваа нэгэн ашиг олох зорилгоор үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа газрыг хэлдэггүй.

Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “...шаардлага гарсан бол төлбөртэй буюу төлбөргүйгээр тухайн шаардлагыг арилтал нь тухай газрыг ашиглах шийдвэр гаргаж болно” гэж заасан. Харин “хүчингүй болгоно” гэсэн заалт байхгүй байгаа. Газрын тухай хуулиар хүчингүй болгох зүйл заалт байхгүй. Мөн Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд үйл ажиллагаа явуулахдаа аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарч үйл ажиллагаа явуулах буюу байгаль орчноо хамгаална гэсэн заалт байдаг. Гэтэл аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах санал тавьж, хүсэлт өгсөн боловч хариу ирүүлэхгүй байтал газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгосон. Манай зүгээс Газрын тухай хуулийн зөрчсөн зүйл байхгүй. Хэрэв хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн бол  холбогдох нотлох баримтыг хариуцагч байгууллагаас ирүүлэх ёстой.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч нарт 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А******* дугаар тушаалыг гардуулж өгөөгүй. Бид сүүлд өөрсдөө уг тушаал гарсныг шүүхэд  нэхэмжлэл гаргаж мэдсэн. Гэтэл нэхэмжлэл гаргасны дараа 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/128 дугаар тушаал гарсан байдаг. Мөн үүнтэй адил маргаан бүхий А/128 дугаар тушаал гарсныг бидэнд мэдэгдээгүй. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсний дараа А/128 дугаар тушаалыг гардуулж өгсөн. Захиргааны хэргийн сонсгох ажиллагааг хийлгээгүй, төрийн байгууллага нь

үүргээ биелүүлээгүй. Хэдийгээр энэ нь нийтийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн байх боловч бидний зүгээс гаргасан хамтран ажиллах саналыг хүлээж аваагүй. Монголын Үндэсний их сургууль нь маргаан бүхий газар нутгийг эзэмших гэрчилгээтэй боловч Улаанбаатар хотын нийт иргэдийн сайн сайхны төлөө нийтэд ашиглуулж, уг газрын бохирдлыг бидний зүгээс байнга цэвэрлэдэг. Маргаан бүхий захиргааны акт гарснаар аж ахуйн нэгжүүдийг үл хүндэтгэж байгаа шийдвэр бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг биелүүлэхгүй байгаа гэж үзэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр, Засгийн газрын тогтоолд аялал жуулчлалын бүс байгуул гэсэн байгаа. Харин Богдхан дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгох, тус 2 сургууль руу чиглэсэн чиглэмж байхгүй. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Онцгой байдал болон галт түймэртэй тэмцэх хэлтсийн ажлын хэсгийн дүгнэлт. Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн санал гэж байгаа. Эдгээр нь А******* дугаар тушаал гарсны дараа хийгдсэн ажлууд юм. Нэхэмжлэл гаргаж байгаа улсын бүртгэлийн гэрчилгээтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаа буюу уг 2 сургуулийн үйл ажиллагаатай холбоотой галт түймрийн дүгнэлт, санал биш юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлахдаа ажлын хэсгийн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагад нэгтгэж өгдөг гэсэн боловч Мэргэжлийн хяналт байгууллагын дүгнэлт нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 02/021520 тоот дэд даргаН.Дгийн шийдвэр гаргах тухай гэж байгаа. Энэ нь процессын хувьд А/128 дугаар тушаал буюу 2 дахь тушаал гарснаас хойш хийгдсэн ажиллагаа юм. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тушаал, шийдвэрийг зөвшөөрөхгүй гэхэд мөн оны 05 дугаар сарын 15-ны өдөр олон байгууллага томилж нийт 22 хүн оройн цагаар ирж судалгаа хийж маргааш өдөр нь буюу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ирж зураг авсан. Энэ нь ямар нэгэн алдаа, дутагдал хайж өөрсдийн гаргасан шийдвэрээ тулгаж байгаа хэрэг юм.

Онцгой байдлын ажлын хэсгийн дүгнэлтийг маргаан бүхий А/128 дугаар тушаалыг гаргахдаа үндэслэсэн. Гэтэл уг дүгнэлт нь “Т.М.Г” ХХК-д холбогдох дүгнэлт бөгөөд нэхэмжлэгч 2 сургуульд ямар ч хамааралгүй юм.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн саналын талаар дурдсан байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн санал, мөн оны 05 дугаар сарын 12-ны өдрийн саналууд нь юугаараа ялгаатай юм бэ? уг 2 саналд зөрүүтэй байгаа зүйл байхгүй байна. Засгийн газрын тэмдэглэл нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэл бөгөөд А******* дугаар тушаалаас өмнө гарсан нь процессын алдаа гаргасан.

Газрын тухай хуульд төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар нь Төсвийн байгууллагын удирдлага, Санхүүжилтийн удирдлагын тухай хууль, мөн бусад хуульд төрийн байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд зориулсан эрх бүхий албан тушаалтнаас тухайн газрын байршил, зориулалт, хэмжээг нь эзэмшүүлсэн байхаар тусгасан байдаг. Гэтэл Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын газар нь маргаан бүхий газрыг ямар зориулалтаар ашиглах талаар хавтас хэрэгт авагдсан баримт байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа нь авто зогсоол байхаар тусгагдсан. Гэтэл авто замтай холбоотой 1.1 га газар гэсэн эрх бүхий албан тушаалтан, төрийн байгууллагаас хэрэгжүүлэх төслийг гаргаж байхад яагаад илүү хэмжээгээр газар ашиглах эрхийг цуцалж нь үндэслэлгүй байна.  

Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэсний дагуу шийдвэрт тусгагдсан заалт байхгүй. Гэтэл хариуцагчийн үндэслэл болгосон  мөн хуулийн 46.2-т заасан үндэслэлийн дээд талд 46.1-т “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” гэж заасан. Харин хүчингүй болгоно гэсэн заалт байхгүй байгаа юм.

Мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах гэсэн заалт байдаг. Бидний гэрээний хугацаа дуусаагүй, Газрын тухай хуулиар олгогдсон газар ашиглах 2 жилийн хугацаа мөн дуусаагүй байсан. Үнэхээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол уг хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж Засгийн газар нь нөхөх олговортой асуудлыг шийдвэрлэж зохих шийдвэр гаргасны дагуу 42.3-т заасны дагуу “Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах” ёстой. Тушаал гаргахаасаа өмнө манай байгууллагатай тохирсон зүйл байхгүй. Хүчингүй болголоо гэж үзэхэд маргаан бүхий газар дээр байгаа барилга, байгууламж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй аж ахуйн нэгжүүдийн объектуудыг хэрхэн яаж зохицуулах талаар байхгүй. Мөн хуулийн 43.2-т “Бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгана” гэж заасныг огт хараагүй байгаа юм. Ийм учраас нэхэмжлэгч өөрсдийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж шүүхэд хандсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А******* дугаар тушаал дээр хууль зүйн үндэслэл нь Засгийн газрын эрх хэмжээ, төрийн байгууллагын эрх хэмжээг барьсан болохоос биш үнэлгээ болон бусад компаниудтай холбоотой асуудлууд ороогүй байсан.” гэжээ.

Нэхэмжлэгч “У”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...У нь газар ашиглах эрх аваад нэг жил ч болоогүй байхад 2017 оны 04 дугаар сарын 16-ны өдөр газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан. Дараа нь мөн оны 05 дугаар сарын 16-ны өдөр дахин нэмж хэсэгчлэн цуцалсан. Бид хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа, нарийвчилсан үнэлгээ зэргийг цаг тухай бүр нь явуулдаг. Хариуцагч нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна. Бид анх газар ашиглах эрх авсан өдрөөс одоог хүртэл нийтийн эрх ашгийг хамгаалж аялагч, жуулчлагч нарыг нэвтрүүлдэг, оруулахгүй хорьж байсан удаа байхгүй бөгөөд 7 хоногт 2 удаа талбайн хог хаягдлыг өөрсдөө цэвэрлэдэг. Авто замын зогсоолыг өвлийн улиралд бидний зүгээс шийдэж байсан. Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн дарга Н.Б, хуулийн хэлтсийн дарга нар хоосон талбайдаа түр зогсоол гаргачих гэсэн хүсэлтийн дагуу уг асуудлыг өөрсдийн хөрөнгө мөнгөөр түр зогсоолыг тодорхой хугацаанд гаргасан. Богдхан уулын газрын захиргаанаас зогсоол бүрээс 500 төгрөг авна, харин танайх тодорхой хэмжээний мөнгө нэмж үндсэн зогсоолын хөлсийг тогтоохоор шийдсэн. Бид нийтийн ашиг сонирхлыг хүндэлж ажилладаг.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Маргаан бүхий 3 га газрыг цуцлах үндэслэл нь Богдхан уулын Зайсангийн аманд Улаанбаатар хотын иргэд ая тухтай зугаалах, гадаад, дотоодын иргэдийн аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 2016 онд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны хөрөнгө оруулалтын 2.40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталсан. Уг хөрөнгөөр 2.5 км авто замыг шинэчлэх, 260 гаруй эзэмшлийн газар, дугуйн 60 зогсоолын талбай зэрэг иж бүрэн цогцолбор байгуулахаар зөвлөлдсөн. Улаанбаатар хотын дарга 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд уг ажлыг хийх 3 га газар хэрэгтэй байгаа учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яам Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг оруулж Засгийн газар 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж 20 дугаар тэмдэглэлийг гаргасан. Богдхан уулын дархан цаазат газар, горхи, тэрэлжийн айл өрх цогцолбор газарт Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт иргэд болон дотоод, гадаадын жуулчдын соёл амралтын хүрээлэнг бүрдүүлсэн нийтийн бие засах газар, авто машин болон дугуйн зогсоол бүхий цогцолбор барих болон онцгой шаардлага гарвал түргэн тусламж, цагдаа зэрэг шуурхай албаны үйлчилгээг саадгүй явуулах авто замын дэд бүтцийг барих, газрын асуудлыг шийдвэрлэх зэргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Сангийн сайд, Улаанбаатар хотын дарга болон холбогдох газруудад Үндэсний их баяр наадмын өмнө даалгасан.

Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хууль тогтоомж, Засгийн газрын 2016 оноос 2020 он хүртэлх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хуралдааны тэмдэглэл зэргийг үндэслэн дээрх 2 тушаал гаргасан.

Тушаалын хууль зүйн үндэслэлд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Монгол Улсын сайд хууль тогтоомжид нийцүүлж тушаал гаргах эрхтэй гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхтэй”, мөн Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно”, Засгийн газрын 2015 оны 324 дүгээр тогтоолд “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” буюу уг хөтөлбөрт аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, цогцолбор барьж байгуулах гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, эд баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь төрийн өмч гэж тодорхойлсон. Богдхан уулын дархан цаазат хэсэг нь төрийн өмч юм. Мөн хуулийн 6.4-т “Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно” гэж заасан. Төр нийтийн эрх, ашиг сонирхол нийцүүлэн тушаал гаргаж газрыг буцааж авах боломжтой. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх гэж байгаа учраас газрыг буцааж авах тушаал гаргасан. Энэ нь хууль тогтоомж зөрчсөн асуудал байхгүй.

Мөн нэхэмжлэгч нарын зүгээс маргаан бүхий захиргааны актыг урьдчилан мэдэгдээгүй гэж тайлбарлаж байна. Богдхан уулын дархан цаазад газраас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 04 дүгээр сарын 19-ний өдөр, 05 дугаар сарын 15-ны өдөр, 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу хууль ёсны ажиллагаа хийгдсэн гэж үзэж байна. Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэл зэргийг нотлох баримтын шаардлага хангуулж шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгч нар өөрсдийн хөрөнгөөр барьж байгуулан, хамтран ажиллах хүсэлт гаргасан гэх тайлбарыг хэлдэг боловч хүсэлт дээр ямар нэгэн хөрөнгө баталсан зүйл байгаагүй. Хамтарч ажиллах санал бүхий хүсэлт байсан. Захиргааны байгууллага нь хүсэлт хүлээж авах эсэх нь өөрсдийн эрх хэмжээний асуудал юм. 2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хөрөнгө баталсан учраас хүсэлтийг хүлээж авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нар нь Э” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад шууд хамаарагдах эзэмшлийн байгууллага юм. Төрийн бус байгууллага нь зорилгодоо нийцсэн үйл ажиллагааг явуулах ёстой. Зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд татан буугдана. Монголын Үндэсний их сургууль, Уид ямар нэгэн үнэлгээ байхгүй, тухайн газар юу хийх гэж байгаа нь тодорхой бус, төсөл, дүгнэлт мөн байхгүй. 2007 онд хийгдсэн үнэлгээ нь 5 жилийн хугацаатай байдаг. 2012 оноос хойш үнэлгээгүй хийлгэсэн зүйл байхгүй байна. Холбогдох төрийн байгууллагууд Э” ТББ-д хяналт шалгалт хийж удаа дараа зөрчил илрүүлж байсан. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх судалж үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан А*******, А/128 дугаар тушаалууд

нь Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолын дагуу гарсан.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасан “...Улсын тусгай хэрэгцээ”-ний талаар зайлшгүй тусгагдсан учраас нийгмийн тодорхой асуудлыг шийдвэрлэх үүднээс гарсан хууль ёсны, хүчин төгөлдөр тушаал юм. Шүүх өмчлөгчийн эрх, ашиглагчийн эрхийн талаас харж үзнэ үү гэж хүсч байна.

Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулиудаар  маргаан бүхий газар нь төрийн өмч юм. Өмчлөгч нь өөрийн өмчийг хэрхэн, яаж ашиглах нь өмчлөгчийн эрх хэмжээний асуудал юм. Мөн Улаанбаатар хотын 1 сая гаруй иргэдийн эрх, ашиг сонирхлыг бодож үзнэ үү.

Мөн нэхэмжлэгч 2 сургууль нь Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нь нотлогдсон. Харин Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэх тайлбарыг хэлж байгаа боловч Э” ХХК нь газрын төлбөрөөс зайлс хийхийн тулд нэхэмжлэгч 2 сургуульд газраа шилжүүлж өгсөн нь харагдаж байна. Газрын тухай хуулийн дагуу газрын төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа боловч Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр газрын төлбөрөөс чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор хэрэг бүртгэлийн ажил эхэлж хэрэг үүссэн байгаа.

Нийслэлийн бүх шатны төрийн байгууллагууд хуульд тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулж байгааг нь илрүүлж гаргасан. Мөн оюутнуудын эрх ашгийн талаар тайлбар хэлдэг боловч оюутнуудын төлөөлөл байхгүй байна. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж байгаа боловч нийгэмд үйлчлэхгүй байгаа нь нотлогдож хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Засгийн газрын хуралдаанд танилцуулга бэлддэг. Аялал жуулчлал нь улс орны тусгай хамгаалалттай байгалийн сайхан нутаг дэвсгэрт болдог. Бид горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, зогсоол хийх нь зөв юм. Засгийн газрын хуралдаанаар горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богдхан уулын дархан цаазат газар зэргийг ерөнхийд нь заасан байгаа. Засгийн газрын хуралдаанд аяллын маршрутыг танилцуулж байдаг. Маргаан бүхий эрх зүйн актууд нь Нийслэлийн төв агентлаг, Газрын тухай хуульд зааснаар Нийслэлийн газрын албанаас дүгнэлт гаргуулсан. Гэтэл энэ компани нь 2003 онд байгуулагдсан гэж үзэхэд улсын төсөвт нийт 3 тэрбум гаруй төлбөр төлөх байсан. Уг гаргасан дүгнэлтийг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн.

Монгол улсад газар ашиглах 3 эрх байдаг. Газар өмчлөх эрх нь насан туршийн өмчлөх эрх юм. Газар тухай хуулиар Монгол улсын иргэн нэг удаа үнэ төлбөргүй газар өмчилнө гэж заасан.  Газар эзэмших эрх нь 15-аас 60 жил 1 удаа сунгаж эзэмшинэ. Газар ашиглах гэдэг нь түрээсийн эрх юм. Монгол Улсын Засгийн газрын 2016 оноос 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн 5 дугаар хэсэгт аялал жуулчлалын гол зам, маршрутын дагуу олон улсын стандартын дагуу хийнэ гэсэн байдаг. Уг мөрийн хөтөлбөр нь практикт үндэслэлтэй гарч байгаа. Аливаа улс төрийн нам мөрийн хөтөлбөр дэвшүүлсний үндсэн дээр ард иргэд сонгодог. Монгол улсын нийт иргэд дэмжсэн байна гэдэг нь харагдаж байна.

Э” ХХК нь Монголын Үндэсний их сургууль, Уид тус газарт бөөгнөрөл их үүсч, хог хаягдал ихсэж, мөн авто зогсоолын асуудлыг шийднэ үү гэсэн асуудлыг удаа дараа тавьж байсан ч үүнийг биелүүлээгүй. 2016 онд Нийслэлийн Засаг даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд хамтран ажиллах санамж бүхий гэрээ байгуулсны үндсэн дээр 2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцээд 2.9 тэрбум төгрөгийг төлөвлөж 1976 оноос хойш авто зам шинэчлэгдээгүй тул соёл амралтын хүрээлэн хийх гэж байгаа юм.

 Нэхэмжлэгчийн зүгээс яагаад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгох гээд байгаа юм бэ? хувь хүн болон хуулийн этгээдэд олгож болоогүй юм уу? гэж маргадаг.  Хувь хүн болон хуулийн этгээдэд олгох юм бол ашиг сонирхол гарч болно. Тиймээс Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгох зөв юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн хаана ч ямар ч байгууллага ашиглаж, эзэмшиж болно. Хөдөө аж ахуйн сургуулийг хотоос гадагш гаргах асуудал яригдаж байгаа. Авто замын түгжрэлийг бууруулах ганц арга зам нь их дээд сургуулиудыг хотоос гадагш гаргах юм.  Хөдөө аж ахуйн сургуулийг хотоос гадагш гаргах гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд үнэлгээ, хүсэлт байхгүй, эко байгууламж байгуулна гэсэн нь дархан цаазат газрын төлөв байдлыг алдагдуулах ноцтой асуудал байгаа юм.

Анх 3 га газар гэж төлөвлөж 1.1 га газар дээр зогсоол хийхээс гадна авто ногоон байгууламж хийх асуудлыг шийдвэрлэх гэтэл тэр өдөр нь Засгийн газрын хуралдаан болж таараад биднийг материалаа танилцуул гэсэн. Засгийн газрын хуралдаанаар авсан зураг, танилцуулга, олон улсад байгальд ээлтэй эко авто зогсоол байдаг талаар танилцуулсан нь протоколд тусгагдсан байгаа.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:

“...Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэдэг нь Монгол улсын бүтээн байгуулалт, байгаль орчин, тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, аялал жуулчлалыг Монгол улсад хөгжүүлэх, дэлхийд таниулах, хамгаалах бодлого боловсруулдаг яам юм. Өнөөдрийн яригдаж байгаа асуудал нь зөвхөн 3 га газрын тухай биш юм. Энэ нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын 1 сая гаруй хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах их бүтээн байгуулалт явуулснаар иргэд чөлөөт цагаараа амрах, агаарын бохирдлоос хол эрүүл, аюулгүй орчинд байх асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг Засгийн газар хэлэлцээд өөрсдийн хүрээнд гаргасан асуудлаа шийдвэрлэхээр өөрсдийн тушаалаа гаргасан. Нэхэмжлэгч байгууллага нь тусгай хамгаалалттай газарт нийт 40 гаруй га газартай. Иргэн хүний хувьд 0.7 га газарт 500 метрт га газрыг авахад маш хүндрэлтэй байдаг. Нэхэмжлэгчийн хувьд бүхэл бүтэн 40 гаруй га газрыг тусгай хамгаалалттай газарт авч, Богдхан уулын амыг хашиж зогсоол хийж хөрөнгө оруулсан тул үүнийгээ хамгаална гэх юм. Анхнаасаа зориулалт нь биш байсан юм. Нийслэлээс хийх бүтээн байгуулалтын асуудлыг шүүх харгалзан үзнэ үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах эрхийг хуулиар зөвшөөрсөн. Монголын Үндэсний их сургууль болон Уийн сургуулиудын талбайгаас хэсэгчлэн тасалж шийдвэр гаргах процесс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “...Зөвшөөрөгдсөн аялал, жуулчлалын зам, чиглэлийг тэмдэгжүүлэх, шаардлагатай орон байр барих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах, биеийн тамирын болон нийтийн бусад арга хэмжээг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд тавьж шийдвэрлүүлэх эрхтэй” гэж заасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж тухай газар нутагт аялал жуулчлалын зогсоол байгуулах ажлыг шийдвэрлэсэн. Мөн аялж байгаа иргэдийн ая тухтай байдал, нийтийн зориулалтын бие засах газар, авто машины зогсоол, хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх талаарх асуудал тодорхой бус байсан.

Захиргааны хуулийн дагуу мэдэгдэх процесс хийгдээгүй гэж байна. Энэ нь 2017 оны 04 дүгээр сард байгаль хамгаалагч н.Ц*******,Н.С нараар тухайн сургуулийн зоогийн газрын хүнд А******* дугаар тушаалын мэдэгдлийг хүргэж өгсөн. Үүний дараагаар цуцлагдсан талаар мэдээллийг Монголын Үндэсний их сургуульд авчирж өгсөн. Мэдэгдэх процесс явагдаагүй биш бүх үйл ажиллагаа хийгдсэн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.    Сонсох ажиллагааны талаар:

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № А/116 дугаар тушаалаар  нэхэмжлэгч Монголын Үндэсний их сургуульд 15.5 га газрыг эко сургуулийн зориулалтаар, мөн сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн № А/189 дүгээр тушаалаар  нэхэмжлэгч Монголын Үндэсний их сургуульд 10 га газрыг, нэхэмжлэгчУ.П 12.7  га газрыг аялал жуучлалын зориулалтаар тус бүр 5 жилийн хугацаатайгаар Богдхан уулын дархан цаазат газарт олгож, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн гэрээ  байгуулж, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрчилгээ  олгожээ.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № А******* дугаар тушаалаар  нэхэмжлэгч Монголын Үндэсний их сургуулийн газраас 4719.4 м2 газрыг, нэхэмжлэгч Универсал политехникийн коллежийн газраас 6567.5 м2 газрыг тус тус хэсэгчлэн цуцалж, Мөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № А/128 дугаар тушаалаар  нэхэмжлэгч нарын ашиглаж буй газраас нийт 1.9 га газрыг хэсэгчлэн цуцалж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд олгожээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заажээ.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн № 217 , 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн № 338 тоот албан бичгүүдээр мэдэгдэл  хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь  маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх бүхий байгууллага, албан тушаалтан биш бөгөөд уг мэдэгдэлд хуулиар тухайлан заасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар 27.3-д заасан мэдээллийг дуусаагүй байх тул маргаан бүхий захиргааны актуудтай холбоотойгоор сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2.    Маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийн талаар:

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № А******* дугаар тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № А/128 дугаар тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг тус тус баримталсан нь хуульд нийцээгүй байна.

Учир нь талуудын хооронд байгуулсан Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцална” гэж заасан байх бөгөөд  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно” гээд хуулийн 1/  Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 2/  тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэжээ.

Мөн газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдийг дурьдсан байх бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгч нарын  газар ашиглах эрхийг хөндсөн нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцээгүй байна.

Хэдийгээр Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Засгийн газар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмшигч, ашиглагчтай урьдчилан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг тодорхой хугацаатайгаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглаж болно” мөн хуулийн 46.2-т “Засгийн газар нийгмийн зайлшгүй шаардлагыг үндэслэн бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг уг шаардлага арилтал захиргааны журмаар нийтийн эдэлбэрт болон тусгай хэрэгцээнд төлбөртэй буюу төлбөргүйгээр ашиглах тухай шийдвэр гаргаж болно” гэж тус тус заасан хэдий ч хууль тогтоогчоос иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хязгаарлахдаа тодорхой нөхцөлүүдийг /урьдчилан тохиролцох, тодорхой хугацаатайгаар эсхүл уг шаардлага арилтал, төлбөртэй эсхүл төлбөргүй/ нарийвчлан тусгажээ.

Гэтэл хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч нартай хуульд заасан дээрх нөхцөлүүдийг тохироогүй байх бөгөөд уг Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасан заалт нь ашиглах эрхийг цуцлах харилцааг зохицуулаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн № А/121 дүгээр тогтоол -оор ажлын хэсэг байгуулсан байх бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн № 02-04-127/495 дугаар дүгнэлт, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн № 2/728 тоот “Асуудал шийдвэрлэх тухай” албан бичиг, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн № 01/174 тоот “Богдхан амралтын газрын тухай” албан бичиг, Нийслэлийн Цагдаагийн газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн № 14в/878 тоот “Нөхцөл байдлын талаар” албан бичиг, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн № 14/3865 тоот “Танилцуулга хүргүүлэх тухай” албан бичиг, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн № 03/1635 тоот “Барилга байгууламжийн зөрчлийн тухай” албан бичгүүдийг тус тус Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлжээ.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ Нийслэлийн иргэдийн ая тухтай амарч зугаалахад зориулан авто машин болон дугуйн зогсоолын цогцолбор, үйлчилгээ, нийтийн бие засах газар, хог хаягдлын нэгдсэн цэг, цагдаа, онцгой байдал, түргэн тусламж зэрэг шуурхай албаны авто машин саадгүй нэвтрэх авто замын дэд бүтэц барих зорилготой гэж тайлбарлажээ.

Дээрх ажлын хэсгийн дүгнэлтүүд нь маргаан бүхий Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № А******* дугаар тушаал гарсны дараагаар хийгдсэн байх бөгөөд мөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № А/128 дугаар тушаалын хувьд нэхэмжлэгч нарт хамааралгүй гэж үзэхээр байна.

Учир нь Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № А/116, мөн сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн № А/189 дүгээр тушаалуудаар Э” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, нэхэмжлэгч нарт газар ашиглах зөвшөөрлийг шинээр олгосон байх бөгөөд уг тушаалуудтай хэргийн оролцогч нар маргаангүй болно.

Нөгөөтэйгүүр хариуцагчаас маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа нэхэмжлэгч нарын ашиглаж буй газрын орц, гарцыг хаасан болох нь тус шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогч нарын тайлбар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн № 2/1901 тоот албан бичгийн хавсралт агаар сансрын зураг зэргээр нотлогдож байна.

Иймд Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № А*******, мөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № А/128 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын Үндэсний их сургууль, Универсал политехникийн коллежийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № А*******, мөн сайдын 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн № А/128 дугаар тушаалын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгөөс 35100, 35100 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт хуваан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

   

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ