Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1645

 

 

 

 

 

 

 

 

 

Капитал банкны нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2016/00333 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлтэй,  

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот актыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Лувсанцэрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Нандинтуул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр Дархан хөвөн /тухайн үеийн нэрээр Эрдэс хөвөн/ ХК-иас 322 300 000 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Үйлдвэрийн дүүрэгт байрлах, Улсын бүртгэлийн Ү-20030022780 дугаарт бүртгэгдсэн 1200 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний барилга, Дархан сумын Амгалан толгой, Буурал уул нэртэй газар орших 8 гектар талбай бүхий ашигт малтмалын 7032А тоот лиценз зэрэг эд хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь 2007 оноос шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж борлогдоогүй эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д “Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана” гэж заасны дагуу төлбөр авагч талд санал болгосон. Төлбөр төлөгч Дархан хөвөн ХК-иас Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан 2015 оны 12-р сарын 03-ны өдрийн №1/78 тоот албан бичгээр төлбөртөө тооцон барьцаа хөрөнгүүдээ хүлээлгэн өгөх тухай албан тоот өгсөн. Санал болгох ажиллагаанд бүх төлбөр авагчид оролцож чадаагүй хэдий ч тэдгээр нь өөр хоорондоо холбоотой этгээдүүд байсан бүгд л мэдсэн атлаа, зарим нь ирж оролцоогүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь өөрөө бүх зүйлийг хянаж хийж байгаа үед бид хуулийн дагуу гэж ойлгох нь зүйн хэрэг.

Ингээд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг бидэнд санал болгосны дагуу 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Хураан авсан эд хөрөнгийг шилжүүлэх тухай акт үйлдэн төлбөр авагч Капитал банкинд шилжүүлэн өгсөн. Үүний дагуу төлбөр авагч Капитал банкинд дараах эд хөрөнгийг шилжүүлсэн. Үүнд: Дархан Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт байрлах 1296 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 24 м.кв талбайтай ажилчдын байр, үйлдвэрлэлийн зориулалттай 3888 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, уурын зуухны зориулалттай 289 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, цехийн барилгын зориулалттай 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, конторын зориулалттай 1296 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Капитал банкны барьцаанд байсан 32716 м.кв гэх боловч угтаа 29000 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх бүхий газар, Үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг болно.

Эдгээр хөрөнгийг Капитал банк шилжүүлэн авснаар төлбөр төлөгчийн нийгмийн даатгалын өр, газрын албаны өр, 2 иргэнд төлөх өрүүдийг төлж, Би Ди Сек компанитай банкны байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуух үүргийг гүйцэтгэсэн болно. Өөрөөр хэлбэл шилжүүлэн авсан эд хөрөнгөөр Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн алба, Газрын алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54-р зүйлд заасны дагуу бусдад төлөх төлбөрийг төлж барагдуулсан. Мөн Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд зардал, урамшууллын гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 16 118 150 төгрөг шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Гэтэл Дархан хөвөн ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Байгаль нь Шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасны дагуу Улсын байцаагчийн 2016 оны 03-р сарын 03-ны өдрийн №08 тоот актаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133-р зүйлийн 133.4.2-д “Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох” гэсэн заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцсон байна.

Дээрх улсын байцаагчийн акт нь илтэд төлбөр төлөгч талд үйлчилсэн, ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн үзэж байгаа болно.

Капитал банкны зүгээс Улсын байцаагчийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн №08 тоот актыг хүчингүй болгох асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад өргөдөл гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн №1/1242 тоот албан бичгээр “...Дархан-Уул аймаг дахъ Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн Хураан авсан эд хөрөнгийг шилжүүлэх тухай 3/38 дугаар акт, мөн өдрийн 01/5202 дугаар мэдэгдлийг Улсын байцаагчийн 2016 оны 08 дугаар актаар тус тус хүчингүйд тооцсон нь хууль зөрчөөгүй байна. Улсын ерөнхий гүйцэтгэгчийн актыг эс зөвшөөрвөл шүүхэд хандан гомдлоо шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэсэн хариу өгсөн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №08 тоот актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төлбөр төлөгч Дархан хөвөн ХК-д холбогдох 1.1 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 15 гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр Дархан хөвөн /Эрдэс хөвөн/ ХК-аас 322 300 000 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгож, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Үйлдвэрийн дүүрэгт байрлах, улсын бүртгэлийн Ү-20030022780 дугаарт бүртгэгдсэн 1200 м.кв талбай бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний барилга, Дархан сумын Амгалан толгой, Буурал уул нэртэй газар орших гектар талбай бүхий ашигт малтмалын 7032А тоот лиценз зэрэг хөрөнгөөр нэхэмжлэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдахаар зарлаад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 38 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь 2015 оны Хураан авсан эд хөрөнгийг шилжүүлэх тухай 3/38 тоот актаар 1296 м.кв талбайтай конторын барилга, 260 м.кв талбайтай механик цехийн барилга, түүхий эдийн агуулахын барилга, 1296 м.кв талбайтай вагранк зуухны барилга, 3888 м.кв талбайтай үйлдвэрийн үндсэн корпусын барилга, 24 м.кв талбайтай харуулын барилга, 1400 м урттай ачилт буулгалтын төмөр зам, 32716.7 м.кв талбайтай эзэмшлийн газрыг төлбөр авагч Капитал банкинд шилжүүлжээ. Дээрх актыг үндэслэн 1200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банкинд төлбөрт тооцон шилжүүлэхээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн 2115 оны 01/5202 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна. Шүүхийн шийдвэр болон барьцааны гэрээнд 1200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө гэж заасан байхад актаар шилжүүлсэн эд хөрөнгө зөрүүтэй, төлбөрт тооцон санал болгох ажиллагааг нийт төлбөр авагчдад мэдэгдэж, зохион байгуулаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг зөрчсөн тул Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хураан авсан эд хөрөнгийг шилжүүлэх тухай 3/38 дугаар акт, мөн өдрийн 01/5202 дугаар мэдэгдлийг, Улсын байцаагчийн 2016 оны 08 тоот актаар тус тус хүчингүйд тооцсон. Дархан хөвөн ХК, Капитал банкинд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй бөгөөд төлбөр төлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд, шүүх хуралдааны тов зарлагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасны дагуу аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны талаар гарсан гомдлыг хянан, Улсын ерөнхий гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөсөн нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Капитал банкинд “Дархан хөвөн” ХХК-иас шилжүүлсэн барьцааны зүйлээс бусад эд хөрөнгүүд албадан дуудлага худалдаагаар орсон эсэх нь тодорхойгүй байна гээд барьцаа хөрөнгүүдээс бусад үл хөдлөх эд хөрөнгүүдийг Капитал банкинд санал болгохоос өмнөх шатанд албадан дуудлага худалдаанд оруулсан байх ёстой гэсэн хуулийн шаардлага биелэгдсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын улсын ерөнхий байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №08 тоот актанд албадан дуудлага худалдаагаар оруулаагүй эсэх талаар дурдаагүй бөгөөд албадан дуудлага худалдаагаар оруулаагүй тул эд хөрөнгө шилжүүлсэн актыг хүчингүй болгосон талаар нотлох үүрэг нь хариуцагчид байх ёстой гэж үзэж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу тодорхой үүргийг хангахын тулд тодорхой эд хөрөнгийг тооцон шилжүүлэхэд төлбөр төлөгчид буцааж зөрүү төлбөр төлөхөөр байвал уг төлбөр авагч нь төлбөр төлөгч болон бусад төлбөр авагчийн үүргийн зөрүү төлбөрөөр хангах боломжтой байна. Энэ нь Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд нийцсэн зохицуулалт болно. Гэвч “Би Ди Сек” ХХК-иас бусад төлбөр авагч хуулийн этгээд, иргэдтэй ийм тохиролцоо хийсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 54 дүгээр зүйлийн 54.2-т заасныг буруу хэрэглэж ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, 54 дүгээр зүйлийн 54.2-т төлбөр авагч нь бусад төлбөр авагчийн төлбөрийг төлсөнөөр хөрөнгийг шилжүүлэн авч болохоор заасан байдаг боловч заавал бусад төлбөр авагчтай тохиролцоо хийх зохицуулалт байдаггүй бөгөөд  Капитал банк нь бусад төлбөр авагч буюу нийгмийн даатгалын өр, газрын албаны өр, 2 иргэнд төлөх төлбөрүүдийг төлж тухайн хөрөнгүүдийг шилжүүлэн авсан байдаг. Мөн түүнчлэн дээрх маргаан бүхий 08 тоот актанд дурдахдаа Капитал банкны гомдлоор холбогдох гүйцэтгэлийн баримт бичгийг хянаж шийдвэрлэсэн мэт бичигдсэн байдаг. Гэтэл Капитал банк нь тухайн гүйцэтгэлийн баримт бичиг буюу хөрөнгө шилжүүлсэн актыг хянуулахаар гомдол гаргаж байгаагүй. Төлбөр авагч буюу Капитал банкны өөрийнх нь гомдлоор тухайн хөрөнгө шилжүүлсэн актыг хянаж хүчингүй болгож шийдвэрлэсэн хэмээн тухайн маргаан бүхий актад дурдсан байгаа нь илт худал бөгөөд төлбөр авагчийн эрх ашгийг илт дордуулсан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.     

            Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан тус газрын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын улсын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот актаар Дархан-Уул аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хураан авсан эд хөрөнгийг шилжүүлэх тухай 3/38 дугаар акт, мөн өдрийн 01/5202 дугаартай мэдэгдлийг хүчингүйд тооцсон байна.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар шийдвэрээр “Дархан хөвөн” /Эрдэс хөвөн/ ХК нь зээлийн гэрээний үүрэгт 321 593 533 төгрөг Капитал банкинд төлөхийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 1200 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний барилга, ашигт малтмалын 032А тоот лицензийг “Дархан хөвөн” ХК нь барьцаалсан талаар талууд маргаагүй. Төлбөр төлөгч “Дархан хөвөн” ХХК нь уг шийдвэрээс гадна 15 гүйцэтгэх баримт бичгийн дагуу бусдад 823 300 000 төгрөгийн төлбөртэй талаарх 08 тоот актад дурдагдсан үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 88 дугаар шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага явуулсан боловч үнийн санал ирээгүйгээс хөрөнгө худалдан борлогдоогүй, улмаар уг хөрөнгийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгожээ.

            Ийнхүү шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санал болгох хөрөнгө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгө байх байтал “Дархан хөвөн” ХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдаагүй 260 м.кв талбайтай механик цехийн барилга, түүхий эдийн агуулахыг барилга, 1296 м.кв талбайтай вагранк зуухны барилга, 3888 м.кв талбайтай үйлдвэрийн үндсэн корпусын барилга, 24 м.кв талбайтай харуулын барилга, 1400 метр урттай ачилт буулгалтын төмөр зам, 32 716 м.кв талбайтэй эзэмшлийн газрыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна.

            Түүнчлэн 15 гүйцэтгэх хуудасны дагуу төлбөр авах бусад этгээдүүд нь төлбөр төлөгчийн бүх хөрөнгө /барьцаалагдсан болон барьцаалагдаагүй/-д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд ажиллагаа бүрт оролцох эрхтэй болно.

            Иймд албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг явуулахдаа Капитал банкнаас бусад төлбөр авагчид мэдэгдээгүй гэх үндэслэлээр холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон хариуцагч байгууллагын улсын байцаагчийн 08 тоот акт үндэслэлтэй болжээ.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь төлбөр төлөгч “Дархан хөвөн” ХК-ийн бусдад төлөх төлбөрийг төлөх замаар хөрөнгийг шилжүүлж авсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зохицуулалт нь төлбөр төлөгч иргэнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах тул төлбөр төлөгч бусад этгээдүүдийн төлбөрийг төлөх байдлаар хөрөнгийг шилжүүлж авсан нь хууль зөрчөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай болжээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо оновчгүй найруулсныг зөвтгөх нь зүйтэй байна.

            Шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт шүүхийн нэрийг буруу бичсэнийг, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн нэрийг, 3 дахь заалтад шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг хүчин төгөлдөр болох гэж тус тус буруу бичсэнийг, давж заалдах гомдол гаргах этгээдийг нэхэмжлэгчээр хязгаарласан алдаа гаргасныг зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2016/00333 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн “Баянзүрх, Сүхбаатар” гэснийг хасч, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох тус газрын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот актыг хүчингүй болгуулах тухай Капитал банкны гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...хүчин төгөлдөр...” гэснийг “...хүчинтэй...” гэж өөрчилж, “үүрэгтэй,” гэсний дараа “тогтоосон хугацаанд” гэж нэмж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...нэхэмжлэгч, түүний...” гэснийг “зохигч, тэдгээрийн” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч Капитал банк гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                           ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН