| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0015/э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 14
2020 оны 01 сарын 09 өдөр 2020/ШЦТ/14 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох 1930005530007 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1983 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны монтёр мэргэжилтэй, “Д” төрийн өмчит хувьцаат компаний Сүхбаатар аймаг дахь салбарын Баяндэлгэр суман дахь цахилгааны монитёр ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.Б.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг ... тоотод Г.Дэлгэрцогтын гэрт согтуугаар хохирогч М.Гг зодож эрүүл мэндэд “зүүн хархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1930005530007 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 22-ний орой 19 цагийн үед найз Н төрсөн өдөртөө урьсан болохоор очсон юм. Тэнд ууж идээд эхнэр Атай муудаж маргалдсан, улмаар эхнэр 3 хүүхдийг М гэх залуу гэрт аваачиж өгсөн гэсэн. Би үлдээд Ганаа гэх найзтайгаа хууч хөөрч байснаа мэдэж байна тэрнээс хойш юу ч санахгүй байна. Нэг сэрэхэд Дэлгэрцогтын гэрт унтаж байсан. Гэрэлтуяагийн хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/
Хохирогч М.Ггийн: “2019 оны 11 дүгээр сарын 22-нд Нийн төрсөн өдөрт 16 цагийн үед очоод би архи уухгүй, хоол ундаа болохоор буцаад дуудаарай гээд харьсан Тэгээд 21 цагийн үед Н рүү ярихад хоол болж байна ирж идээрэй гэхээр нь очиход хүмүүс архи, согтууруулах ундаа хэрэглэж байсан. Би ширээн дээр нь байсан салатыг хутгаж байхад А хүнтэй маргалдсан. Уг асуудлаас болоод нөхөр нь болох Баярсайхан уурлаж босож ирээд эхнэр Агаа цохисон. Тухайн үед цуг явж байсан Б.Бы гурван хүүхэд нь уйлсан. Тэгтэл А гурван хүүхдээ аваад явлаа гэхэд Б.Б хамт явъя гэхэд нь А наадахаа аваад үлд гээд гарсан. Би тэр үед салатаа аягалаад идээд сууж байтал гаднаас Баярсайхан орж ирээд миний өөдөөс хараад суухаар нь “чи чинь гурван хүүхдээ манайд хононо гэж байхад нь манайд хонуулчихгүй согтуу хүмүүсийн дунд нус нулимстай нь хутгаад аваад явж байх юм” гэхэд “чамд миний амьдрал хамаагүй” гэж орилонгүй байдлаар хэлэхээр нь би “чиний амьдралд оролцоогүй” гэхэд шууд миний нүүр рүү цохихоор нь дальдраад “Баяраа чи яаж байгаа юм” гээд эргээд харахад ахиж цохисон. Тэгээд хамраа дараад үзэхэд хамрын зүүн тал нүд рүүгээ чихэгдээд гараад ирсэн байсан тул Отгонхишигтэй эмнэлэгт очиж үзүүлсэн. Хамар хугарсан, нүдний ухархайны яс хугарсан, зүүн нүд хавдаж хөхөрсөн. Намайг яаралтай 2 хагалгаанд орох шаардлагатай гэсэн мөн эмнэлгээр явсан болон үзүүлсэн зардлуудаа төлүүлэх хүсэлтэй байна. Намайг зодсноосоо хойш ямар нэг гэмшсэн зүйлгүй байгаад нь гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-7 хуудас/
Гэрч Б.Нийн: “Миний төрсөн өдөр уг өдөр болдог юм. Төрсөн өдрөөрөө найз нөхөд гээд хүмүүсийг дуудаж идэж уусан. Би тухайн үед хүүхдээ хөхүүлээд байж байхад хүмүүс хүүш яаж байгаа юм гэхэд нь эргээд харахад Гэрэлтуяа нүүрээ бариад цохичихлоо гэсэн. Зэрвэс харахдаа алгадлаа гэж харсан. Баярсайхан уусан байсан, Гэрэлтуяа эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/
Гэрч Х.Оийн: “Манай найз Нийн төрсөн өдөр болж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай гэр бүлийг баяртаа урьсан юм. Урилга аваад нөхөр бид хоёр Нийн гэрт 18 цагийн үед очсон юм. Баярт ирсэн хүмүүс архи хоол унд идэж байсан, харин би уугаагүй юм. Тэгээд 21 цагийн үед М.Г Нийнд ирээд 20 орчим минут болсон. Тухайн үед би Нийн гэрт салат хутгачихаад угаалтуурт нь гараа угаагаад зогсож байсан чинь Гэрэлтуяа “Баяраа чи намайг цохичихлоо” гээд хамраа барьснаа хамар цөмөлчихсөн байна” гээд орилоод байхаар нь тэндээс савх хайгаад олдоогүй. Тухайн үед би Гэрэлтуяаг дагуулаад эмнэлэг орж үзүүлэхэд хамрын яс нь дотогшоо цөмөрсөн байна гээд түргэн тусламж үзүүлээд цаашид нарын мэргэжпийн эмчид үзүүл гэсэн зөвлөгөө өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/
Гэрч Л.Мын: “Манай хөрш Нийн төрсөн өдөр болж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед тэднийд орсон юм. Хүмүүс архи задалж ууцгаасан. Тэгээд 21 цагийн үед байх М.Г Нийнд ирээд сууж байсан тухайн үед Ганзориг гэх залуутай юм яриад сууж байтал Гэрэлтуяа гэнэт миний хамрыг Баяраа цохичихлоо гээд орилоход манай эхнэр Отгонхишиг эмнэлэг явъя гээд дагуулаад гарсан. Отгонхишиг, Ганзориг, Одонтунгалаг Н нар байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтэнд“1.М.Ггийн биед зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрсөн хугарал хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо үйлчлэлээр үүсгэгдэх боломжmой.3. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх /хх-32-33 хуудас/,
Хохирогч М.Ггийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 21-31 хуудас/
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар сарын Засаг даргын 2019 оны 12 дугаар 27-ны 469 дугаартай тодорхойлолт /хх-ийн 45 хуудас/
Шүүгдэгч Б.Бы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46 хуудас/
Б.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50 хуудас/
Хохирогч М.Ггийн аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт /хх-51 хуудас/,
Шүүгдэгч Б.Бы аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт /хх-52 хуудас/,
Хохирол төлсөн баримт /хх-ийн 56 хуудас/
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/01 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-57 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг ... тоотод согтуугаар хохирогч М.Гг зодож эрүүл мэндэд нь “зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны зөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бы мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч М.Г, гэрч Б.Н, Х.О, Л.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бы гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Бы энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Бы хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч М.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Бы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Б.Бы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА