| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0018/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 17
2020 оны 01 сарын 14 өдөр 2020/ШЦТ/17 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Ад холбогдох 1930005110017 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Хот тохижилт үйлчилгээний газарт ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Э.А.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Э.А нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Б бааранд хохирогч Г.Оыг зодож, эрүүл мэндэд нь “ баруун талын төмсөгний няцрал, хуухнагт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос манай эхнэрийн хоёр найз ирээд бид нар Б бааранд орсон. Би баарны ариун цэврийн өрөөнд тамхи татаад зогсож байхад Г.О орж ирсэн. Тэнд бид хоёр бие биенээ нэг нэг удаа цохьсон. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гараад суудал дээрээ ирээд сууж байхад Г.О миний сууж байсан сандал руу өшиглөөд байсан. Түүнээс нь болж бид муудалцсан гэв.
Эрүүгийн 1930005110017 дугаартай хэргээс:
Хохирогч Г.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хохирогч Г.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баасан гариг байсан бөгөөд найзууд Ж, Анхаа\ бүтэн нэрийг нь мэдэхгүй\ нарын хамт 21 цаг өнгөрөөгөөд Баруун-Урт сумын 3 дугаар багт байрлах “Б” баар руу орж хүн нэг нэг шилтэй пиво авч уусан. Бааранд ороод 22 цагийн орчим би ганцаараа бие засах өрөө рүү ортол А ганцаараа байсан бөгөөд хажуугаар зөрөөд өнгөртөл намайг мэндэлсэнгүй гээд дуудахаар нь очтол намайг заамдаж аваад миний уруул руу цохисон. Би араас нь ширээн дээр нь очоод “яагаад намайг цохиж байгаа юм” гэтэл Атэй цуг явж байсан залуу ирээд миний зүүн талын шанаа руу гараараа цохисон. Шанаа руу цохиулснаас болж надад ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Энэ үед хажуунаас А миний баруун талаас миний эмзэг эрхтэн буюу төмсөг рүү өшиглөсөн. Үүнээс болж миний төмсөг хавдаж бөөр өвдөж байсан. Одоогоор бөөр гайгүй болсон. Хэд хоногоос эмнэлэгт үзүүлж шинжилгээ өгнө. Болохгүй бол авна гэсэн. Би Амараа гэдэг нэрийг нь мэдэх болохоос ямар нэгэн харилцаа байхгүй урьд өмнө нь хоорондоо маргалдаж муудаж байсан удаа байхгүй. А нь архи согтууруулах ундааны зүйс хэрэглэсэн байсан ширээн дээр нь хэдэн пиво харагдаж байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 5-7 хуудас/
Гэрч Г.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:” Э. А нь миний нөхөр хүүхдийн маань аав байгаа юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нөхөр Э.Агийн хамт байж байтал Улаанбаатар хотоос ирсэн Баяржаргал, Хонгорзул нар манай гэрт ирж орой 18 цагийн орчим “Смайл” караоке орж тэнд 2 цаг орчим сууж байгаад шууд Б баар руу орсон. Тэнд хүний нэг нэг пиво авч уусан юм. Тэгээд бид дөрөв нэг ширээнд сууж байтал манай нөхөр гарч яваад удалгүй буцаад орж ирээд ширээндээ сууж байтал танихгүй залуу ирээд манай нөхөр Агийн сууж байсан сандалыг ирээд өшиглөсөн. Ингээд А суудлаасаа босч тэр залуутай маргалдаж хоорондоо зууралдсан. Тухайн үед би босоод миний араас Баяржаргал босч салгасан. Манай нөхөр А нь Отгонбаярын төмсөг рүү өшиглөж байхыг нь хараагүй ямар байсан хоорондоо зууралдаж байсан. Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ч гэсэн болсон асуудлыг санаж байна. Тухайн үед Отгонбаяр, А нарыг салгахад Отгонбаяр нь араас нь харахад зүгээр байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10хуудас/
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны11 сарын 25-ны өдрийн 615 дугаартай дүгнэлтэд: 1. Г.Оын биед баруун талын төмсөгний няцрал, хуухнагт цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэсэн байна. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 12 хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13 хуудас/
Э.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 хуудас/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5/15 дугаартай тодорхойлолт /хх-ийн 30 хуудас/
Шүүгдэгч Э.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 хуудас/
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 37 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.А 2019 оны 11 дүгээр сарын 22-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах Б бааранд хохирогч Г.Оыг зодож, эрүүл мэндэд нь “ баруун талын төмсөгний няцрал, хуухнагт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Агийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.О, гэрч Г.Элбэгзаяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 615 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Агийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Э.Агийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Агийн хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Э.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Г.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Ад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Э.Агийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Г.От 300 000 төгрөг төлөхөө илэрхийлж, эвлэрсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Э.Ад оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Э.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.А нь хохирогч Г.От гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА