| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0011/э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2020-01-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 19
2020 оны 01 сарын 17 2020/ШЦТ/19 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г.Мд холбогдох 1930002660294 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г.М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч 2019 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Мандахын 11-00 тоотод иргэн Н.Тыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би архи хэтрүүлэн хэрэглэж, хүн зодсоноо мэдэж байгаа. Би Н.Тын биед халдсан нь үнэн. Гэхдээ би чулуугаар биш гараараа л цохьсон. Би чулуугаар цохиогүй. Манай гэрийн ойр хавьд чулуу байхгүй. Тухайн үед халуун зун байсан учраас би гэртээ нимгэн хувцастай сууж байсан. Тиймээс гараараа цохьсон. Би хоол, түлээ, нүүрсээ авалгүйгээр хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн мөнгө болон эмчийн магадлагааны 50.000 төгрөгөө цуглуулж байгаад хохирогчийн эмчилгээний мөнгийг төлсөн. Н.Тад 600.000 төгрөг төлж барагдуулсан, гомдолгүй гэсэн.
Би согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг. Гэхдээ өнгөрсөн 10 сараас хойш архи амсаагүй. Би одоо архи уухгүй. Хөдөлмөр, халамжийн төвөөс төлбөрийн чадваргүй гэсэн бичиг авчирч өгөөд өмгөөлөгч авсан. Би бие муутай, сэтгэцийн эмгэгтэй хүн. Эмнэлэгт хэвтэж байгаад саяхан гарсан. Би хоёр охинтой. Сэтгэцийн эмгэгтэй гээд группийн мөнгө авдаг. Бага охин асрамжийн газар амьдардаг. Одоо 5 дугаар ангид сурдаг. Том охин анагаахын их сургуульд төгссөн. Одоо дахин сурч байгаа. Би өөрөө Сүхбаатар аймагт гэртээ ганцаараа амьдардаг.
Н.Тад хүнд хохирол учруулснаа ойлгож байна, гэмтэл учруулсанд маргах зүйл байхгүй. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирлоо төлсөн. Би 2 жил 01 сарын хугацааны хорих ялыг эдэлж чадахгүй. Би хог цэвэрлэх, замын цас цэвэрлэх болон өөр хүнд ажил бол хийж чадна..гэв.
- Хохирогч Н.Тын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 09-ний өглөө “Баян зээрд” дэлгүүрийн гадаа Билгүүн, Сүхпүрэв, Нацагдорж, Эрдэнэбаяр нарын хамт 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архи хувааж ууцгаасан юм. Дараа нь “Эрдэнэ-Шарга” дэлгүүрээс Жаргал гэх эмэгтэй өөр нэрийг нь мэдэхгүй хүүхэнтэй хамт 0.5 литрийн архи худалдаж авч хувааж ууцгаасан. Тэгээд автовогзал дээр ирж М, Д.Б, Жаргал нарын хамт Мгийн гэр рүү очиж 2 шил архи хувааж ууцгаасан бөгөөд би архиндаа согтож зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан М нь намайг нэг зүйлээр цохиод авсан. Тухайн үед миний ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь аймгийн нэгдсэн эмнэлэг дээр сэрсэн. Миний зүүн нүд сохорсон бөгөөд Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж сохорсон зүүн нүдээ авахуулж шайриг суулгасан. Надад өөр гэмтэл бэртэл гэх зүйл учраагүй. Хэрэг явдал 2019 оны 06 дугаар сарын 09-ний орой болсон. Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 06 цагт эмнэлэг дээр сэрсэн. Надаас мэдүүлэг авах үед миний биеийн байдал сайнгүй байсан бөгөөд зарим нэг зүйлийг санахгүй байсан. Одоо бол Г.М намайг нэг зүйлээр миний зүүн нүд рүү цохисон гэдгийг тод сайн санаж байна. Надтай хамт Жаргал, Д.Б хоёр Г.Мгийн гэр рүү явсан. Тэр хоёрыг байсан эсэх талаар би мэдэхгүй байна. Мөн анх мэдүүлэг өгөхдөө Эрдэнэхүүг байсан гэж мэдүүлсэн байсан. Эрдэнэхүү хэрэг болох үед байгаагүй гэдгийг сүүлд нь мэдсэн. Ямар учраас цохисон талаар би мэдэхгүй. Би Г.Мтай маргалдаж муудаж байсан удаа байхгүй. Би Г.Мг ямар амьдралтай хүн гэдгийг сайн мэднэ. Сая Улаанбаатар хотод очиж хоёр удаа хагалгаанд орсон. Хагалгаанд орохдоо 1.200.000 төгрөг гаргасан. Энэ мөнгийг би нэхэмжлэхгүй. Харин би 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр хиймэл нүд хийлгэнэ. Энэ хагалгаа 600.000 төгрөг болно гэсэн. Одоо хагалгаанд орох 600.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хагалгаанд орох мөнгийг гаргаж өгвөл миний хувьд гомдол санал гэх зүйл байхгүй. Би тухайн өдөр их архи уусан болохоор их согтуу байсан. Тэгэхдээ Г.М намайг цохих үеийг бол санаж байна” гэх мэдүүлэг /хх- 15- 16/,
- Хохирогч Н.Тын шүүхэд ирүүлсэн: Нацагдорж овогтой Т миний бие Г.Мгийн охин Хилчингээс 2020.01.06-ны өдөр Хаан банкны 5644281404 тоот дансаар 600.000 төгрөг хүлээн авсан. Г.Мгаас дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хөнгөн ял оногдулж өгнө үү гэх хүсэлт, иргэний үнэмлэхийн нотариатын баталгаа,
- Яллагдагч Г.Мгийн: “Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хэзээ гэдгээ санахгүй байна, хэрэг гардаг өдрийн 17 цаг өнгөрөөгөөд Д.Б, Н.Т, Эр Жаргал /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нартай “Монмарс” худалдааны төвийн гадаа тааралдахад Т нь бүгдээрээ танайх руу явъя. Надад хүн мах өгсөн гээд яриад явж байсан. Ингээд би “Дээж” худалдааны төвд байдаг Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 20.000 төгрөг авч “Монмарс” худалдааны төвөөс 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архи авч, такситай манай гэр рүү явсан. Тэгээд манай гэрт очиж Буд будаатай хуурга хийсэн бөгөөд би авсан архиа задалж тойруулж ууцгаасан. Хоол болж хүмүүстээ аягалж өгч байхад архи талдаа орж байсан. Гэтэл Н.Т нь идэж байсан аягатай хоолоо гэрийн үүдэн хэсэг рүү чулуудаж агсан согтуу тавьсан. Би тухайн үед Н.Тыг гар гэж загнаж байсан. Мөн Жаргал аягатай хоолоо авч шидсэн. Удалгүй Т, араас нь Жаргал, түүний араас Д.Б гарсан. Би араас нь гартал Н.Т гэрийн баруун талд доошоо харсан, толгой нь хойд зүгт харсан байсан байдалтай, тулж явдаг таяг нь хажууд нь байсан. Т ёо ёо гээд байхаар нь цагдаагийн байгууллага дуудсан. Би Тын биед гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Би яаж гэмтэл учруулсан талаараа хэлж мэдэхгүй байна. ...Н.Т надаас 600.000 төгрөг нэхэмжилсэн. Хохирлыг боломжоороо барагдуулна” гэх мэдүүлэг /хх-119-120/,
- Гэрч Д.Бын: “2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Мтай үдээс хойш 17 цагийн орчим “Монмарс” худалдааны төвийн гадаа тааралдсан. Удалгүй Т болон эр Жагаа нартай тааралдаж Мгийн гэр рүү явахаар болсон. Явахдаа дэлгүүрээс 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архи авч бид дөрөв такситай Мгийн гэрт хүргүүлсэн. Тэгээд очоод би будаатай хуурга хийж хоолоо идэж байтал Т, эр Жагаа хоёр аягатай хоолоо авч шидсэн. Гэтэл М уурлаж эр Жагааг хөөгөөд гаргачихсан. Дараа нь Тыг өргөж гаргаад намайг “зайл” гэхээр нь би гараад явсан. Намайг гэрээс гарах үед Т нь доошоо хараад хэвтэж байсан. Харин Эр Жагаа нь харагдахгүй байсан. Дэлгүүрээс авч очсон 0.75 литрийн “Ерөөл” нэртэй шилтэй архиа ууж дуусгаагүй. Анх “Монмарс” худалдааны төвийн гадаа бүгдээрээ тааралдахдаа бага зэрэг архи уучихсан байсан. Н.Т нь аягатай хоолоо асгасан гэж М нь уурлаж байсан” гэх мэдүүлэг /хх- 21/,
- Гэрч А.Ггийн: 2019 оны 06 дугаар сарын 09-ний орой 20 цагаас 01 цаг хүртэл Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт дэд ахлагч Л.Гын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан юм. Гэтэл 21 цагийн орчим байх шуурхай удирдлагын албанаас зарлан мэдээлж Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн байранд байдаг эр Заяа гэж дууддаг Мгийн гэрт дуудлагаар очиход М нь гэрийнхээ гадаа согтуу шалдан нүцгэн “Тыг ална” гээд бахираад явж байсан. Харин Т нь Мгийн гэрийн гадаа баруун талд нь баруун талаараа хажуулдаад хэвтэж байсан бөгөөд зүүн нүднээс нь шингэн зүйл гарсан байдалтай, хөдөлгөөн багатай хэвтэж байсан. Тэгээд Гэрэлт-Од бид хоёр 7051-103 дугаарын утсаар түргэн тусламж дуудсан. Удалгүй эмнэлгээс эмч ирж Тын даралтыг үзэж, нүдийг нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гээд аваад явсан. Тэгээд бид хоёр бүрэлдэхүүн иртэл хэргийн газрыг хамгаалсан. Н.Т нь ярих чадваргүй, согтуу хэвтэж байсан. Харин Г.Мгаас юу болсон талаар асуухад “би хоол хийж өгөхөд миний хийж өгсөн хоолыг идэхгүй асгасан. Тэгээд би зодсон” гэж байсан. Мөн анх дуудлаганд очих үед Г.М нь “Тыг ална” гээд Тын таягаар хөл орчим хэсэгт нь цохиод байсан. Дуудлаганд очих үед Г.М нь нилээн согтуу Т руу дайраад байсан. Таягаар цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Сүүлд эмч ирээд үзэж байхад ч Тын толгой руу өшиглөж байсан. Дараа нь “Н.Тыг зодсон наадахыг чинь ална” гээд бахираад дайраад байсан. Ер нь Г.М нь Н.Тыг юугаар ч цохисон байх магадлалтай. Харин Жаргалыг сүүлд авч явж байхад Г.М нь Н.Тыг зодоод байсан гэж хэлж ярьж байсан гэх мэдүүлэг /хх- 19/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 07-10/
- Цагдаагийн дэд ахлагч Л.Гын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн илтгэх хуудас /хх-11/
- “ Эд мөрийн баримтаар тооцох тухай “ Мөрдөгчийн тогтоол/ хх- 12/
- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл/ хх- 12/
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх- 13/
- “ 139000266 Хэргийн бичлэг. Гэндэнгийн М” гэсэн бичвэртэй, цагаан өнгийн СИДИ,
- Яаралтай тусламжийн хуудас/хх- 41/
- Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Н.Тын өвчний түүх /хх-37- 46/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 327 дугаартай: Н.Тын биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, судаслаг давхарга болон шилэнцэрийн хавчуулалт,зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4, 4.1.31-1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.. гэх дүгнэлт /хх- 25-26/,
- Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Г.Мгийн өвчний түүх /хх-48- 107/
- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны: 1. Г.М нь сэтгэцийн архаг эмгэгтэй. 2. Г.М нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтооход хэргийн материал бүрдээгүй, тусгагдаагүй учир тодорхойлох боломжгүй. 3. Г.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хурц солиоролгүй, архины хэтрүүлэн хэрэглээтэй байсан байна. 4. Г.М нь одоо хэрэг хариуцах чадвартай болно....гэх акт /хх- 31-34/,
- Шинжээч А.Адъяасүрэнгийн “...дүгнэлт гаргах үед Г.М нь мэдүүлэг өгөөгүй байсан учир тогтоох боломжгүй байсан. Г.М нь удамшлын гаралтай сэтгэцийн архаг эмгэг өвчтэй. Үүнийг эмчлүүлэхгүй байх, архи уух зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. 3 сараас 1 жил, түүнээс дээш хугацаагаар эмчийн хяналтад үзүүлж байгаа сэтгэцийн өвчнийг архаг гэдэг. Сэтгэцийн архаг эмгэг нь намжмал байдалтай байгаа учраас хэрэг хариуцах чадвартай. “ мэдүүлэг/хх- 22-23/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 4/430 дугаартай тодорхойлолт /хх-122/
- Шүүгдэгч Г.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 123/
- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/485 дугаартай “ Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн Г.М нь өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаагаар доод түвшинд үнэлэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх иргэн нь үнэн болно “ гэх тодорхойлолт /хх-128/
- Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 дугаартай “ Г.М нь Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаггүй болно “ тодорхойлолт /хх-1308/
- Шүүгдэгч Г.Мгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 134/
- Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өрийн 154 дугаартай шийтгэх тогтоол /хх- 124- 126/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2019.12.06 /хх-132-133/... зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 06 дугаар сарын 09-ний орой 21 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн нутаг Мандахын 11-00 тоотод иргэн Н.Тыг зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, судаслаг давхарга болон шилэнцэрийн хавчуулалт, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт ” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч Г.Мгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Би архи хэтрүүлэн хэрэглэж, хүн зодсоноо мэдэж байгаа. Би Н.Тын биед халдсан нь үнэн. Гэхдээ би чулуугаар биш гараараа л цохьсон.Манай гэрийн ойр хавьд чулуу байхгүй.Тухайн үед халуун зун байсан учраас би гэртээ нимгэн хувцастай сууж байсан. Тиймээс гараараа цохьсон. Хохирогчийн эмчилгээний мөнгөнд 600.000 төгрөг төлж барагдуулсан, гомдолгүй гэсэн.Н.Тад хүнд хохирол учруулснаа ойлгож байна, гэмтэл учруулсанд маргах зүйл байхгүй. Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа “ гэх,
хохирогч Н.Тын мөрдөн байцаалтанд өгсөн “... Ямар ч байсан М нь намайг нэг зүйлээр цохиод авсан. Тухайн үед миний ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь аймгийн нэгдсэн эмнэлэг дээр сэрсэн. Миний зүүн нүд сохорсон бөгөөд Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж сохорсон зүүн нүдээ авахуулж шайриг суулгасан. Надад өөр гэмтэл бэртэл гэх зүйл учраагүй. Хэрэг явдал 2019 оны 06 дугаар сарын 09-ний орой болсон. Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 06 цагт эмнэлэг дээр сэрсэн. Надаас мэдүүлэг авах үед миний биеийн байдал сайнгүй байсан бөгөөд зарим нэг зүйлийг санахгүй байсан. Одоо бол Г.М намайг нэг зүйлээр миний зүүн нүд рүү цохисон гэдгийг тод сайн санаж байна.” гэх,
гэрч Д.Бын “Тэгээд очоод би будаатай хуурга хийж хоолоо идэж байтал Т, эр Жагаа хоёр аягатай хоолоо авч шидсэн. Гэтэл М уурлаж эр Жагааг хөөгөөд гаргачихсан. Дараа нь Тыг өргөж гаргаад намайг “зайл” гэхээр нь би гараад явсан. Намайг гэрээс гарах үед Т нь доошоо хараад хэвтэж байсан. “ гэх,
гэрч А.Ггийн “Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн байранд байдаг эр Заяа гэж дууддаг Мгийн гэрт дуудлагаар очиход М нь гэрийнхээ гадаа согтуу шалдан нүцгэн “Тыг ална” гээд бахираад явж байсан. Харин Т нь Мгийн гэрийн гадаа баруун талд нь баруун талаараа хажуулдаад хэвтэж байсан бөгөөд зүүн нүднээс нь шингэн зүйл гарсан байдалтай, хөдөлгөөн багатай хэвтэж байсан. Тэгээд Гэрэлт-Од бид хоёр 7051-103 дугаарын утсаар түргэн тусламж дуудсан. Удалгүй эмнэлгээс эмч ирж Тын даралтыг үзэж, нүдийг нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гээд аваад явсан. Тэгээд бид хоёр бүрэлдэхүүн иртэл хэргийн газрыг хамгаалсан. Н.Т нь ярих чадваргүй, согтуу хэвтэж байсан. Харин Г.Мгаас юу болсон талаар асуухад “би хоол хийж өгөхөд миний хийж өгсөн хоолыг идэхгүй асгасан. Тэгээд би зодсон” гэж байсан.“ гэх,
шинжээч А.Адъяасүрэнгийн “...дүгнэлт гаргах үед Г.М нь мэдүүлэг өгөөгүй байсан учир тогтоох боломжгүй байсан. Г.М нь удамшлын гаралтай сэтгэцийн архаг эмгэг өвчтэй. Үүнийг эмчлүүлэхгүй байх, архи уух зэрэг хүчин зүйлс нөлөөлнө. 3 сараас 1 жил, түүнээс дээш хугацаагаар эмчийн хяналтад үзүүлж байгаа сэтгэцийн өвчнийг архаг гэдэг. Сэтгэцийн архаг эмгэг нь намжмал байдалтай байгаа учраас хэрэг хариуцах чадвартай.“ гэх мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Цагдаагийн дэд ахлагч Л.Гын бичсэн илтгэх хуудас, Яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Н.Тын өвчний түүх,
шинжээчийн 327 дугаартай “ Н.Тын биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, судаслаг давхарга болон шилэнцэрийн хавчуулалт,зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4, 4.1.31-1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна “ гэх дүгнэлт,
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны: 1. Г.М нь сэтгэцийн архаг эмгэгтэй. 2. Г.М нь болсон асуудлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг тогтооход хэргийн материал бүрдээгүй, тусгагдаагүй учир тодорхойлох боломжгүй. 3. Г.М нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хурц солиоролгүй, архины хэтрүүлэн хэрэглээтэй байсан байна. 4. Г.М нь одоо хэрэг хариуцах чадвартай болно....гэх акт зэрэг хамаарна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, хохирогч Н.Т нь тухайн орой шүүгдэгч Г.Мгийн гэрт хамт архи уух, хоол идэх явцдаа аягатай хоолоо гэрийнх нь үүдрүү шидсэнээс маргаан үүсч, Г.М нь Н.Т, Д.Б нарыг гэрээсээ хөөж гарган, улмаар Н.Тыг гэрийнхээ гадаа нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд Г.М нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохиж, зодсоноор гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас, “ гэрт нь аягатай хоолоо шидлээ “ гэх үл ялих зүйлээр маргаан үүсгэн, хохирогч Н.Тыг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Г.Мгийн, хохирогч Н.Тыг зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын зүгээс хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний эмчилгээний болон бусад зардалд нэхэмжилсэн 600.000 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаар шүүхэд ирүүлсэн хүсэлтэдээ “Н.Т миний бие Г.Мгийн охин Хилчингээс 2020.01.06-ны өдөр Хаан банкны 5644281404 тоот дансаар 600.000 төгрөг хүлээн авсан. Г.Мгаас дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү “ гэж дурджээ.
Иймээс шүүгдэгч Г.Мг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Харин гэмт хэргийн улмаас хохирогч Н.Тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, энэ гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний буюу хохирол, хор уршгийн зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Шүүгдэгч Г.Мгийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх зохицуулалттай.
Г.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ Миний үйлчлүүлэгч Г.М нь өрх толгойлсон эмэгтэй хүн. Өөрөө сэтгэцийн удамшлын өвчтэй, 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай учраас байнгын эмчийн хяналтанд байдаг. Архи их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ байдлаасаа болж хүнд гэмтэл учруулсан. Гэм буруугаа ойлгож, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх төлбөргүй. Мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, дуудсан цагт нь ирдэг байсан. Тухайн хэрэгт шалгагдсан цагаасаа хойш архи, тамхи хэрэглэхгүй байгаа. Улсын яллагчийн зүгээс санал болгосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж ” өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар “хорих ялыг” хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т энэ хуулийн тусгай ангид “хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна ” гэх зохицуулалттай байна.
Шүүгдэгч Г.Мгийн үйлдсэн хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон, тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас хохирогч Н.Тад учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэрэгт “ Н.Т миний бие 600.000 төгрөг хүлээн авсан. Г.Мгаас дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тул хөнгөн ял оногдуулж өгнө үү “ гэж мэдүүлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, мөн сэтгэцийн архаг эмгэг өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ нь дээр дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь зохицуулалтанд харшлахгүй болно.
Шүүгдэгч Г.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд энэ хэрэгт ирүүлсэн “193000266 хэргийн бичлэг Гэндэнжамц М ” гэсэн хар өнгөөр бичсэн бичиглэл бүхий цагаан өнгийн дискийг хэрэгт хавсаргаж, 7.5 см урттай, 7.5 см өргөнтэй, олон талт хэлбэртэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тус тус тогтооно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мд шүүхийн шатанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Мг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Мд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Мд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “193000266 хэргийн бичлэг Гэндэнжамц М” гэсэн хар өнгөөр бичсэн бичиглэл бүхий цагаан өнгийн дискийг хэрэгт хавсаргаж, 7.5 см урттай, 7.5 см өргөнтэй, олон талт хэлбэртэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/16 тоот тушаалаар томилогдсон Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Ялтан Г.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Тад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 600 000 төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Т нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүнд хохирол, хор уршигтай холбоотой гэм хорын хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН