| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2020/0027/э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 27
2020 оны 01 сарын 22 өдөр 2020/ШЦТ/27 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д.Гд холбогдох 2030000000025 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1980 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, завсарчин мэргэжилтэй, “Х” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 24 айлын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д.Г.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний 14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Сүхбаатарын талбайн баруун талын таксины зогсоол дээр хохирогч Г.Быг зодож, эрүүл мэндэд нь “духанд хоёр хөмсөгний гол хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, хамрын муруйлт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр таксины зогсоолын хамгийн хойд талд зогсож байхад Г.Б ухарч байгаад миний машиныг шүргэсэн. Би машин ширгэчихлээ гэж хэлэхэд Г.Б машинаасаа бууж ирж харчихаад буцаж суугаад ухраасан. Тэгээд миний машиныг 20.000-30.000 төгрөгөнд янзлах юм байна гэж хэлсэн. Би Г.Быг мөргөсөн нь үнэн гэв.
Эрүүгийн 2030000000025 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13-14 цагийн үед Сүхбаатарын талбайн баруун талд байдаг таксины зогсоол руу өөрийн эзэмшлийн 24-68 СҮА улсын дугаартай Колд маркийн тээврийн хэрэгсэлтэй ухарч орж байгаад зүүн гар талд байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд гуперийг шүргэж зурсан юм. Гэтэл уг тээврийн хэрэгслийн жолооч бууж ирээд “чи ямар овоо гар вэ” гээд надтай маргалдаж байгаад намайг шууд толгойгоороо нэг удаа мөргөсөн. Би тэр залууд ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Намайг мөргөх үед би нарны нүдний шилтэй байсан бөгөөд нүдний шил хагарч миний хоёр хөмсөгний голд зүссэн. Мөн миний хамар муруйсан ” гэх мэдүүлэг / хх-ийн 5-6 хуудас/
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01-р сарын 06-ны өдрийн 42 дугаартай дүгнэлтэд: 1. Г.Бын биед духанд 2 хөмсөгний гол хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, хамрын муруйлт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 3. Мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэсэн байна. 4. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 5. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 11 хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 10 хуудас/
Д.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 хуудас/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5 дугаартай тодорхойлолт /хх-ийн 19 хуудас/
Шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 хуудас/
“Хун Ша И Жань” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 21 хуудас/
2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 24-25 хуудас/
Хохирогч Г.Бын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 29 хуудас/
Шүүгдэгч Д.Гын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 30 хуудас/
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 31 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн14 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн баруун талын таксины зогсоол дээр хохирогч Г.Быг зодож, эрүүл мэндэд нь “духанд хоёр хөмсөгний гол хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, хамрын муруйлт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Гын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.Гын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Гын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Г.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Д.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Д.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Гд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Г.Бод 100 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Гд оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Д.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Г нь хохирогч Г.Бод гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА