Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 36

 

2020 оны 01 сарын 28 өдөр              2020/ШЦТ/36                                   Баруун-Урт  


   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Бод холбогдох 2030000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

    Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1975 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ч.Б.

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... тоотод хохирогч Н.Шийг архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины болон духны зүүн дээд хэсгийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Эрүүгийн 2030000000032 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12 цагийн орчимд би өөрийн найз болох Д, А нартай Э гэх айлд Хараа нэртэй 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Эрдэнэтулгынхаас гараад Д бид хоёр манай гэр руу явж Аыг дэлгүүр рүү архинд явуулсан. Араас А Хараа нэртэй 0.75 литрийн архитай орж ирээд бид гурав тэр архийг манай гэрт уугаад сууж байхад эхнэр гэр орондоо архи уулаа, наад архиа боль гэхээр нь би эхнэртээ уурлаад ууж байсан архиныхаа шилээр цохьсон. Тухайн үед эхнэрийнхээ хаана нь цохисноо мэдэхгүй байна. Тэгээд унтаж байгаад 22 цагийн орчимд сэрэхэд манай эхнэр зүүн нүдэндээ нойтон алчуур тавьчихсан хэвтэж байхаар нь эхнэрээсээ уучлалт гуйгаад юу болсон талаар асуухад чи ууж байсан архиныхаа шилээр миний нүдэн дээр цохисон гэж хэлсэн.  гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/

Хохирогч Н.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манайх Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багт харьялагддаг боловч одоогоор сумын төвд ... тоотод амьдардаг. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны орой 17 цагийн орчимд манай нөхөр архи уусан шинжтэй гаднаас Даваа, А хоёртой хамт орж ирсэн. Гэрт архи уугаад байхаар нь би нөхөртөө хандаж “чи дандаа архи уух юм амьдралаа бодсонгүй” гэхэд нөхөр гэнэт уурлаад “ миний архи уух чамд хамаагүй, би чигээрээ уудаг хүн гэж” уурлаад ууж байсан архиныхаа шилээр миний зүүн нүдний дээд хэсэгт цохичихсон юм. Тэгээд гартаа таарсан юмаараа шидээд над руу дайрахад нь цуг архи уугаад сууж байсан Даваа, А нар манай нөхрийг болиулсан. Тэгээд удалгүй нөхөр унтсан. Нөгөөдөр нь хадам ээж сумын эмнэлэг дуудсан. Өмнө нь нөхөр маань намайг зодож байгаагүй харин архи их уудаг. Би тэрэнд нь уурладаг. Би ингэж нүд хавдаж, толгой өвдөнө гэж бодоогүй. Гайгүй байх гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаагүй. Миний зүүн нүдний дээд хэсэгт архины шилээр цохисон, зүүн нүд хөхөрсөн. Мөн шилээр зохисон газарт бага зэрэг хавдсан байна. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Одоо миний даралт ихсээд, толгой өвдөөд байгаа. Миний хувьд гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг / хх-ийн 5-7 хуудас/

Гэрч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:” 2020 оны 01 дүгээр сарын 08-ны орой А бид хоёр Бынд архи уугаад би нилээн согтчихсон байсан. Гэнэт Бын хүүхэд нь уйлаад сэрээд харахад Ш “ Б намайг архины шилээр цохичихлоо” гээд баруун орон дээрээ хэвтэж байсан юм. Тэгээд би Быг “чи эхнэрээ архины шилээр цохичихлоо” гэхэд “найзыгаа уучлаарай найз нь их согтсон байна “ гээд удалгүй унтаад өгөхөөр нь бид хоёр гэрлүүгээ явсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 17-19хуудас/

 Гэрч М.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:” 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой 19 цаг орчимд намайг ажил дээрээ байхад манай сумын Төрийн банкинд ажилладаг Батжаргал ирээд танд нэг хүн үзүүлэх гэсэн юм. Манай ах эхнэрээ зодсон байна. Эхнэрийнх нь толгой өвдөөд босож чадахгүй байна  гэхээр нь би Бын гэрт нь очиход Ш нь гэрийнхээ зүүн орон дээр хэвтчихсэн нилээн зовиуртай, зүүн нүд нь хөхөрч хавдсан, чамархайн дээрээ бага зэрэг овойсон байдалтай байсан. Тэгээд Шархүүгийн даралт нь ихэссэн байхаар нь сумын эмнэлэгт хүргэж эмчилгээ хийсэн. Тэгээд би цагдаагийн газарт эмэгтэй хүн нөхөртөө зодуулсан байдалтай ирлээ гэж мэдэгдсэн” гэх  мэдүүлэг /хх-ийн 20-21хуудас/

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаартай дүгнэлтэд: 1. Н.Ший биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины болон духны зүүн дээд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/,

Ч.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/

Шүүгдэгч Ч.Бын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-ийн 47 хуудас/

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдрийн 15 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал  /хх-ийн 48 хуудас/  зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Б 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр ... тоотод эхнэр Н.Шийг архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины болон духны зүүн дээд хэсгийн хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Ш, гэрч Д.Д, М.О нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний  өдрийн 60 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Бод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Бын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Ч.Бын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Бын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
    
    Шүүгдэгч Ч.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Н.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Прокуророос Ч.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Бод ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Ч.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Ч.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Н.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.


    Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ч.Бод оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 6. Ялтан Ч.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА