Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 49

 

2020 оны 02 сарын 05 өдөр               2019/ШЦТ/49                                 Баруун-Урт


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа  даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн  өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, Т.Хүдэр  
Шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарт холбогдох эрүүгийн 1930003310012 дугаартай хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ц ХХК-д лабораторийн дээж бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б.А.

Монгол улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран  суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, хүргэн, эгч, дүү нарын  хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т.Д.

Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ц ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ... тоотод  оршин суух, ял шийтгэлгүй, Ж.Э.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 Шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүн амгалан гэх газраас  2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Төмөрбаатарын 1 адууг хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Анх бид нар мал хулгайлахаар яваагүй. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр намайг хэсэг ажилчидтайгаа хоол идээд сууж байхад Ж.Э ирээд “эргэн тойронд адуу их үхсэн байна. Үхсэн адууг Гөлгөөгийн бой хямдхан авч байгаа гэж байна. Чамд бензиний мөнгө байна уу? хамт явах уу гэж хэлсэн. Тухайн өдөр надад бензиний мөнгө байгаагүй. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр миний амралттай өдөр таараад найзаасаа бензиний мөнгө 40.000 төгрөг зээлээд явсан. Би хонь ч ажиллаж чаддаггүй учраас адуу янзалж чадахгүй. Тиймээс адуу хулгайлахаар яваагүй. Тэр өдөр явж байгаад хоёр үхсэн адуун дээр таарч дэл, сүүлийг нь аваад өдөр 12 цагийн үед тэр хонгор гүүтэй таарахад арай үхээгүй хөл нь татагнаж байсан. Харин орой буцах замд очиход дөрвөн хөл нь хөшчихсөн байсан. Тиймээс янзлаад явчихъя гэсэн нар шингээгүй гэгээтэй хоёр айлын дунд байсан учраас тухайн үйлдлээ хулгай гэж үзээгүй. Т.Д хүний мал маллаж байгаад хугацаа нь дууссан гээд намайг очиход хамт аймаг явъя гэж хэлэхээр нь би “ энд нэг хөшчихсөн адуу байна. Хамт янзлаад өгөхгүй юу? гэж хэлэхэд Т.Д тэгье гээд” янзалж өгсөн. Би асуудлыг чинь даана гэж хэлээгүй. “Чамд ямар ч хамаагүй юм чинь явж бай” би өөрөө асуудлаа шийдье гэж л хэлсэн. 1.000.000 төгрөгийн хохирлыг хувааж төл гэсэн урчаас би 500.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс Дэлгэрбаатарын мөнгийг төлж байгаа гэв.

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хулгай хийнэ гэж бодоогүй. Намайг аймаг хамт явах уу гэхээр нь би хамт явсан. Гэтэл энд үхэх гэж байгаа гүү байна, үүнийг хийгээд явъя гэж хэлсэн. Би хулгайн адуу биш биз дээ гэж асуухад биш ээ, манай найзын гүү гэж хэлэхээр нь би хийж өгсөн. Би хохирлоо төлье гэж хэлсэн боловч, Б.А би төлнө гэж хэлсэн юм аа гэв.

Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Б.Аыг гуйхаар нь явж өгсөн. Намайг тэр өдрөөс өмнө олон удаа гуйж байсан. Тухайн өдрийн өмнөх орой би халуураад босож чадахгүй байсан. Гэтэл Б.А чи явах юм уу? үгүй юм уу? бензинийг чинь хийж өгнө шүү дээ гээд байхаар хамт явж өгсөн гэв.

    Эрүүгийн 1930003310012 дугаартай хэргээс:

       Хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  “манай адуу мал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг Амгалан гэдэг газарт Г гэдэг айлд байдаг. 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр намайг Улаанбаатар хотод байхад манай төрсөн дүү Отгонтуяа над руу утсаар яриад танай хонгор гүүг хэдэн залуу нядалж байхаар нь зургийг нь дарчихлаа гэж хэлсэн юм. Тэгэхээр нь наад хүмүүсээс чинь таньдаг хүн байна уу гэхэд Отгонтуяа хэлэхдээ тантай Ц компанид ажилладаг Энхтүвшин ах хамт явж байна лээ гэж хэлэхээр нь за ямар ч байсан таньдаг хүн байгаа юм чинь очиж уулзаж байгаад учраа олъё гэж бодоод цагдаагийн байгууллагад  хандаагүй. Гэтэл Энхтүвшин, Алдуул, Дэлгэрбаатар гэдэг манай ажлын хүмүүстэй нийлж манай хонгор гүүг нядалсан байсан. Тэгээд би аймагт ирээд Алдуул, Энхтүвшин хоёроос гүүнийхээ төлбөрийг гээд 2 сая төгрөг нэхэхэд одоо хүртэл өгөхгүй болохооор нь цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Манай малчин Г нь Алдуул, Энхтүвшин, Дэлгэрбаатар нарыг гүү янзалж байхад нь очиж харсан гэсэн тухайн өдөр Г нь өдөр 12 цагийн үед над руу яриад хонгор гүү унагалаад унага нь үхчихсэн. Одоо бие нь муу хэвтэж байна гэхэд би дүү Отгонтуяаг нөхөр Түвшинтэй хамт унаа олж очоод манай гүүг авчих гэж хэлсний дагуу дээрх гүүн дээр очиход Алдуул, Энхтүвшин, Дэлгэрбаатар нар нядлаад зогсож байсантай таарсан юм билээ. Энхтүвшин нь тэгэхэд  өөрийнхөө Плаз маркийн 36-12 СҮА машинтайгаа явж байсан гэсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/

    Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Хуримт гэх газар  мал маллаж амьдардаг. Намайг Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Амгалан гэдэг газарт найз Төмөрбаатарын малыг хариулж байхад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төмөрбаатарын хонгор гүү унагалаад унага нь үхчихсэн бөгөөд гүү нь тамирдаад хэвтэж өгөөд байсан. Маргааш өглөө нь Төмөрбаатарт хэлсэн чинь тэрээр би хотод байна хүргэн Түвшинд хэлчихсэн очоод авах байх гэсэн. Тэгээд өдөр 16 цагийн үед Төмөрбаатарын хүргэн Түвшин нь эхнэртэйгээ хамт манайд ирэхээр нь нөгөө хонгор гүүний хэвтэж байгаа газрыг нь зааж өгөөд явуулсан. Тэгтэл Түвшин удалгүй эхнэртэйгээ хамт ирээд нөгөө хонгор гүүг чинь хүмүүс нядалж байхаар нь зургийг нь утсан дээрээ дарчихлаа гээд үзүүлсэн. Тэр зургийг нь үзэхэд Энхтүвшин нь машиныхаа дэргэд зогсоод наад  талд хоёр хүн хонгор гүүг нь нядалж байгаа зураг байсан. Гүү нядалж байгаа хоёр хүнийг бол би танихгүй хүмүүс байсан.   ” ...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

       Гэрч Ю.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төмөрбаатар над руу яриад манай хонгор гүү унагалаад унага нь үхчихсэн өөрөө тамирдаад хэвтчихэж, тэрийг очоод авчих уу гэж ярихаар нь би зөвшөөрч эхнэр Отгонтуяатай хамт мотоцикльтойгоо Баруун-Урт сумын 8 дугаар багийн Амгалан гэдэг газар нутагладаг Төмөрбаатарын малчин Гийнд 16 цаг өнгөрөөгөөд очиж хонгор гүүний хэвтэж байгаа газрыг заалгаж очсон. Тэнд Энхбаатар машинтайгаа ирчихсэн Алдуул, Дэлгэрбаатар гэдэг хүмүүстэй хамт нөгөө Төмөрбаатарын хонгор гүүг нядлаад арьсыг нь өвчиж байхад нь таарсан. Би Алдуулаас энэ Төмөрбаатарын гүү мөн үү гэхэд тэрээр биш байлгүй дээ өөр газар байгаа байлгүй дээ гээд тоосон шинжгүй байхаар нь манай эхнэр Отгонтуяа гар утсаараа  тэдэнд мэдэгдэхгүйгээр зургийг нь дарсан. Тэгээд бид хоёр буцаад Гийнх руу очиж зургийг үзүүлээд нөгөө хонгор гүүг чинь тэнд хэдэн залуучууд нядалж байна гэхэд үгүй байлгүй дээ би өдөр очиж усалсан гэсэн. Эхнэр Отгонтуяа Төмөрбаатартай ярьж болсон асуудлын талаар хэлсэн. Дахиж бид нар гүү нядалж байгаа газар луу очоогүй” ...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/
    
       Гэрч Б.Огийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай ах Төмөрбаатар нь залгаад  Гийн дээр байдаг хонгор гүү муудаад хэвтчихэж тэрийг нөхөртэйгээ очиж аваад байлгаж баих уу гэхэд би зөвшөөрч нөхөр Түвшингийн хамт мотоцикльтой 5 литр ус аваад Гийнх руу очсон. Тэгсэн нөгөө гүү чинь хойно байгаа гээд очтол суудлын саарал машинтай хүмүүс адуу  нядалж байсан. Тэгэхээр нь та нар юу хийж байгаа юм наад гүүг чинь авах гэж ирлээ гэсэн нэг танихгүй хүн энэ махаа аваад явах юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэд нарт хандаж энэ махаар бид нар яах юм бэ та нар өөрсдөө дараа нь учраа олоорой гэж хэлээд гар утсаараа зургийг нь аваад  нөхөртэйгөө яваад өгсөн. Бид хоёрыг тэр машин дээр очиход миний таньдаг Энхтүвшин гэдэг хүн тэр машиныг оролдоод зогсож байхаар нь та чинь яаж яваа юм бэ гэхэд тэрээр энэ хоёр л хамт адуу авахаар явъя гэж гуйхаар нь хамт явж байгаа юм гэж хэлсэн” ...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/

    - 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 12 хуудас /
    - 36-12 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн “Ашид билгүүн ХХК”-ийн  үнэлгээний тайлан /хх-ийн14-16 хуудас /
- Гэрч Отгонбаярын гар  утаснаас авсан гэрэл зураг /хх-ийн 6-7 хуудас/

    - Шүүгдэгч Т.Дын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 хуудас/
    - Шүүгдэгч Ж.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 хуудас/
         - Шүүгдэгч Б.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 хуудас/
       -  Шүүгдэгч Ж.Эгийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 94-95 хуудас/ зэрэг болно.
      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
    Шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

    Гэм буруугийн талаар:

- Шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүн амгалан гэх газраас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хохирогч  Төмөрбаатарын 1 адууг хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарын мөрдөн байцаалт,  шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Т, гэрч Г.Г, Ю.Т, Б.О нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
    
    “Мал хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Б.А, Т.Д, Ж.Э нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нар нь хохирогч Б.Тын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
 
     Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тт 1,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс Б.А 333,333 төгрөг, Т.Д 166,666 төгрөг төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Т.Даас 166,667 төгрөг, Ж.Эгээс 333,333 төгрөг гаргуулж хохирогч Б.Тт олгох, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ж.Эгийн эзэмшлийн 36-12 СҮА улсын дугаартай саарал өнгийн Toyota platz маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор дурдав.

    Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.А, Ж.Э, Т.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс  “шүүгдэгч Ж.Э нь хохирол төлөөгүй боловч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү”,  өмгөөлөгч Х.Эрдэнэбаатараас “миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, Цайртминерал ХХК-ийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн дэд дарга гэсэн сонгуульт ажилтай, 1-13 насны буюу бага насны дөрвөн хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна”  гэсэн дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч  нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын  хувийн байдлыг харгалзан шүүхээс Б.А, Т.Д, Ж.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр тогтов.
    Шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нар  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт,  бичгийн  баримт ирээгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус  дурдах нь зүйтэй.
       
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.А, Т.Д,  Ж.Э нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарыг тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/05 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Ж.Эгийн эзэмшлийн 36-12 СҮА улсын дугаартай саарал өнгийн тоёота  плаз маркийн тээврийн хэрэгслийг хурааж  улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.А, Т.Д, Ж.Э нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Т.Даас 166,667 төгрөг, Ж.Эгээс 333,333 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг ХААН банкны ажилчдын орон сууцны 4-20 тоотод оршин суух Б.Тт олгосугай.
8. Ялтан Б.А, Т.Д, Ж.Э нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичгийн  баримт ирээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Б.А 333,333 төгрөг, Т.Д 166,666 төгрөг төлсөн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.




    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА