Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 28

 

2020 оны 01 сарын 22 өдөр               2020/ШЦТ/28                                     Баруун-Урт


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч  Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мт холбогдох эрүүгийн 1930000000183 дугаартай хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 1 дүгээр баг ... тоотод  оршин суух, 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Г.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.М нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Г ХХКомпанийн барьж байгаа Цагдаагийн ажилчдын барилгын цоожтой агуулахад хууль бусаар нэвтэрч барилгын ажилчдын бүс, цүнхтэй агсамж 4 ширхэг, төмөр алх 4 ширхэг, шинүү 4 ширхэг, хамгаалалтын малгай 4 ширхэгийг  хулгайлж 484 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.М шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би болсон явдлын талаар сайн санахгүй байгаа гэв.

    Эрүүгийн 1930000000183 дугаар хэргээс:

Шүүгдэгч Г.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би хоёр найзтайгаа “Бүжин цех” дээр ажил ярьж байгаад орой нь харихдаа “Ч” дэлгүүрт гар утсаа барьцаанд тавиад цагдаагийн ажилчдын байрны урд талд гарч хашаанд архи уусан. Би нэлээн согтсон учраас болсон явдлыг санахгүй байгаа. Маргааш өглөө нь 06 цагт сэрээд хоёр найз руугаа “Бүжин” цех рүү явсан. Гэтэл манай эхнэр гэрт цагдаа ирсэн  гээд утсаар хэлэхэд хулгайн хэргийн талаар мэдсэн. Би 2019 оны 05 дугаар сараас 07 дугаар сарын 20 хүртэл цагдаагийн барилга дээр ажилласан. Зарим эд зүйлийг буцаан өгч хохирлыг төлж барагдуулж  116 000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/

    Иргэний нэхэмжлэгч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт баригдаж байгаа  Цагдаагийн газрын барилга дээрээс хамгаалалтын малгай 4 ширхэг алга болсон байснаас 2 ширхэг малгайг нь барилгын хойд талаас олсон. Одоо “Г” гэсэн бичигтэй цагаан өнгийн малгай 2 ширхэг, багаж хийдэг агсамж 4 ширхэг, агсамж тус бүрт 1 ширхэг алх, 1 шинүү, 1 метр байдаг юм. Мөн хамгаалалтын бүс 4 ширхэг зэрэг эд зүйлсийг нэхэмжилж байна. Эдгээр зүйлс нь багц тус бүр нь 140.000 төгрөг, хамгаалалтын бүс нь 45.000 төгрөг, каск 8500 төгрөг байдаг юм. Эдгээр зүйлсээс би 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 3 багцыг нь буюу хамгаалалтын бүс 3 ширхэг, цүнхтэй агсамж 3 ширхэг, төмөр алх 3 ширхэг, шинүү буюу хөшигч төмөр 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүлээн авсан. Одоо 1 багц буюу хамгаалалтын бүс 1 ширхэг, цүнхтэй агсамж 1 ширхэг, төмөр алх 1 ширхэг, шинүү буюу хөшигч төмөр 2 ширхэгийг тус тус нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/

     Гэрч Ч.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны орой Дээж худалдааны төвийн таксины зогсоол дээр зогсож байхад гартаа барилыг ажилчдын бүс, алх зэрэг зүйл барьсан нэг согтуу залуу миний машинд суугаад Саятан явна гэсэн. Тэгээд хөдлөөд явтал Далай булаг дэлгүүр ороодхоё гээд буугаад удалгүй дэлгүүрээс нэг ундаа барьж гарч ирээд шууд гэр рүүгээ явах замдаа хүүхэддээ дэлгүүрээс чипс авна гээд Саятан буюу Амгалангийн гудамжны Г дэлгүр ороход хаалттай байхаар нь  буцаж хойшоо яваад ойрхон байдаг Тохилог дэлгүүрийн үүдэнд тэр залуу буугаад үлдсэн. Уг залуу ганцаараа явж байсан. ... гэх мэдүүлэг / хх-ийн 17 хуудас/

       Гэрч А.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Э, М хоёр манайд ирээд бид гурав гарч Эын ахынд очиж 2 шил архи хувааж уугаад орой нь Ч дэлгүүрт гар утас барьцаанд тавьж архи, ундаа, тамхи зэргийг аваад Ч дэлгүүрийн зүүн урд авсан архиа хувааж уучихаад цагдаагийн барилгын урд талаас салцгаасан юм. Тэгэхэд Э шууд хойшоо гэр рүүгээ явсан. Би зүүн талаар нь хойшоо гэр рүүгээ явсан. Харин М тэнд ганцаараа үлдсэн ... гэх мэдүүлэг / хх-ийн 18 хуудас/

    Гэрч Х.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед М, О нартай Дэнжийн гудамжинд байдаг Бүжин цехэд хашаа барих ажил байна гэхээр нь очиж уулзсан юм. Тэгээд ажлаа бүтээчихээд бид гурав манай ах Сүхбатынд очиж 2 шил 0.75 литрийн архи Сүхбат ахтай дөрвүүлээ хамт хувааж уугаад тэндээ байж байгаад орой 19 цаг өнгөрөөгөөд Сүхбат ахын гар утсыг барьцаанд тавьж дахиж архи авч уухаар дэлгүүрээр явж байгаад Дэнжийн Ч нэртэй дэлгүүрт гар утсыг 26,000 төгрөгийн барьцаанд тавьж архи, ундаа, тамхи, тараг аваад М, О бид гурав авсан архиа хувааж уучихаад цагдаагийн барилгын хашааны урд талаас салцгаасан. Тэгэхэд орой 20 цаг өнгөрч байсан. Би шууд барилгын хашааны зүүн талаар хойшоо явж очоод унтсан. М, О хоёр хаашаа явсан болохыг мэдэхгүй. Ямар ч байсан тэр хоёр ажил руу орно гэж ярьж байсныг л мэдэж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн19 хуудас/
 
    Гэрч М.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би “Г төв” ХХК-д харуулаад ажилд ороод 2 сар болж байна. Манай компани Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг Шүүхийн шийдвэрийн зүүн урд талд цагдаагийн ажилчдын барилгыг барьж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой 20 цагт ажил тараад 21 цагийн үед би хоёр давхарт унтаж амарсан юм.  Тэгээд 22 цаг өнгөрөөж босоод дахиж унтаагүй өглөө хүртэл хоёр давхартаа байссан юм. Гэтэл маргааш өглөө 7 цаг өнгөрөөгөөд А инженер ирээд  доод подволын цоожтой хаалга нээлттэй байна яагаад нээчихсэн байгаа юм хулгай орсон юм бишүү гэхэд нь л мэдсэн. Би тэр подволын өрөөг цоожтой байдгыг нь хараагүй болохоор мэдэхгүй, доошоо бууж ерөөсөө үзээгүй юм. Тэр өөрөөнөөс хамгаалалтын цүнхтэй бүс агсамж 4 ширхэг, 4 ширхэг төмөр алх, хөшигч төмөр 4 ширхэг, хамгаалалтын цагаан өнгийн 4 ширхэг малгай алга болсон байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/

    Гэрч А.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ Г.М нь 2019 оны 05 дугаар сарын сүүлчээс одоог хүртэл Цагдаагийн ажилчдын барилга дээр ажиллаж байгаа гээд өглөө эрт яваад орой ирдэг юм. Сүүлийн үед ажил гарахгүй байгаа ажил гарвал дуудна гэсэн гээд ажилаа хийхгүй байгаа. Тэгээд л энд тэнд архи уугаад шөнөдөө архи үнэртүүлсэн байдалтай ирээд байсан. Харин ойрын 2-3 хоногт гайгүй эрүүл ирдэг болсон. 2019 оны 07 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед манай Далай булаг дэлгүүрт барилгын ажилчын зүүдэг бүс тэвэрэн согтуу байдалтай орж ирэхээр нь би гэртээ очиж амар гээд явуулсан. Тэгээд маргааш өдөр нь хашаан доторхийг үзэхэд хашааны зүүн талд байдаг төмөр саван дотор нөгөө Мийн тэврээд явж байсантай ижил бүс байхаар нь би цагдаад өгсөн юм. Мөн хашаанд өлгөөтэй байсан цагаан өнгийн барилгын хамгаалалтын малгай, угаалгын машин дээр байсан шар өнгийн барилгын хамгаалалтын малгайг цагдаад өгсөн. Өөр ямар нэгэн барилгын ажилчдын зүүдэг бүс, малгай манайд байхгүй. Цагаан өнгийн малгай нь манай хамаатны хүний мотоцикль унахдаа хэрэглэдэг малгай байсан юм байна лээ. Тийм болохоор тэр малгайг буцаагаад авмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/
    
    Иргэний нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: М нь манай Г ХХКомпанид учруулсан 116000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул гомдолгүй хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 2-5 дугаар хуудас/

    Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-8 дугаар хуудас/

    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 9 дүгээр хуудас/

    Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 10 дугаар хуудас/

    Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 11-12 дугаар хуудас/

    Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 13 дугаар хуудас/
    
95676211 дугаарын эзэмшигчийн болон яриа, зурвасын жагсаалт /хх-ийн 36-37 хуудас/
    Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 39 хуудас/
Шүүгдэгч Г.Мийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40 хуудас/
Шүүгдэгч Г.Мийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуудас/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45-47 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
    Шүүгдэгч Г.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

    Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.М нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Г ХХКомпанийн барьж байгаа Цагдаагийн ажилчдын барилгын цоожтой агуулахад хууль бусаар нэвтэрч барилгын ажилчдын бүс, цүнхтэй агсамж 4 ширхэг, төмөр алх 4 ширхэг, шинүү 4 ширхэг, хамгаалалтын малгай 4 ширхэгийг  хулгайлж 484 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Мийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.А, гэрч Ч.Б, А.О, Х.Э, М.Э, А.У нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
.     “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд  шүүгдэгчийн  гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

     Шүүгдэгч Г.Мийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд  шүүгдэгч Г.М нь хохирогч Г ХХКомпанийн эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар нь  хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Г.М нь хамгаалалтын малгай 1 ширхэг, хамгаалалтын бүс 4 ширхэг, цүнхтэй агсамж 3 ширхэг, төмөр алх 3 ширхэг, шинүү буюу хөшигч төмөр 2 ширхэгийг буцаан өгч, хохиролд 116000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Мт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэж өгнө үү саналыг тус тус  гаргаж мэтгэлцэв.
Прокуророос Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Мт  орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Мт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
    Шүүгдэгч Г.Мийн цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт иргэний  бичиг  баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Далай булаг дүрс бичлэг” гэсэн хар өнгөөр бичсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г хэрэгт хавсаргахаар тогтов.
    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Мийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч Г.Мт 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.Мт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Мийн цагдан хоригдсон 105 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г ХХКомпанид хамгаалалтын малгай 1 ширхэг, хамгаалалтын бүс 4 ширхэг, цүнхтэй агсамж 3 ширхэг, төмөр алх 3 ширхэг, шинүү буюу хөшигч төмөр 2 ширхэгийг буцаан өгч,  116 000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Далай булаг дүрс бичлэг” гэсэн хар өнгөөр бичсэн бичиглэл бүхий цагаан саарал өнгийн DVD-г хэрэгт хавсаргасугай.    
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА