Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2017/ÄØì/62

 

 

Т.Б-д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Алтансүх,

            Иргэний хариуцагч: Н.Отгонбаатар,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2017/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Б-д холбогдох, эрүүгийн 201710000087 дугаартай, 2 хавтас, 304 хуудас бүхий эрүүгийн хэргийг хохирогчийн төлөөлөгч С.Алтансүхийн гомдол, прокурор С.Энхнямын эсэргүүцэл зэргийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникийн техникч мэргэжилтэй, ам бүл 9, 2 ах, 2 эгч, 4 дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .... хороо, ...789 тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Т.Б /РД:УХ98091710/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201710000087 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт зөрлөг орчим Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай замаар 01-37 УНИ улсын дугаартай, Тоёота Эстима маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.а, 9.1, 10.6.б дахь заалтуудыг зөрчиж иргэн Б.Очирбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2017/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Т.Быг авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх хязгаарлалт тогтоож,

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Н.Отгонбаатар, шүүгдэгч Т.Б нарт холбогдуулан гаргасан хохирогч Б.Очирбат нэхэмжилсэн 3240000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Өлзийгийн нэхэмжилсэн 2445570 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хохирогч Б.Очирбат нь 3240000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.Мөнх-Өлзий 2445570 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөх болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Алтансүх давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Б.Очирбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Алтансүх миний бие эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэний хариуцагчаар татагдсан Н.Отгонбаатараас өөрийн авто машинаа жолоодох эрхийг Бод өгсөн эсэх тухай асуусан. Миний асуултанд иргэний хариуцагчаар шүүхэд татагдсан Отгонбаатар хариулсан нь:

-Б машин сайн барьдаг. Аятайхан автомашин барьчихдаг. Би өөрийн автомашиныг жолоодохыг Бод зөвшөөрсөн. Миний зөвшөөрлөөр Б миний машиныг барьдаг байсан гэсэн Отгонбаатарын хариултыг сонсоод би.

-Отгонбаатар гуай та Бод өөрийн авто машины жолоодох эрх өгсөн юм байна гэж ойлголоо. Та өөрийн авто машинаа жолоодох жолоочоо буруу сонгосон учир та хариуцлага хүлээлгэх ёстой юм байна гэж шүүх бүрэлдэхүүн ойлгож болох уу гэж асуув.

Миний асуултыг тодруулж яллагдагч Б эрүүгийн хэргийг шүүсэн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд иргэний хариуцагч Отгонбаатарт хандаж асуув.

Отгонбаатар та осол гарах өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 24-нд шүүгдэгч Бод өөрийн 01-37 УНИ улсын дугаартай Тоёота Истима маркын авто машиныг жолоодох эрх олгосон, үгүй эсэх, таниас машиныг чинь барих уу гэж утсаар асуусан уу гэж асуув. Асуултанд Отгонбаатар хариулав.

Би тухайн өдөр Б өөрийн Тоёота истима маркын авто машин жолоодох эрхийг өгсөн үйлдэл хийгээгүй. Харин өмнө нь би авто машиныг жолоодоод хамт яв гэж зөвшөөрөл өгсөн гэж хариулсан.

Отгонбаатарын мэдүүлгийг сонсоод шүүгч Х.Ганболд болон бид хоёрын санал Отгонбаатарыг иргэний хариуцагч гэж үзэх, үзэхгүй байх талаар санал зөрсөн. Миний хувьд отгонбаатарыг иргэний хариуцагч байх ёстой гэсэн байр суурьтай байсан тухай тайлбарлавал: Отгонбаатар осол гарах өдөр буюу 2017 оны 02 дугаарсарын 24-нд шүүгдэгч Бод өөрийнхөө 01-37 УНИ улсын дугаартай тоёота истима маркын авто машиныг жолоодох эрхийг өгөх шаардлагагүй байсан. Б Отгонбаатарын өмнө авто машинаа Б барьж болно гэж хэлсэн зөвшөөрлийн үндсэн дээр Б авто машин жолоодож яваад осол гаргасан тул иргэний хариуцагчаар татагдах ёстой гэж үзсэн.

Харин шүүгч Х.Ганболдын хувьд Отгонбаатарыг иргэний хариуцагчаас чөлөөлж иргэний хариуцагчаар Сүрэнжавыг тогтоох нь зөв гэсэн саналтай байв.

Шүүгч өөрийн саналаа тайлбарласан нь Отгонбаатар тухайн өдөр өөрийн авто машинаа Бод унуулах тухай шийдвэр гаргаагүй, өмнөх зөвшөөрлийн хүрээнд Б авто машиныг жолоодох боломжгүй байсан. Нас биед хүрсэн Сүрэнжав жолоо шилжүүлсэн шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх боломжтой. Иймээс иргэний хариуцагчаас Отгонбаатарыг чөлөөлж Сүрэнжавыг иргэний хариуцагчаар тогтоож байна гэж шийдвэрээ тайлбарласан билээ.

Яллагдагч Б болон энэ гэмт хэргийн сэжигтнээр татагдаж байгаад гэрч болсон, иргэний хариуцагч болсон Сүрэнжав нарыг Отгонбаатар тодорхой ажлын хөлс өгч Замын-Үүд ба Улаанбаатар хооронд 01-37 УНИ улсын дугаартай тоёота истима маркын авто машинаар төлбөртэйгөөр хүн тээвэрлэх бизнес эрхлэдэг байсан тухай миний бие анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа мэдсэн билээ. Отгонбаатарын надад ярьснаар бол яллагдагч Б, гэрч Сүрэнжав нар Тоёота истима маркын 01-37 УНИ улсын дугаартай авто машинтай Замын-Үүд ба Улаанбаатар хоёрын хооронд долоо хоногт 4 удаа 2-3 хүн тээвэрлэдэг байсан гэнэ. Гэрч Сүрэнжав Замын-Үүд ба Улаанбаатар хооронд нэг удаа хүн тээвэрт яваад ирэхдээ яллагдагч Б Отгонбаатараас 50000 төгрөгийн хөлс авдаг байсан гэнэ. Отгонбаатар хэрэв Бод жолооны эрхгүйг нь мэдэлгүй жолоо барих эрх олгож ажлын хөлс өгсөөр байсан нь үнэн бол иргэний хариуцагчаар тогтоолгох ёстой. Быг жолооны эрхгүйг мэдсээр байж жолоочоороо Сүрэнжав авсан бол иргэний хариуцагч, гэмт хэргийн сэжигтэн болж шалгуулах учиртай.

Тоёота Истима маркын 01-37 УНИ улсын дугаартай авто машин зээлээр Отгонбаатар авсан. Отгонбаатарын зээлээр авсан Истима авто машин Замын-Үүд ба Улаанбаатар хотын хооронд орон нутгийн хүн тээвэрт явж байгаад зам тээврийн ослын хэрэгт холбогдолтой авто машин болж хувирсан. Отгонбаатар авто машинаа явуулж жолоочоороо өөрийн хүү Сүрэнжавыг найз Бын хамт тодорхой хөлстэй ажиллуулах болсон тухай би  шүүх хурал болоод дууссан хойно би өөрөө Отгонбаатараас асууж мэдсэн. Гэтэл яллагдагч Бын хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх үед шүүхэд ирсэн баримт мэдээлэлд энэ тухай тодруулж шалгасан ямар ч баримт байхгүй байсан. Анхан шатны шүүхээр Бод холбогдох хэрэг шийдэх үед гэмт хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүхэд ЭХХШТХ-ын 16.2 дахь залтыг зөрчиж шийдсэн байна.

Сүрэнжав, Б, Отгонбаатар нар харилцан үүрэг хүлээж орон нутгийн тээвэр эрхлэж байхдаа анхнаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмыг зөрчсөн үйлдэлд буруутай болох нь хэргийн материалаар батлагдаж байгаа. Отгонбаатарын эзэмшлийн авто машиныг Сүрэнжав, Б нарын хэн нь ч жолоодохыг зөвшөөрдөг байсан. Отгонбаатар жолооны эрхгүй Боор орон нутгийн замд хүн тээвэрлэсэн авто машины жолоо бариулаад ажлын хөлс төлдөг байсан. Отгонбаатар жолоо төгсөөд 1 сар гаруй болж байгаа, жолооны туршлагагүй Сүрэнжавыг орон нутгийн хүн тээврийн салбарт жолоочоор оролцох боломжийг бүрдүүлсэн. Иймээс иргэн Отгонбаатар орон нутгийн замд нийтийн тээвэр эрхлэх наад захын шаардлага хангахааргүй жолоочийг авч ажиллуулсан, мөн ийм шаардлага хангахгүй авто машин зээлээр авч явуулсан тул энэхүү зам тээврийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн гэм буруутай этгээд мөн гэж үзэж болохоор байна.

Гэтэл Отгонбаатар гэмт хэргийн шалтгаан нөхцлийг бүрдүүлэхэд ямар үүрэгтэй оролцсон талаар хуулийн байгууллага шалгаагүй байхад шүүхээс Бод холбогдох энэ гэмт хэргийг шүүх шийдсэн нь хэргийн нотолбол зохих байдлыг зааж журамласан  холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Б, Сүрэнжав, Отгонбаатар нарын хэн нь 2017.02.24-нд 01-37 УНИ улсын дугаартай Тоёота истима маркын авто машиныг жолоодож явсан юм гэдэг нь эргэлзээ төрүүлэхээр байна. Тухайн осол гарах үед сууж явсан 6 зорчигч буюу зургаан гэрчийн мэдүүлэг хэрэгт байдаггүй тул Б авто машин жолоодож яваад осол гаргасан гэж баттай итгэхэд эргэлзээ төрүүлдэг. Быг жолоо барьж явсаныг үнэмшилтэй болгохын тулд зургаан гэрчийн мэдүүлгийг аваагүй юм уу гэж боддог. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэр 2017.08.08-нд гарч Отгонбаатарыг иргэний хариуцагчаас чөлөөлсөн алдааг дээд шатны шүүх засах талаар тодорхой арга хэмжээ авч өгнө үү.

Отгонбаатар, Б, Сүрэнжав нар хохирлыг хамтран барагдуулах үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна. Мөн шүүх хуралд дээр хохирогч Очирбатын эмчилгээний зардлын нэг зуун мянган төгрөг гэх асуудлыг эргэж харах хэрэгтэй. Энэ нэг зуу зуун мянган төгрөгийг хохирогчийн баримтаар тогтоогдсон зардлаас хасч тооцсон нь буруу байсан гэв.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх 2017.08.08-ны өдөр хянан хэлэлцээд 2017/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн атлаа тогтоох хэсэгт шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилээр хасч, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг журамлан хорих ял огногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух, газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх хязгаарлалт тогтоосугай гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж гэсэн хэсгийг орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн 2017.08.08-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдолд гаргасан тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “хохирол төлбөрийн талаар хэсэгт” заасан:

Иргэний хариуцагч Н.Отгонбаатарыг чөлөөлсөн буруу ... Отгонбаатар, Б нар хохирлыг хамтран барагдуулах үндэслэлтэй гэж үзжээ.  Тайлбар: Б нь хохирол төлбөрөөс сайн дураараа, өөрийн боломжийн хэмжээнд төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдоно.

Харин иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт төлбөрийг төлүүлэх эсэхийг шүүх хянан үзээд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлмийн 4-т заасан “... өмчлөгч буюу эзэмшигч уг хэрэгслийг өөрөө шилжүүлсэн өгсөн бол .. хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Шүүх алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо: Очирбатын эмчилгээний зардалд Бын зүгээс 100000 төгрөг бэлнээр өгснийг эргэн харах, .. баримтаар тогтоогдсон зардлаас хасч тооцсон буруу байсан гэжээ. Тайлбар: Т.Бын эгч Очирбатын Улаанбаатар хотод эмчлүүлэхээр очсон цагаас эхлэн уулзаж эргэж тойрч аль болох дэм тус болохыг хичээн зүтгэж, сэтгэл гаргаж ирсэн. Анх эмнэлэгт очсон үед нь эм тариа аваарай гэж 100000 төгрөг өгсөн гэдэг нь хэрэгт авагдсан мэдүүлгээр тогтоогддог тул нийт зардлаас хасч тооцох нь шударга ёсны зөрчимд нийцнэ. Үүнийг шүүх буруу шийдвэр гарган гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ямар нэг өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

            Иргэний хариуцагч Н.Отгонбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ машины өмчлөгч нь Нет капитал ББСБ-ын нэр дээр байгаа. Өмчлөгчөөс нь хохирол төлбөр гаргуулна гэж байгаа бол Нет капитал ББСБ-аас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Энэ машин бол шинэ машин байсан. Би Б гэдэг хүүхдийг сайн танихгүй. Манай хүүхдийг утсаар гуйж байгаад авч явсан байсан. Тэр өдөр би амарч байсан. Б манай хүүгийн ангийнх нь хүүхэд байгаа. Б мөнгөний хэрэг гараад байна гээд манай хүүхдийг утсаар гуйж байгаад явсан гэдгийг сүүлд нь мэдсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн төлөөлөгч С.Алтансүхийн давж заалдсан гомдол, прокурор С.Энхнямын эсэргүүцэл зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болно гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ болон түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь зөв байх боловч энэ талаарх хуулийг оновчтой зөв хэрэглэж чадаагүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй, мөн иргэний нэхэмжлэл буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлээгүй атлаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-д заасныг үндэслэн тэнссэн нь энэхүү хуульд заасан нөхцөл журамд нийцээгүй байна.

Шүүгдэгч Т.Б-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар буюу жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэсэн гэмт хэргийн шинжийг үндэслэл болгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхдээ дээрх гэмт хэргийн шинжээс гадна тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт шинээр тусгагдсан гэмт хэргийн шинжийг үндэслэл болгосон нь Эрүүгийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх” зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ын гэм буруутай эсэх асуудлын талаар дүгнэлт хийж, хуулийг буцаан хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь  хэсэгт заасан “ ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутай гэж дүгнэсэн атлаа шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг зүйл хэсгийг хэрэглээгүй байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.

Түүнчлэн анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүйн гадна Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн асуудлыг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэхгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй юм. 

Энэ нь анхан шатны шүүх хохирогч Б.Очирбатын төлөөлөгч С.Алтансүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай иргэний нэхэмжлэлээ шүүгдэгч Т.Б болон иргэний хариуцагч Отгонбаатар нарт холбогдуулан гаргасан гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь олйгомжгүй бөгөөд энэ талаарх хэргийн нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна.

                                          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар хохирогч иргэний нэхэмжлэлээ тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарын хэн алинд нь холбогдуулан гаргах нь түүний эрхийн асуудал боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ба харин 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байхаас гадна хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй байхаар тус тус зохицуулжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуульд заасан нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй буюу шүүгдэгч Т.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзсэн атлаа нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Н.Отгонбаатар болох нь тогтоогдсон ба Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан “...өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласан”,  “...өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон” эсэх ач холбогдол бүхий үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад түүнийг тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг шүүгдэгч Т.Б-д шилжүүлээгүй гэж дүгнэсэн хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин гаргах эрхтэй гэж заасан нь ойлгомжгүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “... иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана” гэсэнтэй нийцээгүй байна.

Улмаар анхан шатны шүүх хохирогчийн төлөөлөгч С.Алтансүхийг шүүгдэгч Т.Бод холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзсэн атлаа түүнийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 1.1-д зааснаар тэнссэн нь тухайн хуулийг хэрэглэх үндэслэл буюу “... гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ...” байх нөхцөл шаардлагад нийцээгүй, тухайн хуулийг хэрэглэх дээрх хуульд заасан нөхцөл бүрдээгүй байгааг анхаараагүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд хохирогчийн төлөөлөгч С.Алтансүхийн “иргэний нэхэмжлэлийг хангаагүй” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин прокурорын эсэргүүцэлд дурдсан алдааг анхан шатны шүүх гаргасан боловч энэ үндэслэл нь дангаараа шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нөхцөл болохгүй ба энэ нь анхан шатны шүүх шүүгдэгчийг “ ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутай гэж дүгнэсэн атлаа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь  хэсэгт зааснаар хэрэглээгүй байгаа нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай эрх зүйн агуулгад хамаарахгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцээгүй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2017/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД                              Г.ТЭГШСУУРЬ

                                            Н.БАТЧИМЭГ