Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1681

 

 

 

 

 

 

 

 

 

“Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04640 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Батзоригт холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч С.Батзоригтын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхцэцэг

Хариуцагч: С.Батзориг

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Баднайсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Батзориг нь манай компанид 2006-2012 оны хооронд хий цэнэглэх станцын дарга, ерөнхий инженер, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр тус тус ажиллаж байсан. Компанийн зүгээс ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд автомашин авахад нь дэмжлэг үзүүлж, мөн компанийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдруулсан. С.Батзориг нь ажиллах хугацаандаа удаа дараа өр төлбөр гаргаж ажилдаа хайнга хандсанаас компанид их хэмжээний хохирол учруулж байсан бөгөөд ажилд ирэхгүй хаяж явсан тул 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсан. Ажлаас халснаас хойш компанийн байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Иймд С.Батзоригийн амьдарч буй “Дашваанжил” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 49 дүгээр байрны 13 тоот байрыг чөлөөлж өгнө үү гэжээ. 

Хариуцагч С.Батзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд ШУТИС-ийн геологийн сургуулийн Нефть хийн хангамжийн ангийг бакалаврын зэрэгтэйгээр төгсөж мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус байгууллагад ШШХЦС-ийн мастерын албан тушаалтайгаар ажил амьдралын гараагаа эхэлсэн. 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн Ерөнхий инженер, станцын даргын албан тушаал дээр томилогдон 2010 он хүртэл ажилласан. 2010-2011 онд Ерөнхий инженерийн албан тушаал, 2011-2012 онд Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер, 2012 онд Технологи инженер гэх албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2013 онд Дарханд болсон шүүх хуралд тус компанийн захирал Н.Баатаржавын шахалтаар хуурамч нотлох бичиг бүрдүүлж өгснөөр 2 жилийн тэнсэн хорих ял авсан. 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүний нөөцийн менежерт 30-ны өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтэй байгаагаа бичгээр гарган өгсөн. Дээрх жилүүдэд ажиллаж байх хугацаанд ээлжийн амралтыг нэг ч удаа авч байгаагүй. 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтэй байгаагаа захирлуудад хэлэхэд амралт өгөхгүй, ажлаасаа гар гэсэн тул ажлаас гарсан. Би 8,6 жил ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хуульд заасан ажлын цагийг байнга хэтрүүлэн ажиллаж байсан бөгөөд хүү цагийн ажлын хөлсийг бодож өгдөггүй байсан. Миний бие ШШХЦС-ын технологийн горим, аваарь осол, компанийн борлуулалтыг тасалдуулахгүйн тулд ажлын цаг наргүй хагас бүтэн сайнгүй хоёргүй сэтгэлээр ажиллаж байхад 2009 онд хийн түлш дутагдсан гэж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэсэгт мэдэгдэл гарган С.Батзориг миний биеийг шалгуулахад хийн түлш вагонтцистернээс дутуу ирсэн талаарх холбогдох нотлох баримтыг цагдаагийн хэсэгт өгч тухайн хэрэг хаагдаж байсан. Анх ажилд орж байхад 5 жил ажиллавал 1 өрөө байрны 70 хувийг компаниас гаргаж өгнө гэж аман гэрээ хийж байсан. 2009 оны намар Дарханд томилолтоор ажиллаад ирэхэд 10 дугаар хороололд одоогийн амьдарч байгаа байрыг авч өгсөн. Ажиллаж байх хугацаандаа захирлуудад тохиролцсоны дагуу байрыг минь нэр дээр минь шилжүүлэн өгөөч гэж удаа дараа аман болон бичгээр хүсэлт тавьж байсан. Иймд тус компанийн удирдлагуудтай хэлэлцээр хийн, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 49-1-ийн 13 тоот байрыг миний нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 49 дүгээр байрны 13 тоот, улсын бүртгэлийн Ү-2205020040 дугаартай 38.96 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг хариуцагч УГ83071511 регистртэй, Чонос овогт Сажийгийн Батзоригийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Батзоригт давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. ...Хариуцагчийн зүгээс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс тус хүсэлт дээрх хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэлгүйгээр мөн үндэслэлтэй эсэхийг нь тогтоохгүйгээр шууд "шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хангалгүй орхиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн" гэж шийдвэртээ тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэж шүүх хуралдааныг хийсэн мөн хариуцагчийн хүсэлтийг хангахгүй орхин хийсэн гэсэн атлаа ямар үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээж аваагүйгээ тайлбарлаагүйн сацуу хүндэтгэн үзэх шалтгаантай хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу шийдвэрлэсэн байна. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т "Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно" гэж заасан. Энэ нь хариуцагчийн зүгээс ямарваа нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хэрэгжих ёстой хуулийн заалт байтал хариуцагч С.Батзоригийн зүгээс өвчний улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй тухай хүсэлтээ эмнэлгийн магадлагаатайгаа өгсөөр байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ процессын алдаа гаргасан гэж үзэж байна. Ийнхүү анхан шатны шүүх нь хүндэтгэн үзэх шалтгааныг ямар үндэслэлээр хүлээж аваагүй тухайгаа тайлбарлалгүйгээр хүсэлтийг шууд хангалгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн үйл баримтын талаар мэтгэлцэх эрхийг хариуцагчид олголгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч миний мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад бодитой дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь хариуцагч С.Батзоригт холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч С.Батзориг нь 2006 оноос 2012 оны хооронд “Дашваанжил” ХХК-ийн хий цэнэглэх станцын дарга, ерөнхий инженер, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер, технологийн инженер зэрэг ажил албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, 2009 оноос тус компанийн өмчлөлийн Баянгол дүүрэг 5 хороо, 10 дугаар хороолол, 49 дүгээр байрны 13 тоот, 1 өрөө орон сууцыг үнэ төлбөргүйгээр тодорхой бус хугацаагаар ашиглаж байсан болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000085142 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, “Дашваанжил” ХХК-ийн 000047392 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. /хх 4, 5, 15, 16, 34, 35/

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулсан гэж үзлээ.

 

            Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулсан энэ хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.1.6, 289.2.6, 293 дугаар зүйл, 295 дугаар зүйлийн 295.3, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйл, 298 дугаар зүйлүүд нэгэн адил хамаарах учиртай.

            Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол хугацаагүй байгуулсан гэрээг цуцалсан тохиолдолд нөгөө талдаа 3 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэл өгсөн байх шаардлагатай.

            Нэхэмжлэгч нь “...ажлаас халснаас хойш компанийн байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна” /хх-34/ гэж тайлбарласан боловч эд хөрөнгө үнэ төлбөргүйгээр ашиглах гэрээг цуцлах тухай хариуцагчид мэдэгдэл өгсөн талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Талуудын хооронд гэрээг хуульд заасан эсхүл гэрээнд заасан журмын дагуу цуцлагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх хариуцагчийг эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу гэрээг цуцлах, дахин шаардлага гаргахад энэ магадлал саад болохгүй юм.

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр, мөн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулж, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн байна. Иймд шүүх хуралдаанд хариуцагч хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

            Хариуцагч нь энэ гэрээний дагуу уг орон сууцыг эзэмшиж байгааг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшил гэж үзэхгүй болно.  

            Хариуцагч “Дашваанжил” ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000047392 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч гэрээ цуцлагдаагүй байгаа тохиолдолд гэрээний дагуу орон сууцыг нь эзэмшиж байгаа этгээдийг гарахыг шаардах эрхгүй юм.

            Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04640 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С.Батзоригтод холбогдох Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 49 дүгээр байр, 43 тоотод байрлах 38.96 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Батзоригийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН