Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2020/0640

 

Н.О-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.О-гийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 632 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.12-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О-гаас Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3100 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1Б/7098 тоот албан бичиг болон түүний хавсралтын Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны  өдрийн 20 дугаар албан бичиг Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгийг, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 тоот тушаалын 1 болон 7 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О-гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж давж заалдах гомдолдоо: “... Н.О-г ажлаас чөлөөлсөн шийдвэр байхгүй, ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байхад сургуулийн захирлын сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн нь сонгон шалгаруулах журмыг зөрчсөн.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл сонгон шалгаруулалт зарлах шийдвэр гаргаагүй, зөвлөлийн дарга эрх хэмжээгээ хэтрүүлсэн. Боловсролын байгууллагад удирдах албан тушаалтанд байх шаардлагыг Н.О бүрэн хангаж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Шүүх жирэмсэн эхийн эрхийг хамгаалахтай холбоотой баримтуудыг огт үнэлээгүй, яам өөрчлөгдөн байгуулагдсан салбар зөвлөл татан буугдсан байхад төлөөлөгчөөр Д.Н-ыг оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг шийдвэрлэхгүй гэж хэлж байсан нь мэтгэлцэх эрхийг ноцтой хөндсөн.

Сургууль татан буугдаагүй, үйл ажиллагааны чиглэл хэвээрээ, чиг үүрэгт өөрчлөлт ороогүй, зөвхөн харьяалал, тусгай зөвшөөрөл өөрчлөгдсөн байхад Н.О-гийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохгүй.

Хариуцагч хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал гаргаагүй нь Н.О-г сургуулийн захирал биш гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим заавал үйлчилнэ. Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т “лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох” гэсэн заалт нь хэрэглэхгүй, шинээр лаборатори сургууль байгуулагдаж байгаа, эсхүл захирлыг албан тушаалаас чөлөөлсөн тохиолдолд хэрэглэнэ. Н.О-г ажилд үргэлжлүүлэн ажиллахтай холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 100 дугаар зүйлийн 100.1-д тусгайлан зохицуулсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

НЭГ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3100, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаар албан бичгүүд, тэдгээрийн хавсралтуудын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлагуудын тухайд:

Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл Төрийн албаны тухай /2002 оны/ хууль болон Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан сумдын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтын дүн, сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан комиссын дүгнэлтийг үндэслэн Н.О-г 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор[1] төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлж, улмаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 /аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх/-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/377 дугаар захирамжаар[2] Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилжээ.

Өөрөөр хэлбэл, Н.О Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 354 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-д заасан “бакалавраас доошгүй зэрэгтэй, боловсролын менежментээр мэргэшсэн, багшлах ба боловсролын удирдлагаар хосолсон дадлага туршлагатай байхшаардлагыг хангаж, ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэнээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогджээ.

Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 / ... ерөнхий боловсролын лаборатори сургууль, ... байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно/-т зааснаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/830 дугаар тушаалаар[3] Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг лаборатори сургууль болгосон.

Ингэснээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 / ... ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх/-т зааснаар лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох шаардлага үүсжээ.

Үүний тулд тэрээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг “лаборатори сургууль” болгон өөрчилсөн, Төрийн албаны тухай /2017 оны/ хууль батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолоор баталсан “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”-ын дагуу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/282 дугаар тушаалаар[4] “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт”-ыг баталж, улмаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын буюу яамны харьяа байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлд хүргүүлсэн нь Боловсролын тухай хуулийн дээр дурдсан заалтууд болон Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11 /төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах, холбогдох журмыг батлах/-д нийцжээ.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр хууль бус эсэхээс гадна тухайн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх ёстой.

Боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д зааснаар “лаборатори сургууль” нь ердийн бүрэн дунд боловсролын сургуулиас “бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах ерөнхий боловсролыг олгодог” чиг үүргээрээ ялгагддаг, энэ агуулгаараа Боловсролын тухай хуульд тухайн сургуулийн захирлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд томилохоор хуульчилжээ.

Тэрхүү онцлогийг харгалзан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд “лаборатори сургууль”-ийн захирлын Албан тушаалын тодорхойлолтыг батлахдаа “ ... харьяалах аймгийн хэмжээнд багш нарын мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр сургалт-дадлагыг зохион байгуулах, бусад сургуулиудад шинэ технологи, аргазүйг түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах ажлыг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах, үр дүнг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах”-ыг  гол зорилго болгожээ.

Тиймээс ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан шаардлагуудыг хангаж, Өлгий сумын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч Н.О Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/282 дугаар тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолт-д заасан тухайн шаардлагыг хангасан гэж шууд дүгнэх боломжгүй.

 Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаал Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 /яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал/-д заасан төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаал тул тухайн албан тушаалыг төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхөх боломжгүй энэ тохиолдолд хариуцагч төрийн захиргааны төв байгууллага мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 /энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах/-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг зарласан нь үндэслэлтэй.

Иймд энэ талаар “албан тушаалын сул орон тоо гарсан мэтээр сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсөн нь журам зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хариуцагч нарын маргаан бүхий дээрх албан бичгүүд хууль нийцсэн, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

ХОЁР. “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1б/7098, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар албан бичгүүд, тэдгээрийн хавсралтуудын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захиралтай холбоотой хэсгүүдийг, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 дугаар тушаалын 1, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгуулах тухай” шаардлагуудын тухайд:

Нэгэнт тухайн албан тушаалтны сонгон шалгаруулах захиалгыг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам салбар зөвлөлд, Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны салбар зөвлөл энэ талаарх зарыг Төрийн албаны зөвлөлд тус тус хүргүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй нь тогтоогдсон гэж үзэж, холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаагүй тохиолдолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1б/7098 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлд “сонгон шалгаруулалтыг яаралтай зохион байгуулж, дүнг сайдад танилцуулах” талаар, улмаар Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөл 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаар албан бичгээр “яамны харьяа байгууллагуудын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг цахим хуудаст байршуулах” талаар Төрийн албаны зөвлөлд тус тус мэдэгдсэнийг хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.

Мөн сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 дугаар тушаалын[5] 1 дэх заалтаар төрсний болон амаржсаны амралт дуусч, ажилдаа орох хүсэлтийг нь үндэслэн Н.О-г Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилж, 7 дахь заалтаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг танилцуулахыг Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлд даалгасан хууль зөрчөөгүй байна.

Учир нь хариуцагч төрийн захиргааны төв байгууллага Н.О-гийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан ажилд орох хүсэлтийг үндэслэн Өлгий сумын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр түр томилсон нь хууль зөрчөөгүй байна.

Нөгөөтээгүүр, лаборатори сургуулийн захирлыг шинээр томилох дээрх харилцаанд жирэмсэн эхийг ажлаас халахгүй байх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт үйлчлэхгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн жирэмсэн эхийн эрхийг хамгаалахтай холбоотой баримтуудыг үнэлээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

ГУРАВ. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах тухай захиалга өгсөн, уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах”-аар гаргасан шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцадБаян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгуулах”-аар өөрчилснийг хянан шийдвэрлэжээ.

Хариуцагч төрийн захиргааны төв байгууллага нэхэмжлэгч Н.О-гийн хүсэлтийг хүлээн авч, лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргалгүй, татгалзан захирлын албан тушаалд түр томилсон, улмаар тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан нь Боловсролын тухай хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй учир Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах буюу томилох шийдвэр гаргахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгах шаардлагыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй боловч энэ нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн үндэслэх хэсэгт “захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчид шууд хаяглагдаагүй, үр дагавар үүсгээгүй шинжээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахгүйгээр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульд заасан нэхэмжлэлийг шүүгч хүлээн авахаас татгалзалгүй, өөрийн үзэмжээр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн” мэт ойлголт төрүүлэхүйц байдалд хүргэсэн, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүйг анхааруулах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

 

[1] 1 дэх хавтсын 8 дахь тал.

[2] 1 дэх хавтсын 9 дэх тал.

[3] 1 дэх хавтсын 12 дахь тал.

[4] 1 дэх хавтсын 60 дахь тал.

[5] 1 дэх хавтсын 195 дахь тал.