Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221

 

С.Баясгалангийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч С.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 246 дугаар магадлалтай, С.Баясгалангийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс томилогдон ажил үүргээ гүйцэтгэж явахад аймгийн Засаг даргын Тамгын газраас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар төрийн албанд 1 жил ажиллах эрхгүйгээр халсан нь хууль бус бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 25.1.1, 25.1.2, 25.1.3 дугаар зүйлүүдийг зөрчиж байна гэж үзэж байна.

Аймгийн Аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2013, 2014 оны үйл ажиллагаа, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийж үндэсний баяр наадмын арга хэмжээнд 800.0 мянга, шинэ жилийн арга хэмжээнд 175.0 мянга, бүгд 975.0 мянган төгрөгийг зориулалт бусаар зарцуулсныг аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан надаар төлүүлэхээр 2015 оны 3 дугаар сарын 13-ны 01/09 тоот акт гаргасан байна. Аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Хүнс, хөдөө аж ахуйн газрын төсөв, санхүүг захиран зарцуулах эрхгүй тул энэ төлбөрийг би төлөх үндэслэлгүй болно.

Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд аймгийн Аудитын газраас шалгалт хийж Нийгмийн эрүүл мэндийн барилга худалдан авахаар ХААА/2014-06 дугаар тендер зарлан хөрөнгийн үнэлгээ хийлгэн 450 сая төгрөгөөр худалдан авсныг буцаан төлүүлэхээр ажлын хэсгийн ахлагч С.Баясгалан надад үүрэг болгон 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04/35 тоот албан шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно. Энэ асуудлыг Авилгатай тэмцэх газар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Прокурорын шийдвэр гарсан болно.

Дээрх 2 аудитын зөвлөмжөөр С.Баясгалан намайг ажлаас халсан нь үндэслэлгүй тул Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд буцаан томилуулж, ажилгүй байсан хугацааны ажлын нэг өдрийн 39998 төгрөгөөр тооцож шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/19 дугаар албан шаардлагаар “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсэг”-ийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн шатахууны нөөц бүрдүүлэх гэрээний дагуу даваа, гүвээ хаагдах, цас хунгарт хаагдах үед цас цэвэрлэх зам гаргах, малчдад эм тариа, хүнс тэжээл хүргэх зэрэг болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зарцуулах хөрөнгөөс зориулалт бусаар 975.000 төгрөг зарцуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Мөн Аудитын газрын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04/35 дугаар албан шаардлагаар “Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга худалдан авахаар ХААА/2014-06 дугаар бүхий тендер зарласан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг үндэслэн тендерээс татгалзаж мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулан 450 сая төгрөгөөр худалдан авсан байна.

Гэвч уг барилга бодит байдал дээр дээвэр, паарнаас ус гоожсон, хүйтэн, 00 өрөө усгүй, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон. С.Баясгалан нь аймгийн Аудитын газрын дээрх албан шаардлагуудыг биелүүлээгүй тул Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ” гэж заасныг үндэслэн аймгийн Аудитын газраас 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 538, 540 дүгээр албан тоотуудаар аймгийн Засаг дарга А.Энхболдод ирүүлсэн.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгаланг Аудитын газрын дээрх албан шаардлагууд болон 2015 оны 538, 540 дүгээр албан бичиг, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, зөрчлийн шинж байдал, аймгийн Аудитын газрын газрын саналыг үндэслэн мөн зүйлийн 26.1.3-д заасны дагуу төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан болно.

Хариуцагч тал С.Баясгалангийн Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг зөрчсөн, үндэслэлгүй ажлаас халсан тул ажилд албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Баясгаланг Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3614640 /гурван сая зургаан зуун арван дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 246 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчин хэрэг үүсгэж шийдвэрлэсэн өөрөөр хэлбэл хууль буруу хэрэглэсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар /ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээс гадна/ ажлын хэсэг байгуулан даргаар С.Баясгаланг томилсон байх ажлын хэсгийн даргын хувьд эрх эдэлж үүрэг хүлээлгэсэн.

Гэвч С.Баясгалан нь эрх, үүргээ зөрчсөн бөгөөд энэ нь аймгийн Аудитын газрын актаар тогтоогдож байгаа ба шүүх дээрх Аудитын газрын акт С.Баясгаланд хамааралгүй гэж шийдвэрлэсэн. Энэ нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.                               

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасныг үндэслэн тус газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгаланг “аймгийн Засаг даргын нэр дээр ирүүлсэн Аудитын газрын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 538, 540 тоот албан бичгийг үндэслэн албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж” гэж дурдаж, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч С.Баясгалан нь “...аймгийн Аудитын газрын 2015 оны 01/09 дүгээр, 04/35 дугаар албан шаардлага хууль зүйн үндэслэлгүй, тогтоосон төлбөрийг би хариуцахгүй...” гэж маргаж, уг тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 01/19 дүгээр албан шаардлагаар “байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зарцуулах хөрөнгөнөөс зориулалт бусаар зарцуулсан 975000 төгрөгийг Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Баясгалангаас гаргуулж 4 дүгээр сарын 01-ний өдөр дансанд буцаан төвлөрүүлэх”-ийг Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, нягтлан нарт үүрэг болгосон; мөн Аудитын газрын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04/35 дугаар албан шаардлагаар “шууд гэрээ байгуулан 450 сая төгрөгөөр худалдаж авсан Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгын дээвэр, паарнаас ус гоожсон, хүйтэн, 00-ийн өрөө нь усгүй, зах зээлийн үнээс өндөр үнэтэй гэж дурдаж, гэрээг цуцалж, хөрөнгийг буцаан төвлөрүүлэх”-ийг С.Баясгалан болон ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгож, биелэлтийг 2015 оны 5 дугаар сарын 01-ний дотор ирүүлэхийг шаардсан, эдгээр албан шаардлагыг биелүүлээгүй гэдгээр тус Аудитын газрын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 538, мөн өдрийн 540 дугаартай албан бичгээр С.Баясгаланд “хариуцлага тооцох”-ыг Дархан-Уул аймгийн Засаг даргад мэдэгдсэн байна.

Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ; 28.2.1-д аудитад хамрагдсан байгууллагын санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас санал, дүгнэлт өгөх боломжгүй тохиолдолд, 28.2.2-т төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд” гэж заажээ.

Хуулийн дээрх зүйлд зааснаар “халах санал” гаргах эрх аудитын байгууллагад олгогдсон боловч “санал”-ыг хүлээн авч, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, сахилгын шийтгэлийн хэлбэрээр халах харилцааг тусгайлан зохицуулсан Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу явагдах учиртай.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна” гэж заасан учир зөрчлийг шалган тогтоож хариуцлага хүлээлгэхээр зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, төрийн аудитын байгууллагын “албан шаардлага”-ыг биелүүлээгүй гэх зөрчлийг шалган тогтоож, төрийн албан хаагч буруутай нь нотлогдсон тохиолдолд “халах санал”-ын хэрэгжилт хангагдах байхад хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа “...538, 540 тоот албан бичгийг үндэслэн албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж” хэмээн дурдаж, уг саналд дурдсан зөрчлийг шалгаж тогтоолгүй шууд үндэслэн халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь буруу байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Дархан-Уул аймгийн Аудитын газрын 01/19 дүгээр албан шаардлага нь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт холбогдолтой, үүнийг биелүүлэх үүргийг С.Баясгаланд хүлээлгээгүй, энэ “албан шаардлагыг биелүүлээгүй” гэж 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 494 дугаартай албан бичгээр гаргасан “хариуцлага тооцуулах тухай санал”-д аймгийн Засаг даргаас “хариуцлага тооцох эрх зүйн үндэслэлгүй” гэж өмнө нь үзсэн, 04/35 дугаар албан шаардлагыг С.Баясгалангаас гадна ажлын хэсэг биелүүлэх үүрэгтэй болох нь тогтоогджээ.

Эдгээр байдлаас үзвэл, хариуцагч нь “санал”-ыг хүлээн авч, шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн “албан шаардлагыг биелүүлээгүй” гэх зөрчлийг шалган тогтоогоогүй, аймгийн Засаг даргатай зөвшилцөх хуулийн шаардлагыг биелүүлээгүй, уг шаардлагын биелэлтийг хариуцах этгээд мөн эсэхийг нягтлан үзээгүй нь Төрийн албаны тухай болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалт, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-аар тогтоосон зохицуулалтад нийцээгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг хянуулахаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасанд нийцсэн, Аудитын газрын 04/35 дугаар албан шаардлагад зааснаар уг шаардлагыг биелүүлэх үүргийг С.Баясгалангаас гадна ажлын хэсэгт хүлээлгэснээс үзвэл хариуцлагыг С.Баясгалан дангаар хүлээхгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нотлох баримт үнэлэх талаарх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг зөрчиж  гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн, С.Баясгалан ажлын хэсгийн даргын хувьд эрх, үүрэг хүлээх байтал актад хамааралгүй этгээд гэж нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 246 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ          

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ