Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 151

 

 

                                                           

 

 

 

 

   

   2020        02          19                                2020/ШЦТ/151

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ш.Наранчимэг,

шүүгдэгч Н.Баттулга, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адаа овогтой Эрдэнэцогийн М, Боржигон овогтой Нямсүрэнгийн Бнарт холбогдох эрүүгийн “1902006730355” дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “Бишрэлт интернэйшнэл” ХХК-д график дизайнер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон, 33 дугаар байрны 65 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Н Б/РД:.............

Монгол улсын иргэн, 2000 оны 1 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч, бариа засалч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий 37-656 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Адаа овогт Э М /РД:....................

Шүүгдэгч Н.Баттулга, Э.М нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Бнь 2019 оны 09 дүгээр сард Э.Мд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, 1 грамм шавар гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Бишрэлт худалдааны төвийн авто зогсоол дээр 32-25 УНР улсын дугаартай “Тоёота Приус “маркийн тээврийн хэрэгсэлд 1.3 грамм /цэвэр жин 0.7 гр/ “шавар” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Э. М нь 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 37-656 тоотод, гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 1 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Н.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Н.Бмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Бишрэлт интернейшнэл ХХК-д маркетингийн албанд дизайнер ажил хийдэг энэ ажилдаа 2016 оны 12 сараас хойш одоог хүртэл ажиллаж байгаа. Манай ажлын байр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын урд талын “Бишрэлт” худалдааны төвийн байранд байрладаг. 2019 оны 07 дугаар сарын 20-дын үеэр санагдаж байна би өөрийнхөө ажлыг хийгээд хэвлэлийн газраас хэвлэл авчихаад дэлгүүр дотор хэвлэлээ солиод 2 давхраас 1 давхар руу буугаад үүдний хэсэгт явж байх үедээ 4 баганы дунд хэсгээс шалан дээрээс бор цаасан ууттай зүйл байхаар нь аваад үзтэл дотор нь нэг ундаа, жижиг печень болон хар өнгийн эрэгтэй хүний арьсан түрийвч байхаар нь түрийвчийг нь нээгээд бичиг баримт болон утасны дугаар байгааг нь шалгатал дотор нь ямар нэгэн бичиг баримт холбоо барих утасны дугаар байгаагүй харин гялгар уутанд хийсэн хар өнгийн шавар мэт зүйл байхаар нь түүнийг нь аваад бусад зүйлийг нь хогын саванд хийж хаясан ингээд гялгар ууттай шавар мэт зүйлийг ямар эд зүйл болох талаар нь сонирхож интернетээс зурагтай төстэй байдлаар хайлт хийхэд мансууруулах үйлчилгээтэй бодисын төрөлд хамаарахаар эд зүйл байж болох мэдээлэл байсан тул түүнийг өөрийн биедээ авсан. Ингээд түүнийг шавар гэх бодис болох талаар нь мэдсэн ба хэрхэн хэрэглэдэг талаар нь “уoutube” бичлэг болон хүний ам дамжсан дам ярианаас сонсож бичлэгээс хараад тугалган цаасан дээр тавьж доороос нь галаар халааж гарсан утааг нь амаараа гуурс болон мөнгө хуйлж сорж хэрэглэдэг талаар нь мэдсэн. Олсноосоо хойш 2-3 хоногийн дараа тухайн үед үерхэж байсан найз охин Мд үзүүлж машинтайгаа хотоор явж байх үедээ хамт хэрэглэж байсан. Хэрэглэсний дараа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй мөртлөө согтсон мэт сэтгэгдэл төрж байсан учраас гоё санагдсан гэхдээ бас тухайн үедээ айх мэдрэмж төрсөн учир нь хар тамхи гэх зүйлийг хууль бус болох талаар нь мэдэж байсан. Ингээд тухайн хэрэглэсэн өдрөөс гялгар ууттай шавар гэх бодисыг өмсөж явсан өмднийхөө урд халаасанд хийгээд гэртээ орж амрахдаа өмдөө тайлаад тухайн өмдөө дахин нэлээн удаан өмсөлгүйгээр мартсан. Мөн найз охин Мтай 7 хоногтоо 1-2 удаа уулзах гадуур машинтай зугаалах зэргээр хамт өдрийг өнгөрөөж байсан тухайн үедээ бол шавар гэх зүйлийг ор тас мартсан байсан. Харин 2019 оны 09 дүгээр сарын үед өмнө нь өмсөж байсан өмдөө өмсөөд халаасандаа гараа хийх үед гялгар ууттай шавар тэнд байгааг санасан ба Мтай уулзах үедээ дээрийн хоёулангийн машиндаа хэрэглэж байсан шавар гэх бодис энд байна штээ гэж хэлээд ярилцаж байгаад дахин хэрэглэхээр болж хэрэглэсэн ба тухайн үедээ хэрэглээд үлдсэн хэсгийг нь яасан талаар нь мэдээгүй тухайн үедээ хэрэглэснийхээ дараа хайгаад олоогүй тэгээд хаячихсан юм байна даа гэж бодсон. Ингээд түүнээс хойш дахин хэрэглээгүй Мтай 2019 оны 09 дүгээр сарын дунд үеэс маргалдаж дахин уулзахаа больсон. Гэхдээ М надтай уулзахаа больсон байхдаа зарим шөнө 01-02 цагийн үед над руу залгаж найз нартайгаа гадуур бааранд байна намайг гэрт хүргээд өгөөч гэж гуйхаар нь очиж аваад гэрт нь хүргэж өгч байсан. Ингээд уулзалгүй 1-2 сар болж байгаа ба 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байх үед над руу хүн залгаад машиныг чинь хүн мөргөчихлөө гэхээр нь гараад иртэл цагаа нар байсан ба Хар тамхитай тэмцэх газраас явж байгаа талаараа хэлээд шууд гавалсан ба миний машиныг унаж намайг суулгаад Хар тамхитай тэмцэх газрын гадаа ирж машинаас буусан ингээд машинд үзлэг хийхээр болсон ба машинд хар тамхи байгаа юу гэж асуухаар нь байхгүй талаараа хэлэхэд хоёр цагдаа намайг байлгаж байгаад машиныг үзэхэд урд хайрцагнаас асаагуур дээр наасан шавар мэт бодис гаргаж ирсэн ингээд шалгаж цагдан хорьсон. Үүнээс өөр зүйл болоогүй машины голын хайрцагт асаагуур дээр наасан шавар гэх бодис байсан талаар нь мэдээгүй....” гэх /хх-ийн 68-69х/,

Шүүгдэгч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ “...Би үерхэж байгаад салсан Бгэх залуугаас 2019 оны 09 сарын эхээр авсан юм. Анх авахад гялгар уутанд шавар шиг хэлбэр дүрстэй бор өнгийн наалдамхай зүйл байсан бөгөөд би тэрийг нь ногоон өнгийн асаагуур дээр наагаад гялгар уутанд хийчихсэн байсан юм. Дараа нь хаана хийснээ мартчихсан байтал аав хэрэг болсон өдөр цүнх ухаж байгаад олоод гаргаад ирсэн. Би тэр цүнхэнд хийснээ мартсан байна лээ ... ” гэх /хх-ийн 165-166х/,

Гэрч М.Эрдэнэцог мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө би машинаа зарах гээд 09 цаг өнгөрөөж гэрээсээ гараад 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь Мг манай эхнэр өдөржингөө унтаад гэрт юм хийсэнгүй гэхээр нь би нэг их бодоогүй байж байсан чинь 20 цагийн орчим М утасных нь эрх хаагдсан байна сэргээнэ гэж гараад 2019 оны 10 дугаар сарын 06-ны 03 цаг өнгөрч байхад харанхуйд орж ирсэн ба гэрийн гэрэл унтарсан байхад би харсан чинь шат руугаа гуйвсан байдалтай гараад орондоо ороод хэвтэхээр нь би араас нь очоод хөнжлийг нь сөхсөн чинь нүднийх нь хүүхэн хараа томорчихсон миний өөдөөс аман дээрээ хуруугаа тавиад чишш гээд эцэгтэйгээ юм ярьж байгаа ямар ч шинжгүй манарсан байдалтай байхаар нь ... цүнхийг нь шалгасан чинь цүнхэнд нь нэг удаагийн жижиг гялгар уутанд ногоон өнгийн асаагууранд хар бор өнгийн зүйл бас ороосон байдалтай 100 төгрөг байхаар нь би юу болохыг асуусан чинь М асаагуур дээр наалттай хар бор юмыг лаа тогтоогдог баримал гэж хэлэхээр нь би “хар тамхи” гэдэг нь тодорхой байсан болохоор 102 дугаарын утас руу дуудлага өгсөн... Тэгэхдээ манай гэрийн гадаа 32-25 УНР байх улсын дугаартай улаан өнгийн приус-20 машинтай залуу ирээд үерхэж байгаа гэж хэлээд манай охинтой уулздаг. Тэр залууг ирэхээр л манай охин гэрээс гараад шөнө дунд орж ирдэг...” гэх /хх-ийн 157-159х/,

Гэрч Д.Мөнгөнгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Орой үдэш болохоор гарч явах гээд, үгэнд орохгүй, юм хэлэхээр өөдөөс уурлаад байсан бөгөөд 10 сарын 05-ны өдөр унтаж байгаад орой утасны яриа хаагдсан байна. Нэгж авчихаад ирье гэж гарч яваад ирэхгүй нилээн удаж байгаад шөнө дунд гэртээ манарсан байдалтай орж ирсэн. Энэ үед нөхөр уурлаад эцэг эхийгээ боддоггүй, хайр даадаггүй, яах гээд байгаа юм гээд хэдэн үг хэлж 2-3 удаа цохиж аваад цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө хувцас хунар, цүнхийг нь нэгжиж байтал ойрд хэрэглэхгүй байгаа харагддаг нэг цүнхнээс нь асаагуурт наалдсан хар бор юм, хуйлсан мөнгө гарч ирэхээр нь энэ юу юм гээд асуухад ресторанд ажиллаж байхдаа лаагаа асаадаг асаагуур, лааны доор тогтоодог шавар байгаа юм гэж хэлэхэд нь итгээгүй, ямар ч байсан шалгуулна гээд дуудлагаар ирсэн цагдаад хүлээлгэж өгсөн. Ингээд дагуулаад цагдаагийн хэлтэс дээр очиход шээснээс нь мансууруулах бодис илэрсэн. ... Саяхан 6, 7 сарын үед нэг улаан хүрэн өнгийн 32-25 УНР улсын дугаартай Приус-20 маркийн машин хашааны гадаа ирчихээд авч яваад буцаж ирдэг байсан...” гэх /хх-ийн 167-168х/,

 2019  оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн Н.Баттулгын “...хар өнгийн куртикны зүүн гарын гадна талын цахилгаантай жижиг халааснаас жолооны үнэмлэх, жолооны үнэмлэхийн зүүн дээд хэсэгт хар өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжилгээнд хүргүүлэхээр түр хураан авав ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х-ийн 12-15х/,

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үзлэг хийсэн “Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “МБА” төв байрны ертөнцийн зүгээр баруун талд ил зогсоол дээр 32-25 УБР улсын дугаартай улаан өнгийн Тоёота Приус-20 маркын автомашин урагш харсан байдалтай зогсож байна. ... Уг автомашины зүүн урд хаалгыг онгойлгож урд талын хайрцагнаас эрээн өнгийн асаагуурын хажуу хэсэгт хар бор өнгийн шавар мэт зүйл байсныг гаргаж өгсөн. Үргэлжлүүлэн үзлэгийг хийхэд урд талын суудлын дунд хайрцагт хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт 1 ш байсныг хураан авав ” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24х/,

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглээр, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 16-18х/,

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6396 дугаартай “Баттулга” УЧ91061416 2019.11.14 гэж хаягласан шээсний дээжнээс  Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-50х/,

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6398 дугаартай “... Жолооны үнэмлэхний гадаргуу хэсгээс дельта-9-тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9-тетрагидроканнабинол НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна... ” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52- 53х/,

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6397 дугаартай “..1 гэж дугаарласан шавар мэт зүйл, 2 гэж дугаарлсан JN7183022 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9- тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9-тетрагидроканнабинол НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-57х/,

2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Э.Мгийн биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, бичлэг /хх-ийн 145-146х/,

2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн “... Ногоон өнгийн Сliррег гэсэн нэртэй асаагууран дээр наасан бор хүрэн өнгийн зүйлийг асаагууран дээрээс хусаж авч граммлаж үзэхэд 1 грамм жинтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж тунгалаг өнгийн уутанд хийв. 100 төгрөгийн NZ1628844 серийн дугаартай мөнгөн дэвсгэртийн зүүн талаас нь ороосон. Мөнгөн дэвсгэртийн дээд хэсэг шатаж түлэгдсэн байсныг тэмдэглэлд тусгав.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 147х/,

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 5670 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "Э.М 2019.10.05” гэх хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн нэр тодорхойгүй асаагууран дээр наасан хар өнгийн зүйл, хуйлсан байдалтай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэрэгт дельта-9 тетрагидроканнабинол тус тус илрэв. Дельта-9  тетрагидроканнабинол нь олсны ургамлын найрлаганд ордог. Дельта-9  тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 171-174х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлагыг зөрчөөгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Иймд шүүгдэгч Н.Баттулгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд  багтсан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “дельта-9 тетрагидроканнабинол”-ийн агууламжтай, 1 грамм шавар гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Э.Мд өгсөн,  2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Бишрэлт” худалдааны төвийн авто зогсоол дээр 32-25 УНР улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэлд 1.3 грамм /цэвэр жин 0.7 гр/ шавар гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Э.Мг 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгийн 37-656 тоотод, гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай 1 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгч Н.Баттулга, Э.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.Бнь 29 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.  

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан эрээн өнгийн асаагуур, уутны хамт 1,3 грамм /цэвэр жин 0,7 грамм/ шавар бодис, 1 грамм жинтэй шавар гэх бодис, ногоон өнгийн асаагуур тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

JN7183022 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, NZ1628844 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртыг Монгол Банкинд шилжүүлж,

Дээж авч буй бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 2004 онд Япон Улсад үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн, NHW203011669 арлын дугаартай, улаан хүрэн өнгийн 32-25 УНР улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл, №760011 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Н.Батулгад буцаан олгохоор шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                             ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Боржигон овогт Нямсүрэнгийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн,

Шүүгдэгч Адаа овогт Эрдэнэцогийн Мг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баттулгыг 1 /нэг/ жилийн  хугацаанд хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасныг журамлан шүүгдэгч Э.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Баттулгад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баттулын энэ хэрэгт нийт цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

         6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан эрээн өнгийн асаагуур, уутны хамт 1,3 грамм /цэвэр жин 0,7 грамм/ шавар гэх бодис, 1 грамм жинтэй шавар гэх бодис, ногоон өнгийн асаагуур тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

JN7183022 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, NZ1628844 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртыг Монгол Банкинд шилжүүлж,

дээж авч буй бичлэг бүхий нэг ширхэг дискийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

         7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 2004 онд Япон Улсад үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол Улсад орж ирсэн, NHW203011669 арлын дугаартай, улаан хүрэн өнгийн 32-25 УНР улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл, №760011 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгч Н.Батулгад тус тус олгосугай.

 

8. Шүүгдэгч Н.Баттулгад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Э.Мтай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ, Н.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД