Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0046

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Б.О

Насанд хүрээгүй хохирогч Б.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б

Шүүгдэгч Ж.А, Ж.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.А, Ж.П нарт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Ж. А

Монгол Улсын иргэн Ж. П

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.А, Ж.П нар нь бүлэглэн 2019 оны 10 сарын 21-ний өдөр насанд хүрээгүй Б.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөр ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.П шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би А-д хөнгөн гэмтэл учруулахаар зүйл болоогүй, үсдээд мөр лүү нь цохисон гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: П үсдэж нэг гараараа толгой, мөр рүү цохиж зодсон. Ж.А миний цээж рүү  хөлөөрөө өшиглөж, жийж унагаасан. Одоо толгой өвддөг болсон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

-Насанд хүрээгүй хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ээж бид хоёр эгчийг машин руу суулгах гээд байхаар нь болиулах гээд А 2 гарнаас нь нэг нэгээр нь бариад эгчийг тавиулах гээд татсан чинь А-ийн эгч П гарч ирээд ээж бид хоёрын араас нуруу руу хоёр гараараа зэрэг ээж бид хоёрыг цохисон. Тэгэхээр нь зүгээр байгаач гээд гараараа хойш санаандгүй түлхсэн чинь намайг шууд үсдэж аваад нэг гараараа толгой руу 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь А чи муу миний эгчийг зоддог хэн бэ? гээд миний гуя руу гуталтай хөлөөрөө өшиглөсөн. П дахин ирээд чи миний дүү рүү орилдог хэн бэ? гээд үснээс хоёр гараараа зулгаасан. А гүйж ирээд миний цээж хэсэг рүү 4 удаа өшиглөсөн. Би 2 удаа газар унасан. Тухайн үед намайг маш чанга өшиглөсөн болохоор би хойш гэдийгээд дагзаараа унасан. Тэр үедээ хүзүү толгой маш их өвдсөн. Босоод ирэхэд дахиад цээж мөр рүү жийхэд би дахин хүчтэй хойшоо унасан. Тэрнээс хойш толгой хүзүү өвдөж дотор муухайрсан гэсэн  мэдүүлэг /хх 8-10 хуудас/,

-Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: А, А-г 2 гараараа хоолойг нь боогоод байсан. Тэр үед  эрэгтэй хүн байж эмэгтэй хүнд маш харгис хэрцгий хандаж байсан. Миний охины цээж рүү 3-4 удаа өшиглөж байгаа харагдсан. Бүр 2 удаа газар унатал нь өшиглөсөн. Эгч  нь А-г 2 гараараа үсдээд толгой руу нь цохиж байсан гэсэн мэдүүлэг /хх 14-15 хуудас/,

-Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: А намайг цамцнаас зуураад машин руу суулгах гээд байсан. Манай бага хүүхэд олон цаг хөхөө хөхөөгүй уйлаад байсан болохоор А намайг авч явах гэсэн байдал нь тэр юм. П, А-г үсдэж байхад нь А очоод өшиглөөд байсан. Хаана нь яаж өшиглөснийг нь би сайн хараагүй гэсэн мэдүүлэг /хх 16 хуудас/

-Орхон аймгийн ШША-ны 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 710 дугаартай:  Б.А-ийн  биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт үүсчээ. Уг гэмтэлүүд нь мохоо зүйлийн тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна. Тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 42 хуудас/,

- Шинжээчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тархи доргилт нь толгой руу цохих, үсдүүлэх, газарт хүчтэй савж унах зэрэг аль ч тохиолдолд үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг /хх 49-50 хуудас/

Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 10 сарын 21-ний өдөр эхнэр А-тай муудалцаад эхнэрээ гэрээс нь авах гэж очихдоо дүү А-тай нь маргалдаж улмаар хөнгөн хохирол учруулсан. А-н цээж гуя руу нь 2 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 105-106 хуудас/

Ж.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: А, А-тэй барьцалдаж авахад ээж дүү хоёр нь зулгаагаад байхаар нь болиулах гээд дүүгийнх нь гарыг татахад эргүүлээд миний гарыг түлхсэн. А-гийн дүү А-тай үсдэлцээд мөр рүү нь цохисон. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн мэдүүлэг /хх 111-112 хуудас/

-Ж.А, Ж.П нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 101, 105-106, 107, 111-112 хуудас/

           -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 59, 60 хуудас/ зэрэг   болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.А, Ж.П нар нь бүлэглэн 2019 оны 10 сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 30 дугаар гудамжинд насанд хүрээгүй Б.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-г 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Ж.П-г 700.000 төгрөгөөр торгох саналтай байна. Учир нь Ж.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдоогүй   гэв.

Шүүгдэгч Ж.П шүүх хуралдаан дээр хэлсэн эцсийн үгэндээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй хөнгөн ял өгнө үү гэв.

            Шүүгдэгч Ж.А, Ж.П нар нь бүлэглэн 2019 оны 10 сарын 21-ний өдөр насанд хүрээгүй Б.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан  шүүх хуралдаанд өгсөн хохирогч Б.А “П үсдэж зодсон. Ж.А цээж рүү тийрсэн.” гэх мэдүүлэг, гэрч Л.Б, Б.А нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.А-н  шүүх хуралдаанд өгсөн “Би 2019 оны 10 сарын 21-ний өдөр эхнэргээ муудалцаад эхнэрээ гэрээс нь авах гэж очихдоо дүү А-тай нь маргалдаж улмаар хөнгөн хохирол учруулсан. А-ын цээж гуя руу нь 2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.А-ын биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Хохирогч Б.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Прокуророос шүүгдэгч Ж.А, Ж.П нарт Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ж.А, Ж.П нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд шүүгдэгч Ж.А, Ж.П нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул тэдний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.