Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 24

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.О,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овгийн Б-ийн От холбогдох 2028000320011 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19... оны .... дугаар сарын ...-ний өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, Өмнөговь аймгийн ................................... машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......................................... тоотод оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Д овгийн Б-ийн От, регистрийн дугаар ............................;

Шүүгдэгч Б.От нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 1-14 тоотод эхнэр Л.Тунгалагийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.От-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.От шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:  2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай найз хүүхдийн үс авна гээд очсон. 2 цагаас айлд очсон. Айлд 1 шил архи уугаад орой 6, 7 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд Тунгалаг эзгүй байсан. Тэр өдөр буюу 10-нд мөнгө төлөх байсан. Тэр өдөр хүнээс мөнгө авах ёстой байсан. Тэр мөнгөө авч чадаагүй. Маргааш хийчих байлгүй дээ гэхэд өөдөөс чи архи дарс уучихлаа гээд загнаад байсан. Тэгээд банкны мөнгөнөөс болж хэрүүл үүсээд, өөдөөс загнаад байхаар нь би өөдөөс нь баруун шанаа руу нь түлхсэн. М намайг дундуур ороод салгасан. Тэгээд би гадаа гараад байж байтал удалгүй цагдаа ирсэн. Тийм л юм болсон.

Хохирогч  Л.Ту мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би От-тай гэр бүл болж амьдраад 18 жил болж байна. Манай нөхөр байгаа юм. Би энэ хэрэгт нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 12-р хуудас/

Гэрч Ч.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тунгалаг миний төрсөн охин байгаа юм. От түүний эхнэр буюу манай хүргэн байгаа юм. Би хүргэн От-ын эсрэг мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 15-р хуудас/

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би хот хоорондын ачаа зөөдөг. Тухайн үед хотоос ачаатай ирэхдээ Ту-ийг авч ирсэн байсан. Тэгээд хадам ээжийнд байж байсан чинь оройхон Ту гаднаас ирсэн. Араас нь От бас орж ирсэн. Тухайн үед От архи үнэртүүлсэн байсан. Тэгээд тэр хоёр банкны зээлийн мөнгө төлөх асуудлаас болж хэрэлдээд байсан. Тэгж байгаад От Ту-ийн хацар луу алгадах шиг болсон. Тэгэхээр нь бид нар боль гээд салгасан. Түүнээс хойш хэрүүл маргаан болоогүй. Тэр хоёр хэрэлдэж байхдаа От нь Ту-ийн зүүн гарын бугуйн дээрээс атгасан чинь Ту ёооё гээд гараа татаж аваад байсан. Тэгж байгаад шанаа руу нь алгадах шиг болсон. Тэгэхээр нь би салгасан. /хх-ийн 16-17-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Ту-ийн биед баруун шанаа, хацар, зүүн бугалга дахь цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 19-р хуудас/

Шүүгдэгч Б.От нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Надад санал хүсэлт байхгүй. Би надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны орой согтуу байхдаа эхнэр Ту-тай банкны зээл төлөх асуудлаас болж хэрүүл маргаан хийж байгаад хацар болон гаранд нь хөхрөлт гэмтэл учруулсан миний буруу. Тун намайг банкны мөнгө төлөөгүй байна гээд загнаад байсан. Тэгээд миний уур хүрээд Ту-ийн зүүн гарын бугуй хэсэгт нь базсан, бас зүүн хацар луу нь гараараа түлхэж хөхрүүлсэн. /хх-ийн 24-25-р хуудас/

Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 29-31, 35-36, 38-42, 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.От нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 1-14 тоотод эхнэр Л.Ту-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Ту-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 102 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Л.Ту-ийн биед баруун шанаа, хацар, зүүн бугалга дахь цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.От нь хохирогч Л.Ту-тай 18 жил хамт амьдарч байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Өмнөговь аймаг ................................................ тоотод ам бүл 4-үүл оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолтоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.      

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Б.От нь эхнэр Л.Ту-ийн зүүн гарын бугуй хэсгийг нь базаж, нүүр рүү нь гараараа 1 удаа цохиж бие махбодод халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Б.От-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Л.Ту-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүхэд ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Б.От-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.От нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.От-т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.     

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...хэрвээ би нийтэд тустай ажил хийх юм бол ажлаасаа халагдах байх” гэх мэдүүлэг, түүний Даланзадгадын “....................................... машинистийн ажлыг 9 жилийн турш эрхэлж буй байдлыг харгалзан, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх буюу хөдөлмөрлөх эрхийг нь зөрчихгүй байхаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.От нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л.Тунгалаг нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Отт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овгийн Б-ийн От-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.От нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Л.Ту нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА