| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2016/01787/И |
| Дугаар | 6252 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 6252
| 2016 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 101/ШШ2016/06252 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Ундраа, Д.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг * хороо * хороолол Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг * хороо Монелийн *тоотод оршин суух А Б Б /РД:**********/-д холбогдох
Гэм хорын хохирол 11,495,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагын жолооч Б.Б нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Багануураас нүүрс ачин Улаанбаатар хот руу буцаж явах замдаа зам тээврийн осол гаргаж манай байгуулагын * * улсын дугаартай Нyundai * маркийн автомашинд хохирол учруулсан. Үнэлгээний компани хохирлыг 7,603,000 төгрөгөөр үнэлсэн юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 49,340,900 төгрөг болгон нэмэгдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 11,495,600 төгрөг болгон багасгасан.
Иймд хариуцагч Б.Бээс 11,495,600 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б.Бийг зохих зөвшөөрөлгүй байгууллагын машинаар нүүрсэнд явж байгаад замдаа автын осол гаргасан гэх боловч 2015 оны 11дүгээр сарын 01-ний өдөр хамт ажилладаг байцаагч Б.Г гэртээ Багануураас нүүрс авчрах хэрэгтэй байна машин бариад яваад өгөөч гэж Бээс гуйсан тухайн үед Б миний унадаг машин биш гэээд зөвшөөрөөгүй гэтэл зохих зөвшөөрлийг авсан гээд машиныг бариулж явсан. Б.Г нь зохих зөвшөөрлийг аваагүй гэдгийг осол болсны дараа байгууллагын удирдлагаас мэдсэн.
Хариуцагч Б.Бийн итгэмжлэн хариуцсан тээврийн хэрэгсэл нь * * улсын дугаартай машин байсан. Харин осол болох үед унаж явсан * * улсын дугаартай машин нь Нийтлэг үйлчилгээний газар хоёрын жолооч Хуанарын хариуцсан тээврийн хэрэгсэл байсан.
Хэрэв хамт ажилладаг Б.Г нь худал хэлж Бийг гуйж авч яваагүй бол тухайн тээврийн хэрэгслийг хянаж байдаг манаач тухайн тээврийн хэрэгслийг өгөөгүй бол байгуулагын дарга Д.Нарангуа нь өөрийн удирдлагад ажиллаж байгаа ажилчдыг зөв зохион байгуулалт удирдлагаар хангасан бол дээрхи асуудал үүсэхгүй байсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ”...гэж зааснаар гэм хор учруулахад оролцсон этгээдүүдийн хамт ижил хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь гэм хорын хохиролд 11,495,600 төгрөгийг хариуцагч Б.Бээс гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,800,000 төгрөгийг төлнө бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Б.Б нь Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс жолоочоор ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч Б.Б нь 2015 оны 11дүгээр сарын 01-ний өдөр Багануураас нүүрс ачин Уланбаатар руу буцаж явах замдаа Төв аймгийн Эрдэнэ сумын 5-р багийн нутаг Булгийн тохой гэх газарт * * улсын дугаартай Нyundai * маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3.А, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрын эзэмшлийн автомашинд 7,603,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хариуцагч Б.Б нарын хооронд Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг 2012 оны 12 дугаар сарын 12-ний өдөр байгуулан HD 120 * * улсын дугаартай автомашиныг хариуцуулан өгчээ.
Б.Бийн унаж явсан * * улсын дугаартай авто машин нь Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёрын эзэмшлийн машин боловч жолооч Хуанарын итгэмжлэн хариуцсан машин бөгөөд уг машинаар Багануур руу тус байгууллагад байцаагч ажилтай Б.Ггийн гуйлтаар түүний хувийн нүүрсэнд явсан, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нь амралтын өдөр байсан атал байгууллагын хөрөнгийг Б.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр Б.Бэд бариулан явсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай боловч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон байцаагч Б.Г нар нь гэм буруутай байх тул машинд учруулсан хохирол 7,603,000 төгрөгийг Б.Б дан ганцаараа хариуцан төлөх үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь машиныг засварлаж хэвийн байдалд нь оруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан фото зургаар нотлогдож байх тул шууд зардал болон ажлын хөлс 7,603,000 төгрөгийн 50 хувь болох 3,801,500 төгрөгийг хариуцагч Б.Бээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,694,100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Бээс 3,801,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,694,100 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Бээс 75,774 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ
Б.УНДРАА