| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0051/э |
| Дугаар | 0049 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 0049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө эхнэр Л.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
-Хохирогч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2019 оны 12 сарын 21-ний өдөр 18 цагийн үед найзуудтайгаа шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцлоо гээд гэрээсээ гарсан. Найзуудтайгаа уулзаад сууж байтал манай нөхөр 22 цагийн үед над руу ярихаар нь би караокеноос гараад бааранд орох гээд явж байна гэж хэлсэн. Гэтэл 23 цагийн үед манай нөхөр над руу залгаад байхаар нь би бааранд байна, удахгүй очино гээд нөхөр рүүгээ чат бичсэн. Баар хаахаар нь гараад 00 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Манай нөхөр намайг чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ? утсаа авсангүй гэхээр нь би хаана байгаа газраа хэлсэн, хэзээ ирэхээ хэлсэн шүү дээ гэтэл Б намайг 2 удаа алгадсан. Тухайн үед уруул сэтэрч баруун хацарт хөхрөлт үүссэн байх. Би уурлаад гэрээсээ гараад байрныхаа үүдэн дээрээс такси аваад явах гэтэл нөхөр миний араас ирээд үснээс зулгаагаад хайчих гээд байгаа юм бэ? гээд буулгасан. Машинаас буусаныхаа дараа Б бид хоёр хоорондоо явна, явахгүй гээд ноцолдоод гэр рүүгээ орсон. Энэ үед миний баруун ташаа, баруун бугалга, зүүн хөх, баруун шилбэ, зүүн өвдгөнд учирсан гэмтлүүд үүссэн. Тухайн үед би архи уучихсан нилээн согтуу байсан. Мөн Б ч гэсэн байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцоод ирсэн архи уусан байсан гэсэн мэдүүлэг /хх 7-8 хуудас/
2019 оны 12 сарын 24-ний өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 47 дугаартай: хохирогчийн биед дээд уруулын дээд талын холбоосын урагдал, баруун хацар, баруун бугалга, зүүн хөх, баруун ташаа, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 15 хуудас/
-Яллагдагч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Манай эхнэр бид хоёр 2019 оны 12 сарын 21-ний орой тус тусын шинэ жилийн арга хэмжээнд явсан. Би гэртээ 23 цагийн үед ирээд эхнэр рүү залгасан чинь утсаа авахгүй байсан ба эхнэрээс бааранд байна 01 цаг өнгөрөөгөөд очно гэж над руу мессеж бичсэн байсан. 00 цаг өнгөрч байхад эхнэр гэртээ орж ирэхээр нь би хаагуур яваад байгаа юм бэ? утсаа авахгүй гэтэл хэзээ очихоо хаана байгаа газраа хэлсэн чамд хамаатай юм уу? гээд байхаар нь 2-3 удаа алгадсан. Эхнэр согтуу гэрээсээ гараад явчихаар нь араас нь гарсан чинь таксинд суух гэхээр нь би куртикных нь малгайнаас татахад хойшоо унасан. Босгоод гэртээ оруулах гэж ноцолдсон. Энэ үед шилбэ, зүүн өвдөг, баруун ташаа, баруун бугалганд нь гэмтэл учирсан байх гэсэн мэдүүлэг /хх 21-22 хуудас/,
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / хх 01 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 26 хуудас/
-Ж.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 19, 21-22 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 12 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө эхнэр Л.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө эхнэр Л.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...Б намайг 2 удаа алгадсан. Тухайн үед уруул сэтэрч баруун хацарт хөхрөлт үүссэн байх. Би уурлаад гэрээсээ гараад байрныхаа үүдэн дээрээс такси аваад явах гэтэл Б миний араас ирээд үснээс зулгаагаад хайчих гээд байгаа юм бэ? гээд буулгасан. Машинаас буусаныхаа дараа Б бид хоёр хоорондоо явна, явахгүй гээд ноцолдоод гэр рүүгээ орсон. Энэ үед миний баруун ташаа, баруун бугалга, зүүн хөх, баруун шилбэ, зүүн өвдгөнд учирсан гэмтлүүд үүссэн” гэсэн мэдүүлэг /хх 7-8 хуудас/, хохирогчийн биед дээд уруулын дээд талын холбоосын урагдал, баруун хацар, баруун бугалга, зүүн хөх, баруун ташаа, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 47 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.