Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 0058

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч М.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, М.М

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.М нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр иргэн Л.М-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогч Л.М-д 7.180.000 төгрөг төлсөн. Өөр ярих зүйлгүй гэв.

-Хохирогч Л.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Манай ах М, М, ахын эхнэр Д нар архи ууж байсан. Бид нар нийт 3 шил архи уусан. Архи ууж байхдаа бид нар хоорондоо гомдсон үг хэлж байсан. Би нилээн согтуу байсан ба ухаан санаа минь орж гараад байсан. Нэг мэдэхэд М миний нүд рүү гараараа цохисон. Тэр үед маш их өвдсөн, нүд харанхуйлаад явчихсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. М эмчилгээний зардал мөнгө гэж цаг тухайд нь манай эхнэрийн данс руу мөнгө шилжүүлж байсан. Нийт 7.180.000 төгрөг шилжүүлсэн. Эмчилгээндээ зарцуулаад дуусгасан гэсэн мэдүүлэг /хх 5 хуудас/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:.. Сүүлийн архиа ууж байхад М, М хоёр хоорондоо муудалцаад барьцалдаж авсан. М, М-ыг унагаад нүүр рүү нь цохиод байсан. Би та 2 юугаа булаацалдаад байгаа юм бэ? гээд салгасан. М-ын нүүр хавдаад хамарнаас нь цус гарчихсан байсан. М, М-аас уучлалт гуйгаад хоорондоо эвлэрсэн гэсэн мэдүүлэг /хх 9 хуудас/

        Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ...Д эгчийн утаснаас М залгаад намайг М зодчихлоо гэж хэлсэн. Би чи үхсэнээ хийж архи уугаад байгаа юм бэ? одоо гэртээ хариач гэж хэлээд утсаа салгасан. ...Гэрт нь очиход М ах, Д, М, М нар бүгдээрээ согтуу байсан. М-ын хоёр нүд хавдсан байдалтай толгой эргээд байна гээд газар хэвтэж байсан. ... хэн зодсон юм гэсэн чинь М ах, ах нь гар хүрч зодоогүй шүү гэж хэлсэн чинь М би зодсон юм аа эгчээ уучлаарай гээд 20.000 төгрөг барьчихсан танайд очиж ганц шил архи ууя гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 10 хуудас/

         Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...М, М-ыг та битгий П ахтай нийлээд даам гараад байгаарай гээд хоорондоо маргаад М, М-ыг дарж унагаад нүүр лүү нь цохиод байсан. Манай нөхөр  та 2 боль битгий зодолдоод бай гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх 11-р хуудас/

        Шинжээч эмчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нүдний ухархайн хананы яс, хамрын яс хоёр нь хоёулаа нимгэн яс байдаг тул 28 хоног дотор бороолдог, эрүүл мэндийг 4 долоо хоног буюу түр хугацаагаар сарниулж байгаа тул энэ 2 гэмтэл хоёул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагддаг..” гэх мэдүүлэг/хх 12-13 хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 34 дугаартай “...Л.М-ын биед тархи доргилт, 2 нүдний ухархайн дотор хана, баруун нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, 2 нүдний алимны доргилт, 2 нүдний салстад цус харвалт, зөөлөн эдэд цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун чихний дэлбээнд зулгаралт, доод эрүүний баруун тал, зүүн шуу, цээжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт,  2  нүдний ухархайн дотор хана, баруун нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, 2 нүдний алимны доргилт, 2 нүдний салстад цус харвалт,  зөөлөн эдэд цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15 хуудас/

-Яллагдагч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аавындаа ирсэн юм. Тэр өдрийн орой авга ах П-ийн гэрт очиход М ах байсан. Бид нар хоол унд хийгээд хоёр шил архи хувааж уусан П ах надад хандаж онцгүй юм яриад байсан. М ах бас хажуугаас янз бүрийн зүйл яриад байсан тэгхээр нь би шууд хувцасаа өмсөөд гэрээс гарч яваад аавын гэрт очоод хоносон. Маргааш нь манай хойд ээжийн утас руу М ах залгаад 5000 төгрөг байна нэмэрлэх мөнгө байна уу, нэг шил архи авч ууя гэж хэлсэн. Тэгсэн аав манайх өнөөдөр хүн хүлээн авахгүй М бид хоёр машин янзлах ажилтай гэж хэлсэн. Ингээд би түлхүүр багаж аваад машинд жаахан юм хийж байхад гаднаас М ах аавын гэрт ирсэн. Тэгээд би гэртээ орсон чинь аав, хойд ээж, М ах гурав нэг шил 750 граммын стандарт архи ууж байсан. Би хамт суугаад архинаас уусан. Архи ууж дуусаад би гарч дэлгүүр ороод дахиад нэг шил 750 граммын стандарт архи авч ирээд бид нар хувааж уугаад архи дуусахаар нь би дахиад дэлгүүр ороод 500 граммын стандарт архи авч ирж уусан. Бид нар уусан архиндаа согтсон, би М ахыг П ах та хоёр битгий даам гараад байгаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь М ах чи муу бацаан битгий томроод байгаарай, юу гээд хуцаад байгаа юм бэ? гэхээр нь миний уур хүрээд М ахын нүүрэн тус газар нь гараараа хэд, хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисоноо сайн санахгүй байна ямар ч байсан нүүрэн тус газар нь цохисон. Тэгсэн М ахын хамарнаас нь цус гараад нүд нь хавдсан. М ахын эхнэр О утсаар яриад  ах чинь байна уу, гэхээр нь би байна гэсэн чинь наана чинь юу болоод байгаа юм бэ? архи уугаад битгий хоорондоо муудалцаад бай гэж хэлсэн. М ах бид хоёр  ахын гэрт очих гээд байж байхад гаднаас О эгч бэр Б-ийн хамт орж ирсэн. Тэгээд О эгч та нар архи дарс уухаараа яагаад ингэж байдаг юм эмнэлэг орж наад хүнийг чинь үзүүлье гэж хэлсэн. Би О эгчид харин тиймээ миний буруу би М ахыг зодоод ийм юм боллоо гэж хэлсэн. М ахыг надаас өөр хүн цохиогүй гэсэн мэдүүлэг /хх 22-23 хуудас/,

            -Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / хх 01 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 25 хуудас/

-М.М-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21, 22-23 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч М.М 2019 оны 12 сарын 16-ны өдөр иргэн Л.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд: М.М нь үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж байгаа. Өөрийн ах дүүстэйгээ согтуугаар хэрүүл зодоон хийж хохирогчид хөнгөн хохирол учруулсан. Хохиролд 7.180.000 төгрөг төлсөн гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч М.М нь 2019 оны 12 сарын 16-ны өдөр иргэн Л.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.М “...М миний нүд рүү гараараа цохисон гэсэн мэдүүлэг /хх 5 хуудас/,  гэрч Д.М, Д.О, Б.Д нарын мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, 2 нүдний ухархайн дотор хана, баруун нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, 2 нүдний алимны доргилт, 2 нүдний салстад цус харвалт, зөөлөн эдэд цус хуралт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, баруун чихний дэлбээнд зулгаралт, доод эрүүний баруун тал, зүүн шуу, цээжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 34 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч М.М нь хохиролд 7.180.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд хохирогч Л.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

            Шүүгдэгч М.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.