Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 27

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: А.П,

Шүүгдэгч: Т.Э,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овгийн Т-ийн Эр-д холбогдох 2028000170013 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .................... оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овгийн Т-гийн Эр, регистрийн дугаар ...................................;

Шүүгдэгч Т.Эр нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын 2 дугаар багт А.Пү-той маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Т.Эр-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Эр шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Пү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Орон нутгаас ирж очих зардал, томографт үзүүлсэн хохирлын мөнгө зэргээ нэхэмжилмээр байна. Надад 100.000 төгрөг өгсөн. Одоо 200.000 төгрөг нэхэмжилж байгаа.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Пү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой намайг гэртээ байж байх үед тус сумын иргэн Эр нь миний гар утас руу залгаад “хаана байна хоёулаа уулзах хэрэгтэй байна” гэхээр нь би гэртээ байна хүрээд ир гэтэл удалгүй 21 цагийн үед ганцаараа

эрүүл ирсэн. Улмаар манай гэрт байсан хагас шилтэй Эдэн нэршилтэй архи байхаар нь юм ярьж суух үедээ бид хоёр хувааж уусан. Тухайн үед Эр нь “утсаар чинь ярих хэрэгтэй байна” гээд миний утсыг аваад утасныхаа кодыг өгчих гэхээр нь би утасны дэлгэцийн кодыг хэлж өгсөн. Гэтэл Эр нь утсаар хүн рүү залгаж байгаад гэнэт надад хэлэлгүй миний утсыг аваад явсан байсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ утсаар Б руу залгаад “манайд хүрээд ир хоёулаа яваад миний утсыг аваад ирье” гэж хэлтэл удалгүй Б нь өөрийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа хүрч ирсэн. Тэндээсээ бид хоёр хамт яваад сумын төв дээр байрлалтай Эрий гэрт очоод би ганцаараа буугаад гэрт нь ороход хаалга нь онгорхой байхаар нь ороод Эр-өөс утсаа авах гэтэл “чи яах гэж надад утсаа өгч дэлгэцийн кодоо хэлсэн юм, би чиний утсан дээрээс Хэр Эрдэнэ Баялагтай холбоотой компанийн мэдээлэл авсан” гэх зэрэг үг ярьж байхаар нь би “тэр хамаагүй утсаа авъя” гэж хэлээд утсаа аваад гартал Эр нь ганцаараа гарч ирээд надтай зууралдаад, миний утсыг унагаахаар нь аваад босоод эргээд явж байтал Эр нь миний араас хүрч ирээд нэг удаа нүүрэн тус газарт цохьсон. Тэгээд дахин Эр нь над руу дайраад байхаар нь То, Ба хоёр бид хоёрыг салгаад би тэндээсээ шууд машинд суугаад гэртээ харьсан. Эр нь миний нүүрний баруун нүдэн тус газарт нэг удаа цохьсны улмаас толгой, нүдний гэмтлүүд үүссэн бөгөөд цохиулсны дараа би газар унахдаа баруун гарын тохой болон алга хэсгээрээ газар унасны улмаас уг гэмтлүүд үүссэн. Надад Эр нь эмчилгээний мөнгө гэж 100.000 төгрөг бэлнээр өгсөн ба би эмчилгээнд болон ирж явах зардал гээд 300.000 төгрөг болсон. Үүнийг гаргуулж авмаар байна. /хх-ийн 10-11-р хуудас/

Гэрч Э.То мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 сарын 02-ны өдөр Пү нь 19-20 цагийн үед манай нөхөр болох Эрийг утсаар дуудсан ба манай хүн гэрээс ганцаараа явсан. Улмаар орой 21 цагийн үед Эр нь согтуу ганцаараа гэртээ ирсэн бөгөөд 22 цагийн үед Пү нь Ба гэх залуугийн хамтаар гэрт ирээд гэрийн гадаа үүдэн дээр хашхирч орилоод байсан ба манай хүн Эр нь гэрээс гарахаар нь би араас нь дагаж гарсан. Гэтэл Эр Пү хоёр нь маргалдсан хоорондоо зууралцаад зогсож байхаар нь би Эрийг татаад гэрт оруулсан. Өөр болсон зүйлийн талаар би мэдэхгүй. Эрий амнаас нь цус гарч уруул нь язарсан байсан. Тухайн гэмтлийг Пү учруулсан байх. /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Н.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр намайг Өмнөговь аймгийн Ноён сумын төвд гэртээ байж байхад манай найз Пү эхнэрийнхээ утсаар над руу залгаад “манай гэрт хүрээд ирээч чухал ажил байна” гэхээр нь би орой 21-22 цагийн үед Пүийн гэрт ганцаараа очсон. Гэтэл Пү нь бага зэрэг согтолттой “Эр миний утсыг аваад явсан байна, хоёулаа гэрт нь очоод миний утсыг авъя” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр миний машинтай Эрий гэрт очсон. Улмаар Пү гэрийн гадаа нь ганцаараа буугаад Эрий гэр лүү ороод удалгүй тэр хоёр хамт гарч ирээд зууралдаад хэрэлдэж байсан ба Эр нь дайрч байхаар нь би дундуур нь ороод салгаад байж байтал цаанаас Эрий эхнэр гарч ирээд тэр хоёрыг салгаад холдуулсан. Гэтэл Эр араас гүйж ирээд Пүийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохьсон бөгөөд тэр хоёр дахин маргалдах гээд байхаар нь би Пүийг салгаад машиндаа суулгаад явсан. Өөр болсон зүйл байхгүй. /хх-ийн 19-20-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Пүийн биед тархины доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, баруун тохойн зулгаралт, баруун гарын алга дахь урагдсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 22-р хуудас/

Шүүгдэгч Т.Эр мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Өмнөговь аймгийн Ноён сумын төвд манай гэрийн хашаанд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны орой 00 цагийн үед Пү бид хоёр үл ялих зүйлээс болж маргалдан би Пүийн нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Миний биед тухайн үед уруул язарсан байсан боловч одоо эдгэрсэн. /хх-ийн 26-28-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-35, 37-42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Эр нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын 2 дугаар багт А.Пүтой маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Пүийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 71 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Пүийн биед тархины доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, нүдний алимны салстын цус харвалт, баруун тохойн зулгаралт, баруун гарын алга дахь урагдсан шарх гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Т.Эр нь санаатай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Пүийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Пүийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн төлбөрт 300.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгчийн хувьд 100.000 төгрөг төлсөн, үлдсэн 200.000 төгрөгийг төлнө гэх тайлбар гаргаж байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн төлбөрт шүүгдэгч Т.Эрөөс 200.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн болох нь суурь боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 33-р хуудас/ гэснээр, ...................... багийн малчин Т овогтой Эр малын А дансны тодорхойлолтын хуулбараар “өөрийн эзэмшилдээ: 5 ханатай гэр 1 ш, тогоо антен ком1 ш, land 80 1 ш зэрэг өөрийн хөрөнгөтэй нь үнэн болно” /хх-ийн 34-р хуудас/ гэснээр, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ гэснээр тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Т.Эр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.    

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.   

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч Т.Эр нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Шүүгдэгч Т.Эр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нь хохирогчид 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эрд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д овгийн Т-ийн Эрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Эр нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эр нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Эр нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нь хохирогчид 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эрөөс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Өмнөговь аймгийн Ноён сумын 2 дугаар ......................., А....... овгийн А-гийн Пү /РД:............................/-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА