Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 0052

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 сарын 12-ны өдөр Х.Ө-ийн баруун гарын шууг хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Өөр ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 12 сарын 12-ны өдрийн 12 цагийн үед манай эмэгтэй дүү  надтай утсаар яриад манай гэрт ирээд гэдэс арилгаад өг гэсэн. Намайг дүүгийндээ яваад очтол манай хүргэн болон төрсөн ах Б нар байсан. Би нэг хутга аваад гэдэс арилгах гэтэл хутга нь иргүй байхаар нь яасан иргүй хутга вэ? гэж хэлтэл манай хүргэн Б манайх иртэй хутга авах болтлоо баяжаагүй байна гээд надтай маргаад байсан. Б гартаа байсан хүрзээрээ намайг цохих гээд далайсан. Би айсандаа баруун гараараа нүүрээ хаасан. Гэтэл нөгөө хүрз нь миний баруун гарын шууг цохиж гар хугарсан. Б бага зэрэг согтуу байсан. Яагаад намайг хүрзээр цохисоныг мэдэхгүй байна. Б надад эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /хх 5-7 хуудас/,

-2020 оны 01 сарын 03-ны өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээч эмчийн гаргасан 86 дугаартай: Х.Ө-ийн биед баруун гарын богтос ясны доод 1/3 хэсгийн далд хугарал үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэжээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 2019 оны 12 сарын 12-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хх 10 хуудас/

-Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 12 сарын 12-ны өдөр манайх гэртээ идшээ хийсэн. Үхрийн гэдэс арилгуулахаар хадам эгчийг дуудсан. Хадам эгч ирэхдээ бага зэрэг халамцуу байх шиг байсан. Бага зэрэг архи үнэртэж байсан. Тэгэхээр нь би чи юу хийж энд ирж байгаа юм бэ? гээд уурлаад гартаа барьж байсан хүрзээр хадам эгчийг цохисон. Тэр нүүрээ хааж баруун гараа сунгаж байгаад баруун гарынхаа шууг миний далайсан хүрзэнд цохиулсан. Ө эгч бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй. 7-8 хоногийн өмнө Хүлэг зах дээр надтай тааралдахдаа сохор, хараагүй гэх зэргээр доромжилоод байсан. Тэр асуудал нь бодогдоод манай гэрт юу хийж яваа юм бэ? гээд уурлан хүрзээр цохисон. Түргэн уурандаа хүн цохиж гарыг нь гэмтээсэн нь миний буруу. Дахин ийм хэрэг хийхгүй гэсэн мэдүүлэг /хх 15-16 хуудас/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 24 хуудас/

-Б.Б яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 14, 15-16 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 сарын 12-ны өдөр иргэн Х.Ө-ийн баруун гарын шууг хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирол нэхэмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 сарын 12-ны өдөр иргэн Х.Ө-ийн баруун гарын шууг хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Х.Ө-ийн “...Б гартаа байсан хүрзээрээ намайг цохих гээд далайсан. Би айсандаа баруун гараараа нүүрээ хаасан. Гэтэл нөгөө хүрз нь миний баруун гарын шууг цохиж гар хугарсан” гэсэн мэдүүлэг  /хх 5-7 хуудас/ мэдүүлэг, хохирогчийн биед баруун гарын богтос ясны доод 1/3 хэсгийн далд хугарал үүссэнийг тогтоосон 86 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Хохирогч Х.Ө нь шүүх хуралдаанд оролцхгүй гомдол саналгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

       

           Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажилагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.