| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0031/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2020-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 32
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Н.Б,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овгийн Н-ийн Бат холбогдох 2028000420021 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ....-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ...................................... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ....................................... тоотод оршин суудаг, урьд өмнө Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял,
Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн Ж овгийн Н-гийн Ба, регистрийн дугаар КМ65120852;
Шүүгдэгч Н.Ба нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, ............................. тоот өөрийн гэртээ согтуугаар хохирогч Ц.Буг эхнэр С.Нарантуяаг нь татаж чангаасан гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Баыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Ба шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Би хөдөө 2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой 8-22 цагийн үед Буг хаана байна гэхэд хөдөөнөөс ирчихсэн байна гэж хэлсэн. Би хүрээд ир гэж дуудаад ирэхээр нь бид 2 нэг шил архи хувааж уусан. Тэр архийг нь уучихаад хоол идэж байсан чинь шил архи, пиво авч ирээд ууж байсан. Тэрнийг нь хэдүүлээ хувааж уусан. Одоо болно гээд нэг бол чи хүргүүл, эсвэл таксидаад яв гэсэн чинь за за явлаа гэхээр нь зүүн гэртээ ороод хэвтэж байхад удалгүй манай эхнэр хашхираад байхаар нь яасан юм бол гээд хүрээд ирсэн. Манай эхнэр Буг шүлсээ хаяад байна, намайг татаж чангаагаад байна гээд орон дээр зэрэгцээд сууж байхаар нь би нүүр лүү нь тийрчихсэн. Оочихдоо хамраас нь цус гараад, хамрын цусыг нь арчаад тэгээд цагдаад өгөөд явуулсан. Урьд нь бас шалбархайтай байсан. Би нүүрийг нь тийрсэн нь үнэн. Хүүхэд цагдаа дуудаад өгөөд явуулсан.
Хохирогч Ц.Бу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би хөдөөнөөс аймгийн төвд ирсэн. Тэгсэн чинь Ба гэдэг ах над руу утсаар яриад миний дүү хаана байна хүрээд ир гэхээр нь би гэрт нь очсон. Тэгээд Ба ах болон түүний эхнэр Нарантуяа нартай нийлж 2 шил 0,75 грамм архи хувааж уусан. Намайг тэр айлд очиход 19 цаг өнгөрч байсан. Тэгээд сүүлдээ би согтоод юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь Ба ах намайг зодоод миний нүүр лүү гараа раа цохиод байхаар нь би тонгойгоод одоо боль гэсэн чинь чимээгүй бай гээд толгой дээрээс дэвсэж зодсон. Тэгээд түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн намайг авч яваад эрүүлжүүлсэн. Миний нүүр хавдсан, уруул, хацар шалбарсан, гарын бугуй, тохойнд шалбарсан байсан, одоо эдгэрсэн. Надад гомдол санал гэх зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би нөхөр Батай гэртээ байж байтал Бу утсаар яриад манайд ирсэн. Тэгээд дэлгүүрээс 1 шил 0,5 грамм архи авч ирснийг Ба, Бу нар хувааж уусан. Тэгээд дахиж дэлгүүр явж 1 шил архи, 1 ширхэг том 2,5 литрийн пиво авч ирсэн. Тэгээд Ба Бу нар архиа хувааж уусан. Би пивоноос нь 2-3 аягыг уусан байсан. Тэгж байтал Ба хажуу талын гэр лүү унтлаа гээд орсон. Тэгсэн чинь Бу согтуурхаад намайг элдвээр хэлээд хоёулаа унтъя хэвтье гээд татлаад байхаар нь би Баыг дуудсан. Тэгж байх хойгуур Бу гэрт шүлсээ хаяад, нулимаад байсан. Тэгэхээр нь би наадхаа цэвэрлэ гэсэн чинь би яахаараа цэвэрлэдэг юм явлаа, харилаа гэхээр нь би жаахан загнасан. Тэгээд Ба гаднаас орж ирээд Буг тийрээд унагасан. Тэгсэн чинь Бугийн хамраас цус гарчихсан байхаар нь цусыг нь арчиж өгөөд цагдаа дуудаад өгч явуулсан. /хх-ийн 18-19-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №127 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Бугийн биед 2 нүдний зовхи, хамрын үзүүр, дээд, доод уруул, 2 хацар шанаа, 2 чихний омогны доод хэсэг, 2 эгэмний доод хэсэг, зүүн эгэмний дээд хэсэг, 2 гарын бугалга, тохойн үеийн орчмууд, зүүн ташааны ард хавдаж, хөхөрч, шалбарсан зөөлөн эдийн няцралтуудтай, дээд, доод 2 үүдэн шүд хөдөлж суларсан, баруун тохойн үений урд гадна талд шарх үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүдийн 2 шүд хөдөлж, суларсан нь цаашдын хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулна. Бусад гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ц.Бугийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-р хуудас/
Шүүгдэгч Н.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны орой гэртээ байж байтал Бу танайд очвол хүлээж авах уу гэхээр нь би ирэхгүй юу гэж хэлсэн чинь шөнө 22 цагийн үед нэг шил архи авч ирсэн. Түүнийг нь Бу бид хоёр хувааж ууж дуусгаад, Бу дахиж дэлгүүр лүү яваад 1 шил архи, 1 ширхэг 2,5 литрийн пивотой авч ирсэн. Тэр архийг Бу бид хоёр уусан. Пивоноос нь манай эхнэр Н уугаад байсан. Тэгээд би гэртээ орж унтах гээд хэвтэж байсан чинь Н хашхираад намайг дуудаад байхаар нь би гэрт нь ороод очсон чинь Н энэ нэг балай юм чинь элий балай юм яриад гэр дотор шүлсээ хаяад байна энийгээ явуулаач гэхээр нь би гэрийн зүүн талд орон дээр сууж байсан Бугийн нүүр лүү нь хөлөөрөө тийрээд унагасан чинь Бу газар унаад хамраас нь цус гарсан. Тэгэхээр нь цусыг нь арччихаад цагдаа дуудаж явуулсан. /хх-ийн 26-27-р хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 7-р хуудас/
Шүүдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хх-ийн 33-34, 36-42, 44-51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ба нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, ........................... тоот өөрийн гэртээ согтуугаар хохирогч Ц.Буг өөрийн эхнэр С.Нарантуяатай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Бугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 127 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Бугийн биед 2 нүдний зовхи, хамрын үзүүр, дээд, доод уруул, 2 хацар шанаа, 2 чихний омогны доод хэсэг, 2 эгэмний доод хэсэг, зүүн эгэмний дээд хэсэг, 2 гарын бугалга, тохойн үеийн орчмууд, зүүн ташааны ард хавдаж, хөхөрч, шалбарсан зөөлөн эдийн няцралтуудтай, дээд, доод 2 үүдэн шүд хөдөлж суларсан, баруун тохойн үений урд гадна талд шарх үүссэн гэмтлүүдтэй байна. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Уг гэмтлүүдийн 2 шүд хөдөлж, суларсан нь цаашдын хөдөлмөрийн чадварыг 10 хувиар алдагдуулна. Бусад гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ц.Бугийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 21-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Хохирогч Ц.Бугийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч шүүхэд ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Баыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай тодорхойлолтод: “Н овогтой Ба /..................................../ нь Даланзадгад сум /хот/-ын ....................................................... тоотод ам бүл 1 оршин суудаг малчин өрх нь үнэн болно” /хх-ийн 33-р хуудас/ гэснээр, урьд 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42-р хуудас/-аар тодорхойлогдож байна.
Шүүгдэгч Н.Ба нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ба нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Бу хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж овгийн Н-ийн Баыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бат 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ба нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Ба нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Бу хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА