Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 850

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: М.Э, Б.Б. 

Хариуцагч: ******* дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын дарга.

Гуравдагч этгээд: С.Ц, О.Б, Д.М, Б.Э, Э.Т.

Нэхэмжлэлийн шаардлага: “******* дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн хуралдааны Засаг даргад нэр дэвшүүлсэн, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож Иргэдийн нийтийн хурлын товыг дахин гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээд Б.Э, Э.Т, С.Ц, О.Б нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э, Б.Б нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 сарын 09-ний өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны иргэд нийтийн хурал болж уг хурлаар хорооны Засаг дарга болон хурлын тэргүүлэгчид, хурлын даргыг сонгосон байна.

Энэхүү хурлыг хийхдээ хурлын тэргүүлэгчид болон хорооны ажилчид хурлын зарьн хорооны иргэд болон Монгол Ардын намын бүлэгт хүргэлгүй зөвхөн ардчилсан намыг дэмждэг иргэдэд нууцаар дуулгаж Монголын Ардчилсан холбооны байранд хийжээ.

Дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэж заасан иргэд бидний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон ба бид дээрх хурлаар хорооны Засаг дарга болон Иргэд нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдэд нэр дэвших, бусдыг нэр дэвшүүлэх зорилготой байсан болно.

 Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна” мөн хуулийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, мөн зүйлийн 23.13-д “Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна.” гэж тус тус заасан байдаг ба энэхүү зохицуулалтын дагуу анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж буй тэргүүлэгчид Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит санал авах өдөр болох 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 07-ний дотор зарлан хуралдуулах ёстой атал уг хурлыг зориуд хуралдуулалгүй өөрсдийн эрх ашгийг хуулиас дээгүүр тавьж хуульт ёсыг хүндэтгэлгүй дуураарай авирлаж шинэ сонгогдох иргэд нийтийн хурлын тэргүүлэгчид болон иргэдийн сонгох эрхийг зөрчсөөр ирсэн.

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болсон гэх иргэд нийтийн хурал нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан иргэний үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болсон тэргүүлэгчид зарлан хуралдуулсан учир дээрх үндэслэлүүдээр хурлаас гарсан тогтоолуудыг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгч бид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-д “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. 

Иймд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүүргийн 6 дугаар хорооны иргэд нийтийн хурлаас гарсан Засаг даргыг томилох, хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож иргэд нийтийн хурлын товыг дахин  гаргахыг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал болж уг хурлаар хурлын тэргүүлэгчид, хурлын дарга, 6 дугаар хорооны Засаг даргыг сонгосон байдаг. Гэтэл тухайн хурлын хорооны иргэд, зарыг зөвхөн Ардчилсан намыг дэмждэг иргэдэд мэдэгдэж, Монгол ардын намын бүлгийн гишүүдэд мэдэгдэлгүй Монголын Ардчилсан Холбооны байранд хийсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт заасан  “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн. Бид дээрх хуулийн дагуу ******* дүүргийн 6 дугаар хорооны Тэргүүлэгчид, Хурлын даргад нэр дэвших, бусдыг нэр дэвшүүлэх зорилготой байсан.

Мөн “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн  23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын ээлжит хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа, баг, хорооны Хурлын хуралдааныг жилд 3-аас доошгүй удаа тус тус хуралдуулна”, 23.4 дэх хэсэгт “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна”, 23.13 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна” гэж заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Тэргүүлэгчид, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор зарлан хуралдуулах ёстой байтал уг хурлыг зориуд хуралдуулалгүй, өөрсдийн эрх ашиг, шинэ сонгогдох иргэдийн болон иргэдийн сонгох эрхийг зөрчсөн. 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр болсон иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт заасан иргэний үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрхийг, мөн “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд ээлжит бус сонгуулиар байгуулагдсан Хуралд энэ хугацаа хамаарахгүй заасны дагуу бүрэн эрх нь дуусгавар болсон иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулсан тул уг хурлаас гарсан тогтоолуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Иймд 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын дарга, 6 дугаар хорооны Засаг дарга, сонгосон хурлын 3, 4, 5 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн агуулгадаа 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын дарга тэргүүлэгч болон Засаг дарга сонгох хурал болж хурлын зарыг иргэдээс нууж, зөвхөн өөрсдийн тойрон хүрээлэгчид, хамаатан садныг цуглуулж, Монголын Ардчилсан холбооны байранд Ардчилсан намын гишүүдийн хамт хийсэн мэтээр бичжээ. Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 23 дугаар дугаар зүйлийн 23.5 дэх хэсгийг үндэслэн Тэргүүлэгчдийн 08 дугаар тогтоолоор тов тогтоох болон хэлэлцэх асуудлыг баталсан тухай тогтоол мөн хурал хуралдах газрын тов гаргасан.

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тов тогтоох хурал хуралдаж 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 08 цагт 20 минутаас 09 цаг 30 минут хурал хуралдах зар тов тогтсон 09 цагт хорооны иргэдийн Нийтийн хурал Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 3 байрны 200а тоот хуралдуулах зар гарсан.

Иргэдийн Нийтийн Хурлын зарын хорооны нутаг дэвсгэрийн 54 дүгээр байрны 108 орцонд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс нийтэд илээр орцны зарын самбаруудад байршуулсан. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Анхдугаар хуралдаанаар Иргэдийн Нийтийн Тэргүүлэгчдэд болон Засагдаргад хэн нэр дэвших эрх нь чөлөөтэй байсан.

Анхдугаар хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар 23.4 дэх заалтыг тайлбарлаж бичихдээ анхдугаар хуралдааныг бүрэн эрх нь дуусгавар болж буй тэргүүлэгчид 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарлан хуралдуулах ёстой атал зориуд өөрсдийн эрх ашгийг хуулиас дээгүүр тавьж, хууль ёсыг хүндэтгэлгүй дураараа авирлаж шинэ сонгогдох иргэд нийтийн хурлын тэргүүлэгчид болон иргэдийн сонгох эрхийг зөрчсөөр ирсэн гэж бичжээ. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг нийслэл, сум дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг хороонд иргэд Нийтийн хурал тухайн хуралдааны чөлөөт цагт тэргүүлэгчид..” гэж заасан.

 Монгол Улсын үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэж болно”  гэж заасан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар дуусгавар болж буй иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчид /2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сонгогдсон/ эдгээр заалтыг үндэслэсэн тул дээрх тайлбаруудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн иргэдийн Нийтийн хурал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх заалтыг зөрчөөгүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь зүйлийг үндэслэсэн нь Иргэдийн Нийтийн Хурлын зүйл заалтад хамаарахгүй болно.

Харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан. Иймээс ээлжит сонгууль гэдгийг 2016 оны 10 дугаар сард болсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Орон нутгийн сонгуультай холбон тайлбарласан нь үндэслэлгүй юм. Тийм учраас 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, бүрэн эрх нь дуусгавар болж буй одоогийн тэргүүлэгчдийг сонгосон байдаг. Иймд бид хуулийн хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, хурлын товыг зарлан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээлттэйгээр Анхдугаар хуралдааныг зохион байгуулсан. Иймд нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан зүйлүүд хуулийн үндэслэлгүй байна.

  2.  Нэхэмжлэгч М.Э, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ******* дуүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлаас гаргасан Засаг даргыг томилох, Хурлын дарга, тэргүүлэгчид сонгосон тогтоолуудыг хүчингүй болгож, Иргэдийн Нийтийн Хурлын товыг дахин зарлахыг шаарджээ. 

Бид  2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн иргэдийн Нийтийн хурлыг хуралдуулахдаа дээр дурдсанчлан тухайн өдрийн хурлыг 08:30 цагт хуралдаан даргалагчаар удирдуулж,  23 дугаар зүйлийн 23.10-д зааснаар “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэсний дагуу ирц 1534 өрхөөс 65 өрхийн төлөөлөл ирж, хурлын ирц хангалттай байсан тул хурлыг нээлттэйгээр эхлүүлж, хурлын дарга, тэргүүлэгчид болон хорооны Засаг даргыг сонгосон.

Хорооны иргэдийн Нийтийн хурлын товыг гаргасан Тэргүүлэгчид 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр сонгогдсон. Тиймээс тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тогтоол нь хуулийн дагуу гарсан хүчин төгөлдөр

тогтоол юм. Нэхэмжлэгч М.Э, Б.Б нь Иргэдийн Нийтийн анхдугаар хуралдааныг дахин хуралдуулж, гаргасан тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн М.Э нь ******* дүүргийн 6 хорооны 23** байрны 17** тоотод оршин суудаггүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй.

Иймд нэхэмжлэгч М.Э, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт Баг, хорооны Хурлын энэ хуулийн 17.1.1-17.1.3, 17.1.8-д зааснаас бусад бүрэн эрхийг уг Хурлын хуралдааны чөлөө цагт тухайн Хурлын Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэж заасны дагуу ******* дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, 8 дугаар тогтоолоор уг хурлын товыг зарласан байдаг. Уг тогтоолын 2 дахь хэсэгт “хурлын зар тараах, бэлтгэл ажлыг хангахыг 6 дугаар хорооны Засаг дарга н.Нд даалгасан. Дээрх тогтоолын дагуу хурлын зарын иргэдэд тараан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн байранд хийгдсэн нь тус сургуулийн байрны тодорхойлолт, гэрэл зургуудаар нотлогддог.

“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно гэж заасны дагуу ******* дүүргийн 6 дугаар хороо нь 1565 хүн амтай ба нийт 65 хүн хуралд ирснээр хуульд заасан шаардлагыг хангасан нь ирцийн бүртгэл, хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрэл зургаар мөн нотлогдож байгаа. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг Хурлын дарга, түүний эзгүйд Хурлын даргын санал болгосноор Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана заасны дагуу 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга н.Б******* хурлыг нээж, Г.Б******* хуралдаан даргалагчаар нэрийг нь дэвшүүлж, хуралдаанд оролцогчдын олонхийн саналыг авч уг хуралдааныг даргалж явуулсан нь хурлын протокол, тогтоолуудаар нотлогддог.

 “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.14 дэх хэсэгт Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална гэж заасны дагуу хурлын дотоод дэгийг баталж, тооллогын комиссоор Э.Г*******, С.Б*******, Б.Э*******, н.Б*******, н.С*******, н.Б******* нарыг сонгосон.  “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийг 7-11, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдийг 5-7, баг, хорооны Хурлын Тэргүүлэгчдийг 3-5 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасны дагуу өмнөх иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацаа 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дуусч Тэргүүлэгчид, Засаг даргыг чөлөөлөх тухай 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2 дугаар тогтоолыг иргэд дэмжиж, иргэдийн Нийтийн Хурлын дарга н.Б*******, Тэргүүлэгч Г.Б, н.Н,  н.М, н.Г нарыг чөлөөлсөн байдаг. “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна гэж зааснаар 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад Л.А нэр дэвшиж, иргэдийн олонхийн саналаар сонгогдсон. Даргыг томилсон тогтоолд хуралдаан даргалагч Г.Б гарын үсэг зурсан.

“Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх гэж хурлын бүрэн эрхэд заасны дагуу 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд Б.Э, С.Ц, О.Б нар нэр дэвшиж 65 хүнээс 60 хүн дэмжиж, 5 хүн татгалзаж 92.3 хувийн саналаар 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор сонгогдсон. “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах гэж заасны дагуу 6 дугаар хорооны Засаг даргад Э.Т нэр дэвшиж 69 хүнээс 65 хүн дэмжиж, 4 хүн татгалзаж иргэдийн Нийтийн Хурлын 5 дугаар тогтоолоор хорооны Засаг даргаар сонгогдсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Гуравдагч этгээд Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* овогтой Э /РД: ХЖ/ миний бие нь зарын дагуу тус хорооны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их сургуулийн хичээлийн 3 дугаар байрны 200а танхимд болсон Иргэдийн Нийтийн Хуралд оролцсон.

Уг нэхэмжлэлд дурдсанчлан Иргэдийн Нийтийн Хурлыг Ардчилсан намын байранд хийгээгүй ба тус хурал нь ******* дүүргийн 6 дугаар хороонд оршин суудаг Иргэдийн Нийтийн Хурал болохоос Монгол Ардын нам, Ардчилсан намын хурал биш юм,

Иймээс Монгол Ардын намын бүлэгт мэдэгдээгүй гэдэг нэхэмжлэл нь үндэслэлгүй юм.” гэжээ.

Гуравдагч этгээд О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 128/Ш32017/6664 дугаар захирамж болон иргэн М.Э, Б.Б нарын ******* дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

******* дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурал хуралдах тухай зарыг анх 2017 оны 07 сарын сүүлээр орцны үүдэнд наасан зарлалаас мэдсэн бөгөөд зарын дагуу 2017 оны 08 сарын 09-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн төв байрны хойно байрлах хэрэглээний шинжлэх ухааны сургууль /хэрэглээний математикийн сургууль ч билүү санахгүй байна/ гэсэн хаяг бүхий баруун тийшээ харсан хаалгатай байранд очиж хуралд суусан.

Нэхэмжлэлд зөвхөн ардчилсан намыг дэмждэг иргэдэд нууцаар дуулгаж Монголын Ардчилсан холбооны байранд хуралдсан гэжээ. Уг хурал миний дээр дурдсанаар Монгол Улсын Их Сургуулийн салбар сургууль дээр болж, нийтдээ 70 шахам хүн цугларсан байсан бөгөөд бүгд нэг намыг дэмжигчид байсан гэж бодохгүй байна. Хурлын зар нээлттэй ил тод байсан, хуралд оролцох хорооны иргэдээ иргэний үнэмлэхийн хаягаар бүртгэж, нэр дэвшүүлэх, сонгох, сонгогдох үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна.

Миний бие ******* дүүргийн 6-р хороонд 12 жил амьдарч байгаа бөгөөд урд нь ямар нэгэн сонгуульт болон бусад ажил, албан тушаал хашиж байгаагүй, одоогоор хувийн бизнесээ эрхлээд явж байдаг хүн байгаа юм. Харин сүүлийн үед өөрийн амьдарч буй хотхондоо, хороондоо хийгдэж байгаа, хийгдэх ажилд иргэд бидний оролцоо зайлшгүй байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэй явдаг болсон тул иргэдийн Нийтийн хурлын зарыг хараад заавал оролцохоор шийдэж, Монгол улсын Үндсэн хуульд зааснаар сонгох, сонгогдох эрхээ эдлэн хорооныхоо иргэдийн Нийтийн хурлын тэргүүлэгчид өөрийн нэрийг дэвшүүлж тэргүүлэгчдийн нэгээр сонгогдсон болно.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хорооны иргэдийн нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ардчилсан намын байранд бус Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 3 дугаар байрны давхрын хичээлийн танхимд хийсэн болно.

  Хорооны иргэдийн нийтийн хурлын зарыг 2017 оны 07 дугаар сарын сүүлээр өөрийн оршин суугаа байр буюу ******* дүүргийн 2 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд наасан зараас харсан.

Хорооны иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдэд өөрийн нэрийг дэвшүүлж, олонхийн саналаар сонгогдсон болно.” гэжээ.

Гуравдагч этгээд Э.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хорооны Иргэдийн Нийтийн хурал нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 3 дугаар байрны 200а  танхимд болсон. Уг нэхэмжлэлд дурдсан ардчилсан намын байранд хийгээгүй болно.

Мөн уг хурал нь Иргэдийн Нийтийн Хурал болохоос Монгол ардын нам, Ардчилсан намын хурал биш юм. Ийм учир Ардын намын бүлэгт мэдэгдээгүй гэдэг нэхэмжлэл үндэслэлгүй болно.” гэжээ.

Гуравдагч этгээд С.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус хорооны иргэдийн нийтийн хурал нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ардчилсан намын байранд бус Монгол Улсын Их Сургуулийн 3 дугаар байрны 200а танхимд хийсэн болно. Хорооны Иргэд Нийтийн хурлын зарыг 2017 оны 07 дугаар сарын сүүлчээр 73 дугаар хотхоны 08 дугаар байрны орцнуудад зарлал хадсан байхыг олж харсан. Хорооны Иргэд Нийтийн Хурал өөрийн нэрийг дэвшүүлэн олонхийн саналаар сонгогдсон болно.” гэжээ.

Гуравдагч этгээд нар шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Өмнө нь тайлбараа бичгээр өгсөн. Шүүхэд өгсөн өмнөх тайлбараа дэмжиж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч М.Э, Б.Б нар ******* дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн хуралдааны Засаг даргад нэр дэвшүүлсэн, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож Иргэдийн нийтийн хурлын товыг дахин гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Нэхэмжлэгч нар хурлын зарыг хорооны иргэд болон Монгол ардын намын бүлэгт хүргэлгүй нууцаар хуралдаж Үндсэн хуулиар олгогдсон төрийн хэрэгт оролцох, хорооны Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид нэр дэвших боломж олгоогүй хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэж заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ******* дүүргийн 6 дугаар хорооны бүрэн эрх нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж 08 дугаар тогтоолоор 2016 оны орон нутгийн сонгуулийн дараахь хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдөр буюу хуралдаан эхлэхээс 16 хоногийн өмнө хуралдуулахаар товлож зарыг хорооны нийт 54 байрны орцонд байршуулсан  нь хуулийн дээрх заалттай нийцсэн байна.

Иймд хурлын зарыг иргэдэд болон Монгол Ардын намын бүлэгт мэдэгдэлгүй нууцаар хуралдсан гэх үндэслэлээр тус хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн хуралдааныг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

Хэдийгээр анхдугаар хуралдааныг хуралдуулах тухай 08 дугаар тогтоол 2017 оны 07 дугаар сарын 26-наар огноологдсон боловч 08 дугаар сарын 24-ны өдөр болсон нь тухайн өдрийн хурлын тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдүүдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч энэ хугацаатай маргаагүй байна.

  Хэрэгт авагдсан ******* дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, хурлын ирцээс үзэхэд тус өдрийн хуралдааны ирц Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэж заасан шаардлагыг хангаснаар хурал хийгджээ.

Түүнчлэн тухайн Хурал нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Баг, хорооны хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;”, 17.1.1-д “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх;”, 17.1.2-д “....хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх,.....” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Хурлын хуралдааны дарга, Тэргүүлэгчдийг сонгож, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн дүүргийн Засаг даргад уламжилсан байна.

******* дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн энэхүү анхдугаар хуралдааны “Хорооны иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгох тухай” 03, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 04, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 05 дугаар тогтоолууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын иргэн хүний хувьд сонгох,  сонгогдох эрхээ эдлэх зорилгоор хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчид нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой байсан гэсэн үндэслэлээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж хуульд заасан журмын дагуу явагдсан ******* дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоож, уг хуралдаанаас гарсан маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох боломжгүй.

 Тодруулбал дээрх хурал, уг хуралдаанаас гарсан маргаан бүхий тогтоолуудын улмаас нэхэмжлэгч нарын сонгох, сонгогдох үндсэн эрх зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэв.

Иймд  ******* дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн хуралдааны Засаг даргад нэр дэвшүүлсэн, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож Иргэдийн нийтийн хурлын товыг дахин гаргахыг даалгах М.Э, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасныг тус тус баримтлан ******* дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны Засаг даргад нэр дэвшүүлсэн, Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгосон тогтоолуудыг тус тус хүчингүй болгож Иргэдийн нийтийн хурлын товыг дахин гаргахыг даалгах шаардлага бүхий М.Э, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.НАСАНДЭЛГЭР