Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 221//МА2021/0098

 

 

“С к” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, цахимаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Ө.Ж, өмгөөлөгч Ө.С, хариуцагч С.Ш нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “С к” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч С.Ш-т холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 49 дүгээр зүйлийн 49.1, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-д тус тус заасныг баримтлан “С к” ХХК-ийн “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч С.Ш-ын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0068631 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Гэрээ байгуулсан гэдгийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-д заасан “харилцаа холбоогоор хангасан” зөрчил үйлдсэн гэж ойлгох боломжгүй. Иргэд захиалагчийн хүсэлтээр захиалагчтай гэрээ байгуулсан, гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн, үйлчилгээг хэрэглэгч хүлээн авсан, үйлчилгээний дагуу төлбөр тооцоо төлсөн зэрэг цогц зүйлээр “хангасан” гэх үйлдэл нотлогдох учиртай. Зөрчил үйлдсэнийг нотлох хангалттай баримт бүрдүүлээгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Нөгөөтэйгүүр хариуцагчийн шийтгэлийн хуудас, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гэрээ нь Т.Энхтайван гэх хүнтэй байгуулагджээ. Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлтээс үзвэл Ж.Т, Т.Д нар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 25 айлын орон сууцны барилгын захиалагч байна. Нэгэнт захиалагч нь Т.Э биш тул “С к” ХХК тухайн барилга байгууламжийг харилцаа холбоогоор хангасан гэж үзэх боломжгүй. Комисс ажиллах үед зөрчил илэрсэн гэх боловч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн хавсралт Баянзүрх дүүрэг, 14-р хороо иргэн Ж.Т-ын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлт хэсгээс харвал ХХХУБ С.Ш нь ажил хүлээлцсэн акт шалгуулах, ил далд ажлын акт шалгуулах, зохиогчийн нэгдсэн дүгнэлт шалгуулах, гүйцэтгэлийн зураг шалгуулах, зоорийн давхар гадна холболтын оролтоос давхрын босоо хүртэл кабелийн тавиур хийх гэх даалгавруудыг өгч эдгээр нь бүрэн биелэгдсэн байдаг. Мөн Барилгыг байнгын ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэлд харилцаа холбооны талаар зөрчил илэрсэн, зөрчлийг арилгах даалгавар өгсөн зүйл байдаггүй. Түүнчлэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүн С.Ш нь харилцаа холбооны талаар зөрчил илэрсэн, саналын хуудастаа тусгасан гэх боловч энэ нь нотлогдохгүй, саналын хуудас гаргаагүй гэж үзэхээр байна. Дээрх байдлаар 2020 оны 04 сарын 17-ны өдөр зөрчил илэрсэн талаар санал өгөөгүй, тухайн зөрчлийг арилгах боломж олгоогүй атлаа 2020 оны 04 сарын 24-ний өдөр зөрчил илэрсэн гэж зөрчлийн хэрэг нээн шийтгэл оногдуулж буй нь үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт “Барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журам”-ын эсрэг зөрчлийг хуульчилсан. Барилгын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, түүнд хяналт тавих, ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан. Барилгын тухай хуулийн 48.2-т “Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно” гэж заасан нь захиалагчид үүрэг болгож буй зохицуулалт бөгөөд үүнийг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-т заасны дагуу хариуцлага тооцдог. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.10-т “барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх” гэж заасны дагуу захиалагч барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж байрлуулах,  угсралтыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх үүрэг хүлээдэг. Тиймээс барилгын захиалагч, өмчлөгч Ж.Т, Т.Д нар нь барилга байгууламжийг ашиглалтад оруулан, мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж байрлуулах, угсралтыг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэх, байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахгүй, хангуулахгүй байх үүргийг хүлээж байна. Түүнчлэн тухайн барилгад хүн амьдарч байсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээ, ашиглалтын гэрчилгээ гэх мэт зүйлсийг шалгах эрх байхгүй тул тухайн барилгыг ашиглалтад ороогүй гэдгийг “С к” ХХК мэдэх боломжгүй. Нөгөө талаар Харилцаа холбооны тухай хууль болон бусад журам, дүрмээр тухайн барилгын ашиглалтад орсон эсэхийг шалгах үүргийг хүлээдэггүй. Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасны дагуу “хэрэглэгчийг ялгаварлахгүйгээр үйлчилгээгээр шуурхай хангах” үүргийг хүлээдэг. Түүнчлэн бизнес эрхлэгчийн хувьд өрсөлдөөний нөхцөл байдлын улмаас үйлчлүүлэгчид хүндрэл учруулахгүй байх үүднээс аль болох бага баримт материал шаардаж гэрээ байгуулан, үйлчилгээ үзүүлдэг. Харин захиалагч бол дээр дурдсанчлан ашиглалтад оруулах, холбогдох дэд бүтцээр хангах үүргийг хүлээх, ашиглалтад орсон эсэх талаар мэдээлэлтэй этгээд тул захиалагч энэ үүргээ биелүүлээгүйд нь “С к” ХХК хариуцлага хүлээж буй нь үндэслэлгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-т заасан “Зөрчлийн субъект” биш байна. Мөн хариуцагч С.Ш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа захиалагчид хариуцлага тооцоогүй талаар дурдсан байдаг. Тиймээс захиалагч нар нь хариуцлага хүлээх “Зөрчлийн субъект” байна. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзалгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй, нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргаж “С к” ХХК-ийг буруутгаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “С к” ХХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “С к” ХХК ньНийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Харилцаа холбооны хяналтын улсын байцаагч С.Ш-ын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0068631 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Маргаан бүхий улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0068631 дүгээр шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч “С к” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-т заасан “...байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангасан” зөрчил гаргасан гэх үндэслэлээр 5000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 айлын 6 давхар орон сууцанд Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комисс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ажиллаж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 286/2020 дугаар дүгнэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч “С к” ХХК нь дээрх барилгад гурвалсан үйлчилгээний сүлжээ, холбогдох тоног төхөөрөмжүүдийг байрлуулах, оршин суугчдад гурвалсан үйлчилгээ үзүүлэх гэрээг захиалагч Г.Энхтайвантай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулж, айл өрхүүдэд “С к” ХХК-ийн үйлчилгээ ашиглагдаж байсан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Хамтран ажиллах гэрээ, тус байрны 14 тоотод оршин суугч Г.Дтай байгуулсан үйлчилгээний гэрээ, гэрч Г.Э-ны мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд барилгын ажлын захиалагчийн чиг үүргийг, 46 дугаар зүйлд барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигчийн хүлээх үүргийг тус тус тодорхойлж өгсөн ба хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Барилга байгууламжийг барилгын ажлын явцад шаардагдах цахилгаан, дулаан, халуун, хүйтэн усаар түр хангах бөгөөд байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангахыг хориглоно” гэж заасныг цахилгаан, харилцаа холбоо, дулаан, халуун, хүйтэн усаар хангах эрх бүхий этгээдийг үүрэгжүүлсэн, байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжид хангалт хийхийг хориглосон зохицуулалт гэж ойлгоно.

Өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “үйлчлэгч” болох “С к” ХХК нь уг хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах бөгөөд 25.2.13-т “хууль, гэрээгээр хүлээсэн бусад үүрэг” гэж заасны дагуу бусад хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглолтыг дагаж мөрдөнө.

Гэтэл Барилгын тухай хуулиар харилцаа холбоогоор хангах үйлчилгээ үзүүлэгч этгээдэд хориглосон зохицуулалтыг зөрчиж байнгын ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг харилцаа холбоогоор хангасан нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-т заасан зөрчил болох бөгөөд уг зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцсэн, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.10-т заасан зөрчлийн субъект биш, захиалагч нь хариуцлага хүлээх ёстой” гэсэн агуулгаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 айлын орон сууцанд гурвалсан үйлчилгээ үзүүлэхээр хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлэн иргэн Т.Э-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн атлаа “барилгын захиалагч нь Т.Э биш тул уг барилга байгууламжийг харилцаа холбоогоор хангасан гэж үзэхгүй” гэж гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж зөрчлийн илрэх хэлбэрийг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн  1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болохоор заасан тул барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг баталгаажуулах чиг үүрэг бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааны явцад эрх бүхий этгээд зөрчил илрүүлж ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн, барилга ашиглалтад оруулахтай холбоотойгоор гаргах саналын хуудсанд тусгаагүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай хамааралгүй, бие даасан зөрчлийн шинжийг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулиар тодорхойлсон үйлдэлд холбогдуулан хэрэглэх боломжгүй.

Иймд “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд зааснаар зөрчил илэрсэн талаар санал гаргаж, зөрчлийг арилгах боломж олгоогүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                      Д.Батбаатар      

                ШҮҮГЧ                                                        Э.Лхагвасүрэн

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН